Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хулчгар" КутузовУншсан18,159

Аустрелицийн тулалдааны өмнө Кутузов нь Наполеоны армийн тухай маш олон янзын мэдээ цуглуулж, тэдний цэрэг зэвсгийн байдлыг маш анхааралтай ажиглаж байжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1805 онд Наполеоны толгойлсон Францын армийн эсрэг тулалдах Орос-Австрийн холбоотны армийн  жанжнаар Михаил Кутузовыг томилсон явдлыг тэр үед олон хүн гайхаж байжээ. Аймхай хулчгар, ордны элдэв явуулгад сайн, хаад ноёдод нэр олохын тулд гарын туслахуудад нь цай зөөж гүйхээс огт зовдоггүй гэж яригддаг энэ эрийг Европын, магадгүй дэлхийн хамгийн авьяаслаг жанжны эсрэг тулалдааныг удирдуулахаар болсон нь нээрээ гайхалтай гэмээр явдал байсан бололтой.

Залуу зандан цагтаа амны зоргоор том жанждыг муулж байгаад дайны тэргүүн эгнээнд хөөгдөж, Туркийн суманд нэг  н ү д г ү й  болох шахсанаас хойш (тэрхүү нүд нь юм харах боловч их амархан ядардаг байсан учраас өнөөх алдарт зүүлтийг хэрэглэдэг байжээ) Кутузов нь нэг тийм халирамхай ч юм шиг хүн болсон гэдэг.

...1805 оны 11-р сар болж Холбоотнууд шийдвэрлэх тулалдааныг Аустерлицид хийхээр шийдлээ. Энэ тулалдааны ерөнхий төлөвлөгөөг Австрийн жанжид гаргасан ба Оросын хаан Александр ч дэмжсэн байна. Харин холбоотны ерөнхий жанжин болох Кутузов төлөвлөгөөг зөв буруу гэж юм хэлсэн ч үгүй, өөрийн гэсэн санаа оноо ч нэмэлгүй чимээгүйхэн л хааны үгийг дагаад байж. Тухайн үед холбоотнууд Францын армиас тоогоор ялихгүй давуу боловч их бууны хувьд хоёр дахин их байсан учир ялна гэдэгтээ итгэж байлаа. Ингээд Наполеонтой хэлэлцээ хийх хүнийг томилон явуулж, өнөөх нь францчуудын хүлээж авах аргагүй санал тавьж, хоёр тал “з о д о л д о х о о р” боллоо.

Холбоотны арми тулалдааны өмнөх хамгийн чухал уулзалтаа хийх үед хөөрсөн жанжид янз бүрийн арга чарга бодон ярилцаж байхад ерөнхий жанжин Кутузов юу ч болоогүй юм шиг унтаж л байсан гэдэг. Александр хаан ч зэвүүцэв бололтой. Өрөөсөн н ү д г ү й шахам нөхрийг сэрээн тулалдааны талаар санал бодлыг нь асуухад бүгдийг дэмжиж байна гэхээс өөр юу ч хэлсэнгүй.

Зөвлөгөөн тарсны дараа Кутузов хааны гарын туслах дээр очиж “ер нь байлдалгүй ухарвал яасан юм бэ” гэж хэлж үзэж. Сурснаараа хаанд хэлж чадахгүй болохоороо туслахаар нь дамжуулж хэлсэн нь тэр. Өнөөх нь ч “бусдаараа бууз хуушуур шиг л байя” гэсэн бололтой.

Аустерлицийн тулалдаан

Ингээд тулалдаан эхлэх болон цэргүүдээ жагсаасны дараа Александр хаан Кутузовт хандан “Ерөнхий жанжин та юу бодож байна? Бид ялж дийлнэ биз дээ” гэхэд Кутузов “Таны удирдлага дор байгаа юм чинь ялан дийлэх нь эргэлзээгүй” хэмээн доль үг хэлээд авч. Хаан нэлээд дургүйгээр “Үгүй ээ би бол ердөө үзэгч, харин тулалдааныг удирдах командлагч нь та” гэж ширүүхэн хэлэхэд Кутузов юу ч хэлэлгүй дор гээч мэхийн ёсолжээ.

Дэлхийн түүхэнд томоор бичигдэх Аустерлицийн тулалдаан болж Наполеоны арми Орос-Австрийн армийг ёстой хиар цохиж хаясан ба холбоотны 85 мянган цэргээс 16 мянга нь а л у у л ж, ш а р х д а ж, 20 мянга нь олзлогдон, их бууныхаа ихэнхийг алджээ. Францын хохирол есөн мянга.

Энэ бол Оросын армийн түүхэнд 1700 оны Нарвагийн тулалдаанаас хойш амссан хамгийн том ялагдал байсан ба бутцохиулан сүйрч байгаа армиа бүрмөсөн тарж бутрахаас өмнө зарим нэг зохион байгуулалттай ухрах арга хэмжээ авч чадсан Кутузов, Багратион нарын ачаар л зөвхөн ялагдаад өнгөрсөн байна.

Энэ ялагдлын буруутан нь яах аргагүй Кутузов... Гэтэл юманд учир, суманд занги гэж байдаг болохоор бас бус нарийн ширийн зүйл байсан бололтой.

Түүний бодсоноор бол ид хүчээ аван гайхуулж байгаа агуу Наполеонтой халз тулна гэдэг ялагдал гэсэн үг байв. Бас Францын арми нь Холбоотны маневрлан яваа цэргийн хойноос хөөхдөө арын хангалтаасаа тасарч хоол хүнс, зэвсэг хэрэгслээр үе үе тасалдаж байгааг нэг нүдтэй ч сайн хардаг Кутузов анзаарч харсан байлаа. Тиймээс тэрээр аль болох ухарч байгаад Оросын хилд ойртож, өөрийн хангалтыг яв цав болгоод, Оросоос нэмэлт хүч авчирч байж л тулалдах сонирхолтой байв.

Харин Александр хаан халз тулалдан, Наполеоныг ялж алдар нээрээ дуурсгах сонирхолтой байж. Тийм ч учраас Австрийн генералуудын гаргасан дайрах төлөвлөгөө түүнд их таалагдсан бололтой. Нэгэнт хаан ингэж бодож байхад Кутузов зөрсөнгүй. Харин ч энэ явдалд хамаагүй гэж харагдахын тулд юу ч хэлэхгүй, хэллээ ч хааны зөв гэхээс цааш гаралгүй байсан төдийгүй, зөвлөгөөний үеэр унтаж байгаа хүн болж жүжиглэж байжээ.

Нөгөө талд Наполеон гээч бас нэг жүжигчин. Тэрээр өөрийн өсөн нэмэгдэж байгаа армийн хангалт улам бүр муудаж, дайн удах тусам ялах боломж багасч байгааг анзаарч байсан ба дайсны хэлэлцээ хийхээр ирсэн хүнийг тосож аван жигтэйхэн баярлаж, хүндэлж байгаа царай гаргаж, ерөнхийдөө ядарч туйлдсан, сэтгэлээр унасан хүний дүртэй байсан гэдэг. Даанч нөгөө хэдийн санал дэндүү хэтэрхий байсан учраас өөрийн эрхгүй тулалдахаас өөр аргагүй байдалд орж байгаа хүн болж тоглосон байна. Мань эр халз үзэх гээд л “Маяглаад” байсан нь тэр.

Харин тулалдаан эхлэхэд өнөөх ядарч сульдсан амьтан биш, дахин агуу жанжин Наполеон болчихсон дайны талбар дээр гарч ирж байжээ.

Энэ том ялагдлын дараа Александр хаан Кутузовыг буруутгаагүй (бүх л шийдвэр хааных байсан болохоос Кутузовынх биш гэдгийг бүгд мэдэж байлаа) төдийгүй бүр том одонгоор шагнасан байна. Гэхдээ тэрээр ойрын хүмүүстээ “Кутузовын хулчгар, долигонуур зангаас болж бид ялагдсан юм шүү” гэж захиа бичсэн байдаг юм билээ.

Энэ явдлын дараа Турк-Оросын 3-р дайныг Кутузов мөн удирдаж, цөөхөн цэрэгтэй ч гялалзтал ялалт байгуулсан ба түүний үндсэн арга нь Туркийн цэргүүдийг хууран гол гатлуулж, ар талаас нь салган холдуулж, өөрийн нууж үлдээсэн цэргээр арын хангамжийг нь бут ниргэн байж буулгаж авсан явдал байсан гэдэг.

Харин Оросын хувьд Эх Орны дайн хэмээгдэх (Аугаа их эх орны дайнтай андуурч болохгүй) 1812 оны дайнаар өөрөө цэргээ удирдан, Москваг тавьж өгөх зэргээр Наполеоныг ядарч унатал зугтаж байгаад, Франц эрийг буцах болоход халз тулаан хийлгүй зогсоо зайгүй партизаны дайн гэмээр байдлаар тулалдсаар улс орноо аварсан эр билээ. Чухам энд л Кутузовын ухран байлдах арга ухаан жинхэнэ утгаар харагдсан юм.

“Наполеоны эсрэг халз тулалдана гэнэ ээ? Ү х л э э  эрсэн хүн л тэгдэг байх“

Михаил Кутузов

"Кутузов бол айхтар уран аргатай, дэндүү зальтай, бүр дэндүү их зальтай... хэн ч хэзээ ч Кутузовыг хуурч чадахгүй ээ"

Александр Суворов

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]