Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Эвлэршгүй дайсан Бат ба ГүюгУншсан21,641

Чухамхүү энэ хоёрын маргаан ахмад хөвгүүдийн аян дайн (Хан хөвгүүдийн аян дайн, Кибчагчин аян дайн)-аас эхлэлтэй юм.

Зүчийн улс судлаач доктор Т.Сүхбаатар

Чингис хааны үр удам болох Бат, Гүюг нарын хооронд хэзээ ч эвлэршгүй уур хилэн, өс хонзон, эрх мэдлийн ан цав өрнийн их аян дайны үед үүсчээ.

Бат бол Чингис хааны ууган хөвгүүн Зүчийн олон хүү нарын нэг бөгөөд өөрийн авьяас билэг, ухаалаг бодлогоор ялгаран гарсан юм. Түүний өрсөлдөгч Гүюг ч гэсэн Чингис хааны хүү Монголын эзэнт гүрний хаан ширээ залгамжлагч Өгэдэйн хүү юм. Бат хэзээнээс Чингис хаан болоод Өгэдэй хаанд соёрхогдон их хааныг Хятадыг байлдан дагуулах аян дайн хийх үед хажууд нь Гүюгийн хамт явж, цэрэг дайны эрдэм ухаанд суралцсан билээ. Тиймээс Гүюгтэй нэг дор хамт л байсан гэсэн үг.

Чухамхүү энэ хоёрын маргаан ахмад хөвгүүдийн аян дайн (Хан хөвгүүдийн аян дайн, Кибчагчин аян дайн)-аас эхлэлтэй юм. Хамаг хэрэг 1235 онд Хархорум хотод болсон өрнө зүгийн улс орнуудыг байлдан дагуулах их хурилдайгаас эхлэлтэй.

Уг хурилдайг их хаан Өгэдэй удирдан явуулсан бөгөөд их цэргийн командлагчаар өрнө зүгт эзэмшил нутагтай, тэр зүгийн улс орнуудыг сайн мэддэг Зүчийн хүү Батыг сонгожээ. Мөн 1223 онд Сартуулын шахыг элдэн явахдаа тухайн газар орныг сайн судалсан Сүбээдэйг цэргийн зөвлөхөөр давхар томилсон. Сүбээдэй баатар урьд өмнө тэнд өөрийн тагнуулын сүлжээг сайн байгуулсан, мөн хэд хэдэн удаа Булгар болон кипчакуудтай тулалдаж байсан туршлагатэй зэргийг харгалзан үзжээ.

Эндээс л бүх зүйл эхэлжээ. Өгэдэй хаан анхнаас нь Монголын эзэнт гүрний их цэргийг хэн захирах тухай шийдвэр гаргаагүй гэж судлаачид үздэг нь үнэний ортой. Нууц товчоонд “Аянд мордсон бүх хөвгүүд, ноёдыг ахлахыг хан хүү Бүри, гол улсаас гарсан цэргийг Гүюг ахлахтугай хэмээн зарлиг болов” гэж өгүүлсэн, мөн Козин өөрийн бүтээлдээ Цагадай их хаанд “Сүбээдэйд туслуулахаар илгээж буй ахмад хөвгүүдийг хан хүү Бүригээр ахлуулах хэрэгтэй” гэж хэлүүлсэн гэж өөрийн бүтээлдээ өгүүлжээ. Нөгөө талаар Зүчийн улсаас ихэнх цэрэг гарч байгаа тул Бат өөрийгөө ерөнхийлөн захирагч гэж ойлгожээ. Анхны төөрөлдөөн. Хэн хэн нь алдар гавьяаг байгуулах хүсэлтэй байжээ. Эрх мэдэлдээ бялуурсан яахаас ч буцахгүй эрх танхи хан хөвгүүдийг арга туршлага амьдралын ухаанаар баялаг Сүбээдэйгээс өөр хүн нэгтгэн зангидаж чадахгүй байсан биз ээ.

Монголын эзэнт гүрний хил даваад л хан хөвгүүд бие даасан байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Бат Ижил мөрний Булгарт байлдааны ажиллагаа явуулж байхад Гүюг, Мөнх, Бүри нар Кипчак болон умар Кавказынхан, буртас, мокши нартай хэд хэдэн фронт дээр зэрэг тулалдаж байлаа. Хэн нь түрүүлж ялалт байгуулах, хэн түрүүлж олз хүртэх гэсэн өрсөлдөөн нэг ёсондоо явагдаж байжээ. Гагцхүү Булгарыг буулгаж авсны дараа л хан хөвгүүд Батын удирдлага дор нэгджээ.

Магадгүй их хаан Өгэдэйн заавар тушаал ирсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ аян дайны удирдагч болох хүсэлтэй Бүри, Мөнх, Гүюг нарын хэн нь ч буулт хийхийг хүсээгүй тул арай аядуу нөгөө талд ганцаар байсан Батыг сонгож орхисон байх. Цагадай, Өгэдэй нарын талаас ч Зүчид угийн хүндэтгэлгүй, урагт үл тооцон харьцаж байсан гэдгийг санах хэрэгтэй. Хүчний харьцаа гурван хүний эсрэг нэг хүн. Бат бусдыгаа бодвол аль эрт бие даан эзэмшил нутгаа удирдаж байсан туршлага арвин бас арай нэр хүндтэй нь байжээ. Мөн хаан ширээний төлөө өрсөлдөх бүрэн боломжтой харагдаж байсан юм.

Нөхцөл байдал дээрдсэнгүй. Орост ороод ч хан хөвгүүд бие даасан байлдааны ажиллагаа явуулсаар байжээ. Рязань, Владимирийг байлдан дагуулах үед Мөнх биечлэн байлдааны ажиллагаанд оролцож эрсдэлтэй алхам хийсэн. Оросыг байлдан дагуулах үеийн дүр зургийг харвал Монголчууд тал бүр тийш тарж нэгэн зэрэг байлдааны ажиллагаа явуулсан нь харагддаг. Цэргүүдээ ингэж хуваасан нь Батын хийсэн ажил уу гэвэл үгүй л болов уу? Том толгойлсон хан хөвгүүд ёстой дуртай зүйлээ хийсэн нь энэ юм. Бат хэдийгээр нэгтгэх гэж оролдсон ч түүний үгийг чихнийхээ хажуугаар хийсгэж байлаа. Хан хөвгүүд нь байсаар байтал харь элгийн Батаар удирдуулах шийдвэр гаргасан хаан эцэг, ахдаа хөвгүүд гомдож үг хаях болсон нь удалгүй тэсэрсэн юм.

Зүүн хойд Оросыг эзлэн аваад 1238 оны хавар цэрэг морьдыг амраан их найр хийх үед хуримтлагдсан уур хилэн хаврын цөн түрэхтэй зэрэгцэн сад тавьжээ. Уг  найрын үед Батын эсрэг Бүри, Гүюг нар согтуурхан агсам тавьж хэлэх хэлэхгүй үгээр нэг нэгнээ хэмлэж эхэлжээ. Харин Мөнх хэний ч талд орсонгүй.

Хэрүүл өчүүхэн зүйлээс эхэлжээ. Бат хан хөвгүүдийн ахмад нь тул түрүүлэн сархад хүртсэн нь Гүюг, Бүри нарын дургүйг хүргэжээ. Монгол ёсонд ах нь эхэлж хүртдэг ёсон бий. Батыг Гүюгээс дүү байсан гэж үздэг. Бүри Гүюгийг аялдан дагажээ. Элжигдэйн хөвгүүн Аргасун бас хошуу нэмсэн. Гүюгийн зөв байж болох ч Бат ахмад хөвгүүдийн аян дайны удирдагч гэдгээрээ албан тушаал өндөр тул сархад түрүүлж хүртэх нь зөв гэж үзжээ. Энэ тухайгаа Өгэдэй хаанд илгээсэн захидалдаа тодорхой дурдсан байдаг. Тэр захианд Гүюгийн талаархи бүхий л зүйлсийг нэгд нэгэнгүй тоочсон билээ.

Энэ явдлаас болж Өгэдэй хаан Гүюг болон Бүри бусад зарим нэг хүмүүсийн дуудаж Бат цааш дан ганц удирдагч болж аян дайнаа үргэлжлүүлэн алдар цууг ганцаараа хүртэх болсон юм.

Батын удирдсан цэрэг 1241 онд Австрийн Вена хотын дэргэд ирээд байхад их хаан Өгэдэй нас барсан мэдээ ирж Батыг сандаргасан байна. Монголын эзэнт гүрний дараагийн хааны сэнтийд Гүюг сууж байгаагаар шууд харагджээ. Тийм ээ, түүний заналт дайсан Гүюг ямар ч саадгүй эцгийн орыг залган хаан ширээнд сууна. Гүюг хаан ширээнд суугаад өчүүхэн шалтгаанаар Батыг Хархорумд дуудаж ял асуун, өш хонзонгоо авч магадгүй нөхцөл байдал үүсчээ.

Бат Европт яаралтай зөвлөгөөн хийж буцахаар болж, Монголын эзэнт гүрний цэргийг Сүбээдэй баатарт өгч буцаан өөрийн харьяат цэргээ авч нутагтаа буцахаар болжээ. Их цэрэг Кипчакийн тал нутагт саллаа. Сүбээдэй их цэргээ аван Хархорумын зүгт, Бат өөрийн цэргээ авч Кипчакийн талд хэзээ нэгэн цагт болох иргэний дайнд бэлтгэхээр үлджээ.

Гүюгийн хаан болох зам тийм ч дардан байсангүй. Хаан ширээний төлөө өрсөлдөгчид их байлаа. Өгэдэй хаан өөрийн залгамжлагчаар дошгин ширүүн Гүюг бус харин гуравдугаар хөвгүүн Хүчийг сонгосон юм. Гэвч Хүч эцгээсээ өмнө нас барсан тул түүний хүү Ширмэн автоматаар өв залгамжлагч болсон ч Өгэдэйг нас барсны дараа Дөргэнэ хатан үгүйсгэсэн. Дөргэнэ хатан их хааныг үгүй болсны дараа төрийн эрхийг атгаж холион бантан хутгаж, исламын шашинт ноёд хүчээ авч эхэлсэн юм.

Дөргэнэ хатан Ширмэнийг хаан ширээнд өргөмжлөх ажлыг санаатайгаар удааж гацаан Гүюгтэй ч таарамжгүй болжээ. Хаан ширээнд Чингис хааны отгон дүү Тэмүгэ-Отчигин, Өгэдэйн хүү Годон нар санаархаж боломж л олдохыг хүлээж байсан юм.

Бат харин Хархорум дахь маргаанд хөндлөнгөөс оролцохыг хүссэнгүй алсаас чимээгүйхэн өөрийн боломжийг харан ажиглаж суув. Бат ч тэр, Дөргэнэ ч тэр Гүюгийг дэмжээгүй болохоор санал зөрөөгүй байжээ.

Удтал хүлээсний эцэст 1246 онд сая нэг Монголын эзэнт гүрний хааныг сонгох хурилдай эхэлжээ. Энэ хурилдайд Боржигон овгийн бараг бүх гишүүд оролцсон ч Бат л оролцсонгүй. Бие муу, хөл өвчтэй гэдгээр шалтгаалан Бат хурилдайд оролцсонгүй. Өөрийн ах дүү нар болох Орду, Шибан, Бэрх, Бэрхчар, Тангуд, Туг-Төмөр нарыг бэлэг сэлт өгөн явуулжээ. Бат ах дүү нартаа хэн их саналтай байна тэр хүнийг дэмж гэж захижээ.

Хурилдайгаар яг Бат тооцоолж байсан шиг Гүюгийн талд шийдвэр гарчээ. Чингис хааны олон үр удмын өмнө Дөргэнэ хатан эсрэг байр суурьтай байж чадсангүй. Хүссэн хүсээгүй Гүюгийг дэмжихээс өөр аргагүй болжээ. Ийнхүү Монголын эзэнт гүрний хаанаар Гүюг "Миний дараа миний үр удам хаан болох ёстой" гэсэн болзол тулган байж өргөмжлөгджээ. Одоо тэр заналт дайснуудтайгаа тооцоо бодох цаг болжээ гэдгийг шууд л ойлгосон нь лавтай.

Эхлээд ойрын дайсантайгаа тооцоо бодов. Төрийн эрх булаан авах гэсэн хэргээр Тэмүгэ-Отчигинг цаазаар авав. Тэмүгэ-Отчингийн хэргийг шүүх ажилд зориуд Батын ах Ордуг Мөнхтэй хамт томилов. Бодвол ахдаа төрд тэрсэлсэн хүн яадгийг ярьж өг гэсэн байх. Мөн өөрийн эх Дөргэнэ хатанг цааш нь харуулсан гэдэг нь бараг үнэн ч энэ хэрэгт буруутгах нэг ч баримт байхгүй зөвхөн ордны л хов жив гарчээ. Дөргэнэ хатны ивээлд галзуурч байсан Фатима, Абдурархман зэрэг нөхдийг үгүй хийжээ.

Дараагийн ээлжинд заналт дайсан Бат ханы эсрэг тооцоо бодох ээлж иржээ. Юуны урьд Батын гэсэн хүн болгоныг төрийн албанаас зайлуулж гарыг нь хумиж эхлэв. Иран болон Бага Ази, Кавказ дахь Батын томилсон бүх захирагч нарыг өөрийн төлөөний хүнээр сольсон нь Батад сүрхий цохилт болжээ. Хэзээ нэгэн цагт дайн болвол Бат дорно болон өмнө зүгээс бүслэгдэх аюулд орох болжээ.

Эцэст нь Гүюг асар их цэргийг бэлтгэж эхлэв. Монголд ирсэн Плано Карпини тэр их цэргийг хараад Европ руу довтлох нь гэж бодож тэр ч бүү хэл өөрт нь тэгж хүн хэлсэн гэх зэргээр тэмдэглэн үлдээсэн байдаг. Батын эсрэг довтолгоогоо нуух гэж Гүюг зориуд тийм яриа гаргасан ч байж магад.

Ямар ч байсан их цэрэг өрнө зүгт хөдлөхөд нэгэнт бэлэн болжээ. Гүюг юуны өмнө Батыг найрсгаар хэд хэдэн удаа дуудах бүрт Бат бие өвдсөн, зам хол, эндхийн агаар өвчинд минь сайн гэх зэргээр удаа дараа очсонгүй. Зүй нь Бат Боржигин овгийн ахмадын хувьд Монголын их хаанд очиж хүндэтгэл үзүүлэх ёстой байсан юм. Тэгсэн ч Бат хан амь насанд нь эрсдэлтэй тийм зүйл хийхийг хүссэнгүй. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай.

Тэртээ өрнийн аян дайны үед Гүюгийг үл хүндэтгэн хаан эцэгт нь ховлон бараг цаазаар авахуулах шахсан тэр үйл явдлыг Гүюг яахин мартах билээ. Хаан эцэг нь нэгэнтээ эрүүл бөгстэй хүнийг эс үлдээсэн, цэрэг хүний нүүрний арьсыг хуулж явсан, орос, кипчак нэг ч хүнийг олж барьсангүй, өнчин ишигний шийр ч олж авсангүй гэх зэргээр хатуугаар донгодож хэрхэн шийтгэхийг Бат өөрөө мэд гэж зарлигдаж байсан удаатай.

Бат харин бэлтгэлтэй байжээ. Хархорумд Батын олон тооны тагнуул туршуулууд байсны нэг нь Сорхугтани хатан. Сорхугтани хатан Монголын эзэнт гүрний дотоодын тэмцлийг зөв дүгнэж өөрийн хөвгүүдийг боломж л олдвол хаан ширээнд суулгахыг төлөвлөж байжээ. Цагадай, Өгэдэйн удмын эсрэг Зүчи, Тулуй гэсэн эвсэл бараг л бүрдсэн гэхэд болно. Сорхугтани бол дундыг барьсан, бас Гүюг Бат хоёрын тэмцлийг улам л хурцатгасан гэхэд болно. Хоёр том хүчин тэмцэж, туйлдаж нэр хүндээ алдахад нэр цэвэр Тулуйн удам гарцаагүй хаан ширээнд сууна гэж тооцсон ч байж магадгүй. Барсын зодооныг уулын оройгоос ажиглан суух үлгэр шиг л зүйл болж байв.

Ингээд Гүюг "Урь орох болж байна, Эмиль нутгийн агаар надад их зохидог. Тэндхийн ус миний өвчинд сайн" гэж нэгэнтээ Батын хэлж байсан үгийг ёжлон хариу хэлэн их цэргээ засан өрнө зүг хөдөлжээ. Сорхугтани хатнаас мэдээ авсан Бат түрүүлж хөдлөн дайн эхлүүлсэн гэсэн нэр зүүхийг хүссэнгүй их цэргээ бэлдэн хүлээж байлаа.

Гүюг хаан их цэргээ хөдөлгөн Цагадайн улсын нутагт орон Самарканд орчим буудаллан Цагадайн улсын цэргээр хүчээ нэмсэн байна. Энэ л үед Бат өөрийн их цэргээ аван магадгүй Монголын эзэнт гүрний түүхэн дэх хамгийн богино эсвэл хамгийн урт хугацааны иргэний дайнд оролцохоор хөдөлсөн байдаг.

Гэвч дайн болсонгүй. Их хаан Алакамакт буудаллан байх үедээ гэнэт нас барсан байна. Түүний үхэлд мэдээж хэрэг хамгийн түрүүнд Батыг хардах нь зүйн хэрэг билээ. Гүюг хааныг нутгийн түшмэл, захирагч нар хүлээн авч их найр хийх үед хордуулсан гэж үздэг. Зарим нь Хархорумаас Сорхугтани хатны заавраар удаан хугацаанд үйлчилдэг хороор хордуулсан ч гэх нь бий. Аль нь ч байлаа Гүюг хордож үхсэн нь тодорхой билээ.

Гүюгийн үхэлд дан ганц Бат хааныг буруутгах нь учир дутагдалтай юм. Гүюгийн үхэл хэнд ашигтай байв.  Маш олон хүнд ашигтай гэсэн хувилбар дээр бүгд санал нийлэх байх.

Гүюг бол догшин ширүүн хүн байсан. Тиймээс түшмэлүүд нь өчүүхэн үл ялих хэргээс болж цаазлуулан маргаашдаа итгэлгүй болсон байсан юм. Мөн нөгөө талаар олон төрөл садангаа хардаж сэрдэн цаазаар авсан нь бүгдийг маргаашдаа итгэх итгэлгүй болгосон учир Гүюгийг үхээсэй гэж хүсэгчид олон байсан байх. Тиймээс Бат Гүюгийн тааламжгүй харьцааг эзэнт гүрэн даяар мэдэх тул хэн нэгэн хорлоод Батын хийсэн ажил болгож харагдуулах нь ойлгомжтой.

Юу ч байлаа гэсэн Гүюг хаан таалал төгссөн нь Монголын эзэнт гүрнийг иргэний дайнаас сэргийлж чадсан юм. Бат Гүюг хоёрын зөрчилд цэг тавьсан энэ зүйл нь түүхийг өөрчилсөн үйл явдал гэж үзэхээс өөр аргагүй юм.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 11 сар 19. 9:48
G33k

Тэмүгэ отчигин ноёныг өршөөдөггүй билүү?

2021, 4 сар 12. 23:06
Зочин

Сайн байна уу ном зүйгээ бичиж үлдээж байвал сайн байна

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2021, 8 сар 23. 11:08
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]