Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Партизануудыг хашраасан гэх шившигт явдалУншсан15,430

1968 оны эхэн үед Вьетнамын Куангнгай мужид партизаны тэмцэл ихээхэн газар авч Америкчуудын “хоолойд тээглэсэн яс” болон хувирсан байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1968 оны эхэн үед Вьетнамын Куангнгай мужид партизаны тэмцэл ихээхэн газар авч америкчуудын “хоолойд тээглэсэн яс” болон хувирсан байна. Энэхүү партизаны отрядыг олж илрүүлэн устгахын тулд тагнуулын болон бусад ажиллагаа явуулсны үр дүнд Сонгми (Mỹ Lai) хэмээх тосгонд уг бүлгийн төв штаб байрлаж байгаа гэсэн мэдээллийг олж, 3 дугаар сарын 16-нд тусгай ажиллагаа эхлүүлэхээр болжээ. Энэ ажиллагаанд хэд хэдэн нисдэг тэрэг, гурван суман (рот) цэрэг ашиглахаар шийдэж, тосгоныг цэвэрлэх гол үүргийг C буюу Чарли суманд өгсөн байна.

Дайралт эхлэхийн өмнө сумангийн дарга ахмад Эрнест Медина өөрийн цэргүүдэд шийдэмгий байх хэрэгтэйг сануулж, тосгонд энгийн номхон ард иргэд байхгүй, дан партизанууд, тэдний туслагчид үлдсэн учир үрэгдсэн анд нөхдийнхөө өшөөг авах цаг ирсэн тухай хэлж байсан гэдэг. Гэтэл үнэндээ тэнд ганц ч партизан байсангүй буюу америкчууд дайралтаа эхлүүлэхээс аль өмнө тосгоноос зайлан явсан байжээ.

Америкчууд таван минутын турш тосгоныг артиллерээр буудаж байгаад Чарли суманг тосгон руу дайруулж эхэллээ. Өөдөөс нь ганц ч буун дуу гарахгүй, ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй байгааг анзаарсан цэргүүд тосгон руу дайран орж таарсан хүн болгоныг барьж аван партизан мөн эсэхийг асуун, хариултыг нь гүйцэд сонсолгүй шууд л буудаж байв. Тосгонд дан энгийн номхон ард иргэд байна гэдгийг Америкийн олон цэрэг ойлгосон боловч буудахаа зогсоосонгүй.

Тосгон руу дайрч байгаа цэргүүдийг агаараас халхлах ёстой нисдэг тэрэгний дарга Нью Томпсон харин энэ бүхнийг харж байлаа. Хүүхэд эмэгтэйчүүдийг нэгэн жалганы ойролцоо аваачин зүйл дуусгаж байгааг харсан энэ офицер яаран газар бууж, цэргүүдийн захирагч болох дэслэгч Уильям Келли гээчээс булай явдлаа зогсоохыг шаардсан боловч өнөөх нь гай бололгүй зайлахыг тушаасан байна.

Том тушаалтны үгийг дагахаас өөр аргагүй болсон Томпсон агаарт дахин гарахдаа тосгоны захад хэсэг тариачид зугтан тэдний араас америк цэргүүд хөөж байгааг харжээ. Томпсон тэр даруй нисдэг тэргээ хөөгдөж байгаа хүмүүсийг халхалж буулгаад, америк цэргүүд тариачдыг буудах л юм бол өөдөөс нь гал нээхийг өөрийн буудагчдаа тушаалаа. Америк цэргүүд хоорондоо байлдах дээрээ тулснаар тариачдыг устгах ажиллагаа ч зогслоо. Энэ залуугийн ачаар чухам хэчнээн хүний амь нас аврагдсан бол?

Дараа нь Томпсон даруй бааздаа эргэн ирж болсон явдлыг дээд дарга нартаа илтгэж баахан шуугиан тарьсны дараа Сонгми тосгоныг дайрах ажиллагааг бүрмөсөн зогсоосон гэдэг.

Тосгоныг дайрсан сумангийн дарга Мединагийн илтгэлд бичсэнээр бол нийт 128 "партизан"-ыг устгаж, гурван ширхэг буу олзолж авсан байна. Гурван ширхэг буу!  Харин Томпсоны илтгэлээр бол америк цэргүүд энгийн ард иргэд, хүүхэд хөгшид эмэгтэйчүүдийг л... гэх.

Энэ хэргийг чимээгүй дарж, Томпсон гээч ядаргаатай эрийг өөр ажилд шилжүүлсэн боловч үйл явдлын тухай мэдээлэл сэтгүүлчдийн сонорт хүрснээр Америкийн цэргийн эрхтэн дархтнууд мөрдөн шалгах ажиллагаа явуулахаас өөр аргагүй болжээ. Энэ шалгалтаар Сонгми тосгоны 20 гаруй энгийн иргэд азгүй тохиолдлоор цэргийн ажиллагааны хохирогч болсныг олж тогтоосон байна. Гэтэл удалгүй Сонгми тосгоныг дайрч байх үеийн олон фото зураг ил гарч эхэллээ. Юун 20 хүн... Америкийн тооцоогоор 347 хүн үрэгдсэн бол Вьетнамын тооцоогоор 504 хүн хөнөөгдсөн ба тэдний 173 нь жаахан хүүхдүүд, 182 эмэгтэй (17 нь жирэмсэн), 60 гаруй настай хөгшид, 60 нас хүрээгүй 89 эрэгтэй байсан гэнэ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгах явцад цэргүүд ч өөрсдөө хийсэн хэргээ хүлээж эхэлсэн ба зөвхөн буудаад зогсохгүй, охид бүсгүйчүүдийг х ү ч и р х и й л с э н, бүр зарим нэг цэргийн гаж байдлаар авирлаж байсныг тогтоожээ.

Дэлхий даяар шуугисан энэ хэрэг яаж дууссан бол?

Хэргийг шалгасан комисс 80 гаруй америк цэргийг шүүхээр оруулах ёстойг тогтоон баримт материалаа холбогдох газар өгсний дараа 25 хүнд ял төлөвлөсөн ба эдгээрээс зургааг нь л шүүхээр оруулах болжээ. Харин шүүхээс ял авсан хүн нь ганцхан дэслэгч Уильям Келли буюу өнөөх Томпсоныг зайлахыг шаардсан тэр нөхөр.

1971 оны 3 дугаар сард шүүх хурал болж энэ хүнд бүх насаар нь хорих ял оноосон боловч ердөө гурав хоногийн дараа Ерөнхийлөгч Никсоны зарлигаар ялыг шоронд биш гэрт нь эдлүүлэхээр болсон гэдэг. Дараа нь хэд хэдэн удаа ялын хэмжээг багасгасаар... 1974 онд өршөөлөөр бүрмөсөн сулласан байна!

Энэ бузар явдлыг таслан зогсоох, илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Хью Томпсоныг уг үйл явдал болсны дараахан өөр газар руу шилжүүлэн, байлдааны даалгавар биелүүлэх ганцаарчилсан нислэгт олон удаа явуулж байсан гэх бөгөөд гурван удаа буудуулж унасан (нийт 4 удаа унасан) боловч азаар амьд үлдсэн юм. Аймшигт явдлын гэрчийг үгүй болгохын тулд ийнхүү ганцаарчилсан нислэгт явуулж байсан гэж олон сэтгүүлч, тоймч нар сэжиглэж байсан тухай баримтууд их л байдаг боловч үнэн худлыг нь хэн мэдэх вэ дээ. Ямар ч байсан Томпсон нь дайны дараа даруухан шагнал хүртсэн ч, 1990-ээд он хүртэл байнга л “урвагч, дайснаараа” дуудуулж, нэгэн үе өөрийн цэргүүдийг буудахаар завдсан хэрэгт шүүхээр орох дээрээ тулж байсан гэх мэтээр ихээхэн зовж байж таалал төгссөн гэдэг.

Энэ явдлын тухай өч төчнөөн гэрэл зураг интернэтэд дэлгэгдсэн байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]