Бэлтгэсэн Б.Нямдолгор
Египетийн цэргүүд Шинэ Хаант улсын үе буюу МЭӨ 1550-1070 оны хооронд эртний дэлхийн хамгийн агуу тулаанч улсын нэг байсан билээ. Энэ үеийн эхээр египетчүүд чулуун очирт таяг, модон үзүүрт жад, сүх, нум сумдаа найдан хөрш зэргэлдээх Нубия, Ливийн омгуудтай дайтаж явсан хэдий ч МЭӨ 1650 оны орчимд хурд сайтай морин тэрэг, хүчирхэг нум сум зэрэг илт давуу зэр зэвсэгтэй Хиксос династийн армид эзлэгдсэн юм. Харийнхны дарлал дахь Гадаадын доромжлолын зуун буюу Хоёр дахь завсрын үед египетчүүд дайсныхаа зэвсэглэлийг илүүтэй судлах болж илүү хөнөөлтэй шинэ зэвсгүүдийг сайжруулан хэрэглэх болжээ.
Улмаар Яхмос I хаан улсаа чөлөөлж, Египетийг дахин нэгтгэн Шинэ Хаант улс буюу сайжруулсан зэр зэвсэг ашигладаг, эзэнт гүрнээ өргөжүүлэн тэлж чадсан эрэлхэг цэргүүдтэй байсан тэр алтан үеийн анхны фараон болсон юм. Ингээд Египетийн армийг хүч чадлынх нь оргилд хүрэхэд тусалсан үндсэн 9 зэвсгийн талаар мэдэж авцгаая.
Хүрэл зэвтэй жад, бамбай
Эртний ихэнх армиудаас ялгаагүй нь Египетийн армийн гол цөм нь жадчид байлаа. Зүүн гартаа модон бамбай, харин баруун гартаа хүрэл зэв бүхий жадаар зэвсэглэсэн Египетийн явган цэргүүд нягт эгнэн жагсаад дайсан руугаа довтолдог байжээ. Танд эртний Грекийн фаланк дайчид төсөөлөгдөж байна уу. Яг л тийм байв. Жадны урт дайсныхаасаа илүү байсан нь Египетийн дайчдыг бамбайныхаа ард аюулгүй байж дайсантайгаа тулалдах боломжийг олгож байсан бол хүрэл зэв нь дайсныхаа хуягийг нэвтэлж чадахаар хатуу, хурц байв. Дээрээс нь зардал багатай гарна. “Төмөр үнэтэй байсан тухайн үед бага зэргийн хүрлийг л үзүүрт нь түрхчихэд болчихдог байсан байгаа юм. Тэр үеийн дайнд төгс тохирч байсан энэ зэвсгээр цэргээ зэвсэглэх дуртай байсан” гэж “Египетийн Шинэ хаант улсын дайн” номыг бичсэн түүхч Пол Эллиотт ярьсан юм. Хиксосын армийг Египет рүү дайрахаас өмнө египетчүүд модоор хийсэн, дорвитойхон цохилтод л хугарчих гээд байдаг хэврэг жадны үзүүрийг ашигладаг байжээ. Сирийн өндөрлөгөөс ирсэн Хиксос дайчдын модон ишинд тохирох хөндий жадны үзүүр хийдгийг египетчүүд сайн сурч авсан. Тэд ердөө л жижиг банз, шир, цавуугаар хийчихдэг байсан бамбайгаа өөрчлөн илүү сайн хамгаалах хэрэгслийг бүтээснээр хүрэл зэвтэй жадтай тун сайн хосолж чаджээ.
Шиддэг жад
Египет цэргүүдийн шидэхэд зориулагдсан туялзуур жад нь тухайн үеийн цэрэг дайны нөхцөлд үнэ цэнэтэй зэвсэгт тооцогдож байлаа. Ойрын зайн тулаанд шидэх зориулалттай богино жад нь 1-5 метр орчим зайн дотор дайсандаа хөнөөл учруулахад илүү тохиромжтой байсан ч 100 метр зайнд ч шидчихдэг бяр хүчийг шидэлтийн техниктэй хослуулж сурсан цэргүүд их байлаа. Шинэ Хаант Улсын цэргүүд жадыг яг л нум сум шиг нуруундаа агсдаг байв. Ойрын зайд яг чанх ард байгаа дайсан руугаа жад шидэхээс гадна морин тэрэг, явган цэргүүдийн жагсаал руу халдаж хуягийг нь цоолж чадах жадыг ч бий болгож чадсан байдаг. Тэд ромбо хэлбэртэй төмөр зэвтэй жадыг илүү тэнцвэртэй, барихад ч шидэхэд ч эвтэйхэн модон бариулыг хослуулжээ.
Тулааны сүх
Тулалдааны сүх нь дайчдын бүсэлхийндээ хийж явдаг эсвэл мөрнөөсөө зүүдэг хоёр дахь зэвсэг байв. Ойрын зайн тулалдаанд сүхийг ашигласнаар дайсныхаа бамбайг цөмлөх, хүнд цохилт өгөх давуу тал олгодог байв. Энэ үеийн улс омгуудын дайчдын онцлог нь хуяг дуулга өмсдөггүй байсан явдал бөгөөд ийм дайсантай тулгарахад Египет цэргийн хавирган сар хэлбэрт иртэй сүх дайсан этгээддээ ноцтой хохирол учруулдаг байв. Илд, сүхийг хоёр гартаа барьж зэрэг хэрэглэж дадсан дайчид эздээсээ өндөр хөлс авдаг байв. Тааруухан иртэй, төмөр муутай илдээр эсрэг этгээдийнхээ бамбайг хага цохиж буулгаж авах нь ховор бол сүх, илдээр нэгэн зэрэг довтолдог цэргүүд хамгийн аюултай дайчдад тооцогдох нь ойлгомжтой хэрэг билээ.
Шинэ Хаант улсын үед Хетт болон Сирийн армиудыг цээжиндээ хамгаалалтын арьсан хантааз өмсдөг байх үед Египетийн нарийхан, шулуун иртэй тулалдааны сүх энэ хантаазыг нь тун чадамгай нэвтлэн ордог байсан гэж түүхч Эллиот ярьж байв. Ер нь дайны үед шаардагдах олон төрлийн зэр зэвсгийг орлож чадаж байв. Хотын бүслэлтийн үед барагтайхан хана, хаалгыг сүхээр өм цөм цохичихно, ядаж л ойр хавийн моддыг цавчаад дайсныхаа бэхлэлтийн эсрэг зэвсэг болгон ашиглах боломжтой.
Очирт таяган сүх
Археологичид очир таяган сүх гэж нэрлэгддэг байсан Египетийн өвөрмөц зэвсгийг олж илрүүлсэн байдаг. Дайны бороохой ч гэж хэлж болох энэ зэвсэг манай дэлхийн хамгийн эртний зэвсгүүдийн нэгт тооцогддог юм. МЭӨ 6000 оноос эхлэн египетчүүд өөрсдийгөө хүнд чулуун толгойтой, модон бариултай энгийн очирт таягаар зэвсэглэж эхэлсэн байдаг. Харин Шинэ Хаант улсын үед тэд хатуу модон толгойнд шигтгэсэн тахир ирийг нэмж өгч дизайныг илүү сайжруулав. Цэвэр Египетээс гаралтай энэ зэвсэг далд хүч чадлыг өөртөө агуулсан онцгой шинж чанартай сүх байсан юм. Хоёр гартаа очирт таяган сүхээ барьсан тэд дайсны сэлмийг ч хуга цохиж, хамгийн хүчирхэг хүрэл хуягийг ч хагачиж чаддаг байв.
Богино сэлэм
Ёирийн өндөрлөгөөс гаралтай Хиксосын дайчдын хүрлээр цутгах технологийг египетчүүд "хулгай"-лахаас өмнө сэлэм, чинжаал хутга хэрэглэх нь төдийлөн түгээмэл бус байв. Хүрлээр цутгах үйл явц сайжирснаар богино сэлэм хүнд хэцүү тулалдааныг даван гарахуйц хүчтэй болсон юм. Хүрэл нь хамгийн хатуу металл биш боловч сэлэмний иш, ирийг хоёуланг нэг цул хатуу биет болгон цутгаж илүү хүчтэй зэвсгийг гарган авчээ. Египетэд хоёр төрлийн богино сэлэм хэрэглэгдэж байв. Эхнийх нь чинжаал хутга хэлбэртэй хурц иртэй, дайснаа ойрын зайнаас гэмтээх үүрэгтэй байсан бол удаах нь арай уртавтар, бага зэргийн дугуй хэлбэртэй байжээ.
Копеш
Копеш нэртэй махир сэлэм нь Шинэ Хаант улсын хамгийн айдас хүйдэс төрүүлэм, төгс зэвсэг байсан юм. Копеш гэх энэ онцгой сэлэм нь дотор талдаа гар гадуур шиг бол гадна тал нь тахир сэлэм шиг махир байгаа нь асуултын тэмдэгийг санагдуулдаг.
Эртний Египет хэлээр “копеш” гэдэг нь “амьтны урд хөл” гэсэн утгатай үг ажээ. Энэ хөнөөлт зэвсгийг Хиксосын армиас өөрийн болгож авсан болохоор тэдэнд өртэй гэсэн санааг фараоны эзэмшилд байсан зургуудад олонтаа дүрсэлсэн байдаг юм. Тутанхамон хааныг л гэхэд 2 копешийн хамт оршуулсан байдгийг жишээ болгон дурьдаж болно. Эртний дайнд копеш нь дайсантайгаа ойрын зайнаас тулалдаж, сүүлийн цохилт хийхэд туслах сүх, богино сэлмээс ялгаагүй хоёрдугаар зэргийн зэвсэг байсан юм.
Хавчаахай нум сум
Египетчүүд модоор хийсэн энгийн нум суманд найдаж байлддаг байв. Харин тэднийг байлдан дагуулсан сиричүүд байгаа мэргэн онодог, хүч сайтай хавчаахай нум сумыг хэрэглэж байсан нь хожим египет дайчдын алсын тулааны үндсэн зэвсэг болсон байдаг. Египетчүүд улам илүү сайжруулж мод, амьтны эвэр, шөрмөсөөр чимхлүүр ажил ихтэй хийдэг, үнэт зэвсэг ийнхүү бүтсэн түүхтэй юм. Египетийн супер зэвсэг болсон нум сумаар зэвсэглэсэн харваачид эртний үед нэн алдартай байлаа. Бүр Ромын үе хүртэл Египет харваачид, тэрэгт харваачид тулааны ямар ч хэсэгт үнэ цэнэтэй, хор хөнөөл ихтэйгээрээ алдартай байв. 1.5 метр урт нумтай байснаас гадна хавчаахайг хийхдээ хус мод, ямааны эвэр, бухын шөрмөсийг цавуугаар тун сайн нааж бэлэн болгодог байжээ.
Олон үе давхаргаас бүрдсэн бүтэц, дунд хэсгээрээ хойшоо тахийсан дизайн нь нумыг энгийн нэг нумаас илүү хол зайд буюу 250-300 метр зайд харвах чадвартай болгосон гэж эртний түүхэн сурвалжид бичиж үлдээсэн байдаг юм. Хавчаахай нумны хөвчийг маш чанга сүлжсэн амьтны өлөнгөөр хийх ба сумны загварыг хийхдээ Нил мөрөнд элбэг ургадаг байсан хүрэл үзүүртэй модорхог зэгснээс авчээ. Байгаа онох чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд сумандаа гурван өд нэмж өгөв. Хавчаахай сум нь туйлын үнэтэй, хийхэд ярвигтай байсан учраас ялалт байгуулсан Египетийн армиуд алтны оронд нум сум авдаг байжээ. Рамсес III хаан Ливийг эзлэхдээ ялагдагсдаас дайны төлбөр болгон их хэмжээний хавчаахай нум сум авч байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг.
Морин тэрэг
Морин цэргүүд дайны хувь заяаг шийддэг болох цаг үед хүртэл морин тэрэг нь хамгийн хурдтай, хамгийн аймшигтай “дайны машин” байв. Дахиад л Хиксосын армийн тухай энд ярих болно. Тэд л египетчүүдэд донсолгоо бууруулдаг арьсан шалтай, хөнгөн модон морин тэргийг танилцуулсны ачаар эд баялаг ихтэй Египетийн Шинэ хаант улс бүрэн зэвсэглэсэн морин тэрэгт цэргүүдээ дайны талбар руу илгээдэг болсон. Эртний тулалдааны тэмдэглэлд бичсэнээр бол 100 гаруй багаас бүрдсэн тэрэгт цэргийн томоохон бүрэлдэхүүнүүд дайснаа дарж, тэдний жигүүр, арын байрлал руу хөнөөлтэйгээр довтолж байсан ажээ. Морин тэрэгний хурдыг нум сум, жад, копеш, байлдааны сүх зэрэг төрөл бүрийн зэвсэгтэй хослуулж чадсан дайчид хуй татуулан давхилдах нь дайсныхаа сэтгэлзүйд онцын их дарамт өгдөг байжээ.
Хайрст хуяг
Шинэ Хаант Улсын үеийн Египетийн жирийн цэрэг эр дайнд явахдаа тийм олон зүйлийг өмсдөггүй байжээ. Зураг, археологийн баримт сэлтээс харахад тэд амьтаны гаралтай цавуугаар хатууруулсан нэхмэл даавуугаар хувцас хийн өмсч байсан ба холын зайн харваа нь байндаа тусалгүй өөр газрыг онох нь их байсан бололтой. Хамгийн уран тансаг хийцтэй, хамгаалалт сайтай хуягийг холын зайн хавчаахай нум сумтай дайсны талын харваачдын нэн түрүүний бай болдог морин тэрэгчдэд буюу морин тэрэгчин, дайчдын аль алинд нь зориулан хадгалдаг байжээ. Египетийн морин тэрэгчид хүрлээр хийсэн уртаа гэгчийн хувцас өмсөн дайны талбарт байлддаг байсан нь тэднийг том биетэй, босоогоороо явж байгаа гүрвэл шиг л харагдуулдаг байсан аж. Метрополитаны музейн цуглуулгат дэлгэн үзүүлсэн хүрэл хуягт үүссэн олон жижиг нүхээр харахад хуягны ар талыг нь даавуу юмуу арьсаар хийсэн байгаа нь харагддаг юм. Том хэмжээтэй хуяг нь том, жижиг хэмжээтэй 600 гаруй тусдаа хайрснаас бүрдэж байсан байдаг. Мориндоо хүртэл хуяг өмсгөж хамгаалдаг байсныг оршуулгын эд зүйлс болон зурагнаас нь харж болдог билээ. Рамсес II Хаан, Тутанхамон Хааны аль аль нь шинээр хийсэн энэ хайрст хуягийг өмсч сүр жавхлантайгаар морин тэрэг хөлөглөн явж байжээ.