Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эзэнт гүрний үеийн археологийн нээлтийг маргааш олон нийтэд танилцуулнаУншсан6,425

Энэхүү шинэ нээлтийн олдворуудыг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас Монголын Үндэсний музейд болно.

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийлээ. Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрлээ.

Эдгээрийн дотор 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд юм. 

Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байна.  Ялангуяа, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс  хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх  мэт хэдэн зуун олдворууд бий.

  Тус судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байна. Бидний авран хамгаалж, цуглуулсан энэхүү өв соёлын олдворууд нь Монголын эзэнт гүрний ялгуусан их түүхийн гэрч болон эдүгээ болоод ирээдүй хойч үеийнхний гэгээн мэлмий, гэрэлт ойг мөнхөд мялааж, үндэсний бахархал, өв соёлоо дээдлэх үзэл төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.    

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

Энэхүү шинэ нээлтийн олдворуудыг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас Монголын Үндэсний музейд болно. Уг хэвлэлийн бага хурлаар нээлт болж буй шинэ ховор олдворуудыг сэтгүүлчдэд дэлгэн үзүүлнэ. Уг хэвлэлийн бага хурлаар энэхүү шинжлэх ухааны нээлтийг хийсэн эрдэмтэн судлаачид сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Монголын Үндэсний музей

Холбогдох утас 70110913, 99123922

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]