БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан докторант, хошууч Н.Хүдэрбат бичиж байна.
Богд хаант Монгол улсын үед төрийн албаны ноёд түшмэдийн зэрэг дэвийг ялгах тэмдгүүдийн нэг нь хас бэлгэдэл тэмдэг байв.
Алтан хас бүхий энгэрийн ялгах тэмдэг (фүз)
Зэрэг дэвийг ялгах тэмдгийг фүз*(пүүз) хэмээн нэрлэж байсан ба Монголын хаан, хан, ван, бэйл, бэйс, гүн, тайж, түшмэд нар зэрэг дэвээсээ хамаарч тус тусийн фүз тэмдэг зүүдэг байв. Ийм тэмдгийг манжийн үеэс хятад маягтай, таван хумст луу дүрсэлсэн фүз хэрэглэж байв. Тухайн үед зэрэг дэвийн фүзийг урьдын адил үргэлжлүүлэн хэрэглэх болсон боловч лууны дүрсийг халж соёмбо, бум үсэг, соёмбын алтан нар сар, таван нүдэн, хас, өлзий, чандмань, лавай зэрэг Монгол тэмдэгтэй байхаар «Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг»-т заажээ.
Энэ хуулинд Богд хаанаас эхлэн төрийн бүх хэргэм зэрэгтэн нар, тухайлбал; хаан, хан, ван, бэйл, бэйс, гүн, тайж, түшмэд бичиг хэргийн болон цэргийн цол хэргэмтнүүдийн зэрэг дэвийн ялгааг заасан хувцас хэрэглэлийг тогтоож, зэрэг дэвийн фүз тэмдгийн ялгааг мөн тодорхой заасан байдаг.
Гутгаар зэргийн түшмэл Мишиг гүн.
Уг хуулийн тайж түшмэдийн зэрэг дэвийн тухай бүлэгт тайж нарыг дөрвөн зэрэг, түшмэдийг есөн зэрэгтэй байхаар тогтоож үүнээс түшмэдийн зэрэг дэвийн фүз тэмдэг ямар байхыг нарийвчлан заасныг ишлэж дурдвал: ...гутгаар зэрэг түшмэд «Алтан хас» хатгасан дөрвөлжин фүз хэрэглэдэг байсан бол 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын нөлөөгөөр Ардын журамт цэргийн хувцас, хэрэглэлийг дэлхий нийтийн жишигт нийцүүлэх үүднээс цэргийн шинэ цол, зэрэг дэвийг шинэчлэх шаардлага тулгарсан.
Үүнд: Бүх цэргийн жанжин, цэргийн яамны сайд Д.Сүхбаатар “Цэргийн сахилга батыг сайжруулах, цэргийн таних тэмдэг зэргийг зөв хэрэглүүлэх тухай” 1921 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2 тоот тушаалын 6 дугаар зүйлд заасны дагуу цэргийн дарга болон хувьсгалт цэргүүдэд Монголын үндэсний хас тэмдэг бүхий улаан даавуугаар хийсэн цэргийн цолны ялгах тэмдэг хэрэглэхийг заасан юм.
МАЖЦ-ийн ханцуйн ялгах тэмдэг
Тус ялгах тэмдэг нь шар өнгөтэй гурвалжин, тал бүрийн урт нь 5 дюйм буюу 1 см 27 мм (1 дюйм=25,4 мм) хэмжээтэй даавуун дээр Монгол үндэстний уламжлалт бэлгэдэл хээний нэг болох хас тэмдгийг улаан даавуугаар хадах ба доод хагаст нь хааж буй албаны улаан дөрвөлжин ба ромбыг” хадна гэж заажээ.
Мөн Бүх цэргийн зөвлөлийн газрын 1923 оны 3 дугаар сарын шинийн 9 буюу аргын улирлын 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрээр тусгай комиссын түшмэдээс цэргийн алба хаагчдын хувцаст хадах тэмдэг, зургийг үйлдэн батлаж, хэрхэн хэрэглэхийг зааснаар дээрх ялгах тэмдэг өөрчлөгдөж, ханцуйн тэмдэг нь таван хошуу дотор хас тэмдэг дүрсэлсэн, төрөл мэргэжлийн цэргийг заасан их буу буюу пулемётын зурагтай болж шинэчлэгдсэн.
Арваны дарга, (пулемёт) МАЖЦ-ийн ханцуйн ялгах тэмдэг. 1923.3.9
Энэхүү цолны ялгах тэмдгийг Европ хувцаст ханцуйн үзүүрт, харин Монгол дээлэнд ханцуйны угт хадахаар зааж, тухайн оны 4 дүгээр сарын шинийн 1-ээс эхлэн хэрэглэхээр зааж, Ардын намын төв хороо, дотоодын зэрэг 4 яамд Монгол ардын хувьсгалт цэргийн сурган боловсруулах хэлтэс, Ховд, Улиастай, Алтанбулаг хотын сайдууд, төлөөний хамаарсан жанжин, сайд, зүүн ба Тамсагбулаг, зүүн өмнө хязгаарын сайдууд ба өмнө хязгаарыг сэргийлэх цэргийг захирах түшмэл нар дотоодыг хамгаалах газруудад тэмдгийн загварыг илгээж ... хэрэглэхийг даалгаж байжээ.
Удалгүй 1925 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн МАХН-ын төв хорооны тогтоолоор хас тэмдгийг хэрэглэхийг хориглох шийдвэр гарсантай холбогдуулан Монгол ардын хувьсгалт цэргийн алба хаагчдын зэрэг дэвийг илэрхийлсэн ялгах тэмдгийг дахин шинэчлэн өөрчлөн баталснаар хас бэлгэдэл тэмдэг Монголын зэвсэгт хүчний салбарт бүр мөсөн хэрэглэгдэхээ больсон түүхтэй.
Баримт дурдахад: 1938 онд хотыг захирах яамнаас гаргасан 31 тоот тушаал, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчийн 1938 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 1 тоот тушаалуудад заасны дагуу Монгол улсад хас бэлгэдэл тэмдгийг улс төрийн нам, төрийн байгууллагуудын сүлд тэмдэг, үндэсний тоглоом наадгай, эд хэрэглэлд дүрслэхийг хориглосон түүхтэй.
Хуучнаар Зөвлөлт Холбоот Улс буюу Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын цэргийн түүхийн институтыг удирдаж байсан түүх судлаач, хурандаа В.О.Дайниса Зөвлөлтийн армийн төв архивт хадгалагдаж байсан баримтуудыг судлан үзэх явцдаа Улаан армийн цэргүүд хас бэлгэдэл тэмдэг хэрэглэж байсан талаарх мэдээллийг олж судалгааны эргэлтэд оруулсан юм.
1919 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хас бэлгэдэл тэмдэг нь Улаан армийн цэргийн алба хаагчдын ханцуйн бэлгэ тэмдгийн загвар болсон. Энэхүү ханцуйн бэлгэ тэмдэг нь 15х11 см улаан материалаар хийсэн ромбо, дээд буланд 5 хошуу, (15 мм) голдоо цэцэгт титэм, (6 см) түүн дотор хас тэмдэг байх бөгөөд ЛЮНГТН (27 мм) РСФСР үсэг (6 мм) лентийг нь алтан утсаар оёдог / шар өнгийн утсаар, цэцэг титэм ба гар бичмэлийг мөнгө буюу цагаан утсаар оёдог байв.
Энэхүү тэмдгийг хурандаа В.И.Шорин (1871.1.7-1938.6.29) зохиосон хэмээн үздэг бөгөөд дээрх цолны ялгах тэмдгийг Зөвлөлтийн улаан армийн цэргийн алба хаагчид мөн хэрэглээгүй юм.
Оросын иргэний дайн үед орос болон ази гаралтай үндэстнүүдээс бүрдсэн “Азийн морин дивиз” хэмээх нэгтгэл, ангийг Барон Унгерн фон Штернберг (1886-1921) захирч байсан бөгөөд дивизийн бүрэлдэхүүнд багтаж байсан ази үндэстнүүдээс бүрдсэн морьт хороодын цэргийн алба хаагчид хас бэлгэдэл тэмдэгтэй цолны ялгах тэмдгийг хэрэглэж байсан хэмээх ам дамжсан яриа байдгийг үндэслэн доорхи цолны ялгах тэмдгийг вэб сайтуудаас иш үндэс болгон авч энэхүү нийтлэлд оруулсан болно.
Азийн морин дивизийн хошууч генерал Левицки “Шударга Баатар Цог Жавхлант”-ийн командласан ангид харьяалагдаж байсан ази үндэстэнүүдээс бүрдсэн цэргийн алба хаагчдын цолны мөрдэсний загвар.
- Түвд цэргийн морьт хорооны цэргийн алба хаагчдын цолны мөрдэс
- Монгол цэргийн морьт хорооны цэргийн алба хаагчдын цолны мөрдэс
- Хятад цэргийн морьт хорооны цэргийн алба хаагчдын цолны мөрдэс
1920 оны сүүлээр АНУ-ын Оклахома мужийн армийн үндэсний гвардийн 45 дугаар явган цэргийн дивиз Аризона, Колорадо, Шинэ Мексик, Оклахома зэрэг мужийг хамгаалж байсан бөгөөд тус дивизийн ялгах тэмдэг болох хас бэлгэдэл тэмдгийг 1924 оны 8 дугаар сард баталсан бөгөөд цэргийн алба хаагчдын мөрдэс, ханцуйн ялгах тэмдэг дээр ромбо хэлбэртэй улаан даавуун дээр улбар шар өнгөтэй хас тэмдэг хэрэглэгдэх болсон.
Энэхүү бэлгэ тэмдэг нь уугуул америкчуудын бэлгэдэл тэмдгийн нэг төрөл байжээ. Гэвч энэхүү дивизийн ялгах тэмдэг нь улс төрийн үзэл баримтлалын нөлөөнөөс шалтгаалан уугуул америкуудын бэлгэ тэмдгийн нэг болох тундрын шувууны дүрстэй болж 1939 онд өөрчлөгдсөн.
Мөн дэлхийн II дайнаас өмнө Финланд, Латви, АНУ-ын зэвсэгт хүчинд хэрэглэгдэж байсан ба 1991 оноос Латви улсын Үндэсний гвардын 22 дугаар явган цэргийн мотобуудлагын батальоны лого буюу ялгах тэмдгэнд хас бэлгэдэл тэмдэг дүрслэгдэн хэрэглэгдэж байсан түүхтэй.
Дэлхийн I дайны үе. Америкийн нисэх хүчний онгоц
Дэлхийн I дайны үе. Английн нисэх хүчний онгоц
Америкийн хоёрдагч эмэгтэй нисгэгч Матильдэ Мойсант (1878.9.13–1964.2.5)
Америкийн анхдагч нисгэгчдийн нэг Мойсант Нью-Йоркын Лонг Айланд дахь Алфредын “Мойсант нисгэгчийн сургууль”-д суралцсан. 1911 онд Матильдэ Мойсант Америкийн нисэх клубээс нисгэгчийн үнэмлэх гардан авсан бөгөөд АНУ-ын түүхэнд хоёр дахь ч эмэгтэй нисгэгч болсон түүхтэй. Тухайн оныхоо 9 дүгээр сард эмэгтэйчүүдийн нислэгийн өндрийн дээд амжилтыг эвдэж 370 метрийн өндөрт нисчээ. Түүнийг 1912 онд “Амжилт “ хэмээх хас тэмдэг бүхий медалиар шагнан урамшуулж байв.
1919-1940 оны хооронд хас тэмдэг Латвийн агаарын нисэх хүчний бэлэг тэмдэг болон ашиглагдаж байв. Их Британи улсад бүтээгдсэн “Gloster Gladiator” загварын онгоц.
Хурандаа генерал Эрнст Удэт (1896.4.26-1941.11.17)
Хурандаа генерал Эрнст Удэт Дэлхийн I дайнд хамгийн олон онгоц устгасан Германы чадварлаг нисгэгчээр тооцогдож байсан. Дайны өмнө тэрээр нисэхийн цирк, онгоц угсрах үйлдвэрт ажиллаж байгаад А.Гитлерийн үед түүний удирдлагад дайтаж, 1941 оны 11 дүгээр сарын 17-нд амиа хорлосон. Тэрээр 1936 оны Берлин хотод зохион байгуулагдсан олимпийн нээлтэд нисэх онгоцуудаар үзүүлбэр үзүүлэх ажиллагааг удирдсан түүхтэй.
Зуны олимпийн үед Эрнст Удэтийн үзүүлбэр үзүүлсэн онгоц. Берлин хот 1936 он. Польшийн онгоцны музей.
Дэлхийн анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоц Мессершмитт Me-262 “Хараацай”. 1943 он.
Уг онгоц нь бүтэн төмөрлөг гадаргуутай, дан далавчтай, далавчныхаа дор хоёр хөдөлгүүртэй. Зэвсэглэлийн хувьд: 30 мм-ийн дөрвөн их буутай. Хоёр бөмбөг тээвэрлэх чадвартай. 6000 метрийн өндөрт хөөрөх, 865 км/ц хурдлах чадвартай дайрагч-бөмбөгдөгч онгоцны загвараар хийгдсэн. 1944 оноос нийт 1600 ширхэг үйлдвэрлэгдэж нисэх хүчинд шилжсэн боловч дайны үйл явцад хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй юм.
Дэлхийн II дайны үеийн Герман офицерийн сэлэм. Дээд, ахлах, дунд офицеруудад төрөл мэргэжил, албан тушаалын зэрэглэлээр хас тэмдэг сийлсэн сэлэм олгодог байв.
Финландын Лотта гвард хэмээх сайн дурын өөрийгөө хамгаалах байгууллагын лого тэмдэг. (1920-1944)
Латвийн Үндэсний гвардын 2 бригадын 22 дугаар мотобуудлагын батальоны (1991 онд байгуулагдсан) цэргийн алба хаагчдын ялгах тэмдгэн дээр дүрслэгдсэн хас тэмдэг. Тус батальон Латви улсын Волмар хотод байрладаг.
Финланд улсын агаарын нисэх хүчний туг
Дэлхийн II дайны үед Финландын армид хэрэглэгдэж байсан танк Hoshever T-26 загвар
Түй Хай Гитлар