Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Токиогийн метронд болсон хорт хийн дайралтУншсан2,908

Энэ бүлгэмийг үүсгэн байгуулагч болох Шоко Асахарагийн жинхэнэ нэр нь Тизоу Мацумото.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Янз бүрийн шашны шинэ урсгал нэртэй солиотой, хэнээтэй гэмээр бүлэглэлүүд өч төчнөөнөөрөө  бий болж амьтан хүнийг мунхруулж, хөрөнгө мөнгийг нь үрж устгаж, сэтгэл санааг нь хордуулж, хүний амь насыг золигт гаргасаар ирсэн түүх одоо хүртэл үргэлжилсээр. Үүний нэг том жишээ нь Японы Аум Шинрекё бүлгэм юм.

Энэ бүлгэмийг үүсгэн байгуулагч болох Шоко Асахарагийн жинхэнэ нэр нь Тизоу Мацумото. Хар бага насандаа хараагүй болсон тэрээр 18 нас хүрээд Токиогийн их сургуульд орох гэж хэд хэдэн удаа оролдсон боловч дийлсэнгүй. Аргаа барсан залуу эмийн сангийн жижиг сүлжээ байгуулж, мандарины хальсаар хийсэн “шидэт эм” бүтээж олонд түмэнд зарж эхэлсэн боловч цагдаа нар түүнийг барьж аван ихээхэн хэмжээний мөнгөөр торгож, эмийн сан ажиллуулах эрхгүй болгосон байна. Энэ бол 1982 онд болсон үйл явдал.

1984 онд Мацумото “АУМ Корпорац” хэмээх аймаар нэртэй компани байгуулж йогийн дасгал заадаг болсон ба энэ үедээ өөрийнхөө ер бусын хүч чадлын тухай, гэгээрч мөнхөрсөн тухайгаа янз бүрийн аргаар сурталчилж байсан ба агаарт ямар ч тулах юмгүйгээр тогтож байгаа тухай зураг нь сонинд гарсны дараа алдар нэр нь түгж эхэллээ. Удалгүй өөрийн гэсэн бишрэн шүтэгч нартай болж , тэднийхээ өгсөн хандив тусламж, өргөл барьцаар шинэ шинэ салбар байгуулан шашны холбогдолтой эд зүйл зардаг, сурталчилдаг дэлгүүрүүд нээжээ. Өөрөө ч Япон даяар аялан явж лекц унших ба түүнийг даган яваа шүтэн бишрэгч нарын сүсэг бишрэл, тооны олон нь бусад хүмүүст ихээхэн сэтгэгдэл төрүүлдэг байжээ. Гэхдээ Мацумотогийн дан цагаан хувцас, урт сахал нь бүр ч илүү нөлөө үзүүлж байсан гэдэг.

Мацумото нэрээ сольж Шоко Асахара гэсэн нэрийг авсан нь дан “маркетинг” байлаа. Одоо тэрээр өөрийн шинэ шашныг ихээхэн түрэмгий байдлаар сурталчилж эхэлсэн ба “удахгүй галав юүлсний дараа зөвхөн манай шашинд орж гэгээрсэн хүмүүс л амьд үлдэж, хорвоо ертөнц дэх амьдралыг үргэлжлүүлнэ...” гэсэн утгатай юм ярьж энэ талаар ном зохиол бичиж эхэллээ. Тэрэндээ өөрийнхөө нисэх, агаарт тогтон байх чадвар, ирээдүйг хардаг, хүний бодлыг уншдаг ур чадварынхаа тухай дуугүй байхгүй нь ойлгомжтой.

Шоко Асахараг шүтэн биширдэг хүмүүсийн тоо аажмаар нэмэгдсээр, бүлгэмийн хөрөнгө чинээ ч тэр хэмжээгээр ахисаар байх тэр үед АУМ Корпорац нь АУМ Шинрекё  гэсэн нэртэй болж хилийн чанадад хүртэл ажиллаж эхэлжээ. Нью-Йорк, Бонн, Шри-Ланк, Оросын болон Украйны олон хотууд...

1989 онд энэ бүлгэм нь шашны байгууллага гэж тооцогдох болсон учир элдэв татвараас чөлөөлөгдөн, үйл ажиллагаа нь эрчимжсээр.

Бүлгэмийн доторх зохион байгуулалт нь өвөрмөц: шүтэн бишрэгч нар нь 20 гаран янзын шатлалд хамаарагдах ба энэ шат дээшлэх тусам эрх мэдэл, эдлэх хөрөнгө чинээний хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ ингэж дэвшиж дээшлэхийн тулд дэндүү үнэнч байж, аймшигтай хатуу шалгууруудыг давах ёстой. Хэдэн өдрийн турш унтахгүй, янз бүрийн сэтгэл зүйн дарамтыг тэвчих, биеийн элдэв тамлалтыг давах зэргээр үргэлжлэх энэхүү шалгууруудыг олон давж чадалгүй үхэж үрэгджээ. Харин доод зэрэглэлийн бишрэн шүтэгчдийн хувьд “бурхныхаа” хэлсэн үг, хийсэн үйлдэл болгоныг нь дээдлэн хүндэтгэж, үг дуугүй дагаж явах хэрэгтэй ба өөрийн хамаг хөрөнгө мөнгийг бүлгэмийнхээ төлөө зориулахад хэзээд бэлэн байх нь л чухал. Дээр нь АУМ Шинрекёгийн янз бүрийн шашны эд зүйлсийг худалдан авч (Шохогийн усанд орсон бассейнын усыг дээдлэн гэртээ тавих, Шохогийн тархины давтамжтай тааруулсан аппарат хэрэгслийг авч биедээ зүүх...г.м.), хүмүүсийг ухааруулж сэнхрүүлэх ёстой ба шүтлэгээсээ эргэж буцвал хатуу ширүүн цээрлэл хүлээнэ. Цөөнгүй хүмүүс ийм байдлаар амь наснаасаа салж байжээ.

Мөн АУМ Шинррекёгийн тухай муу муухай зүйл бичсэн, тараасан хүмүүсийг тагнан чагнаж цээрлүүлэх, элдэв дарамтад оруулах явдал ч газар авч байсны хамгийн тод жишээ нь өмгөөлөгч Сакамото хэмээх хүний гэр бүлийг бүгдийг нь алсан явдал юм. Түүний нэг настай хүүг ч өршөөсөнгүй.

1990 онд Аум Шинрекё улс төрийн нам болж сонгуульд орлоо. Шинэ нам сонгуульд ялагдсаны дараа засаг төр энэ бүлэглэлийг шалгаж эхэлснээр олон хачин зүйлүүд ээлж дараалан гарч эхлэхэд Шоко Асахара “муу муухай бүхний” эсрэг дайтахаар шийдэн бөөнөөр устгах зэвсэг олж авахаар хөөцөлдөж эхэлсэн байна. Түүний мэдэлд байсан олон эрдэмтэд янз бүрийн хорт бодис хийж үйлдвэрлэж эхэлсэн төдийгүй бүр цөмийн зэвсэг олж авах гэж хөөцөлдөж байсан баримт зөндөө бий гэнэ.

Японы цагдаа нар Аум Шинрекёгийн эсрэг томоохон ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа мэдээ ирсний дараа Шохо дайралтаа эхлэхээр шийджээ.

1995 оны 3-р сарын 20 ны өдөр Токиогийн метро бусад өдрийн адил дүүрэн хүнтэй бужигнасаар. Касумигасеки өртөөн дээр ирж зогссон тэрэгнээс хэд хэдэн шүхэртэй хүн яаран буусан ба тэд газарт байгаа гялгар уут бүхий хийг шүхрээрээ цоолж орхичхоод зугтан одсон нь энэ. Харин энэ хий нь зарин байлаа. Зарин гэдэг бол химийн зэвсэг!

Токиогийн метронд болсон энэ халдлагын улмаас 12 хүн нас барж, 5,5-10 мянган хүн янз бүрийн хэмжээний хордлого авсан тухай мэдээ тухайн үед дэлхийн бүх л хэвлэл мэдээллээр шуугьж байсныг олон хүн сайн санаж байгаа биз ээ.

Цагдаа нар эрчимтэй ажиллаж гэмт хэрэгтнүүдийг ээлж дараалан олж баривчилсаар 5-р сарын 16 нд Шоко Асахараг баривчилсан юм. 2003 оны 10-р сард болсон шүүх хурлаар тус бүлгэмийн 10 гаран дээд тушаалтнуудад цаазаар авах ял оноосон бол 2004 оны 2-р сард болсон дараагийн шүүхээр Шоко Асахараг цаазлах болж ялыг 2018 оны 7-р сард гүйцэтгэсэн байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]