Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Төрийн эргэлт: Улаан талбайд танкууд оруулж, Горбачёвыг гэрийн хорионд хийсэн ньУншсан63,378

1991 онд Лев Пономарёваар ахлуулсан төрийн эргэлтийн учир шалтгааныг шалган тогтоох парламентын комисс байгуулагдсан ч, 1992 онд Руслан Хасбулатовын шаардлагаар уг комиссын ажиллагааг зогсоож, тараасан байна.

1991 оны наймдугаар сарын өдий үед буюу өнөөгөөс 28 жилийн өмнө Зөвлөлт гүрэн тэсэрч, дэлбэрэхийн даваан дээр эргэж хөрвөж, Зөвлөлтийн Холбоот орнууд болон Оросын ард түмэн маш өндөр түгшүүртэй нөхцөл байдалд байлаа.

1985 онд төрийн дээд эрх мэдлийг гартаа авснаасаа эхлэн Михайл Горбачев хоёр үндсэн чиг шугам болох "өөрчлөлт байгуулалт", "ил тод байдлыг" Зөвлөлт гүрэнд хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэснээрээ Горбачёв болон түүний баг аппарат ЗХУ-ын улс төр, эдийн засаг, ил тод, нээлттэй байдлыг дахин бүтэцжүүлэн сэргээн босгоно хэмээн итгэж байв. Эдгээр алхмууд нь коммунист намын гишүүд, хуучинсаг үзэл бодолтой ард иргэдийн зүгээс ихээхэн үл итгэх үзэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан. Ийнхүү Зөвлөлт Холбоот улсад Горбачёвын тооцоолж байгаагүй үйл явдлууд өрнөж эхэллээ. Ялангуяа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан жижиг үндэстэн, угсаатнуудын үндсэрхэг үзэл сэргэж, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хүсэмжлэн, барын сүүл явснаас батганы толгой явах нь дээр гэсэн далд үзэл бодол хүчтэй боллоо. Үүнээс үүдээд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг бүх, эсвэл зарим нэг үндэстнүүд салан тусгаарлах вий гэсэн айдас Оросын коммунистуудын дунд төрж байлаа. 1986 оны Чернобылийн цөмийн станцын дэлбэрэлт Зөвлөлтийн ард иргэдийн үзэл санаанд хүчтэй цохилт өгч, цаг хугацаа өнгөрөх тусам коммунист үзэл санаа бүхий нийгмээ улам бүр хөгжиж дэвшиж, технологийн өндөр ололт, соёл урлагийн шоу ертөнцийг хөгжүүлж буй барууны нийгэмтэй харьцуулах хандлага залуусын дунд огцом ихэссэн ба 1991 он гэхэд ЗХУ эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд орсон байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, хүмүүс ердийн өргөн хэрэглээний бараа авах гэж маш урт дараалалд зогсож байв.

Ийм байдлаас гарах гарц нь өөрчлөн байгуулалтын хөтөлбөр хэмээн Горбачёв тэргүүтэй Зөвлөлтийн удирдлагууд үзэж байв. Харин ЗХУ-ын Коммунист намын хатуу чиг шугам баримтлагчид үүнийг идэвхтэй эсэргүүцэж байсан бөгөөд тэд, Горбачевын өөрчлөн байгуулалтын хөтөлбөр нь хэт буруу тийш хэлбийсэн, мөн тухайн үед хэлэлцүүлж эхэлсэн байсан Шинэ холбооны гэрээ нь төв Засгийн газрын эрх мэдлийг ихээр сулруулж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Улсуудад (БНУ) илүү их эрх мэдэл өгөх гэж байна гэж буруутгасан байна. Улмаар хатуу чиг шугам баримтлагч коммунист өндөр албан тушаалтнууд төрийн эргэлт хийх замаар Михаил Горбачёваас төрийн эрхийг булаан авч Зөвлөлт гүрнийг сүйрлийн аюулаас зайлуулна хэмээн төлөвлөгөө боловсруулжээ. Гэтэл төрийн эргэлт хийх энэ төлөвлөгөө нь Зөвлөлт гүрнийг мөхөх замд нь харин ч бушуу түргэн оруулсан билээ.

Төрийн эргэлт гурав хоногийн дотор дуусаж, Горбачёв буцаж төрийн тэргүүнээр ирсэн ч энэ үйл явдал нь ЗХУ-ын дотоод нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож, улмаар ЗХУ болон Коммунист нам богино хугацаанд нурж унах үйл явдлын эхлэл болсон.

Наймдугаар сарын төрийн эргэлт гэж нэрлэдэг, үүнийг ЗХУ-ын Засгийн газрын бүлэг гишүүд, найман өндөр албан тушаалтан голлон оролцсон тул Наймын эргэлт, Наймын бүлэг ч хэмээн нэрлэдэг аж.

***

1991 он гармагц Эстон, Латви, Литва болон Гүрж зэрэг БНУ-ууд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч өөрсдийн тусгаар тогтнолоо зарлаж эхлэв. 1991 оны 1-р сард Литвийг цэргийн хүчээр ЗХУ-д буцаан оруулах гэсэн оролдого үүсэв. Үүнээс долоо хоногийн дараа хууль ёсоор байгуулагдсан Латвийн Засгийн газрыг Зөвлөлтийг дэмжигч хүчнүүд түлхэн унагах оролдлого мөн гарсан байна. Мөн Зөвлөлтөөс салан тусгаарлах гэсэн үзлээс болон Уулын Карабах болон Өмнөд Осетод зэвсэгт мөргөлдөөн бий болов.

1991 оны 3 дугаар сарын 17-нд ЗХУ даяар санал асуулга явуулахад Балтийн улсууд, Армен, Гүрж, Молдавын иргэд санал асуулгад оролцохоос татгалзсан байна. Харин бусад улсуудын иргэдийн дийлэнх шинэчлэгдсэн ЗХУ-ын бүрэлдэхүүнийг хадгалан үлдэх сонирхолтой байгаагаа мэдэгджээ. Хэлэлцээрүүдийн дараагаас нийт есөн БНУ-ын найм нь (Украйнаас бусад) Шинэ Холбооны гэрээг зарим нэг нөхцөл тавин хүлээн зөвшөөрсөн байна. Энэ гэрээний дагуу ЗХУ нь нэг Ерөнхийлөгчтэй, нэг гадаад бодлоготой, нэг армитай БНУ-уудын Холбоо болох ёстой байв. Орос, Казакстан, Узбекстан уг гэрээнд 1991 оны 8 сарын 20-нд Москвад гарын үсэг зурахаар тохиролцов.

 

Нэг. Хуйвалдаан

 

Хуйвалдаанд Зөвлөлтийн хамгийн хүчирхэг цэрэг, тагнуулын байгууллага болох ЗХУ-ын Аюулаас хамгаалах газрын дарга, Ерөнхий сайд, мөн Батлан Хамгаалахын сайд, дэд Ерөнхийлөгч, Дотоод хэргийн сайд, Горбачёвын нарийн бичгийн дарга гэх мэт дэлхийн хамгийн хүчирхэг гүрний хамгийн нэр нөлөө бүхий өндөр албан тушаал хашдаг найман эрхэм оролцсоноороо онцлог байлаа. Энэ найман хүн санал нэгдсэнээрээ тухайн үед тэднийг зогсоох ямар ч хүч байхгүй мэт санагдах нь аргагүй хэмээн хожим судлаачид бичсэн байдаг.

Эргэлтийг анхлан сэдэж боловсруулсан ЗХУ-ын Аюулаас хамгаалах газрын дарга Владимир Крючков

Хуйвалдааны эхлэл 1990 оны 12 дугаар сарын 11-нд ЗХУ-ын Аюулаас хамгаалах газрын (АХГ, оросоор КГБ) дарга Владимир Крючков Москвад "дэг журам тогтоох" хэрэгцээтэй байгаа тухай уриалгыг Төв телевизээр (Централ ТВ) үг хэлэхдээ мэдэгдсэнээр тавигдсан гэж үздэг.[1]. Тэр өдрөө тэрээр мөн АХГ-ын хоёр офицерт, хэрвээ ЗХУ-д онц байдал зарласан тохиолдолд ямар арга хэмжээнүүдийг авах тухай төлөвлөгөө бэлдэх даалгавар өгчээ[2].

Дараа нь Крючков ЗХУ-ын БХЯ-ны сайд Дмитрий Язов, Дотоод хэргийн сайд Борис Пуго, Ерөнхий сайд Валентин Павлов, Дэд ерөнхийлөгч Геннадий Янаев, ЗХУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн орлогч дарга Олег Бакланов, Горбачевын нарийн бичгийн албаны дарга Валерий Болдин, ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Олег Шенин нартай төрийн эргэлт хийх талаар ярилцаж тохиролцсон байна[3][4]. Ингээд тэд наймуулаа болжээ.

Хуйвалдагчид Михайл Горбачёвыг ятган онц байдал зарлуулаад, үүний дараа "дэг журмыг" сэргээх арга хэмжээ авч болох байх хэмээн тооцоолж байв.

1991 оны 7 дугаар сарын 29-нд Горбачёв, шинээр Зөвлөлтийн бүрэлдэхүүн болгосон, Оросын БНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байсан Борис Ельцин, Казахстаны Ерөнхийлөгч Нурсультан Назарбаев нартай ярилцсан яриаг КГБ нууцаар сонссон байна. Тэд Павлов, Язов, Крючков, Пуго нарын хатуу чиг шугам баримтлагч коммунистуудыг Засгийн эрх мэдлээс зайлуулж, илүү либерал үзэлтэй төрийн зүтгэлтнүүдээр солих хэрэгтэй гэдэгт санал нэгдэж утсаар ярьсан байжээ. Дээрх яриаг Ерөнхийлөгч нарыг нууцаар тагнуулж байсан Владимир Крючков анхлан мэдэж бусдадаа мэдэгдэв[5]. Крючков хэдэн сарын өмнөөс "Субьект-110" хэмээн тодорхойлон, Горбачёвыг нарийн тагнаж эхэлсэн байжээ[6][7].

1991 оны 8 сарын 4-нд Горбачёв Крымийн Форост байдаг зуслангийн байр руугаа амрахаар явав. Тэрээр 1991 оны 8 сарын 20-нд Шинэ Холбооны гэрээнд гарын үсэг зурахаар Москвад эргэж ирэх байв.

8 дугаар сарын 17-нд хуйвалдагчид АХГ-ын Москва дахь зочид буудалд уулзацгаав. Тэд Шинэ Холбооны гэрээг уншиж танилцан, хэрвээ гэрээ байгуулагдвал ЗХУ задарснаас ямар ч ялгаа алга, хөдлөх цаг болсон гэсэн шийдвэрт хатуу хүрсэн байна. 8 сарын 18-нд ЗХУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн орлогч дарга Олег Бакланов, Горбачевын нарийн бичгийн албаны дарга Валерий Болдин, ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Олег Шенин, ЗХУ-ын БХЯ-ны орлогч сайд генерал Валентин Варенников нар Крым руу нисэж Горбачёвтай уулзав. ЗХУ-ын БХЯ-ны орлогч сайд генерал Валентин Варенниковын хувьд БХ-ын сайд, маршал Д.Язовын ятгалгаар наймын бүлэгт ес дэх нь болон нэгдсэн байжээ.

Энэ үед Форос зуслангийн бүх харилцаа холбоог АХГ-ын ажилтнууд таслан, хэнийг ч уг зуслангаас гаргахгүй байх үүрэг авсан нэмэлт ажилтнуудыг байрлуулжээ. Онцгой өндөр хамгаалалтын дор Бакланов, Болдин, Шенин, Варенников нар Горбачёвын гэрт "нэг бол онц байдал зарла, эсвэл огцорч өөрийн орлогч дэд Ерөнхийлөгч Геннадий Янаевыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарла" хэмээн Зөвлөлт гүрний удирдагчид тулгав[4][8][9].

ЗХУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн орлогч дарга Олег Бакланов

Горбачёв өөрөө энэхүү тулган шаардалтыг эрс эсэргүүцэж, хүлээж авахаас татгалзсан гэж баталдаг[8][10]. Харин генерал Варенников хожим өгсөн мэдүүлэгтээ Горбачёв "Юу хэрэгцээтэйгээ хий, хараал ид" гэж хэлсэн гэдэг байна. Юутай ч уг зуслангийн байранд байгсдын нотолж байгаагаар Бакланов, Болдин, Шенин, Варенников нар Горбачёвтай уулзсаныхаа дараа маш сэтгэл дундуур, ихээхэн бухимдацгаасан байна[8].

Хуйвалдагчид Псковын үйлдвэрт 250 мянган хос гав захиалж, 300 мянган баривчлах маягт хэвлэв. Крючков АХГ-ын мянга мянган ажилтнуудын цалинг 2 дахин нэмэх тушаал гарган, амралтаас нь дуудаж, бэлэн байдалд орууллаа. Хоригдлуудыг хүлээн авахад бэлтгэн Лефортовогийн шоронг хоослон бэлтгэв[6].

 

Хоёр. Наймдугаар сарын оролдлого

Тэднийг Крымээс буцаж ирсний дараа хуйвалдагчид Кремльд дахин уулзалдав. Геннадий Янаев, Валентин Павлов, Олег Бакланов нар "Зөвлөлтийн Удирдлагын тунхаглал"-д гарын үсэг зурлаа. Үүнд, "ЗХУ-ын зарим нутаг дэвсгэрт (үүнийгээ яг тодорхой өгүүлээгүй) онц байдал зарлаж, улс орныг удирдаж, онц байдлын дэглэмийг хангахын тулд Онц Байдлын Хороог (ОБХ) байгуулж байна" гэж мэдэгдсэн байв.

ОБХ-нд дараах гишүүд орсон байв.

-Геннадий Янаев, Валентин Павлов, Владимир Крючков, Дмитрий Язов, Борис Пуго, Олег Бакланов, Василий Стародубцев, ЗХУ-ын Тариачдын Холбооны тэргүүн Александр Тизяков

Ерөнхийлөгч Горбачев "өвчний учир" үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон гээд, Геннады Янаев уг зарлигт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар гарын үсэг зурсан байна[11].

Ерөнхий сайд Валентин Павлов хожим шүүх хуралд мэдүүлэг өгч буй нь

ОБХ Москвад коммунистуудын эрхлэн гаргадаг 9 сониноос бусад бүх сонин хэвлэлийг хориглож[11], "Зөвлөлтийн хүний нэр төр, бахархлыг сэргээх ёстой", "Холбооны шинэ гэрээг бүх ард түмнээр хэлэлцүүлнэ", "Хотуудын гудамжийг гэмт хэргээс цэвэрлэнэ", мөн "Хүнсний хомсдлын асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болно" гэх мэт мэдэгдлүүдийг хийж байв. Үүнийхээ хамт "Жинхэнэ ардчилсан процессийг дэмжих болно", "хувийн хэвшлийг" дэмжих болно гэж мэдэгджээ[11].

 
Гурав. Наймдугаар сарын 19

 

ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Олег Шенин

Янаевын гарын үсэг зурсан "Зөвлөлтийн Удирдлагуудын Тунхаглал" болон ОБХ-ын баримт бичгүүдийг өглөөний 7 цагаас эхлэн улсын радио, телевизээр цацаж эхэлсэн байна. ЗСБНХОУ-ын удирдлагуудын хяналт дор байсан "Радио Россий" станц, "Телевидение Россий" суваг, мөн "Эхо Москвы" хэмээх чөлөөт, улс төрийн радиог хаалаа[12].

Батлан хамгаалахын сайд, маршал Язовын маш нууц тушаалаар Таманскийн моторжуулсан явган цэргийн дивиз, Кантемировскийн танкийн дивизийг түгшүүр зарлан босгож Москвад оруулав. Десантын анги нэгтгэлийг мөн уг үйл ажиллагаанд татан оролцуулжээ. ЗСБНХОУ-ын Ерөнхийлөгчийн 4 орлогчийг "онц аюултай" гэсэн шалтгаанаар Крючковын өөрийн гараар зурсан тушаалтайгаар АХГ-ынхан баривчлан Москвагийн ойролцоо цэргийн баазад тусгаарлав[3]. Хуйвалдагчид мөн ЗСБНХОУ-ын Ерөнхийлөгч (шинээр үүссэн ОХУ-ын Ерөнхийлөгч) Борис Ельцинг Казахстанаас ирэхэд нь, эсвэл дараа нь зуслангийн байрнаас нь баривчлана гэж төлөвлөж байсан ч, тодорхойгүй шалтгаанаар баривчлаагүй байна[3][13][14]. Магадгүй Ельцин нөхцөл байдлыг ойлгомогц яаралтай арга хэмжээ аван зугтаж чадсан ч байж болох.

Батлан хамгаалахын сайд, маршал Дмитрий Язов

Баривчлагдаагүй Борис Ельцин ЗСБНХОУ-ын Парламентын байр болох Цагаан Ордонд 19-ний өглөөний 9 цаг гэхэд ЗСБНХОУ-ын Ерөнхий Сайд Иван Силаев, Дээд Зөвлөлийн дарга Руслан Хасбулатов нартай цуг Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт болсныг парламентын гишүүдэд мэдэгдэв. Мөн цэргийнхнийг төрийн эргэлтэд оролцохгүй байхыг, дээр нь Михайл Горбачёвт ард түмэнд хандаж үг хэлэх боломж олгохыг шаардан, бүх нийтийн ажил хаялт зарлахыг уриаллаа[15]. Тэд маш өндөр хараа хяналтыг амжилттай давж Михайл Горбачёв зуслангийн байрандаа хоригдсоныг мэдэж авсан байлаа. Энэ мэдэгдэл, уриалгыг нь брошур, плакат, тараах материал хэлбэрээр Москва даяар гудамжуудаар түгээв.

Үдээс хойш Москвагийн иргэд цуглан Парламентын цагаан ордонг хамгаалан саад, хаалт босгож эхлэсэн байна[15]. Үдээс хойш 16.00 цагт, Геннадий Янаев, Пуго нар Москва хотод онц байдал зарлан[11][9], 17.00 цагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Горбачёв амарч байгаа гэж мэдэгдэв. Гэвч тэдний энэ мэдэгдэл төдийлөн итгэл үнэмшил төрүүлээгүй байна[9].

Зүүнээс, ЗХУ-ын Дотоод хэргийн сайд Борис Пуго, дэд Ерөнхийлөгч Геннадий Янаев нар

Энэ үед Парламентын ордонг дайрах үүрэг авсан Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийн командлагч хошууч Евдокимов ЗСБНХОУ-ын удирдлагууд, Ельциний тушаалыг дагахаа мэдэгдэв[15][16]. Энэ үед Ельцин нэгэн танкан дээр гарч олон нийтэд хандаж үг хэлснийг, оройн мэдээгээр улсын ТВ-ээр дамжуулжээ[17].

 
Дөрөв. Наймдугаар сарын 20

 

Үд дунд Янаевын томилсон, Москвагийн цэргийн тойргийн командлагч генерал Калинин оройн 11.00 цагаас өглөөний 17.00 цагийн хооронд Москва хотод хөл хорио тогтоож байгааг зарлав[15][4][12]. Уг хөл хорио нь удахгүй Парламентын Ордон руу цэргийн хүчээр дайралт хийх гэж байна гэж ойлгогдож байв.

Парламентын ордныг хамгаалагчид бэлтгэж эхлэв. Хамгаалагчдын зарим нь зэвсэгтэй байсан ч, ихэнх нь сайн дурынхан, тэд ямар ч зэвсэггүй байлаа. ЗСБНХОУ-ын удирдлагуудад үнэнч гэдгээ илэрхийлж байсан хошууч Евдикомовын захиргаанд байсан танкууд тэр орой парламентын ордныг орхин явжээ[18][9]. Уг ордныг хамгаалах штабыг ЗСБНХОУ-ын Ардын депутат, генерал Константин Кобец толгойлов. Түүний мэдэлд сайн дураар ордонг хамгаалахаар нэлээн хэдэн тооны генералууд, ахлах офицерууд ирсний зарим нь тэтгэвэртээ гарсан хөгшчүүд байлаа[18][19].

8 сарын 20-ны үдээс хойш Крючков, Язов, Пуго нар Парламентын ордон руу дайрах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг ОБХ-ны гишүүд дэмжив. Крючковын орлогч АХГ-ын генерал Агеев, Язовын орлогч армийн генерал Ачалов нарын төлөвлөсөн дайралтын ажиллагааг "Аянга" гэж нэрлэсэн байна. Уг ажиллагаанд Альфа болон Вимпел Групп, АХГ-ын тусгай тасаг, Москвагийн цагдаагийн тусгай тасаг, Дотоодын цэргийн Дзержинскийн дивиз, танк болон нисдэг тэрэг оролцохоор төлөвлсөн байна. Уг ажиллагааг гардан гүйцэтгэх Альфа группын командлагч генерал Виктор Карпухин, Вимпел группийн командлагч хурандаа Бесков нар, нөхцөл байдлыг газар дээр нь тандан үзсэнийхээ дараа, их хэмжээний цус урсах учраас уг операцыг хохирол багатай хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байна гэж Агеевыг ятгасан байна[3][4][5][20]. Мөн энэ үед Александр Лебедь агаарын цэргийн командлагч Павел Грачевтай зөвшилцөн, Парламентын ордонд нууцаар очин Хамгаалах штабынханд, дайралт шөнийн 02 цагт эхлэнэ гэдгийг мэдэгдэв[5][20].

 
Тав. Наймдугаар сарын 21

 

Шөнийн 01 цагийн орчимд Парламентын ордноос холгүй газар Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийн хуягтуудын явах замыг иргэд, троллейбус болон хот цэвэрлэх машинуудаар хаасан байна. Хуягтны харах цонхыг халхлах гэж оролдсон Дмитрий Комар (энгийн иргэн) буудуулж нас барав. Түүнд туслахаар очсон Владимир Усав, мөн Илья Кричевский нар буудуулж нас нөгчив. Дээр нь хэд хэдэн хүмүүс шархдав. Иргэд хуягтад гал тавьж шатаасан ч цэрэг алагдсангүй[21][19][9].

Альфа болон Вимпел бүлгүүд төлөвлөж байсныхаа дагуу Парламентын ордон руу дайрсангүй. Язов цэргүүдийг Москвагаас гаргах тушаал өгөв.

Өглөөний 8 цагт цэргүүд Москвагаас гарч эхэллээ. ОБХ-ын гишүүд БХЯ-нд цуглан цаашид яахаа хэлэлцсэн ч, тодорхой шийдэлд хүрсэнгүй, зөвхөн Михайль Горабчевтай дахин хэлэлцээ хийхээр Крым рүү төлөөлөгчид илгээх шийдвэр гаргажээ. Владимир Крючков, Дмитрий Язов, Олег Бакланов, Александер Тизяков, ЗХУ-ын Дээд зөвлөлийн Анатолий Лукьянов, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Владимир Ивашко нар Крым рүү нисэв. Гэвч Горбачев тэднийг хүлээж авахаас татгалзсан байна. Зуслангийн холбоо харилцааг сэргээсний дараа Горбачев ОБХ-ын бүх шийдвэрийг хүчингүй болгож, гишүүдийг нь төрийн албан тушаалаас нь зайлуулав. ЗХУ-ын Ерөнхий Прокурорын алба төрийн эргэлт хийх гэсэн уг оролдлогыг мөрдөн байцааж эхэллээ[5][15].

 

АНУ-ын оролцоо

Кристофер Андрью "Зөвхөн Ерөнхийлөгчийн Нүдэнд" (For the President's Eyes Only) хэмээх номондоо, энэхүү төрийн эргэлт хийх оролдлогын үеэр АНУ шийдвэрлэх үүрэгтэй оролцсон тухай, нууцын зэрэглэлд байсан мэдээллүүдийн тухай өгүүлсэн байдаг. АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг (ҮАБА), Крючков, Язов нарын ЗХУ-ын цэргийн өндөр албан тушаалтнуудтай ярьсан яриаг нууцаар чагнасан тайлангаа ерөнхийлөгч Жорж Бушд мэдэгдсэн байна. Уг тайлангаас үзвэл цэргийнхэн төрийн эргэлтийг төдийлөн дэмжихгүй байв. Зарим нь бүр Москвагаас дуудлага хүлээж авахаасаа ч татгалзаж байсан байна. Буш энэ тухай мэдээллийг Оросын ерөнхийлөгч Борис Ельцинд хүргүүлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гарган, Москва дахь АНУ-ын элчин сайдын яамны холбоо харилцааны мэргэжилтнүүдэд АНУ-ын цэргийн удирдлагуудыг Ельцинтэй шууд холбогдох боломж гаргах даалгавар өгөв. Дээрхи мэдээллийг Ельцинтэй хуваалцсанаар, Оросын цэргийн холбоог цаашид үр дүнтэй тагнах боломжоо алдана гэж АНУ-ын ҮАБА Бушийн шийдвэрийг эсэргүүцсэн ч, ерөнхийлөгч төрийн эргэлтийг зогсоох нь юу юунаас илүү чухал гэж үзсэн гэдэг.

Үйл явдлын үр дагавар

Михайл Горбачев Москвад нисч ирэв. Крючков, Язов, Александер Тизяков нарыг Москвад 8 сарын 22-ны үүрээр Москвад эргэж ирэхэд нь нисэх буудал дээр, 8 сарын 22-нд Пугог, 23-нд Павлов, Василий Стародубцев нарыг баривчлав. Олег Бакланов, Валерий Болдин, Олег Шенин нарыг 8 сарын 24-нд баривчилсан байна[5].

Нилээд олон мужийн дарга нар, гүйцэтгэх хороодын дарга нар ОБХ-г дэмжиж байсан тул 8 сарын 21-нд ЗСБНХОУ-ын Дээд зөвлөлөөс №1626 тоот тогтоол гарган, хэдийгээр тэр үед хүчин төгөлдөр байсан ЗСБНХОУ-ын үндсэн хуулинд харшилж байсан ч ерөнхийлөгч Борис Ельцинд мужын захирагч нарыг шинээр томилох эрх мэдэл олгожээ[22].

8 сарын 22-нд ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн №1627/1-1 тоот тогтоолоор, ЗХУ-ын далбааг хэрэглэхээс татгалзан, Оросын уламжлалт цагаан-цэнхэр-улаан далбааг албан ёсны төрийн далбаа болгох шийд гаргалаа.

8 сарын 23-24-нд шилжих шөнө КГБ-ын байшингийн өмнөх талбай дахь ЗХУ-ын нууц албаны анхны толгойлогч Феликс Дзержинскийн хөшөөг бууулгав.

8 сарын 24-нд Москвагийн олон мянган хүн талийгаач Дмитрий Комар, Владимир Усов, Илъя Кричевский нарын оршуулах ёслолд оролцов. Тэдэнд ЗХУ-ын Баатар цолыг нөхөн олгосон байна.

Коммунист намын төгсгөл

8 сарын 24-нд Михайл Горбачев Коммунист Намын ЕНБД-ын ажлаас чөлөөлөгөн[5], түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр Владимир Ивашко 8 сарын 29 хүртэл ажиллажээ.

8 сарын 24-нд Оросын Ерөнхийлөгч Борис Ельцины 83 тоот зарлигаар Коммунист намын архивыг улсын архивт, 8 сарын 25-ны 90 тоот зарлигаар уг намын өмчийг төрийн мэдэлд шилжүүлэв[22].

11 сарын 6-нд гарсан Борис Ельцин №169 тоот зарлигаар Коммунист намыг Орос улсад хориглосон байна[22].

ЗХУ-ын задрал

8 сарын 24-нд Украйны Дээд зөвлөл Украйн Улсын Тусгаар Тогтнолын тунхгийг баталж, тунхгийг дэмжих талаар санал асуулга явуулах шийд гаргав.

8 сарын 27-нд Молдавын Дээд зөвлөл Молдав улс ЗХУ-аас гарч, тусгаар тогтнолоо тунхаглаж байгаагаа, 8 сарын 30, 31-нд Азербайжаны Дээд зөвлөл, Хиргисийн Дээд зөвлөл мөн тусгаар тогтнолоо зарлав.

9 сарын 5-нд Ардын депутатуудын конгресс "шилжилтийн үе дэх ЗХУ-ын бүрэн эрхийн асуудал" хэмээх №2392-1 хуулийг батлав. Үүгээр ЗХУ-ын Дээд Зөвлөлийг баталлаа. 9 сарын 6-нд шинээр байгуулагдсан Дээд Зөвлөл Эстон, Латви, Литвын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв[23].

9 сарын 9-нд Тажикийн Дээд Зөвлөл ЗХУ-аас гарч тусгаар тогтнож байгаагаа зарлав.

9-р сард Арменд тусгаар тогтнолын тухай нийтийн санал асуулга явагдав. Оролцогчдын 99 гаруй хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэнээр тус улс 9 сарын 21-нд бүрэн эрх, тусгаар тогтнолоо зарлав.

10 сарын 27-нд Туркмений дээд зөвлөл ЗХУ-аас тусгаар улс болж байгаагаа тунхаглав.

Үүний дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд ердөө Орос, Беларусь, Хасаг, Узбек дөрөв үлдсэн байв.

12 сарын 1-нд Украйд санал асуулга явуулахад иргэдийн 90 гаруй хувь нь Украйны тусгаар Тогтнолын Актыг дэмжиж саналаа өгөв.

12 сарын 8-нд Орос, Украйн, Беларусийн удирдагч нар Тусгаар Улсуудын Хамтын нөхөрлөл (ТУХН)-д гарын үсэг зуран, ЗХУ-ыг байгуулсан 1922 оны Холбооны улсын гэрээг хүчингүй болгов. Төв Азийн 5 Бүгд Найрамдах улс болон Армен, Азербайжан уг нөхөрлөлд нэгдэх ёслол 1992 оны 1 сарын 21-нд болов. Гүрж 1993 он хүртэл ТУХН элсээгүй. Харин Балтийн 3 улс уг нөхөрлөлд нэгдээгүй болно.

1991 оны 12 сарын 25-нд Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байгаагаа зарласны дараа Кремльд байсан алх, хадуур бүхий улаан тугийг буулгав. Ийнхүү ЗХУ оршин тогтнохоо болилоо.

Хуйвалдагчдыг шүүх ажиллагаа

ОБХ-ны гишүүд болон хамсаатнуудыг төрийн эрх булаахаар санаархсан гэсэн үндэслэлээр төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж ял тулгажээ. Уг хэргийг шүүх Оросын Дээд шүүхийн Цэргийн Танхимын шүүх хурал 1993 оны 4 сарын 14-нд эхэлжээ[24].

1994 оны 2-р сарын 23-нд Оросын Төрийн Дум, ОБХ-ны гишүүд болон тэдний хамсаатнууд, мөн 1993 оны 10 сарын үйл явдалд оролцогчдод өршөөл үзүүлж буйгаа зарлав. Хуйвалдагчид өршөөлийг хүлээн авсан байна. Ганцхан генерал Валентин Варенников шүүхийг цааш нь үргэлжлүүлэхийг шаарджээ. 1994 оны 8 сарын 11-ний шүүх хурлаар түүнийг буруугүй хэмээн цагаатгасан байна[5].

Парламентын комисс

1991 онд Лев Пономарёваар ахлуулсан төрийн эргэлтийн учир шалтгааныг шалган тогтоох парламентын комисс байгуулагдсан ч, 1992 онд Руслан Хасбулатовын шаардлагаар уг комиссын ажиллагааг зогсоож, тараасан байна.

Гэрэл зургууд


Эх сурвалж, эшлэл:

1. Yevgenia Albats and Catherine A. Fitzpatrick. The State Within a State: The KGB and Its Hold on Russia - Past, Present, and Future. 1994. ISBN 0-374-52738-5, pages 276-293.

2. KGB Maj. Gen. Vyacheslav Zhizhin and KGB Col. Alexei Yegorov, The State within a state, p. 276-277.

3. September 1991 internal KGB report on the involvement of KGB in the coup

4. "Novaya Gazeta" No. 51 of 23 July 2001 (extracts from the indictment of the conspirators)

5. Timeline of the events, by Artem Krechnikov, Moscow BBC correspondent

6. Christopher Andrew and Vasili Mitrokhin (2000). The Mitrokhin Archive: The KGB in Europe and the West. Gardners Books. ISBN 0-14-028487-7, pages 513-514.

7. The KGB surveillance logbook included every move of Gorbachev and his wife Raisa Gorbacheva, Subject 111, such as "18:30. 111 is in the bathtub."The State within a state, page 276-277

8. Новая Газета №59. 2001.08.20

9. Коммерсанть. 2006.08.18

10. Gorbachev's interview to the Russian Service of BBC of 16 August 2001

11. GKChP documents

12. "Коммерсанть. 2007.08.18

13. Новая Газета. №55

14. Новая Газета №57 2001.08.13

15. "A Russian book on August 1991"

16. Известия 2006.08.18

17. Московский новости 2001, №33

18. Независимое Военное Обозрение 2006

19. Heroes of the Soviet Union вэбсайт

20. Аргументы и факты: 2001.08.15

21. Илья Кричевский блог

22. Консултант+ ОХУ-ын хуулийн вэбсайт

23. Риа Новости

24. Взгляд: 2006

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 6 сар 14. 12:33
Зочинhaak

Heden zunug uvguchuudiig bugdiig ni alahgui

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2021, 4 сар 6. 15:59
Зочин

Oros orontoi hairtai mundag udirdagchid bn, Eltsin zov shiidver gargaj Намаас салсаны хүчинд оноодор OXУ , Путинтэй сайн хүчтэй ч явна.

2021, 4 сар 6. 16:17
Зочин

Орос орондоо хайртай

2021, 2 сар 7. 11:30
Зочинnb

ene muu sain amerkichuudiin xor bj de

2020, 9 сар 26. 8:00
Зочин

Бослого гаргасан хүмүүс нь зөв л харж байж орос задарна гэж. Оросууд гэнэдэж Ельцин улсаа нураачихаад хэзээ хойно толгойгоо барьсан байх тэгээд ч наслаагүй дээ.

2020, 8 сар 27. 11:52
Зочин

Америкууд дэлхийд хэт ганцаар ноёрхох гэсэн бодлогоо янз бүрийн аргаар хэрэгжүүлж байна. Ардчилалыг хамгаалах нэрээр улс гүрэн бүрт өөрийн бодлогоо тулгаж, туслаж дэмжихгүй, эдийн засгийн хориг тавина гэх зэргээр аль болох хараат байлгахыг хичээж байна. Улс гүрнүүдийн дотоодод болж буй үйл явцуудад хөндлөнгөөс оролцож , өөрт ашигтай талд г талд давуу байдал бий болгоход цэрэг, техникийн дэмжлэг үзүүлэх мэтээр асуудлыг улам дэвэргэх хандлага давамгайлах боллоо. Энэ нь байдлыг улам хурцатгах

2020, 5 сар 28. 22:05
Зочин

Оросод хужаагийн Дэн Сяпин шиг эдийн засгийн шинчлэл авч ирэн социалист зах зээлийг хөгжүүлсэн бол америкийн ацнууд, хужаагийн өмхий амтууд дэлхийг ингэж донслохгүй байсан юм! Даанч тийм алсын хараатай зөвлөлт хүн байсангүй! Социализм зэрлэг капитализмийг бодвол арай дээр! Ардчилал хүний эрх гэж ярьдаг америкууд улс гүрнүүдийг газрын баялагаар нь хувааж яаж эзэрхийлэн түрэмгийлэж байна! Түүнийгээ ардчилалыг хамгаалж бн гэсэн гоё үгээр бамбай хийж улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон байгалийн баялагийг нь ховх сорон мөлжиж ирлээ. Бусад орнуудыг зэвсэг барин улс орноо хамгаалахаар босвол терорист гэсэн цол өгөөд баахан тархи угаалт явуулна. Хужаа нар тэр социалист зах зээлийг 30гаран жилд маш амжилттай хөгжүүлээд америкуудын яг шилэн дээр ирээд буучихлаа. Одоо мөн л дэлхийг захирахыг хүсээд эхэлсэн. Гэхдээ америкчууд шиг ил тод биш эртний өвөг дээдсүүдийнхээ сургаал, номоор аажим, алгуурхан орчин үеийн дайн болох технологи, асар их хөрөнгө оруулалт оруулах замаар барьцаа лавшруулан 300н жилийн цаадахыг харан нүүдлээ олон улсад хийгээд эхэлсэн. Хэрэв Зөвлөлт гүрэн хужаа нар шиг ийи айхтар эдийн засгийг хөгжүүлж чадсан бол ёстой дэлхийг атгандаа авч, дэлхий ч амар амгалан оршин тогтнох байсан ч юм бил үү! Даанч түүхэнд хэрэвээ гэдэг үг тохирдоггүй гэдэг!Ер нь дэлхийн хүн амд бага сага цензур хэрэгтэй шүү гэдгийг энэ ардчилал хангалттай ойлгууллаа. Ардчилал бол хүний ясны мөн чанарыг халхалсан зэрлэг капитализм юм аа гэдгийг америк тэргүүтэй барууны ертөнц хангалттай мэдрүүллээ! Зөвхөн мөнгөтөй л хүн, хүн бусад нь зүгээр л хорхой шавьжнаас ялгаагүй зүйл! Тэднийг яаж ч болно. Одоо дэлхийн бараг 80-90% нь өнөө маргаашаа аргалан амьдарч байна шүү дээ!

2020, 12 сар 1. 11:59
Зочин

Нээг их юм мэддэг юм шиг бүү балайр. Чи социалтзмын давуу тал гэж юу хэлж бахйгаагаа ч ухаарахгүй тэннэг л байна.

2019, 10 сар 2. 9:25
MN

ОЙЛГОЛТОО АРАЙ ЦЭГЦЭЛЖ АВЛАА. ШАЛ ӨӨР Л ЮМ БОДДОГ БАЙЖЭЭ ЭНЭ ТАЛААР... THANKS

2019, 9 сар 5. 16:31
ЗочинI

ZUVLULT ULS ZADRAAGUI NUDEN DEER CHINI EL BAIJ BAINA.

2019, 9 сар 21. 21:40
Зочин

их мэдэмхийрэгч минь балайтахаа бль

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]