Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шеклтоны экспедици ба гэрэл зурагчин Хёрлигийн зургуудУншсан1,979

Уг нь Фрэнк Хёрли сайтар судлагдаагүй байсан тивийг шинжлэх ухаанчаар баримтжуулах санаатай байсан боловч эсрэгээрээ амьд үлдэхийн төлөөх баатарлаг түүхийг камерын хальснаа буулган үлдээсэн байдаг.

Уг нь Фрэнк Хёрли сайтар судлагдаагүй байсан тивийн тухай мэдээллийг шинжлэх ухаанчаар баяжуулах санаатай байсан ч эсрэгээрээ амьд үлдэхийн төлөөх баатарлаг түүхийг камерын хальснаа буулган үлдээсэн байдаг. 1914 онд Фрэнк Хёрли Өмнөд туйл руу хийх Британийн судлаач Эрнест Шеклтоны экспедицид багтан Антаркидын өмнө нь хэзээ ч харж байгаагүй газрын зургуудыг авна хэмээн төсөөлж байлаа. Гэвч Шеклтоны Endurance хөлөг мөсөнд гацсанаар экспедицийн багийнхны хувь заяа таагүй тийшээ эргэсэн билээ.

Эрнест Шеклтон

Хүн амьдардаг газраас хэдэн зуун километр зайд гацаж, усан онгоцны замаас асар хол хаягдсан тэд жил хагасын хугацаанд аврал байсангүй. Энэ үед Хёрлигийн фото зургууд Endurance хөлөг онгоцыг азгүй хувь тавилантай учирсны дараа багийн 28 гишүүн бие махбодь болон сэтгэл санааны хувьд ямар их зовлон зүдгүүрийг даван туулж амьд үлдсэнийг гэрчлэх түүхийг баримжуулан авч чадсан аж.

Хёрли эзгүй зэлүүд байгалийн зургийг аваад зогссонгүй мөсөнд гацсан багийн гишүүдийг тэгээс доош хэмийн хүйтэн, өлсгөлөн, цөхрөл гутралтайгаа тэмцэж буй тэсвэр хатуужил, эрс шийдэмгий байдлыг ч мөн хальсандаа буулгасаар байв. Хүнд камераа чирсээр уул, хөлөг онгоцны дээд хэсэгт гарч байгалийн зургийг бүхэлд нь авдаг, тэр байтугай хөлөг онгоцон дотроо зураг угаах харанхуй өрөө гаргаж, тэсгим хүйтэн цаг агаарт хальсаа угааж гаргадаг байсан зэрэг нь түүнийг амьдралын төлөөх тэмцлээс түр ч атугай сатааруулан холдуулж байв. Үнэндээ тэр шимтэн дурласан гэрэл зургуудынхаа ачаар л ховсдуулсан мэт цаг хугацааг өнгөрөөж байж.

10 сарын дараа Endurance хөлөг живлээ. Хёрлигийн авсан зургууд хамт живсэн зурагчин эр бууж өгөхийг хүссэнгүй. Багийнхан нь хориглосоор атал тэрээр хөлдүү усанд шумбаж, живсэн онгоцноос өөрийнхөө хальснуудыг олж авч чаджээ. Гэтэл түүнд дахин нэг саад тулгарлаа. Ахлагч Шеклтон Хёрлигийн хальснуудыг хэтэрхий хүнд байна гэж үзэн хамгийн чухал кадруудаа авч үлдэхийг тушаажээ.

Ингээд 600 гаруй фото зургаас шилж шилж хамгийн сайн гэсэн 100-г нь л авч үлдэв. Хөлөг онгоцоо живсний дараа багийнхан аврах завинуудаа хэдэн километр зайд чирч, дөрвөн сарын турш мөсөн дээр зүтгэсээр байв. Ингэж явсаар Зааны аралд хүрснээр эндээ тусламж иртэл дахин дөрвөн сарыг өнгөрүүлэв. Хёрли зүдгүүрт аяллын явцад Kodak vest pocket халаасны зургийн аппаратаа нандигнан хадгалж чадсан байна. Экспедицийн ахлагч хатан зоригт Шеклтон эцэст нь 1200 км-ийн зайг тулж нөхөддөө туслаамж дуудаж чадсанаар Дэлхийн 1-р дайны ид үед сүйрсэнд тооцогдож байсан хөлгийн багийнхан аврагдсан юм.

1915 онд Эрнест Шеклтоны ахалсан  Эзэн хааны Атлантын далайг гатлах экспедицийн Endurance хөлөг онгоц аялж яваа нь
1915 оны эхээр Endurance хөлгийн гишүүд хөлгийг нь гацааж орхисон том хэмжээний мөсийг хагалахаар ажиллаж байна
Endurance хөлгийн уяа татлагуудад мөсөн бүрхүүл үүсчээ. 1915 он
Endurance хөлөг хөдлөхгүй болсон ч багийн гишүүд мөсөн дээр хөл бөмбөг тоглох зэргээр цаг нөхцөөдөг байжээ. Ард нь хөлөг онгоц харагдаж байна.

1915 оны 1-р сарын 12. Хөлгийн дарга Хюберт Тэйлор Хадсон

Endurance хөлөг живэхийн өмнө
Endurance хөлөг онгоцны зургийг 1915 оны 10-р сарын 19-ний өдөр буюу онгоцыг том хэмжээтэй мөс цөмлөж, живүүлэхийн өмнөхөн авчээ.
Хөлөг живлээ
Экспедицийн зурагчин Френк Хёрли (зүүн  талаас), экспедицийн ахлагч Эрнест Шеклтон нар
Мөсөн талбайд нохдод хүйтнээс хоргодох үүр барьж өгчээ. 1915 оны 2-р сарын 23. 
Эрнест Хенри Шеклтоны гацсан экспедиц.
1916 оны 4-р сарын 24-нд Шеклтон багийнхаа 5 гишүүний хамтаар Өмнөд Жоржиагийн арлаас тусламж хүсэхээр James Caird аврах завиар замдаа гарав. 
Эрнест Шеклтон дөрөв дэх оролдлогоороо Зааны аралд хүрч чадсан ба багийнхаа 22 гишүүнийг тэнд үлдээж, тусламж дуудахаар жижиг завиндаа суун 1200 километрийн зайд байгаа Өмнөд Жоржиагийн арлыг чиглэн явсан ба тусламж ч авчирч чадсан юм.
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]