Польшийн эх баригч Станислава Лещинскийн 1943-1945 онуудад Германы хорих лагерьт ажиллаж байсан үеийн дурсамжаас...
“Миний ажиллах ёстой гурван барак нь (хоригдлуудын байрлах газар) завсар заальхай болсон модон байшин, нүх сүв болгоноор нь харх гүйлдсэн тийм л газар байлаа. Хана дагуулж барьсан 3 давхар орнуудын нэг хэсэгт 3-4 хүн чихцэлдэн унтах ба сүрлээр хийсэн бохир муухай гудас байна. Сүрлээр хийсэн гэж хэлж байгаа боловч үнэндээ тэр сүрэл нь аль хэзээний үйрч бутран тоос болон алга болсон учир хоригдол эмэгтэйчүүд шууд л банзан дээр унтаж байгаагаас ялгаагүй байлаа. Бас тэр банзан ор нь харуулдаж засаагүй, овгор товгор ихтэйг нь яана. Хана дагуулан хийсэн энэ эгнээ орны хооронд ганц зуух байдаг нь миний ажиллах байр байсан юм. Энэ зууханд жилдээ тун цөөхөн удаа гал түлэх учир барак дотор маш хүйтэн, өвөлдөө цан хүүргээр битүү хучигддаг байж билээ.
Миний ажлын багаж буюу эх барих хэрэгсэл гэсэн юм юу ч байхгүй, ядаж л ганц хувин ус авчрах гэж их холоос бараг 20 минут явж байж авчирдаг байснаас гадна надад туслах хүн гэж байсангүй. Ариутгах хэрэгсэл болон боолтны тухай бодох ч хэрэггүй байсан бөгөөд хоёр жилийн хугацаанд би бараг 3000 гаруй хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан билээ. Хүн байхын аргагүй бохир заваан орчин, эм хэрэгсэл байтугай ус ч ховор нөхцөлд энэ бол ёстой гайхамшиг байлаа.
Нэгэн удаа СС-ийн эмч надаас эх барих үйл явц ямар байгаа тухай, хэдэн хүүхэд эндсэн тухай асуухад нь би хүүхэд байтугай ганц эхийн амь нас энэ явцад үрэгдээгүй гэхэд тэр надад итгээгүй юм. Арга ч үгүй биз. Хамгийн сайн хангалттай Германы шилдэг төрөх эмнэлгүүдэд ч ийм явдал болж байгаагүй учраас тэр. Гэхдээ хорих лагерьт зовж тарчилж, турж сульдсан эмэгтэйчүүдийг янз бүрийн бактери тоохооргүй хэмжээнд хүрсэн байсан учраас тэр болов уу гэж би боддог юм.
Хорих лагерийн төрөх дөхсөн эмэгтэйчүүд эртнээс өөрийн хуваарьт жаахан талхыг хэмнэж эхлэх ба төрөхийн өмнөхөн энэ талхаараа сайн муу жаахан даавуу сольж аван хүүхдийнхээ өлгийг бэлддэг байлаа. Харин энэ өлгийг угаах, цэвэрлэх гэдэг ёстой там байсан бөгөөд янз бүрийн аргаар олж авчирсан жаахан усаар угаасан болоод эхчүүд өөрийнхөө ядарч сульдсан биеийнхээ илчээр хатаана.
1943 он хүртэл дөнгөж төрсөн хүүхдийг зүгээр л устай саванд хийчихдэг байлаа. Гардан гүйцэтгэгч нар нь Клара, Пфани зэрэг Германы гэмт хэрэгтэн эмэгтэйчүүд байсан юм.
1943 оны 5-р сараас эхлэн цэнхэр нүдтэй, цайвар үстэй хүүхдүүдийг Герман руу явуулах болсноор байдал нэлээд өөрчлөгдлөө. Гэсэн хэдий ч еврей болон бусад үндэстний хүүхдүүдийг... гаргаж хаясан хэвээр.
Энд болж байсан олон аймшигт явдлаас нэг тохиолдол одоо болтол санаанаас ер гардаггүй. Партизануудад туслаж байсан хэргээр баригдсан нэгэн эмэгтэйг хэдэн хоригдлын хамт дуудан авчрахыг хуягууд тушаалаа. Гэтэл тэр бүсгүй маань дөнгөж төрөөд байсан бөгөөд би өөрөө хуягууд дээр очиж уг эмэгтэй саяхан төрсөн, хөдөлж явж чадахгүй шахам байгаа тухай дуулгахад харуулууд өрөвдөх биш бүр ч уурлан давшилж эхэллээ. “Тэртээ тэргүй энэ бүсгүйг шатаах зууханд шатаах ёстой байсан юм” гээд хүчээр авчирсан бөгөөд тэр хүүхэн саяхан төрсөн хүүхдээ бохир муухай давуугаар ороон тэвэрсэн юм салгалсаар очиж билээ. Хүүхдээ тэвэрсээр уруул нь хөдөлж байх боловч ямар ч дуу гарахгүй... Хүүхдээ бүүвэйлэх гэж бодож байгаа бололтой боловч үнэндээ түүний амнаас дуу гарах ч чадалгүй болсон байлаа. Зовж шаналж байгаа хүүхдээ жаахан ч гэсэн тайвшруулах гэж оролдож байгаа эх хүний аймшигт хувь заяа... Дуу гаргаж чадахгүй ч уруул нь өмөлзөн байх ба харин нүднээс нь том дусал урсан гарч хүүхдийнх нь духан дээр бууна... Тэр эмэгтэй хүүхдээ тэвэрсээр...
Би хорих лагерьт эх барьж байхад ганц ч хүүхэд эндээгүй бөгөөд тэд амьд байх гэж энэ хорвоод төрж байсан юм. 3000 орчим хүүхэд эх барьж авсан боловч амьд үлдсэн нь ердөө 30 гаруйхан. 1500 гаруй хүүхэд Клара, Пфани нарын гарт эндсэн бол бас 1000 гаруй хүүхэд өлсгөлөн, өвчин, хүйтнээс болж хорвоог орхижээ.”
Дэлхийн 2-р дайн үеийн Германы хорих лагеруудад болж байсан аймшигт явдлуудын ганцхан жишээ нь энэ. Станислава Лещинскийд зориулан барьсан энэ хөшөө нь Варшавын ойролцоох нэгэн сүмийн хананд бий.