Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Энэтхэгийн сайн эрУншсан14,179

Энэ хооронд Томартай цуг цэрэгт ирсэн нутгийн хэд нь энд тэндхийн жижиг сажиг дайн байлдаанд орж баатар цолоо мандуулсаар, халагдаж байсан ч Томарын хувьд өнөөх л цэргийн тамирчин хэвээрээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Нэгэн удаа шинэхэн цэрэг Паан Сингх Томар гээч эр хэрэг тарьж цэргийн ангиа 10 удаа тойрон гүйх шийтгэл хүлээлээ. Урьд өмнө ингэж шийтгүүлж үзээгүй Томар бушуухан шиг  10 тойрохоо бодон хар хурдаараа гүйж байхдаа “Хэдий чинээ хурдан тойрвол төдий чинээ энэ мөрдөстэй гахайнуудаас хурдан салах биз” гэж бодон жирийсээр. Гэтэл өөрийг нь шийтгэсэн өнөөх “гахай” нь Томарыг зогсоож, дахиад шинээр гүйж эхлэхийг тушаагаад гартаа секундомер барьж зогссон байна. Томар ч 10 тойрлоо, нөгөөдүүл ч олон болчихсон гайхаж бас хоорондоо янз бүрийн юм зөвлөлдөөд л.

Цэргийн алба хаах гэж будилж байсан Томарын амьдрал энэ өдрөөс эхлэн өөрчлөгдсөн бөгөөд одоо тэрээр Энэтхэгийн зэвсэгт хүчний тамирчин болж тусгай хоол идэн, гүйгээд байхаас өөр ажилгүй болсон нь түүний хувьд диваажин шиг л санагдаж байв. Ганцхан дайнд орж баатар болно гэсэн мөрөөдөл нь л нэлээд хойшилж байгаа шинжтэй.

Удалгүй энэ нөхөр улсынхаа олон рекордыг эвдэж, 7 жилийн турш улсын аваргын цолыг алдаагүй ба бүр Пан-Азийн тэмцээнд хүртэл ороод авсан байна. Гай болж тэмцээний дүрэм ёсоор бол заавал гуталтай оролцох ёстойг мэдээгүй Томар хөл нүцгэн гүйж буруудан тэмцээнээс хасагджээ.

Энэ хооронд Томартай цуг цэрэгт ирсэн нутгийн хэд нь энд тэндхийн жижиг сажиг дайн байлдаанд орж баатар цолоо мандуулсаар, халагдаж байсан ч Томарын хувьд өнөөх л цэргийн тамирчин хэвээрээ. Яахав цол нь нэмэгдэж жирийн байлдагч биш офицер болсон ч хүнд гайхуулаад байх юмаар тааруухан хэвээр.

1977 он болж Томар маань хөгширч цэргээс халагдан, тамирчны амьдралаа ч орхилоо. Тэрээр юун түрүүнд нутагтаа очиж өөрийн бяцхан газраа өөд нь татаж сайхан амьдрах л хүсэлтэй байв. Бас ч гүйлтийн ачаар Энэтхэгийн олон хот орноор очсон, бүр гадаад ч хөл тавьж үзсэн хүний хувьд харсан үзсэн, бодсон санасан юм байсан бололтой.

Гэтэл нутагтаа ирэхэд мань хүнийг таних хүн байсангүй. Аль хэдэн жилийн өмнө цэрэгт яваад сураггүй болсон нөхрийг бүр таг мартсан байсан ба өөрийнх нь газрыг ч хамаатан болох Бабу Томар гээч эр авчихсан, эзэн нь болоод байж байлаа. Томар газраа авах гэж эвээр үзээд болсонгүй төдийгүй сүүлдээ муудалцаж, байдал хүндэрч ирлээ. Бабу нь нутгийн хэдэн түшмэдтэй нийлж газрын асуудлыг шийдэхийн тулд татварын албанаас хүн авчруулаад янз бүрийн торгуулиар айлган газрыг нь албан ёсоор авахаар улайрч эхэлжээ. Зодох нүдэх, айлгаж дарамтлах энүүхэнд.

Өч төчнөөн өрөнд ороод, дээр нь газар ч үгүй, өөрийн гэх юу ч үгүй үлдсэн тамирчин эр маань гэнэт галзуурлаа. Эх орныхоо төлөө цусаа... бишээ, хөлөө үл хайрлан зүтгэж байгаад ирэхэд ингэх ч гэж дээ.

Томар гэнэт цэрэг хүн гэдгээ, баатар эр болох мөнхийн хүсэлтэй гэдгээ эргэн санаж, хаанаас ч юм буу олж аваад өөрийн дайсан болсон хамаатнаа, түүний найз нөхөд, хамтрагч болох бусад 8 нөхрийг буудчихаад өөрийн засаглалаа нутагтаа тогтоосон бөгөөд тосгоныхон нь ч бөөн баяр. Энэ хэрэг ингээд замхарч болох байсан ч Томар өөрөө хөөцөлдөн байж орон нутгийн нэг сонинд ярилцлага өгөхөөр болжээ. Ярилцлага өгөхдөө цэргийн дүрэмт хувцсаа өмсөж, бууныхаа замгийг тачигнуулан сүртэй ч гэж жигтэйхэн. Ярилцлагын гол санаа нь “Муусайн луйварчидтай би эцсээ хүртэл тэмцэнэ. Луйварчин болгоныг ийм хувь заяа хүлээж байгаа шүү. Би бол эндээ л хаан, засаг төр!” гэх анзааны юм байсан гэдэг.

Одоо мань эрийг мужийн хэмжээнд мэддэг болж засаг төр ч а л у у р ч и н эрийг авлахаар мөнгө амлаж эхэллээ. Томарын толгойг авчирсан хүнд 10 мянган фунт өгнө гэж амласны дараа (тухайн үеийн Энэтхэгийн хөдөө зэлүүд газарт энэ мөнгө бол дэндүү их, бүр хэтэрхий их тоо. Луйварчин түшмэд, баячууд их л айсны шинж болов уу) Томар нь өөрийн итгэлт хэдэн нөхдүүдийг дагуулан уул руу гарч сайн эрийн амьдралаар амьдарч эхэлсэн байна.

Томарын сайн эрчүүд үе үе хот суурин газар луу уулгалан орж банк, төрийн байгууллага, баячуудыг зэрлэгээр дээрэмдэх ба цагдаа цэрэгт баригдахгүй юм шиг алга болдог байлаа. Нутгийн ардууд тэднийг дэмжиж, хааж нууж, хооллож ундалж байсан болохоор Томарын бүлэг ийнхүү алга болж чаддаг байсан хэрэг.

Цаг цагаараа байдаггүй ёсоор нэгэн удаа Томарын бүлгийг 500 гаруй цагдаа, цэргүүд бүсэлж аваад ямар ч яриа хэлэлцээ хийлгүй шууд л буудаж эхэлсэн байна. Цагдаа цэргүүдэд Томарыг амьд барих хэрэггүй шүү гэдгийг дээд дарга нар нь илээр биш ч бүрэн ойлгуулсан байж. Тулалдаан 12 цаг үргэлжилж Томар болон түүний 15 хамтрагч бүгд а л а г д а ж,  ш а р х д а н эсэргүүцэх чадалгүй болсон үед цэргүүд ирж үлдсэн нөхдүүдийг “гүйцээж” эхэллээ. Ш а р х д а н хэвтээ Томар өөрийн кастын байж болох нэг цэргийг олж хараад амь гуйж, адил кастын хүмүүс гэдгээ хэлэхэд өнөөх нь “Чам шиг юмнуудад каст гэж юм байх ёсгүй” гээд шууд зүйл дуусгаснаар Энэтхэгийн нэн шинэ түүхэн дэх сайн эрийн түүх дууссан байна.

P.S

Энэтхэг, Болливуд болсон хойно энэ мундаг сэдвээр кино хийлгүй яахав. 2012 онд Паан Сингх Томарын амьдралаар хийсэн кино гарч Энэтхэгтээ маш их амжилт олсон бөгөөд киноны нэр нь Paan Singh Tomar. Кинонд гэмгүй боловч хаашаа ч гарах газаргүй болсон эрийн тухай өгүүлэх ба, түүх нь Энэтхэгийн олон баячууд, түшмэд нарт ихээхэн том анхааруулга болсон гэдэг...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]