Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шинэ олдворууд Африкт хүн үүссэн түүхийг үндсээр нь өөрчилж мэдэхээр байнаУншсан58,572

Нялцгай биетэн зэрэг далайн амьтад, цаг агаарын таатай байдал нь Хомо сапиенсчуудыг Африк тивд амьд үлдэхэд нь тусалсан бололтой.

Бид хүн төрөлхтөний гарал үүслийн түүхийг хангалттай хэмжээнд судалж илрүүлсэн гэж бодож явдаг байсан билээ. Африкийн эрэг орчимд олдсон, өнөө цагаас 70-125 мянган жилийн өмнөх үед хамаарах зосон будгаар дүрслэн үлдээсэн зургууд, гоёл чимэглэлийн зүйлс зэрэг нь орчин үеийн хүмүүс эд зүйлсийн дүрсийг хараад зураг, загвар зэргийг хийж чаддаг байсан, олон үйлдлийг дэс дараалуулан зөв цэгцтэй гүйцэтгэх чадвартай байсныг илтгэн харуулдаг. Хомосапиенсчуудын ер бусын нээлт, чадварууд тэднийг эрэг дээр бүлгээрээ амьдарч байгаад дараа нь нутгийн гүн рүү тархан суурьшихад тусалсан гэж археологичид үздэг. Нялцгай биетэн зэрэг далайн амьтад, цаг агаарын таатай байдал нь хомосапиенсчуудыг Африк тивд амьд үлдэхэд нь тусалсан бололтой.

Тархины хөгжилд онцгой сайн нөлөөтэй омега-3 агуулсан далайн хүнс тэдний тархи, зан авирыг бүрэлдэхэд нөлөө үзүүлсэн байх боломжтой. Тэгвэл саяхны шинэ судалгаагаар Калахарийн цөлөөс өмнө зүгт 600 км-ийн зайгаас олдсон шинэ олдвороор нутгийн гүнд амьдарч байсан эртний үеийн хүмүүс эрэг дээр байсан хүмүүсээс хөгжлөөрөө хоцрогдоогүй байсан гэдгийг олж мэджээ.

Өмнөд Африкийн Га-Мохана толгодоос олдсон 22 ширхэг кальцитийн хэлтэрхий, тэмээн хяруулын өндөгний хальсны хэлтэрхийг 105 мянган жилийн настай гэж үзэж байгаа бөгөөд тэднийг зориудаар түүж, амьдардаг газартаа авчирсан гэж дүгнээд байгаа ажээ. Кальцитийн хэлтэрхийнүүдийг юунд хэрэглэж байсныг тогтоогоогүй ч судлаачид тэмээн хяруулын өндөгний хэлтэрхийг усны сав болгон ашиглаж байсан бололтой хэмээн таамаглаж байгаа юм. “Энэ удаагийн бидний илрүүлсэн зүйлс хэлбэрээ ер алдаагүй, цагаан өнгөтэй, гоёмсог хэвээрээ байна. Дэлхийн энд тэндээс олдсон ийм хэлтэрхийнүүд нь янз бүрийн улсын өөр өөр цаг үед шашны ёслолд хэрэглэгдэж байсан учраас тун чухалд тооцогддог” гэж Австралийн Гриффитийн их сургуулийн Хүний эволюцийн судалгааны төвийн палеоархеологич Жэйн Вилкинс Nature сэтгүүлд нийлэгдсэн судалгааны өгүүлэлдээ дурджээ.

Судлаач Вилкинс хомосапиенсчуудын үүслийг эргийн орчинтой холбож үзсээр ирсэн тэрхүү үзлийг өөр өнцгөөс дахин харах шаардлагатай гэдгийг онцолж хэлж байсан ба хүний үүслийн түүх нь Африкийн өөр өөр газар орон, байгал орчныг оролцуулсан илүү нарийн төвөгтэй үйл явц байсны зэрэгцээ өөр өөр бүлгийн хүмүүс хоорондоо харилцаатай байсан нь орчин үеийн хүмүүсийг үүсч бий болоход хувь нэмрээ оруулсан гэдэг санааг ч мөн дэвшүүлж байсан юм.

“Уг судалгаанаас өмнө Калахарийн цөлийг хомосапиенсчуудын зан авирыг судалж ойлгоход чухал газар гэж үзэж байгаагүй юм. Харин бидний судалгаа уг цөлийг ямар чухал газар вэ гэдгийг харуулаад байна. Эндээс бид зөвхөн нэг газар, жишээлбэл зөвхөн Өмнөд Африкийн эргээс олдсон зүйлсийг үндэслэн дүгнэлт хийх нь хэтэрхий өрөөсгөл гэдгийг харж болж байна” гэж CNN сувагт өгсөн ярилцлагадаа тэрбээр ярьжээ. Тус судалгааны ажилд гар бие оролцсон Канадын Албертын их сургуулийн антропологийн тэнхмийн профессор Памела Вилобай ч түүний дүгнэлттэй санал нэг байгаа юм.

 Гандуу хуурай цаг ууртай Калахарийн цөл 100 мянган жилийн өмнө огт өөр байжээ. Судлаачид тухайн үед Калахарийн цөлд хур тунадасны хэмжээ нэмэгдсэнээс болж хүн амын нягтаршил ихэссэн, энэ нь тэднийг шинийг санаачилдаг болгосон гэж ярьж байгаа юм.

Профессор Вилобай “Африкийн цөөн хэдэн хэсгийг л нарийвчлан судалж байгаа нь хүний гарал үүслийн түүхийн зангилааг тайлахад төвөг учруулж байна. Ийм учраас арай бага судлагдсан бүс нутаг, газруудад судалгаа явуулж, малтлага хийж эхэлснээр бидний өвөг дээдсийг биологи, соёлын хувьд чухам юу орчин үеийн хүн болгож чадсаныг тодорхойлох боломжтой болно” гэсэн юм. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]