Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гоё номоос сонирхуулах түүхийн 10 сэдэвУншсан5,667

Хүн үүсэхээс эхлүүлээд XXI зуунд дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрэх хүртэлх түүхийг сэдэвчлэн, сонирхолтойгоор багтаасан энэхүү номын хэсгээс дурын сонголт хийж 10 сэдвийг нь танд сонирхуулья.

 

"Бяцхан тархи"-нуудад хариулт өгөх шинэ жилийн бэлэг

 

 

Та сургуулийн насны хүүхэд, дүү нартаа, найз нөхөд ойр дотныхондоо шинэ жилийн бэлэг сонгож амжихгүй, завгүй харайж явна уу. Тэгвэл Монсудар хэвлэлийн газраас гаргасан "Агуу санааг энгийнээр тайлбарлах нь" хэмээх цувралаас та сонгоорой. Энэхүү цуврал номуудаас түүхийн портал сайт "Толгойлогч.мн" "Түүх" номыг нь уншигчдадаа санал болгож байна. Эрих Гомбрих дэлхийн түүхийг хүмүүст болон хүүхдүүдэд яаж энгийн үгсээр гайхалтай тайлбарласныг түүх сонирхогч та санаж байна уу. Тэгвэл энэхүү "Түүх" ном ч мөн маш энгийн үг хэллэгтэй, нуршсан урт агуулгагүй, зураг чимэглэл дизайны өвөрмөц шийдэлтэй, хүүхэдтэйгээ нийлээд эцэг эхчүүд хамтдаа уншихад яг тохирсон ном гэж хэлж болно. Тиймээс хэн нэгэнд, ялангуяа хүүхэд залууст шинэ жилийн бэлэг болгон сонгоход энэхүү ном маш тохиромжтой. Та хүүхэд, дүү нарынхаа оюуны мэлмийг мялаагаад зогсохгүй оюун ухаант хүн төрөлхтөний өвөг дээдэс хэдэн мянганы турш ямар түүх үлдээснийг мэдэхийг хүсэгч "бяцхан тархи"-нуудын олон асуултад хариулт олж өгөх болно.

Хүн үүсэхээс эхлүүлээд XXI зуунд дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрэх хүртэлх түүхийг сэдэвчлэн, сонирхолтойгоор багтаасан энэхүү номын хэсгээс дурын сонголт хийж 10 сэдвийг нь танд сонирхуулья.


ХИЧЭЭН ЗҮТГЭСЭН ХҮНД Б0Л0МЖГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ОГТ ҮГҮЙ

Балканы хойгийн Македоны залуу хаан Их Александр хамгийн хурдан хугацаанд хамгийн эрэлхэг байлдан дагуулал явуулан, тухайн үед мэдэгдэж байсан газар нутгийн ихэнхийг эзэлж, грек соёлыг түгээх, дорнын улсуудын соёлтой харилцан нэвтрэлцэх үйл явцыг эхлүүлсэн нь хэдэн зууны турш үргэжилсэн юм.Дэлхийн хаанНТӨ 334 онд Грекийн хот улсуудаар ноёрхлоо хүлээн зөвшөөрүүлсэн Александр 43,000 явган, 5500 морьт цэрэг бүхий армиа удирдан Анатоли (одоогийн Турк улс) руу замд гарлаа.

Энэ армийн гол хүчийг 7 метр урт сариса жадаар зэвсэглэж, нягт шахан байрласан 15,000 хүнээс бүрдэх фаланга цэргийн корпус бүрдүүлж байв. Энэ корпус хааны бие хамгаалагчдаас бүрдсэн "Нөхөд"-тэй нийлсэн үедээ ялагдашгүй хүчтэй болдог байлаа.Баруун хойд зүтт Граник голд персүүдийг анх ялсныхаа дараа Александр хаан Анатолийг туулж, Фригийн хаант улсын Гордионд саатав. Энэ хотын удирдагчийн уясан ээдрээтэй зангилааг тайлж чадсан хүн бүх тивийг эзэлнэ гэж үздэг уламжлалтай байжээ. Александр тэрхүү зангилааг сэлмээрээ даруй цавчсан гэдэг...


ХЭРВЭЭ ЦИНЬ ШИ ХУАНДИ ХҮССЭНДЭЭ ХҮРВЭЛ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ТҮҮНИЙ АТГАНД БАГТАНА

Дэлхийн түүхэн дэх хамгийн удаан оршин тогтносон улс Хятад ч байж магадгүй. Энэхүү амжилт өөрийгөө анх хаанд өргөмжилсөн Цинь Ши Хуандитай хамгийн их холбоотой. Энэ хаан НТӨ 221 онд эртний Хятад улсыг нэгтгэхээс өмнө энэ бүс нутагт соёл, угсаа гарал, хэлний хувьд өөр хоорондоо ялгаатай улсууд оршин тогтнож байв.

Хятад түүхчдийн Хавар, Намрын улсуудын үе (НТӨ 771 —476) гэж нэрлэдэг тэр цаг дор тус бүс нутгийг Жоу улсын хаад удирдаж байсан гэдэг ч үнэндээ феодалын системтэй өөртөө засах улсуудад хааны эрх мэдэл бол ердөө бэлгэдлийн чанартай зүйл байлаа. Тэр үед эрх мэдлийг феодал ноёд эзэмшиж байлаа. Засаглах эрх, газар нутгийн төлөө 140 орчим жижиг улсууд хоорондоо тэмцэлдэж байв.

Хавар, Намрын улсуудыг Байлдаант улсуудын үе залгаж, засгийн эрх Чи, Чу, Янь, Хан, Жао, Вэй, Цинь гэсэн долоон ханлигт төвлөрлөө. Хятадын түүхийн энэ цаг мөчид бүх ханлигийг нэгтгэсэн Хятад улс бий болно гэж зөгнөх ямар ч үндэслэл байсангүй. Харин ч газарзүй, уур амьсгал, соёл, угсаа гарлын хувьд ялгаатай эдгээр улс хэдэн зууны дараа Европын улсууд өөрсдийн гэсэн үндэсний онцлогтой болж салж тусгаарласан шиг бие биеэсээ хөндийрч, өөр өөрийн замаар хөгжинө гэмээр дүр төрхтэй байв.

Цинь улсын сэргэлт

Ин Жэн хэмээх 13 настай ханхүү НТӨ 247 онд Цинь улсын хаан ширээг залгамжилжээ. Түүнийг хаан ширээнд суух үед Цинь улс хүчирхэг төр, цэрэг армитайгаас гадна чадварлаг жанжид олонтой дайнч улс байв. Жэн өрсөлдөгчдөө цаазаар авах юм уу, цөлж зайлуулаад, нөлөө бүхий жанжид, түшмэдийг төрд зүтгүүлж, бусад зургаан улсаа эзэлснээр НТӨ 221 онд долоон ханлиг улс нэгэн захиргаанд нэгдлээ. Өмнөх хаадын цолыг (ван) чамласан Жэн өөртөө эзэн хаан (хуанди) хэмээх цол олгов. Тэрбээр Цинь улсын анхны (ши) эзэн хаан учир туүний нэр Цинь Ши Хуанди болжээ.


ҮНЭН ИРЖ ХУДАЛ ХУУРМАГ ҮГҮЙ БОЛОВ

Нийтийн тооллын 610 оны орчимд төв Арабын Мекка хотын толгодын нэгэн агуйд 40 эргэм насны худалдаачин гаралтай Мухаммед гэгч эр Гавриил сахиулсан тэнгэрээс бошго хүртсэнээ зарлажээ. Энэ мэт зарлан тунхаглал дараагийн жилүүдэд ч үргэлжилсээр ислам хэмээх ганц бурхантай шинэ шашин бий болоход хүргэв. Хорин жилийн дотор энэ шашин Арабын хойгт ноёрхож, зуун жилийн дараа дагалдагчид нь эртний Визант, Персийн эзэнт гүрнийг бут цохиж, өрнөдийн Испаниас дорнодын Төв Ази хүртэл өргөн уудам нутгийг хамарсан улс байгуулжээ.

Исламын шашин дэлгэрэхээс өмнөх Арабын хойг

НТӨ I мянганаас эхлэн Арабын хойгийн өмнөд хэсэгт халуун ногооны худалдаагаар баяжсан хаант улсууд оршиж байв. Худалдааны зам эхэн үедээ баруун хойд эргийг дагасан байрлалтай байсан ч VII зуун гэхэд худалдаачид Улаан тэнгисийн усан замыг илүүтэй ашиглаж, урьд нь харьцангуй хөгжилтэй байсан газар нутгуудыг орхин явах болсноор эдгээр зам хөсөр хаягджээ. Үр тариа, чидуны тос зэрэг импортын бүтээгдэхүүнээс гадна ноос, арьс шир гэх мэт дотоодын бүтээгдэхүүнээс хамааралтай Медина (тэр цагийн нэрээр Ясриб) зэрэг хүн ам цөөнтэй хотууд ч тэнд байрлаж байв. Арабын хойгийн төв хэсэгт орших цөлийн бүс маш ядуу байлаа. Нүүдэлчин Бедуины овгууд багахан нөөцийн төлөө өрсөлдөж, нийгэмд овог аймгаа эрхэмлэх үзэл ихэд тархсан байв. Мухаммедын үеийн Арабын хойгт олон шашин, улс зэрэгцэн оршиж байлаа, Йемений өмнөд, баруун хойд хэсэгт орших Медина зэрэг баян бүрдийн хотуудад жүүдийн шашинт нийгэм цогцолсон бол Йемений үлдсэн хэсэг болон Арабын хойгийн зүүнтээд христийн шашин нэвтэрч эхлээд байв. Бедуины арабуудвш олон бурхант паган шашинтай эсрэгцэн ганц бурхант шашнууд гаднаас нэвтэрсэн ч паган шашин хүчтэй хэвээр байлаа. Меккад овог хоорондын зөрчилдөөн их байсан ч харам хэмээх тусгай хашаанд өөр өөр овгийн эрчүүд эв найртайгаар худалдаа хийж болдог байжээ.


 БРИТАНИЙГ ӨМНӨ НЬ ХЭЗЭЭ Ч ИЙМ ХАР ҮҮЛ НӨМӨРЧ БАЙСАНГҮЙ

793 оны VI сарын нэгэн налгар өдөр умард Английн Линдисфарны ариун арлын эрэг дээр бүлэг этгээд бууж тэндхийн сүм рүү хэрцгийгээр довтолжээ. Тэд санваартнуудыг алж, бусдыг нь боол болгож, сүмийн сан хөмрөгийг хоослоод явж одсон байна. Дани, Норвеги, Шведийн далай тэнгис гатлагч паган дайчид болох викингүүдийн түүхэнд анх тэмдэглэгдсэн довтолгоо нь энэ байлаа. Энэ довтолгоо христийн шашинт Европыг тэр чигт нь айдаст автуулав. Дараагийн 200 жилд викингүүд эх газрын ихэнх хэсгийн хот тосгодыг дээрэмдэж түйвээжээ. Гэхдээ тэд эзэлж суурьшсан газрууддаа арилшгүй ул мөр үлдээдэг нарийн боловсронгуй соёл бүхий суурьшигч, худалдаачид байсан юм.

Зогсоогдошгүй хүч

Линдисфарн руу довтолсны дараах зургаан жилийн дотор викинг бүлгүүд буюу англо-саксуудын амьдардаг Англи улсад нэрлэдэг байснаар "даничууд" Англи, Шотланд, Ирланд, Францын христийн шашинт чинээлэг хотуудыг дээрэмдэж байлаа. Викингүүдийн энэ довтолгоо амжилттай болоход хамгийн йх үүрэг гүйцэтгэсэн зүйл нь усан замаар алс хол газар явж, эрэг хавиар сэмхэн газарддаг гүехэн ёроолтой нарийн усан онгоц юм. Усан онгоц болгон жанжны элсүүлсэн 80 хүртэл тооны дайчин тээвэрлэнэ. Тэрхүү жанжны эрх мэдэл нь дагалдагчдадаа олз омог хэрхэн хуваарилж, цэргүүдээ хэрхэн удирдаж байгаагаас хамаарна. Викингүүдэд тэнгис далай гатлан бусдын газар луу довтлох шалтгаан нэгээр тогтохгүй байжээ. Скандинавын бүс нутгуудад хүн ам ихээр нэмэгдсэн нь залуу эрчүүдийг далайн дээрэмчин болоход хүргэснээс гадна омгийн ахлагчдын хүчин чадал нэмэгдсэнээр өөр хоорондоо эрх мэдлийн төлөө өрсөлдөх болж, улмаар ялагдсан нь цөлөгдөн явсан байж болзошгүй.


МАНАЙ ЭЗЭНТ УЛСЫН БҮХ ЭРЧҮҮД ЭДГЭЭР ЭРХ ЧӨЛӨӨ, ЭРХ, ХӨНГӨЛӨЛТИЙГ ЭДЭЛНЭ

Английн хаан Жон 1215 оны VI сарын 15-нд Темза мөрний ойролцоох Раннимедын хөндийд нэгэн хууль баталжээ. Хаан болон босогч баронуудын хооронд энхийн хэлцэл байгуулахыг зорьсон Магна Карта хэмээх энэ тунхаг анхандаа ер үр дүнгүй мэт харагдаж байлаа. Гэхдээ эл тунхаг ихэс дээдсийн эсрэг харьяатын эрхийн баталгаа гаргах хуулийн засаглалын гол зарчим болсон учир найман зууны дараа ч үүнийг Нэгдсэн Вант улс зэрэг олон оронд хүний эрхийг тунхагласан гол баримт бичиг гэж үзсээр байна.

Феодалын нийгэм

Жон хаан 1199 онд засгийн эрхэнд гарах үед Англи улсад феодалын нийгэм буюу эзэмшил газарт түшиглэсэн шатлан захирах ёс хэрэгжиж байв. Хаан энэ шатлан захирах ёсыг толгойлж, бүх газар нутгийг дангаар эзэмшинэ. Хааны харьяат газрын эзэд (баронууд) үнэнч зан, цэргийн хичээл зүтгэлийнхээ хариуд эзэн хаанаас газар авдаг байлаа. Тэд энэ газраа өөрийн цэргүүдэд хөлслөх агаад тэдгээр нь цааш тариачин, хамжлагадаа түрээсэлнэ. Гэвч хаад (тэр дундаа Английн хаад) харьяа баронууддаа татвар. санхүүгийн дарамт учруулах нь улам ихсэв. Магна Картад хааны эзэмшлийн ой модтой холбоотой бүлгүүд багтжээ. Баронууд Английн Ойн хуулийн дагуу хааны эрх мэдлийг хязгаарлаж, ойн хил хязгаарыг зохицуулж, албан хаагчдыг шалган байцаахыг хичээж байв. төвлөрүүлэх арга зам хайн, хааны шүүх олноор байгуулах болсон юм. Тэдгээр шүүх торгууль, хураамж ногдуулах замаар хаант засагт орлого хуримтлуулж байсныг баронууд өөрийн орон нутгаас олох шуүхийн торгууль, хураамжаас бүрдүүлэхийг хичээж байв.

Жон хааны дарамт

Жон хааны үед дарамт ийнхүү нэмэгдсэнд баронууд улам бүр дургүйцэх болжээ. Францчуудын эсрэг 1200-04 онд маш их хөрөнгө зарлагадаж аян дайн хийсний эцэст Нормандыг алдаж, хаан өөрөө "Газаргүй" хэмээх хоч зүүв. Мөнгөн татвар нэмж ногдуулсан нь баронуудыг мөнгө хүүлэгчдэд их хэмжээний өр тавихад хүргэж, тэдний дургүйцлийг улам гаарууллаа. Хаан дайнд гутамшигтайгаар ялагдсанаас гадна баронууд газраа хуссэнээрээ захирч болно гэсэн бичигдээгүй гэрээгээ зөрчсөн байв. Жон хаан Пап ламтай харилцаа хурцадсан байсан учир папаас дэмжлэг авна гэж найдсан баронууд хааны эсрэг 1209 онд бослоо.


НАДАД ИТГЭХГҮЙГ МЭДЭЖ БАЙГАА Ч БИ ХАРСАН ЗҮЙЛСИЙНХЭЭ ХАГАСЫГ НЬ Ч ЯРИАГҮЙ БАЙНА

Венецийн худалдаачин Марко Поло дөрвөн жил аялсны эцэст 1275 онд Хубилай хааны нийслэл хот Шандуд ирэв. Тэрбээр Италиас гараад, хэдэн зууны турш Хятад, Европын хооронд үнэт бараа зөөсөн эртний зам болох Торгоны замаар явж ирсэн байлаа. Анх Хятадын Хан улс Монголчууд Торгоны зам дагуух газар нутгийг эзэлсэн нь энэ замын аюулгүй байдлыг сайжрууллаа.

Анх Хятадын Хан улс НТӨ II зуунд Төв Ази тийш тэлэхэд Торгоны зам худалдааны чухал суваг болжээ. Тэр цагаас хойш худалдаачдын жингийн цуваа тасралтгүй хөвөрсөөр хаш, торго зэргийг дорноос өрнө рүү, ангийн арьс, алт, агт зэргийг өрнөөс дорно руу зөөж байв, Хятадууд дарь, цаас соронзонт луужин зэргийг олж жзэсннйг энэ замаар өрнө рүү тээвэрлэн Константинополь жүргээд, Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан, эцсийн цэг болох Генуя, Венецэд авчирч арилждаг байв.

Монголчууд Торгоны замыг сэргээв

ХIII зууны үед Торгоны замд хяналтаа тогтоосон эзэнт гүрнүүд задарч бутарчээ. Ингэснээр энэ зам аялагчдад халгаатай болж, худалдаачид ч үүгээр бараа тээвэрлэх нь багасав. Гэхдээ 1205-1269 оны хооронд монголчууд энэ газар нутгийг эзлэн авснаар Торгоны замыг цор ганц улс хянах болж, аливаа худалдаачин Ханбалигаас (Бээжин) Багдад хүртэл монголчуудын эзэмшил газраас гадагш гаралгүй аялах боломжтой боллоо. Ийнхүү зам харьцангүй аюулгүй болсон нь худалдаа сэргэхэд нөлөөлжээ. Энэ үед Европын худалдаачдын хамрах хүрээ ч тэллээ.


ДАЙН ТУН ӨӨР БОЛЖ  ЭХЭЛЛЭЭ

1453 оны VII сард Шрусберийн Жон Талбот гүн 6,000 орчим цэргээ удирдан, францчуудыг бүслэхэд бэлдэж асан англичуудын эзэмшлийн Кастийон хотын зүг хөдөлжээ. Францчууд 10,000 хүн багтаахуйц том бэхлэлт хуаран барьснаас гадна их бууны мэргэжилтэн Жан Бюрогийн удирдлага дор 300 гаруй буу нөөцөлсөн байлаа. Талбот гүн ар талаас нь нэмэлт хүч ирнэ гэж тооцон довтлох тушаал өгсөн ч Английн арми Францын бэлтгэл сайтай армийн өмнө хүч мөхөсдөв. Францын их бууны анги эхэлж гал нээгээд, дараа нь харваачдаараа харвуулснаар англичууд хиар цохиуллаа. Европын түүхэнд галт зэвсгийн хүчээр ялалт нь шийдэгдсэн анхны тулаан энэ болжээ.

Зуун жилийн дайн төгсөв

Кастийоны тулаан үнэндээ олон жилийн турш хаадын гэр бүлүүд нь холбоотой болсон Англи, Франц хэмээх хоёр улсын хооронд 1337 оноос хойш өрнөсөн Зуун жилийн дайны хамгийн онцгой үйл явдал байсан юм. Кастийоны тулаанаас өмнө европчуудын амьдралын хэв маяг ихэд өөрчлөгдсөн нь Франц, Англи хоёр улсын армиудад ч зохих байдлаар нөлөөлсөн байв.

XV зууны Европт мөнгөний эдийн засаг ноёрхож, цэргүүдэд ч, энгийн ажилчдад ч цалин хөлс төлөх болсон байлаа. Харин үүний өмнөх феодалын нийгмийн үед цэргүүдэд хөлс төлөхдөө газар нутаг олгодог уламжлал тогтсон байсан юм. Цаашлаад хаад байнгын хөлсний цэрэг армитай болж эхэлсэн ч XVII зуунд л энэ уламжлал газар сайгүй хэрэгжих болжээ.


ТЭД АСАР ИХ ИТГЭЛ НАЙДВАР, ХЭМЖЭЭЛШГҮЙ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ ТЭЭЖ ЯВЛАА

Улс орондоо шашин шүтэх эрх нь хязгаарлагдсан хэсэг англи хүн 1620 онд Атлантын далайг туулж, эрх чөлөөтэй нутаг орон хайхаар болжээ. Энэ бүлгийг хожим нь пилгримүүд гэж нэрлэх болсон юм. Тэд анх хоёр хөлөг онгоцоор аялалд гарсан ч нэг онгоцоо далай туулж чадахгүй гэж үзээд, зөвхөн Мэйфлауэр хэмээх онгоцоороо аян замаа үргэлжлүүлсэн байна. Далайд аялсан 66 хоногийн турш өвлийн шуурга шуурч, хөлөг онгоцны гол нуруу цуурчээ. Хөлөг онгоц дээр байх үедээ пилгримүүд "Мэйфлауэрийн гэрээ"-г байгуулав. Энэ гэрээндээ тэд хаандаа үнэнч гэдгээ тангараглахын зэрэгцээ Английн хууль, эрхзүйн хүрээнд өөрсдийн хуулийг гаргах эрхтэйгээ зарлалаа. Плимутад суурьшсан пилгримүүдийн ихэнх нь эхний өвлөө давж чадалгүй эндсэн ч үлдсэн хүмүүс нь цааш өсөж үржжээ.

Эхэн үеийн колоничлол

Тэр цагт Англи улс Хойд Америкт колонио байгуулахаар бусад улстай өрсөлдөж байв. Пилгримүүд Плимутад газардахаас 13 жилийн өмнө Жеймстаунд хүмүүс хэдийн суурьшсан байжээ. Гэхдээ жеймстауныхан шашнаараа нэгдсэн хүмүүс байгаагүй юм. Жеймстаун хавьд төвлөрсөн Виржинигийн колонийг англичууд 1607 онд хааны зарлигийн дагуу байгуулсан нь энэ улсын иргэд Америк тивд анх суурьшсан хэрэг байлаа.


ГУРВАН ФЕОДАЛЫН Б0СЛ0Г0

Хятадын Цагаан хэрмээс зүүн хойд зүгт томоохон улс байгуулсан хагас нүүдэлчин манжууд 1644 онд бутран унаж буй Мин улсаас Бээжин хотыг булаан авч, өөрийн Чин улсыг байгуулан, Хятадын умард хэсгийг захирах болов. Үүнээс 17 жилийн дараа томоохон хэмжээний тулаанууд болсны эцэст Чин улс Мин улсын талыг баримтлагчдын хүчтэй эсэргүүцлийг нухчин дарж, Хятад даяар засаглалаа тогтоолоо. Гэсэн ч тэдний улс аюулаас бүрэн мултарч чадсангүй. Энэ улсын II хаан Канси 1673 онд Гурван феодалын бослого гэж нэрлэдэг томоохон тэмцлийг сөрөн гарах хэрэгтэй болсон юм.

Гурван феодалын эзэмшил гэдэг нь Хятад улсыг эзлэхэд Чин улсад тусалсан Мин улсын урвагч гурван жанжинд өгсөн Хятадын өмнөд дэх өргөн уудам газар нутаг билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр феодалын эзэмшил улам бүр тусгаар болсон тул Канси эдгээр эзэмшлүүдийг үе уламжлуулахгүй гэж зарласанд цэргийн жанжид эсэргүүцэн босжээ. Үүний дараагаар үүссэн тэмцлийн улмаас хүмүүс олноор үрэгдсэн төдийгүй эдийн засгийн асар их гарз хохирол учирч, цэргийн жанждын нэг У Саньгуй хэсэг зуур Чин улсыг түлхэн унагасан байна. Гэхдээ Кансигийн талыг баримтлагчид эцэст нь гүүнийг ялж, 1683 онд Чин улс Мин улсын хамгийн сүүлчийн бэхлэлт цайзыг Тайваньд бут цохиж, улмаар Тайванийг эзлэн авчээ.

Чин улс ийнхүү Хятадыг захирах нь гарцаагүй болж, Канси хаан Сибирь, Монголын зарим хэсгийг Чин гүрэнд нэгтгэхээр аян дайн явуулж эхэлсэн төдийгүй Төвөд дэх хяналтаа бэхжүүлэв. Түүний болон дараагийн хоёр залгамжлагчийн удирдах авьяасын ачаар Хятадад энх тайван, эдийн засгийн хөгжил, улс төрийн тогтвортой байдал ноёлсон алтан үе нь эхлэв. Энэ үе XVIII зууны сүүлч хүртэл үргэлжилжээ.


БИ САНКТ ПЕТЕРБУРГИЙГ ЕВРОПЫН ГЭРЛИЙГ ОРУУЛАХ ЦОНХ Б0Л0Г ГЭЖ БАЙГУУЛЛАА

...1703 оны V сарын 27-нд Санкт Петербургийг байгуулжээ. Балтийн тэнгисийн энэхүү шинэ хотын, ачаар Орос улс Европтой усан замаар шууд холбогдох боломжтой болж, худалдаа, цэргийн ажиллагааны шинэ цонх хаалга нээгдсэн байна. Петр эртний нийслэл Мовскагийн оронд энэ шинээр байгуулсан хотоо 1712 онд Оросын нийслэлээр сонгосон билээ. Барууны орднуудыг гайхан биширдэг Петр, Европоос уран барилгачин хөлсөлж, барокко загвартай ордон, их сургууль, орон сууц бариулжээ. Түүнчлэн тэрээр жил бүр 30,000 тариачныг, Оросын ялтнууд, Шведийн дайны олзны хүмүүсийн хамтаар барилгын ажилд дайчилж байв. Дэг журам чанга, амьдрах нөхцөл хүнд байсан учир 100,000 гаруй ажилчин нас барсан ч энэ бүхнийг даван туулсан хүмүүсийг суллаж явуулдаг байлаа. Петрийн бариулсан уран барилгууд баян тансаг нүсэр томын дээр хараа булаам гоёмсог тансаг загвартай байсан нь энэ хаан Европын соёлыг хэрхэн бишрэн шүтдэг байсныг илэрхийлдэг төдийгүй XIV Луй зэрэг барууны дарангуйлагчид шиг абсолют хэмжээгүй эрхт удирдагч болох хүсэл тээж явсныг нь харуулдаг. Петр Орос оронд томоохон өөрчлөлт авчрахын тулд өөрийн эрх мэдлээ бүрэн ашиглажээ.

Гэх мэтчилэнгээр энэ номд хүн үүсэхээс эхлээд орчин үе, XXI зуун, дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрэх түүхийн бүхий л сэдвүүдийг багтааж чаджээ. Та энэхүү номыг худалдан авахыг хүсвэл "Интер" номын дэлгүүрийн аль ч салбараар ороод гарахад л хангалттай.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 8 сар 16. 15:05
Зочин

busdiin tuuh bna. huuhded neg ih medleg olgoh ed bish l bna daa. zarim ni Mongoliin tuuhiin esreg ch yum bh shig

2022, 4 сар 25. 14:45
Зочин

Онхх

2018, 8 сар 16. 15:05
Зочин

busdiin tuuh bna. huuhded neg ih medleg olgoh ed bish l bna daa. zarim ni Mongoliin tuuhiin esreg ch yum bh shig

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]