Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Далайн гүнээс утасдсан ньУншсан128,882

Хэдэн цагийн дараа ихээхэн юм болж байж багийнхныг гаргаж авсан гэдэг бөгөөд шумбагчаас гарч ирсэн усан цэргүүд далайн цэвэр агаарт цохиулан завин дээр шууд унаж байсан гэдэг.

Нийтлэлч "Чалчаа саарал"-ын өгүүлэх элдэв сонин түүхүүд үргэлжилсээр байна.

1920 оны 8-р сард Атлантын далайд АНУ-ын цэргийн тээврийн Атлантус хөлөг давалгаа зүсэн явна. Эргэн тойронд хүний хараа хүрэх орчинд өөр ямар ч хөлөг онгоц үл үзэгдэх ба далайн хөлөг явдаг зам биш хойно арга ч үгүй биз. Ер бусын эзэнгүй энэ усан "цөл-"д явж буй уг хөлгийн нэгэн усан цэрэгт гэнэт ойрхон утас дуугарах шиг боллоо гэнэ. Энэ дууг сонсоод өөрийгөө солиорч байна уу гэж гайхан элдэв хий үзэгдэл гэсэн юм бодсоор өлийн харахад нэлээд ойрхон хөвөгч-буй (далай тэнгисийн ёроол болон шумбагч онгоцноос зүүж бэхэлсэн хөвөгч), түүнээс нэлээд зайтай ямар нэг учир нь үл ойлгогдох сэнс байх ба чухам тэндээс л энэ дуу гарч байгаа бололтой. Хөлгийн даргад үзсэн харснаа хэлж яаралтай завь буулган хөвөгч-буй дээр очиход тэнд яах аргагүй утас, тэр утас нь бас дуугарч байдаг байгаа. Нүд нь орой дээрээ гарсан усан цэрэг өөрийн мэдэлгүй утсыг аван “ Байна уу? Хэн бэ?” гэж асууж. Хөлгүй их далайд утас таараад тэр нь дуугараад байхад аваад өөр юу ч гэж хэлэх ёстой юм бүү мэд. Хүний түүхэнд урьд өмнө ийм юм ямар тохиолдож байсан биш.

Энэ “байна уу”-гийн дараа ямар нэг чөтгөр шулмын дуу сонсогдох биз гэж бараг итгэсэн усан цэрэг харин баярлаж хөөрсөн хүний “Хөлгийн ахмад Күүкийн толгойлсон Америкийн S-5 шумбагч байна” гэсэн дуу сонсож. Учраа олохоо байсан усан цэрэг түгдчиж ээрэн “хаашаа явж байна?” гэхээс өөр зүйл хэлж чадсангүй.

-“ Там руу явж байна“ гэсэн хариулт сонсогдлоо.

Аль хоёр зуун жилийн өмнө Хавайн аброгенуудад идүүлсэн гэгдэх ахмад Күүк, шумбагч онгоц, эзэнгүй далай дахь утас, тэр нь юу ч болоогүй юм шиг зүгээр л дуугарч байдаг... хэрийн хүн солиормоор энэ хачирхалтай явдлын тухай өгүүлье.

Америкийн шинэхэн шумбагч завь S-5 элдэв туршилтаа хийхээр далайд анх гарсан он жил нь 1920 оны 8-р сарын 20-н билээ. Хэдэн өдрийн туршид янз бүрийн механизм, тэдгээрийн ажиллагааг туршиж үзэн дуусаж байсан ба ганцхан зүйл үлдсэн нь түгшүүрээр гэнэт шумбах үйл ажиллагааг хийж үзэх байв. Ахмад Күүк  (энэ удаа аль эрт үхэж үрэгдсэн алдарт Жеймс Күүк биш харин амьд мэнд гялалзаж яваа нэр нэгт Чарльз Күүк) нь  энэ чухал ажлыг аль болох дайны нөхцөлтэй төстэй байдалд хийхээр шийдсэн учир анаж байгаад гэв гэнэт түгшүүрийн дохио дуугаргаж шумбах дохио өглөө. Амар тайван байсан усан цэргүүд сандран бужигнасаар хөлөг ч шумбаж эхэлсэн ба харин хөлгийн нээлхийг хаах ёстой усан цэрэг сандарсан уу, яасан нээлхийг хааж амжсангүй. Хэдэн арван тонн ус хөлгийн бүхээгт орж ирсэн хойно л тэр гайт нээлхийг хааж чадлаа. Гүзээндээ ийм их устай хөлөг мэдээж далайн ёроол руу живэлгүй яахав. Аз болж тэр хэсгийн ёроол далайн төвшнөөс доош ердөө 60 метр л байжээ. Одоо яах вэ, онгоцны тал нь усанд автсан, дээшээ гарах ямар ч аргагүй, холбооны бүх л хэрэгсэл гэмтэж ашиглах аргагүй болсон, эзэнгүй энэ далайд ингэж суусаар үхэх юм гэж үү?

“Амьд хүн аргатай, америк хүн адармаатай” (энэ хэллэгийг манай нэгэн нэртэй нийтлэлчийн санааг хулгайлж, бага зэрэг өөрчлөв) хойно нэг янзын нөхөр маш сонин арга сэдсэн нь хөлгийн дотор байгаа дотоод харилцааны нэг утсыг урт кабелаар холбоод хөвөгч-буйд бэхэлж далайн хөвөөн дээр гаргаж зогсоо зайгүй утасдах санаа байлаа. Харамсалтай нь тэд далайн хөлгийн замаас их хол газар байгаа учир тэдний энэ утасдахыг далайн цахлай, бас бус шувуунаас өөр юу ч сонсохгүй байх нь бараг тодорхой байв. Утсаа гаргаад 10 цагийн турш зогсоо зайгүй залгасаар. Амьд мэнд үлдэх эсэх тухай яриа болж байгаа учир энэ 10 цаг гэдэг бол дэндүү урт хугацаа байв.

Ахмад Күүк зөвхөн энэ утсанд хамаг хувь заяагаа даатгаж болохгүй учир өөр арга хайж сүвэгчилсээр байгаад нэгэн арга олсон нь:

Хөлгийн живсэн гүн нь 60 метр, харин хөлгийн урт нь 70 метр. Аргыг нь олбол далайн төвшнөөс дээш цухуйж гарч болох мэт боловч хөлгийн урд хамар хэсэг маш их гэмтэж тэр чигээрээ усанд автсан учир толгой өндийлгөх ямар ч арга байдаггүй. Ингээд бодож бодож, бэлдэж бэлдэж байгаад ахмад Күүк урьд өмнө далай дээр сонсогдож байгаагүй нэгэн тушаал өгсөн нь “бөгсөө ил гаргах” тухай тушаал байлаа.  (яахав бөгс биш бол сүүл гэе) Хөлгийн бөгс, эсвэл сүүл нь аажим өргөгдсөөр далайн төвшнөөс дээш цухуйж чадсан бөгөөд энэ ажил нь ер бусын осолтой зүйл байсан нь хөлөг доторх аккумуляторын хүчиллэг шингэн асгарч түймэр гарах магадлал байв. Ямар ч байсан түймэр гаргаагүй боловч хөлөг дотор нэгэн төрлийн цунами болж бүх л ус хөлгийн урд хэсэг рүү шуугин орж далай доторх далайн давалгаа бий болж “бөгс” нь өндийн ил гарсан ба хөлөг дотор байх 28 хүн нэг нэгнийхээ толгой дээр зогсох шахам юм болж чихцэлдэн байлаа. Энэ хооронд утсаар залгахаа зогссонгүй.

Хоёр өдрийн турш битүү авсанд булшлуулан диваажин, тамын алинд очих тухайгаа бодон нүглээ наманчилж байсан хүмүүс  гэнэт “Байна уу? Хэн бэ?” гэх дууг сонсоод яаж баярлаж уйлж дуулж байсныг төсөөлөх ч арга үгүй биз.

Хэдэн цагийн дараа ихээхэн юм болж байж багийнхныг гаргаж авсан гэдэг бөгөөд шумбагчаас гарч ирсэн усан цэргүүд далайн цэвэр агаарт цохиулан завин дээр шууд унаж байсан гэдэг. Хөлгийн ахмад Күүк далайчин хүний ёсоор, дарга хүний ёсоор хөлгөө хамгийн сүүлд орхиж гарч ирсэн билээ. Энэ хүн дараа нь Пирл-Харборт байхдаа япончуудад бөмбөгдүүлж, 1944 онд “Д өдөр”-ийн десантад оролцож явсан түүхтэй нөхөр шүү.

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 24. 15:16
Баярчимэг

Баярлалаа

2020, 3 сар 23. 6:46
Зочин

Goyo niitlel bna bayarllaaa

2020, 3 сар 22. 19:35
Зочинteeyee

Woow gaihaltai tvvh bayrllaa

2019, 9 сар 29. 17:03
Эрдэнэбат

маш сонирхолтой нийтлэл байна шүү

2020, 1 сар 28. 17:23
Зочин Энхтуяа

Үнэхээр гайхалтай юм ,кино хийгдсэн болов уу ?

2020, 1 сар 30. 14:32
enke

kino baidiishde . bi neriin sain sanaj bna. mongoloor ch garch bsan. tasarhai goy kino

2020, 3 сар 24. 18:21
Erka

Neren yu yum

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]