Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хааны гэр бүлийг сүйрүүлсэн ханхүүУншсан30,412

Балба улсын хаан ширээний эзэн суусан Шахын удмынхан айх зовох юмгүй амар амгалан амьдран суудаг, ард олон нь тэднийг бурхны үр сад хэмээн тахин шүтдэг тийм цаг байлаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1768 он.

Гималайн их уулсын олон аймгийг нэгтгэсэн Гуркын Шах овгийн нэгэн удирдагч хамгийн сүүлийн шийдвэрлэх тулаандаа бэлдэж байх үедээ тухайн нутаг усны хамгийн том мэргэч, төлөгчийг дуудан авчирч их тулалдаанд ялан дийлэх эсэх тухайгаа тэнгэр бурхнаас асууж өгөөч гэж хүсчээ. Төлөгч эрийн хэлснээр бол хүссэн бүхэн нь биелж, хүчирхэг хаан болох бөгөөд түүнээс хойшхи 11 үе нь энэ газар нутгийн эзэн байна гэж айлдсан гэдэг. Маргааш болсон тулалдаанаар Шах нь Катманду цайзыг буулган авч, их хайрхны бэл нугачаанд байх олон аймгийг нэгтгэсэн Балба гээч улсыг бий болгожээ.

1846 он.

Балба улсын хаан ширээний эзэн суусан Шахын удмынхан айх зовох юмгүй амар амгалан амьдран суудаг, ард олон нь тэднийг бурхны үр сад хэмээн тахин шүтдэг тийм цаг байлаа. Гэтэл 1846 онд хааны ордны тэргүүн сайд болох Рана удмын нэгэн нөхөр мундаг том найр зохион байгуулж хаан болон түүний удмын бүх л хүмүүсийг үүндээ урьжээ. Ганцхан хаан ширээ залгамжлагч болох нялх балчир хүү л энэ найранд байсангүй. Удалгүй энэ том цайллагад ирсэн бүх хүмүүс хордож, ээлж дараалан нөгөө ертөнцөд одсоны дараа хааны удмын ганцхан хүн үлдсэн ба тэр нь өнөө нялх хүү байв. Сайд Рана тэр даруй хүүг хаан ширээнд өргөмжилж, өөрийгөө Ерөнхий сайд, хааныг халамжлан хүмүүжүүлэгч болгож зарласан байна. Үүнээс хойш Рана удмынхан үе дамжин Ерөнхий сайдын суудлыг эзэлж байсан бөгөөд Шахын удмынхан нэрэн дээрээ хаад боловч үнэн хэрэгтээ Рана удмынхан л улс орныг захирч байсан гэдэг.

1989 он.

11 үеийн турш Балба улсыг удирдан явсан Шахын удмын ээлжит үе болох Дипендра 18 нас хүрч, Балбын заншлаар бурхны хутгийг олон, хаан ширээг залгамжлах эрхтэй хүн боллоо. Их Британид сурч байсан энэ эр архи дарсыг нэлээд хүртчихдэг, мансууруулах бодис татдаг, буу зэвсгээр тоглох дуртай (гадаадын зэвсгийн наймаачид энэ эрд буу зэвсэг бэлэглэх замаар том армид нь зэвсэг нийлүүлэх гэрээ олж авах гэж уралдацгаадаг байв) гээд дураараа өссөн хүүхдийн хийдэг болгоныг л хийдэг, бүр нэлээд хэтрүүлж хийдэг нөхөр байж. Харин Англид сурч байхдаа танилцсан Девьяни Рана (Шах болон Рана гэсэн хоёр удмын тухай яриад байгааг анзаараарай) хэмээх бүсгүйтэй их л дотно байдаг нь ирээдүйн хааны ээжид огт таалагддаггүй байсан ба Балбын түүхийн нэгэн цагт Рана удмынхан Шахын удмыг гартаа оруулан, улс орноо тэдний нэрээр захиран удирдаж байсан түүхтэйг дээр өгүүлсэн.

 
Хаан, хатан, ханхүү, хоёр дүүтэйгээ

1970-аад оны үед Энэтхэгийн тусламжтайгаар Балбад бас нэг жижигхэн будлиан болж Шахын удам угсаа эргэн хаан ширээгээ булаан авчээ. Шинэхэн Шах өөрийн дайсан болох Рана удмынхныг өршөөн хэлтрүүлж, хоёр удмын хоорондох дайсагналыг зогсоохын тулд ирээдүйн хаан ширээг залгамжлагчдаа Рана удмын эхнэр авч өгсөн нь дээр дурдсан ханхүү Дипендрагийн ээж юм.

2001 он.

Сар болгоны 3 дахь баасан гаригт хааны гэр бүлийнхэн бүгд цугларч хоол иддэг нэгэн уламжлалтай байж. Энд тэндээс ирж цуглах ёстой нөхдүүдийг хүлээж байхдаа ханхүү Дипендра зочдод зориулсан коктейль найруулан байсан ба амт чанарыг нь шалгах нэрээр үе үе “татсаар”, зан ааш нь ч улам бүр зөөлөн сайхан болсоор. Энэ хоорондоо Энэтхэгт байгаа Рана бүсгүй рүү үе үе залган ярьж байсан ба цаг явах тусам яриа нь утга учиргүй, согтуу чалчаа болж байж. Бас аманд нь байнга ороосон тамхи.

Зочид цуглан ширээний ард суух үед Дипендра ээжтэйгээ муудалцлаа. Ээж нь ханхүүгээс Рана хүүхэнтэй холбоотой яриа дахиж сонсохыг хүсэхгүй байгаагаа, нэг бол тэр хүүхнээ сонго, эсвэл хаан ширээнээс татгалз гэж хатуу болзол тавьсан бололтой. Дипендра ээжийнхээ хэлснийг сонсоод  юу ч хэлэлгүй өрөөнөөс гарч хэсэг хугацааны дараа эргэн орж ирэхдээ цэргийн хувцас өмсөөд гартаа Германы H&K MP5 винтов, бүсэндээ “глок” зүүсэн байв.

Дипендра

Хамгийн эхлээд тэрээр ээж рүүгээ б у у д а а д юу болж байгааг огт ойлгохгүй гайхан суусан аавыгаа дараа нь н а м б у у д л а а. Нэгэнт галзуурч солиорсон ханхүү үргэлжлүүлсээр... Сум дуусах үед буцан гарч Америкийн М-16 барьсаар замд таарсан болгоныг б у у д а ж, өөрийн ах дүү, амраг садан хэнийг ч ялгасангүй.

Ганц нэгхэн хүн зугтаж алга болсны дараа Дипендра гадагшаа гарч хааны цэцэрлэгт хүрээлэнд хэсэг ганцаараа зугаалж яваад өөрийгөө Глок гар буугаараа хоёр удаа т о л г о й руугаа б у у д сан ч тэр ү х э э г ү й байлаа.

Эмгэнэлт явдлын дараа уламжлал ёсоор шинэ хааныг зарласан ба тэр нь өнөөх өөрийгөө 2 удаа б у у даад  байгаа ханхүү. “Ханхүүгийн гарт байсан буу гэнэт өөрөө галзуурч сум алдсан” маягийн тайлбар гарч эхэлсэн ба ард олон ч шинэ, хуучин хааныхаа төлөө залбирсаар.

Гурав хоногийн дараа Дипендра шархаа даасангүй, дараагийн хаанаар хуучин хааны дүү (Дипендрагийн авга), хэзээ ч хаан болох боломжгүй байсан Гьянендра хааны сэнтийд суух болжээ. Дипендрагийн солиорлын үеэр хаан, хатан, ханхүү, эрэгтэй эмэгтэй дүү, тэдгээрийн эхнэр нөхөр бүгд байхгүй болсон учраас.

Энэ хачирхалтай явдал Балба даяар бөөн шуугиан тарьсан нь ойлгомжтой ба хамгийн хачирхалтай нь Дипендра өөрийнхөө т о л г о й руу хоёр удаа б у у д с а н явдал байлаа. Украин мэтийн улсад хэн нэг том албан тушаалтан а м и а х о р л о х гээд т о л г о й руугаа 2-3 б у у д д а г “заншилтай"-г эс тооцвол иймэрхүү тохиолдол байж болно гэхэд итгэмээргүй. Ард түмэн ч итгээгүй бөгөөд шинэхэн хаан Гьянендра энэ бүхнийг эртнээс төлөвлөж, архи, тамхинд толгойгоо мэдүүлсэн ханхүүг ашиглан өөрийнхөө зам мөрийг цэвэрлэсэн гэж үздэг юм билээ. Бас Энэтхэг, Хятад, бүр Америк зэрэг улсын тусгай албадын тухай яриа үе үе цухалздагийг хэлэх хэрэгтэй болов уу.

Хааныгаа бурхан адил шүтэн дээдэлдэг Балбын ард түмэн чухам дээрх шалтгаанаас болоод шинэ хааныгаа хүлээж авалгүй эсэргүүцэн тэмцэж эхэлсэн бөгөөд гадаадын улс орон, тусгай албад ч үүнд нь нэмэр хандив болсноор 2007 онд Балба бараг задран бутрах дээрээ тулж байгаад хаант улс байхаа больж бүгд найрамдах засаглалтай болсон юм. Төр засгийн толгойд архичин тамхичин, согтуу солиотой, авлигач луйварчин юмнууд гарвал хэзээ ч юу ч болж болзошгүй юм шүү гэж харуулсан нэг ийм түүх байдаг юм билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]