Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын тэнгэр дэх нисэх багийнхны уучилшгүй алдаа буюу "тэнэглэл"Уншсан182,103

Нисэх онгоц осолдох явдал техникийн шалтгаанаас их болдог боловч хамгийн гол шалтгаан нь хүний хүчин зүйлээс шалтгаалдаг гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Нисэх онгоц осолдох явдал техникийн шалтгаанаас их болдог боловч хамгийн гол шалтгаан нь хүний хүчин зүйлээс шалтгаалдаг гэдэг. Хайхрамжгүй зан байдал, технологийн дүрмийг бүдүүлгээр зөрчих, бүр нисгэгчийн сэтгэл санааны байдал  гэх зэрэг олон зүйлийг энэхүү хүний хүчин зүйл гэж хэлж байгаа хэрэг. Өмнө нь “Японы тэнгэрт болсон хамгийн том осол” нийтлэлдээ япончууд гэмтсэн онгоц засахдаа технологийн дүрэм зөрчиж, хайхрамжгүй хандсанаас, аврах багийнхны уучилшгүй алдаанаас болж 520 хүн амь эрсдсэн тухай бичиж байсан бол энэ удаа Оросын тэнгэрт болсон хоёр ослын тухай өгүүлэх болно. Энэ хоёр ослын шалтгааныг яг юу гэж нэрлэхээ үнэндээ мэдэхгүй байна. Хэн нэг тэнэг, онгироо, савсаг зантай хүний өвчигнөлөөс болж өчнөөн гэмгүй хүн амиа алдах гэдгийг яаж ч нэрлэх гээд тэнэглэл гэхээс өөр үг орж ирэхгүй юм даа.

 
Ту-134 онгоны сүйрэл

 

1986 оны 10-р сарын 20-ны өдөр Свердловск-Грозный хотын чиглэлд нисэж явсан ТУ-134 онгоц Куйбышев хэмээх хотод нислэг дундын буулт хийж байх үедээ осолд орлоо. Онгоцонд багийн гишүүдээс гадна 94 зорчигч явсны 70 нь амь үрэгдсэн байна. Ослын шалтгаан нь онгоц буух үедээ хэт хурдтай, бас огцом өндрөө алдаж бууж ирсэн явдал бөгөөд нисэх буудлын буух зурвасыг 4,6 G-ээр мөргөсөн нь дугуйн эд ангийг эвдэж улмаар онгоц 300 метр гаруй гулсан явахдаа баруун далавчаа гээн, дараа нь онгоцны их бие задран, шатахуун агуулах сав гэмтэж асгарснаас гал гарч шатсан байна. Энэ олон хүний үхэл дагуулсан хөлгийн дарга харин шалбархайнаас өөр ямар ч гэмтэлгүй байсан нь тохуурхал гэлтэй.

Ослын шалтгаан нь: Хөлгийн дарга харагдах орчин үгүй үед зөвхөн хөлгийн бүхээгийн хэрэгслийн заалтыг ашиглан онгоц буулгаж чадна гэж нөгөө хэддээ сайрхаж янз нь. Багийн гишүүд, үйлчлэгч нар ёстой худлаа, энээ тэрээ болсоор нэгэнт ам гарсан дарга мөрий тавих тухай санал гаргалаа.

Онгоц буух болох үед онгоцны даргын цонхны хөшгийг хааж, хоёрдугаар нисгэгч л зөвхөн орчин тойрныг харах боломжтой болгосон байна. Ингээд бууж эхлэхдээ дарга заалтуудыг харан өндрөө багасгаж эхэлсэн боловч болохгүй нь, бүтэхгүй нь гэдэг нь тун удалгүй мэдэгдлээ. Хоёрдугаар нисгэгч байдал ямар байгааг, ямар аюултай нөхцөл үүсэж байгааг мэдэж байсан боловч буултыг зогсоох, дахин нэг тойрог хийх оролдлого хийх гэлгүй харж суусаар байгаад хоцорсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Бодвол мөрийгөө авч, бууж өглөө гэдэг үгс сонсох гэж хүлээж суусаар мөрийгөө авсан юм байгаа биз. Ганц гэм нь тэр мөрий нь 70 хүний амь насны үнэтэй зүйл байжээ.

Хоёрдугаар нисгэгч Алексей Жирнов ослын үеэр хамгийн түрүүнд суудлаа орхин олон хүнийг шатаж байгаа онгоцноос татаж гаргаж байгаад хордож унасан бол (гурван хоногийн дараа үхсэн) гол буруутан хөлгийн дарга амьд мэндээр барахгүй 15 жилийн ял авсан ч улс орон өөрчлөгдөж, шинэ нийгэмд орж байгаа зэрэг шалтгаанаар 6 жил суугаад гарч ирсэн гэдэг.

 
Аэробус А-310 онгоцны сүйрэл

 

1990-ээд оноос хуучин ЗХУ-ын зах зээлийг эзлэн авахаар Boeing болон Airbus компаниуд өөрсдийн онгоцыг ОХУ-д янз бүрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ихээр нийлүүлж эхэлсэн байна. Улсын мэдлийн байгаад задарч жижгэрсэн компаниуд шинэ онгоцыг бөөн бөөнөөр нь зээлж аван хуучин нисгэгчдээ эдгээр онгоцны түргэвчилсэн сургалтад сургаж байсан бөгөөд хуучин хашир туршлагатай, сайн суурьтай нисгэгчид нь илүү их автоматчилагдсан онгоцонд ер түүртэхгүй гэж үзэцгээж байв. Гэтэл...

1994 оны 3-р сарын 23-нд Москва-Хонконг чиглэлийн А-310 онгоц Междуреченск  хэмээх газрын дээгүүр нисэж явлаа. Онгоцны багийн дарга өөрийн туслах нисгэгчдээ удирдлагыг шилжүүлээд өөрөө амрахаар явсны дараа уг нисгэгч энэ онгоцонд сууж явсан хоёр хүүхдээ бүхээгт оруулж ирэв. Хүүхдүүд анх удаа аавынхаа ажлын байранд, яг “ажлын цагаар” нь орж ирж байгаа учир гайхаж шагширч байсан байж таараа. Сайн аавын хувьд нисгэгч Ярослав Кудринский автомат жолоодлоготой байгаа онгоцны даргын суудалд хүүхдүүдээ сууж үзэж болно, удирдлагын хүрд гэж юу байдаг, автомат удирдлага гэж ямар мундаг зүйл байдгийг тайлбарлаж таниулж, хамгийн гол нь гараар нь барьж үзүүлж байсан байна.

Эхлээд суусан 13 настай охин нь нэг их сонирхоогүй ч юм уу, эсвэл эмэгтэй хүн болохоор бага зэрэг айсан ч юм уу удалгүй бууя гэхэд нь аав нь удирдлагын хүрднээс барьж үз гээд онгоцыг бага зэрэг хазайлгахад онгоц өөрөө тэгширч байгааг, тэр нь удирдлагын хүрдэнд нөлөөлж байгааг сонирхууллаа. Охин ч гоё сайхныг нь гайхан бушуухан сандлаас буулаа. Дараа нь 15 настай хүүгийн ээлж.

15 настай хүү хамгийн орчин үеийн техник дотор сууж, бүр удирдлагын хүрдэнд хүрнэ гэдэг түүний хувьд ямар гээч зүйл байсан нь ойлгомжтой. Мэдмээр, сонсмоор, хармаар, оролдож үзмээр зүйл дэндүү их байсан байж таараа...

Уг онгоцны жолооны хүрдийг 30 секундын турш 8-10 кг-ийн хүчээр  аль нэг тийш дарсан байдлаар байлгавал автомат систем нь салж гар удирдлагад шилждэг байж. (зарим нэг нь үүнийг үгүйсгэж байгаа ба чухам энэ ослоор л  мэдэгдсэн зохион бүтээлтийн алдаа гэх нь ч бий) Хуучин ЗХУ-ын онгоцонд ийм үйлдлийг товчлуур дарж шийддэг байсан бөгөөд шинэ онгоцонд автомат удирдлага нь өөрөө салдаг гэдгийг нисгэгчид нь мэддэггүй байжээ.

Хүү удирдлагын хүрдийг эргүүлж янз бүр болон байх үед гэнэт автомат удирдлага салан онгоц унаж эхэлжээ. Нисгэгч юу болж байгааг ойлгон удирдлагыг авах гэх боловч асар их хэт даралт түүнийг хананд шахсан учир хөдөлж ч чадсангүй. Араас орж ирэх гэсэн ахлах нисгэгч энэ үед хаалганы тун ойрхон шалан дээр бас босож чадахгүй хэвтэж байж. Хоёрдугаар нисгэгч Игорь Пискарев өрөмд орон унаж байгаа онгоцыг удирдах гэж хичээх боловч айж сандарсан 15 настай хүүгийн үйлдлүүд түүнд ихээхэн саад болж байлаа. Ядаж байхад тэрээр автомат нислэгийн үед сул чөлөөтэй байх гээд сандлаа арагшаа гүйлгэж, налуулсан байсан учир удирдлагын хүрдэнд дөнгөж хүрэх төдий, янз бүрийн товчлуурыг ихээхэн хүч гаргаж байж л дарахаар байв. Тэрээр яаж ийж байгаад жолооны хүрднээс зуурч татаж аван суудлаа хэвийн байдалд оруулангуутаа онгоцоо өрмөөс гаргахаар дээш татлаа. Хэтэрхий огцом дээшилсэн ба дахиад л 4 g хэт даралт бий болж, удалгүй онгоц дээшлэх хүчгүй болон хурд байхгүй болох үед ахлах нисгэгч Ярослав Кудринский онгоцны даргын суудалд сууж амжсан байна.  Онгоц дахин өрөмд орон унаж эхлэх үед туршлагатай Кудринский удирдлагын хүрдээр онгоцоо тэгшилж бараг чадсан боловч өндөр нь хангалтгүй байжээ.

Энэ нислэгээр 63 зорчигч, 12 багийн гишүүд явсан нь бүгд амь үрэгдсэн билээ.

P.S.

Яг үүнтэй адил түүх бас л 1994 онд АНУ-д бас болсон бөгөөд 2-р нисгэгчийн суудалд 8 настай охин сууж явжээ.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 1 сар 23. 18:21
Зочин

Нисгэх үйлдэл, Агаарын хөлгийг жолоодох, хөөргөх, нислэгт бэлтгэх бүхий л явц нь цусаар бичигдсэн дүрэмтэй гэж энэ салбарын ахмадууд сургадаг , , ,

2020, 4 сар 23. 22:00
Зочин

mmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmm

2020, 4 сар 23. 22:00
Зочин

bjklp;;;;;

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]