Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Муамар Каддафигийн алуулсан 2011 он, түүнээс өмнөх нэг, хоёр жилүүдэд Ливийн удирдагчийн хийсэн аймшигт гэмт хэргүүдийн тухай дэлхий даяар цацагдаж байсан бөгөөд урьд өмнө ярьдаг бичдэг байсан хэргүүд дээр нь нэмэгдэж бүр ахуйн шинжтэй олон гэмт хэргүүдийн тухай ярьсан, дурссан, зовсон, ядарсан, доромжлуулсан хүмүүс болох гэрчүүд ч их гарч ирж. Сургуулийн охиныг цэцэг өгөхөд нь тачаал нь хөдөлсөн хурандаа маргааш нь хулгайлж ордондоо авчраад... олон сайхан хүүхнүүдийг ийм замаар цуглуулж зугаагаа гаргадаг... гэх мэт. Дээр нь гэмгүй номхон ардыг цаазалдаг, яргалдаг гээд явбал овоо олон юм олж болно. Мань эр зүгээр байгаагүй байж магадгүй л дээ. Гэхдээ ийм цуу гэмээр, эзэнгүй, хачин гэмт хэргүүдийн тухай яриа нь цэвэр суртал ухуулгын гэмээр санагдана. Мэдээж муухай царайтай энэ эр нь дараа нь түүнийг алуулсан Европ, Америкийн зарим удирдагч нартай адил энхийн цагаан тагтаа байгаагүй л байж таараа. Харин түүний хийсэн гэмт хэрэг хэмээн алдаршсан хоёр ноцтой хэрэг байдаг бөгөөд чухам эдгээр хэргийн тухай яриа Каддафийг террорист, барууны орнуудын дайсан (хэсэг хугацаанд бүр салшгүй анд нөхөр болсон үе бий) болгосон байдаг билээ.
Энэ хоёр хэргийн тухайд.
1986 оны 4-рсарын 5 нд Берлиний La Belle хэмээх дискотек клубт бөмбөг дэлбэлж 3 хүн алсан явдал. Америкийн цэргүүд их ордог газар байсан бөгөөд алагдсан хүмүүсийн 2 нь Америкийн цэрэг, нэг нь турк гаралтай зөөгч. Энэ хэргээр алдаршсан Германы прокурор Детлив Мехлис нь Мусхад Этера гээч гэрчийн мэдүүлгээр Ливийн нэгэн дипломатч, түүний гар хөл болох Мохаммед Амаир гээчийг гэмт хэрэгтнүүд болохыг тогтоожээ. Олон жилийн дараа Германы ZDF телевиз энэ хэргийг хөөж судалсаар гэрч Мусхад Этер нь АНУ-ын ТТГ-тай холбоотой ажилладаг байсан хүн,харин бөмбөг тавьсан Мохаммед Амаири нь Моссад-тай (Израйлын тусгай алба)холбоотой хүн байсан гэсэн мэдээлэл олж байж. Өөрөөр хэлбэл Каддафи буруутай гэсэн, яг таг болсон гэх баталгаанууд нь ихээхэн сулхан зүйлүүд байдаг байна.
Энэ хэргийн хариу арга хэмжээг Америкчууд авсан бөгөөд Каддафийн ордонг бөмбөгдөж охиныг нь болон өөр бусад 50 гаран хүн алагдсан билээ.
Нөгөө нэг том хэрэг бол Шотландын Локкерби хотод унасан (1988 оны 12-р сарын 21 нд болсон явдал, 270 хүн амь үрэгдсэн) онгоцны хэрэг явдал юм. Мөрдөн байцаалтаар Ливийн хоёр нөхрийг буруутай гэж тогтоож (Каддафигийн гар хөл гэж үзэн), НҮБ ч энэ явдлаас болж Ливийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болж. Ийм хоригоос айсан Каддафи тэрхүү хоёр ажилтнаа шилжүүлэн өгсөн бөгөөд (нэг нь бүх насаараа хоригдох ял авсан, нөгөө нь цагаадсан гэдэг. Их сонирхолтой байгаа биз) амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд нийт 2,7 тэрбум долларын төлбөр төлсөн байна. Хэргээ хүлээсэн л байгаа биз дээ гэмээр. Гэтэл үгүй гэнэ. Каддафи болон Ливи улс янз бүрийн хориг арга хэмжээнд орохгүйн тулд, хэргийн үнэн учрыг олоход туслахын тулд ингэж бүх талаар хамтарч байна гэж мэдээлж байсан бөгөөд уг хэрэгт ямар ч оролцоогүй шүү гэдгээ байнга онцолж байв.
Өнөөгийн өндөрлөгөөс харахад аймхай гэмээр Каддафи нь ийм хэрэг хийж чадах нь эргэлзээтэй санагдаж байгаа бөгөөд хамгийн гол нь түүнд ингэх ямар шаардлага байв гэдэг нь сонирхолтой. Нээрээ Каддафид иймэрхүү террорист үйл ажиллагаа ямар ач холбогдолтой хэрэг вэ? Хэргийн үнэн учрыг олоход үүнээс өөр яаж тус дэм болох юм бол?
2005 онд уг хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагч хачин юм ярьсан байдаг ба тухайн бөмбөгийг АНУ-ын ТТГ-ын нэг ажилтан Ливийн иргэдийн чемоданд хийсэн гэнэ. Хэргийн хамгийн гол гэрч болсон Малайзын иргэн ч энэ мэдүүлгийнхээ төлөө 2 сая доллар авсан гэж мэдэгдэж. Шотландууд хэргийг дахин мөрдөн байцаах гэсэн боловч бүх насаараа хоригдох ял авсан Ливийн иргэн эрүүл мэндийн хувьд чадваргүй болсон байсан тул тэгэсгээд чимээгүй болжээ.
Дараа нь олон л юм болж таараа. Яахав энэ бүхнээс харагдах ганц зүйл бол, ойлгогдож байгаа чухал зүйл бол багаар хэлэхэд Каддафи энэ онгоцыг унагасан гэх баталгаа нь бас л тааруухан зүйл байдаг юм байна.
Каддафи улс орныхоо төлөө их зүйл бүтээж, их ч амжилтад хүрч. Хувьсгал хийж (төрийн эргэлт гэнэ үү таны дур) засгийн эрх авч байсан тэр үед улс орон нь асар их нефтитэй боловч энгийн Ливичүүдэд энэ нь ямар ч ач холбогдолгүй, зөвхөн гадаадын том корпорацууд л баяжсан, ард иргэд нь ядуу, боловсролгүй, эрүүл мэндийн болон бусад нийгмийн маш муу хамгаалалт бүхий 2 сая гаруй хүнтэй улс байв.
Каддафи юун түрүүнд улс орон дахь гадаадын нөлөөг дээд зэргээр багасгаж Америкийн болон, Английн цэргийн баазууд, мөн Италийн иргэд-оршин суугчдыг гаргасан байна. Мөн гадаадын нефтийн компаниудыг ихээхэн шахаж, өөрийн тоглоомын дүрмээр ажиллуулах болсон нь барууны улс орнуудын уурыг хүргэжээ. (Энд хэлэхэд Норвеги улс өөрийн баялгаа Каддафигийн арга барилтай төстэй байдлаар ашиглаж байдаг гэх хүн байдаг юм билээ. Гэхдээ Норвегид болох юм Африкт болохгүй зүйл болох нь элбэг )
Каддафийн үед Ливи улс нефтийн орлогоо өөрөө хянадаг болсноор : (ойлгомжтой байхын тулд АНУ доллараар илэрхийлсэн байна)
Шинэ гэр бүлд байртай болоход нь нэг удаагийн тусламж болгон 64 000 доллар
Айл болгоны нэг хүнд жилдээ 1000 долларын тэтгэмж
Ажилгүй хүний тэтгэмж нь сарын 730 доллар
Сувилагчийн цалин 1000 доллар
Өөрийн бизнес эхлэхэд нь нэг удаагийн тусламж болгож 20 000
Аливаа том татвар хураамж гэж үгүй
Шинэ төрсөн хүүхэд болгонд хүүхдийн мөнгө гэж 7000 доллар нэг удаа
Олон хүүхэдтэй гэр бүлийн хүүхдүүдийн хэрэгцээт барааны үнийг маш багаар тогтоож, үүнийгээ хянадаг
Эмийн санд байх олон эм үнэгүй
Байрны төлбөр гэж үгүй
Цахилгааны төлбөр гэж үгүй
Автомашин авах зээл нь хүүгүй
Автомашин авахад нь улс 50 хувийг нь, хэрвээ уг хүн армид алба хаадаг бол бүр 65%-ийг нь төлдөг ... гэх мэт олон янзын хөнгөлөлт дэмжлэг байж. Хуурамч эм үйлдвэрлэхэд цаазлах, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарвал шоронд хорих зэргээр шийтгэдэг гээд хатуу хөтүү зүйл ч бас зөндөө. Ядаж л архи гэж зүйл байхгүй.
Гэхдээ Каддафигийн үеийн хамгийн том ололт бол боловсрол болон эмнэлгийн салбарт олсон амжилт билээ. Ямар ч бага, дунд, их дээд сургууль үнэгүй, сургалт, бүр гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалт ч байсан бүгдийг улс төлдөг, бичиг үсэг мэдэх хүний тоо бараг 90% хүрсэн (Каддафи анх засгийн эрх авахад энэ тоо 27хувьтай байж) ...!
Каддафигийн эрх барих үед нийт хүн амын тоо гурав дахин нэмэгдсэн, хүүхдийн үхэл 9 дахин буурсан, дундаж наслалт 51,5-аас 74,5 болсон...!
Каддафи засаг барьсан сүүлийн хэдэн жилдээ баруун талын улс орнуудтай гэнэт маш ойртож эхэлсэн бөгөөд тэд нь ч түүнийг жигтэйхэн хөл алдан тосч аван, хурандаа ч гэж баавартай амьтан тансаг майхнаа төв талбайд нь шахам барьж элдэв бэлэг сэлт түгээгээд жигтэйхэн байсан үе саяхандаг. Тэр дундаас Францчууд ихээхэн ялгарч байсан бөгөөд том том худалдаа наймааны хэлэлцээр хийж, ер нь л бас нэг Саудын Араб, Катар... мэтийн улс болох нь уу гэмээр. Тэгснээ л Каддафи Оросуудтай сүжирч баахан зэвсгийн наймаа хиймээр байгаагаа ярьж эхэлнэ. Саяхан л Францтай баахан Рафаэль, танк зэрэг зэвсэг авах тухай ярьж байсныхаа дараа шүү.
Мань хүн дэлхийн том улсуудтай ойртож өөрийн ирээдүйд хэрэгжүүлэх гэж зорьж яваа зүйлдээ- болбол дэмжлэг, болохгүй бол саад тотгор учруулахгүй байлгах гэсэн санаатай л энд тэнд сарвалзаад байсан юм шиг. Тэрэндээ ч хүрч байна гэж бодож байсан байх даа. Үгүй байсан бөгөөд түүний тэрхүү найзархаж явсан Франц (тухайн үеийн ерөнхийлөгч Саркози мань эрээс 50 сая авчихсан нь одоо нууц зүйл биш болж )Италичууд тэргүүтэй Европын улсууд АНУ-ын дэмжлэгтэйгээр мань эрийг ...
Харин тэд чухам яах гэж түүний эсрэг нэгдэв ээ?
Үүнд хоёр шалтгаан байсан бололтой. Үүний нэгдүгээр нь Каддафи гүний цэвэр усыг ил гарган цөл газрыг усжуулах гэсэн ажил. Асар их мөнгөөр эхлүүлсэн энэ ажил нь үр дүнд хүрч эхэлсэн бөгөөд цаашдаа энэ нь Африкийн төдийгүй бусад газар, бүсийн экологид маш их нөлөөтэй (сайн муу аль аль нь бий), энэ усжуулалтаас шалтгаалж дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэлд ч ихээхэн өөрчлөлт орох шинжтэй байж. Каддафигийн энэ Африкийг тэр чигээр нь усжуулах гэсэн дэндүү агуу том төслийн тухайд, түүнээс гарах ач холбогдол, үр дагаврын тухай хэдхэн үгээр хэлэх боломжгүй тусдаа сэдэв учир зөвхөн дэндүү агуу том төсөл гээд л орхиё.
Хоёр дахь буюу гол шалтгаан нь алтан динар буюу нийт Африкийн мөнгөн тэмдэгт (мань эрийн дотор Африк төдийгүй зүйл л багтаж байсан байх) бий болгох гэсэн оролдлого бөгөөд энэ валют нь алтаар баталгаажсан байх байлаа. Энэ нь доллар гэсэн алтны баталгаагүй, орчин цагийн санхүүгийн гол хэрэгсэлд ямар нөлөө үзүүлэхийг ойлгохын тулд санхүүгийн мэдлэг хэрэггүй билээ. Ерөөсөө дээрх хоёр үйл ажиллагаа нь дэлхийн эдийн засаг, улс төрд ихээхэн хаос авчрах үйл явдал байсан бөгөөд дээр дурдсанаар хэдхэн үгээр тайлбарлах эд биш. Каддафигийн хийх гээд бүтээгүй валюттай холбоотой тэрхүү зүйлийг Орос, Хятад гэсэн улс одоо арай өөр байдлаар хийж байх шиг. Хэдийгээр их гүрнүүд ч гэсэн... юу л болдог бол доо.
Ливи төдийгүй Африкийг хөл дээр нь босгох гэсэн Каддафи хэрхэн ямар нөхцөлд амь үрэгдсэнийг бүгд мэднэ. Хэдийгээр аймхай ч гэсэн том зүйлд зорьж байсан Каддафийг үхэх үед Хилари баярлан дуу алдаж байсан бөгөөд түүнд, түүний ойр дотнынхонд зөвхөн Каддафигийн үхэл л хэрэгтэй байсан тухай хэлдэг ярьдаг хүн зөндөө. Үхсэн Каддафи гэдэг бол олон улсын шүүхэд элдэв “дэмий” юм ярих амьд Каддафигаас ямар ч байсан дээр байсан байж таараа.
Ингэж улс орныхоо төлөө ихийг хийж бүтээсэн боловч хувь хүний хувьд хачин их зөрчилтэй нэгэн хүний түүх дууссан байна.