Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гурван сумаар хоёр дивизУншсан22,561

1914 оны 7-р сарын сүүл хэсэгт 59 нас хүрч байсан Сэмюэль Ломакс хэмээх Британийн офицер, дивизийн захирагчийг тэтгэвэрт гарч цэргийн албаа орхих цаг болсныг сануулан өнөө маргаашгүй албан тушаалаа хүлээлгэн өг гэсэн тушаал гардуулсан байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 1-р дайны эхэн үед дайтагч хоёр талууд адилхан гэмээр олон бүдүүлэг алдаа гаргаж байсан гэдэг бөгөөд явган цэрэг нягт эгнээгээр давшилтад орж  их буу пулемётын шурган галд бөөн бөөнөөрөө хядуулах, ганцаараа болон хэсэг бүлгээрээ гавьяа байгуулах гэж олон хүний амь нас утга учиргүй эрсдэх нь элбэг байж. Иймэрхүү явдлаас зайлсхийсэн, эсэргүүцсэн хүмүүсийг өөдгүй хулчгар гэж ад шоо үзэх нь хаа сайгүй бөгөөд ер нь л тухайн цаг үе нь тийм байж.

1914 оны 7-р сарын сүүл хэсэгт 59 нас хүрч байсан Сэмюэль Ломакс хэмээх Британийн офицер, дивизийн захирагчийг тэтгэвэрт гарч цэргийн албаа орхих цаг болсныг сануулан өнөө маргаашгүй албан тушаалаа хүлээлгэн өг гэсэн тушаал гардуулсан байна. Мань хүн ч гавьяаныхаа амралтыг авахаар бичиг баримтаа хөөцөлдөн байх үед их дайн эхэлж Британи даяар цэрэг татлага явагдан, мань хүний тэтгэвэрт гарах ч лөөлөө боллоо. Ломакс нь аймхай хулчгар эр болж харагдахгүйн тулд ч юм уу ямар ч байсан өөрийн дивизийн тэргүүн хэвээр үлдэж дайнд явах сонирхолтой байгаагаа мэдэгдсэнээр эх газарт болж байгаа их тулааны талбарт мордсон байна. Богинохон хугацаанд нэлээн амжилттай тулалдсан боловч мань хүний хэт болгоомжтой, хянуур няхуур байх гэдэг занг зарим нэг нь хулчгар байдлын шинж, өвгөрч зөнөж байгаа хүний үйлдэл гэж ил далдуур ярилцах болжээ. Гэхдээ мань эр цол ахин дэслэгч генерал болж тун удахгүй корпус командлан захирагч болж болох тухай яриа газар авч эхэлсэн байна. Ломаксын хувьд корпус командлан захирагч болоход аймхай хулчгар гэсэн атаархсан нөхдийн үг нэг л гай болох шинжтэй санагдаж байж.

1914 оны 10-р сарын 27-нд Ломакс өөрийн штабаа барон де Винкийн цайзад шилжүүлэхээр болсон ба үүнээс хэдхэн өдрийн өмнө энд генерал Хейгийн штаб байрлаж байжээ. Фронтын шугам ойртсон учир генерал Хейг өөрийн штабаа ар тал руу нэлээд татсан бол харин Ломакс үүнийг өөрийнх нь тухай дэмий балай яриаг дарах сайхан боломж гэж харлаа. Сайхан байгальтай, тансаг барилгатай, олон сайхан өрөөнүүд, зассан зам, цахилгаан, усан хангамж гээд бүх л тав тух бүхий дээдсийн байранд тухтай сайхан байлдах гэдэг мэдээж сайн хэрэг. Бас тэгээд аймхай хулчгар гэх мэтийн дэмий үг яриа гаргадаг атаархагч нарын хэл амыг нэг мөсөн дарж өгнө. Ломаксын хувьд өөрийнхөө гаргасан шийдвэрийг зөв гэдэгт бүрэн итгэсэн, хамаг зүйл сайн сайхан болж байлаа. Ганцхан гэм нь фронтын шугам 3-4 хөн км-ийн зайтай байгаа явдал. Гэхдээ германууд цөмрөөд ирсэн ч өөдөөс нь тосож хоншоорыг нь тас цохих нөөц ойрхон байгаа болохоор айх аюулгүй гэсэн үг.

31-ний өдөр Британийн өөр нэгэн генерал болох Монро бас л штабаа авчран энд байрлах болсон ба шалтгаан нь яг л Ломакстай адил байсан бололтой. Ингэж эртний энэ тансаг шилтгээнд хоёр ч дивизийн штаб зэрэгцэн байрлах болж тэрхүү штабуудын үйл ажиллагаанд оролцох олон зуун хүн энэ газраар овооролдон шавааралдан байдаг боллоо. Байнга л ирж очих суудлын болон ачааны машин, холбоочид, холбооны шинэ шугам, шон, хамгаалалтын нэмэлт хүч, хоол хүнс хангамж гээд бужигнах юм мундахгүй. Нэг ёсондоо дайсны хувьд ёстой л амттай хоол байсан боловч генерал Ломакс, Монро нар аймхай хулчгар хүн болж харагдахыг хүссэнгүй.

Маргааш өдөр дундын үед Германы тагнуулын онгоц тэдний дээгүүр нисэж өнгөрөхийг бүгд харсан боловч штабууд эндээс зайлах ямар ч арга хэмжээ авсангүй төдийгүй германчууд ойрын үед энэ хавьд ямар нэг үйл ажиллагаа явуулж болзошгүй нь гэж сэжиглэн цэрэг татан хүчээ бэхжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Хоёр генералын штаб уг шилтгээн дэх хамгийн том, хамгийн саруулхан, цэцэрлэгт хүрээлэн рүү харсан өрөөнүүдэд байрлаж, ажиллаж байх тэр үед буюу 13 цагт Германы 150 мм-ийн их бууны сум цэцэрлэгт хүрээлэнд тэсэрлээ. Штабт байсан бүх хүн юу болсныг харахаар цонх руу гүйлдэн ирэх үед дараагийн сум яг цонхны өмнө, гурав дахь сум дээвэр дээр туссан байна. Гуравхан сум. Штабуудын хохирол асар их, Ломаксын штабын олон том офицерууд эрсдэж, генерал, түүний туслах, артиллерийн офицер гурав маш хүнд шарх авсан бол Монрогийн штаб бараг тэр чигээрээ үрэгдэж, хачирхалтай нь утсаар ярьж байсан генерал өөрөө шалбархайгүй үлдсэн байна. Ийм байдлаар Германы их бууны гуравхан сум Британийн хоёр дивизийн штабыг тэр чигээр нь үгүй болгожээ.

Аятай, тухтай байлдах гэж оролдох, алдар нэр горилох хэт утгагүй хүсэл мөрөөдөл нь ямар аймшигт хүргэж болдгийг харуулсан энэ явдал бол ердөө л ганцхан жишээ билээ.

Генерал Сэмюэль Холт Ломакс 1915 оны 4-р сар хүртэл ухаангүй байсаар нас барсан гэдэг. 

P.S.

Дайн байлдааны үед хий хоосон баатарлах иймэрхүү явдал олон гарч, үүнээс зайлсхийхийн тулд ямар байх ёстой гэдгийг заасан дүрэм гээчийг олон хүний цусаар бичсэн байдаг боловч одоо ч ийм байдал байсаар.

Саяхан гэхэд л  Нагорный Карабахын төлөөх мөргөлдөөний үеэр Армены хээрийн штабуудын гоё ганган майхан савыг Азербайжаны нисгэгчгүй онгоцнууд хэрхэн зад татаж байгаа бичлэгүүд цацагдсан билээ. Дайн байлдааны үе, өрсөлдөгч тал нь Израиль болон Туркийн хамгийн орчин үеийн нисгэгчгүй цохилтын онгоц, камиказе-бөмбөг (байгаа олоод өөрөө нисэж очин мөргөн тэсрэх зориулалттай нисгэгчгүй онгоц) амжилттай хэрэглэж байгаа тийм үед хээрийн штабынхаа майхныг бусдаас ялгаруулж харагдах гэсэн юм шиг том том далбаагаар гоёж, гангалж, гаднаа олон машин цуглуулж томорч байгаад тэр чигээрээ зад татуулах хачин явдлууд тэнд болсоор л байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]