Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

Исий хошуучийн "хүүдийтэй юм"Уншсан36,180

Нэрт сэтгүүлч, орчуулагч, зохиолч Хатагин овогт Г.Аким гуай 90-ээд онд сонин хэвлэдд нэгэн ийм өгүүлэл бичиж нийтлүүлж байсныг уншигчдадаа сонирхуулая.

Нэрт сэтгүүлч, орчуулагч, зохиолч Хатагин овогт Г.Аким гуай 90-ээд онд сонин хэвлэлд нэгэн ийм өгүүлэл бичиж нийтлүүлж байсныг уншигчдадаа сонирхуулая.

Эр хүний ид чадал эрхий хуруундаа байдаг гэж монголчууд хэлэлцдэг. Тиймээс ч «эрхийндээ идтэй», «эрхий мэргэн», «эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ» зэрэг өвөрмөц хэлц үүссэн буй заа. Бүр Хятан улсын үеийн булшнаас хүний хуруу, шүд зэрэг гарснаас үндэслэн эрдэмтэн Б.Сумьяабаатар харь газар бие барсан хүндтэй хүний шарилыг нутагт нь аваачих боломжгүй бол цогцсыг нь төлөөлүүлэн эрхий ордог гэж бичсэнийг уншихдаа их л сонирхож байж билээ. Гэтэл 1945 оны дайнтай холбоотой чухамхүү тийм эмгэнэлтэй бөгөөд уяралтай явдлыг олж мэдэхдээ бүр ч гайхсан юм. МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Эрдэм шинжилгээний төвийн ажилтан О.Батсайхан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Т.Бавуудорж гуайн нэг сонин дурсамж үзүүлсэн юм. Чингээд Т.Бавуудорж гуайтай биеэр уулзаж, зарим зүйлийг тодрууллаа. Т.Бавуудорж гуай 1945, 46 онд Дотоод явдлын яамны засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерь ба хорих ангиудыг удирдах газрын даргаар ажиллаж байжээ.

"1945 оны аравдугаар сарын сүүлээр намайг Төв Хороон дээр дуудлаа. Тэнд Ю.Цэдэнбал даргын өрөөнд оруулав. Ямар хурал болж байсныг мэдэхгүй. Х.Чойбалсангаас бусад бүх дарга байсан санагдаж байна. Намайг ДЯЯ-ны засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерь ба хорих ангиудыг удирдах газрын даргаар томилно гэлээ. Би уг нь 1944 онд намын дээд сургуульд ороод, суралцаж байсан тул сургуулиа төгсгөе гэж гуйлаа. Гэтэл одоо Японы олзлогдсон цэргүудийг авч ирнэ. Тэднийг засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд дээр байрлуулах юм. Чи тэднийг хариуцаж ажиллах ёстой. Тэдэнтэй олон улсын хэлэлцээр, хуулийн дагуу харилцахаас биш хоригдолтой адил харилцаж болохгүй. Чиний асуудлыг маршалтай тохирсон гээд хөдлөөгүй. Тэгээд би тэр ажлыг хүлээж авсан юм.

Японы олзлогдсон цэргийг Ерөө, Зүүн болон Баруун хараа, Бороо зэрэг хорих лагерьт байрлууллаа. Тэд бөөсний болон хижиг өвчнөөр өвдөж байр муутайгаас хүйтэнд даарч хөрч, хоол унд таарахгүйгээс өлсөж зовж, эм тариа, арчилгаа сувилгаа дутагдснаас олноор үрэгдэж байсан даа.

 1946 оны эцэс, 1947 оны эхээр хөдөө байсан японуудыг Улаанбаатарт ирүүлэх тушаал дээрээс ирлээ. Тэднийг ЗХУ-д нэгтгэж байгаад нутагт нь буцаах болжээ. Ерөөгийн лагерьт японуудын дарга нь хошууч Исии гэдэг соёлтой хижээлдүү хүн байсан юм. Японуудын авч явсан юманд манай газрын гүйцэтгэх хэлтсийн аппаратын хүмүүс үзлэг хийдэг байлаа. Гүйцэтгэх хэлтсийн дарга хошууч Тэрбиш над дээр нэг орж ирэхдээ ширээн дээр нэг бага шиг цагаан хүүдийтэй юм авчирч тавиад «Та наадахаа үзээч» гэдэг юм байна. Би учрыг нь мэдсэнгүй, амыг нь нээж харвал гялгар тал дээр нь хараар эрээчсэн божийсон тостойвтор бор юмнууд байх юм. Нэгийг аваад үзсэн чинь хатаж холцорсон эрхий хуруу. Хумсны толион дээр японоор юм бичжээ. Миний сэжиг хүрч, уут руу буцааж хаяад, «Чи чинь юу хаанаас олоод ирэв?» гэж Тэрбишээс асуувал «Японы олзлогдсон цэргийн Ерөөгийн лагерийн дарга хошууч Исийгээс хурааж авсан юм. Тэр н ө г ч с ө н цэргийнхээ эрхий хурууг аваад, хумсан дээр нь овог нэр, нас, нутгийг тэмдэглэн бичиж хадгалсан байна. Одоо нутаг буцахдаа ар гэрийнхэнд нь өгөх гэнэ. Юм хумыг нь нэгжиж байтал ийм юм гарч ирээд танд авчирлаа» гэлээ. «Исий хаана байна?» гэж асуувал «Япон дарга нарын байранд бий, чангаланд хийдэг юм уу?» гэв.

Япон цэргийн лагерь бүрт өвөрмонголоос японд цэргийн сургуүль хийж, япон хэлэнд ус цас шиг болсон хүмүүс хэлмэрч хийдэг байлаа. Би Исийгийн хэлмэрчийг дуудуулж учрыг асуувал тэр «Манай ноён хошууч Исий сан нас барсан хүмүүсийнхээ баруун гарын эрхийг авч, тэр хүний нэр нас, нутаг, хэзээ хаана ямар өвчнөөр тэнгэр одсоныг тэмдэглэж байгаа. Хэзээ нэгэн цагт нутаг буцах болбол ар гэрийнхэнд нь өгөх юм гэнэ билээ. Энэ бол өргөсөн тангаргаа биелүүлж байгаа Наран улсын цэргийн дарга нарын ёс гэж над хэлж байсан гэв.

Би тэр Исийг чангаланд хийхээ азнаж бай гэж Тэрбишд хэлээд, хүүдийтэй хурууг аван ДЯЯ-ны мэргэжилтэн хурандаа Дементьев дээр авч ороод учрыг тайлбарлан ярилаа. Дементьевийн хэлсэн нь «Тэд ч цэргийн хүмүүс, бид ч цэргийн хүмүүс, хошууч Исий захирсан цэргээ Японы дайнчдын түрэмгий бодлогыг биелүүлэхэд их бууны зууш болгох төдийгөөр хязгаарлалгүй, цэргээ, тэдний эцэг эх, эхнэр хүүхдийг бодож энэрэнгүй сэтгэл гаргаж байна. Түүнийг буруушааж, чангаланд хийж болохгүй, эд нарыг нь буцааж өг» гэлээ.

Би ажил дээрээ эргэж ирээд, Исийг хэлмэрчтэй нь дуудуулж, амар мэндийг асуугаад, «Манай нөхөд танай энэ зүйлийг учрыг ололгүй над авчирч өгсөн юм. Энэ танд хэрэгтэй бол ав даа» гэж хэлээд хүүдийтэйг өглөө. Исий суудлаасаа босч «Би цэрэг хүн. Цэргээ захирахдаа эцэг эхийг бас орлоно гэж эзэн хаандаа тангарагласан. Энэ цэргүүд миний захиргаанд байгааг тэдний ойрын хүмүүс мэдэж байгаа. Би тэдэнд эдгээрийг өгөх юм. Би тангаргаа биелүүлж яваа цэргийн хүн. Та ч цэргийн хүн болохоор тангаргаа биелүүлэх гэж боддог байх. Эрхэм ноён хошууч (тэгэхэд би хошууч байсан юм) танд чин сэтгэлээсээ талархая»  гээд толгойгоо бараг газар хүргэх щахам бөхийн ёслоод хүүдийтэйг аваад явсан. Тэгээд япончууд буцсан..

Бавуудорж гуайн энэ яриаг сонсоод Исийгийн тэгж босоо хүний борвин доогүур, суугаа хүний суган доогуур мэхийн талархдаг нь ч түмэн зөв л дөө гэж бодогдсон. Өнөөгийн бидний ойлголтоор тийм хачин юм авч яваа хүнд манай До яамны хийтэй нэг дарга сум долоолгоод, хадгалж байсан зүйлийг нь шатаах ч юм уу, хог дээр хаян нэг их мундаг хэрэг илрүүлсэн болох гэхийг хэн байг гэх вэ? Тэгтэл харин ч юмны учир ойлгодог Дементьев, Бавуудорж гуай нартай аз болж таарч дээ. Тэгэхдээ Исийн авч хадгалж, Дементьев, Бавуудорж гуай нарын авч явахыг зөвшөөрсөн тэр хүүдийтэй Япон хүрч чадсан болов уу? гэсэн нэгэн асуулт сэтгэл чимхийлгэсээн. Тэр самуун цагт тийм «барааг» авч явна гэдэг тун ч осолтой байсан даа хөөрхий. Хэрвээ Исий хошуучийн нас барсан цэргээсээ үүрэгтээ чин үнэнчдээ аминдаа халтайгаар авч хадгалсан тэр зүйлс нас барагсдын эцэг эх, эхнэр хүүхдэд нь очсон бол юутай сайнсан билээ. Хаа газрын эцэг эх, эхнэр хүүхэд ялгаа юу байх вэ. Мах цусанд л төрсөн хүмүүс шүү дээ. Харь Монгол гэдэг холхи оронд хүүгээ, хань ижлээ, аавыгаа үгүй болсон гэсэн сургаас цаашгүй, шар махтайгаа хатаж, насан туршдаа сэтгэлийн зовлон эдэлнэ гэдэг ямар болохыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Гэтэл хүүгийнх нь ч юм уу, ханийнх нь ч юм уу хэлтэрхий очвол оршуулдаг ч юм уу, бумбалдаг ч юм уу хөдөөлүүлээд сэтгэл зогоож суух шүү дээ. Үгүй болсон иргэнийхээ эрхий хурууг гэрт нь аваачиж өгөх санаа чухамхүү Исийд л төрсөн юм уу? Аль эсвэл япон түмний заншил ч юм уу, бүү мэд дээ. Ямар ч л гэсэн хүн мөсний хүн чанарын гайхамшигтай бэлгэдэл энд байна гэж мунхагланам. Ер нь ялалт байгуулаад гялалзаж явсан ч, ялагдаж цохигдоод зүдэрч байсан ч япон хүн өөртөө оногдсон үүрэгтээ, яс махнаасаа үнэнч байдаг нь ч Исийгийн явдлаас харагднам бус уу.

 Манай хотод барилга барьж байсан япон цэргүүд буцахдаа бид барьж байсан барилгаа дуусгаж амжсангүй гэж харамсаж байсан гэж Бавуудорж гуай ярьж байсан. Ямар ч ажилд эзэн болж түүнийхээ төлөө үнэнхүү санаа тавьдаг нь япон хүний гайхалтай нэг чанар юм даа.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 11 сар 19. 1:03
Зочин

Хэдий халдагч дайсан,муу юм зөндөө хийсэн ч тушаалаар яваа цэрэг хүмүүс шүү дээ.Монголд хоригдож байсан Япончууд хамгийн бага дарамттай байсан гэдэг юм билээ.Монгол орон буурай хөгжилтэй ядуу байсан болхоор шорон,барилга муутай хөлдөж үхсэн нь л олон байх.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]