Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Буурьтай уншигчдад зориулавУншсан9,396

Тэрээр энэ удаад Английн эрдэмтэн Жэймс Вотерсоны “Хятадыг хамгаалсан нь: 1209-1370 он” хэмээх сонирхолтой номыг зориглон барьж авч монголчлон орчуулж уншигч Танаа толилуулж анам.

Эрхэм нөхөр Галсангийн Батсүх Элчин сайд олон жил номтой нөхөрлөж явсаар, сүүлийн үед нөр их ажил албаныхаа хажуугаар ном бүтээх үйлд шамдан зүтгэж хэд хэдэн сонирхолтой бүтээлийн эзэн болоод байгаа билээ. Тэрээр энэ удаад Английн эрдэмтэн Жэймс Вотерсоны “Хятадыг хамгаалсан нь: 1209-1370 он” хэмээх сонирхолтой номыг зориглон барьж авч монголчлон орчуулж уншигч Танаа толилуулж анам.

Нийгэм, цаг үе өөр болж, бас дээр нь цахим ертөнцийн гайхамшигт гэх үү, гамшигт гэх үү, хөгжил дэвшилд хүмүүс татагдан автаад, өнөөдөр хүн ном унших нь багасч байгаа нь халаглалтай ч гэлээ үнэн билээ. Тийм ч учраас сүүлийн үед номд ойр хүмүүс “буурьтай уншигч” хэмээх үг хэллэг бий болгосон буй заа. “Хэрэв Та буурьтай уншигч мөн аваас энэ номыг унших биз ээ” хэмээдэг болж. Тэгвэл уншигч Танаа толилуулан буй энэ ном монголчууд бидний хувьд сонирхолтой төдийгүй анхаарч уншууштай чухаг бүтээл мөн гэдэгт үл эргэлзэн, номыг ариутган шүүж өмнөтгөл бичиж өгөхийг хүссэн хүсэлтийг олзуурхан хүлээн авч шимтэн үзлээ. Ийнхүү Г.Батсүхийн орчуулсан энэ номын анхны уншигч болсны хувьд би номын сүүлчийн хуудсыг нь уншин дуусч байхдаа “Үнэхээр л буурьтай уншигч энэ номыг сонгосондоо харамсахгүй, харин ч олзуурхах болно оо” гэж сэтгэл ханамжтайяа бодсон бөлгөө.

Учир нь английн судлаач Жэймс Уотерсоны олон жилийн нөр их судалгааныхаа үр дүн болгож бичсэн энэ номд монголчууд бидний өвөг дээдсийн түүхийг өгүүлэхдээ, дэлхийг донсолгосон 13 дугаар зууны Монголын их гүрний дуулиант үйл явдлууд, дэлхийн дайдыг хураан эзэлсэн их аян дайнуудыг зүгээр нэг тоочиж бичсэнгүй, харин эзлэгдсэн ард түмний зүгээс монголчуудын байлдан дагуулал, зуун дамжсан ноёрхлыг хэрхэн сөрөн зогсч, босч тэмцсэн эсэргүүцэл, тэмцлийн түүхийг бичлэгийн гол чиг шугам болгон авснаараа Монгол судлалын хувьд шинэ сэдэв агаад үүгээрээ хэний ч анхаарал сонирхлыг татах ид увьдсыг олсон байнам.

 

13 дугаар зууны үеийн Монголын их гүрний түүх бичлэгтэй холбоотой арвин их ном бүтээл бий ч, яг ийм сэдэвт бүтээл бараг үгүй гэж хэлж болно. Тийм учраас энэ номын үнэ цэнэ тэр хэмжээгээр нэмэгдэж байна. Номоос Монголын их гүрэн байгуулагдаж, түүний нэг хэсэг болсон Юань улс хэрхэн бий болсон, түүнийг байгуулсан Хубилай хаан хийгээд түүнийг замгамжилсан монгол хаад ямар үйл ажиллагаа явуулж, ямар улс гүрнийг цогцлоосон болон хэний үед тэр их гүрний төгсгөл яажшуухан ирсэн тухай дэлгэрэнгүй их мэдээ баримт бүхий түүх бичлэг ийнхүү уншигч Таны гарч очиж байгаа нь нэн олзуурхууштай.

“Монголчууд” хэмээх томоохон бүтээл туурвисан нэрт эрдэмтэн Давид Морган энэ бүтээлийг үнэлж: “13 дугаар зууны үеийн Монголын түүх, монголчуудын байлдан дагууллыг эргэн харж сэргээн судлах явдал сүүлийн үед дахин идэвхжиж, дэлхий дахины анхаарлын төвд орж ирлээ... Монголчуудад эзлэгдсэн ард түмнүүдийн зүгээс, монголчуудыг сөрж тэмцсэн тэдний баатарлаг түүхийг хөндөж бичсэн түүх бичлэгийн анхных нь энэ ном буй заа” хэмээн дүгнэсэн нь Монголын сэдэв хэчнээн чухал болж байгааг, энэ ном ямар үнэ цэнтэй болохыг товч бөгөөд тодорхой хэлсэн дүгнэлт юм.

Энэ бүхнийг унших явцад олон зүйлийн талаар гүнзгий мэдлэг олж авах болно. Тухайлбал, тэр үеийн дэлхий ертөнц харанхуй бүдүүлэг, хөгжлөөр хоцрогдсон, дорой буурай байгаагүйг, тэр үеийн хүмүүс өнөөгийн мөчид зарим сэтгэлтний үздэгчлэн зэрлэг бүдүүлэг омгийнхон байгаагүйг, хүний нийгэм цаг хугацаатай хамт зогсолтгүй урагшлан хөгжиж, соёл урлаг, шинжлэх ухаан өндөр түвшинд хүрсэн байсныг олж мэдэх болно. Тэр үеийн Монголын болоод Хятадын, ерөөс тэр цаг үеийн цэрэг арми гэж ямар байсан, тэдний хэрэглэж асан зэр зэвсэг, галт бөмбөг, холхивч нум, нумт буу, хана хэрэм эвдэгч оньст тэрэг зэрэг нь ямар байсан тухай, тэдгээрийг хаанахын ямар урчуул дархчуул хийдэг байсан тухай, дайн байлдааны арга тактик, улс хоорондын хийгээд хүмүүс хоорондын харилцаа холбооны тухай дэлгэрэнгүй өгүүлсэн нь үнэхээр чухал мэдээллүүд мөн.

Үүнийг ч нотолж, номын англи хэвлэлд өмнөтгөл бичсэн нэрт судлаач Жон Ман “Энэ ном бол сүүлийн мянганы хугацаанд болж өнгөрсөн хамгийн агуу их үйл явдалтай холбоотой дуулиант хэрэг явдлуудыг хөндөж бичсэн агаад, үүгээрээ энэ талаар тун хомс мэдлэгтэй өрнөдийнхөнд төдийгүй дорнынхонд ч сонирхолтой байх нь дамжиггүй. Түүнчлэн энэ номыг уншсанаар зөвхөн өнгөрсөн түүхийг таньж мэдэх төдийгүй, ирээдүйг ч угтан харахад маш их тустай” гэж үнэлсэн байнам.

Энэ ялдар бүх Хятад орныг, хамгийн сүүлд Өмнөд Сүн улсыг хураан захирах их үйлийг дээдсийн зарлигаар хичээнгүйлэн гүйцэтгэсэн Монгол төрийн их шадар сайд, Монголын их цэргийн ерөнхий жанжин Баянг жишээлэн дурдах нь зүйтэй гэж үзлээ. Тэрээр лалын ертөнцийг захирсан Монголын Ил хаадын дэргэд өсч бойжсон тул араб, перс зүгийн боловсрол мэдлэгтэй болсон, идэр залуудаа дүү Хулагугийнх нь элч болж алс тэртээх Багдадаас Бээжинд ах Хубилай хааных нь  дэргэд ирээд, их хаанд үнэлэгдэн дэргэд нь үлдэж шадарлахдаа дорно дахины боловсролыг сайтар эзэмшсэн, нэг үгээр хэлэхэд дорно өрнийн мэдлэгийг хослуулсан номтой хүн байсан авай.

Эртний хүмүүс гагц зугаа цэнгэл хөөж, эсбөгөөс дайтаж байлдахын төлөө явсангүй, хүмүүн төрөлхийтний түүхийг бүтээлцэж морин дэл дээр нартыг туулан насыг элээхдээ бийр бэхэстэй ч нөхөрлөж явсных нь жишээ болгон Монгол төрийн их чинсан сайд Баян жанжны нэгэн шүлгийг энд иш татсу. Энэ шүлэг бол энэ номд гарч буй Өмнөд Сүн улс хэмээх өмнөд Хятад орныг нэгтгэн хураасан их аян дайныг хэдхэн үгээр нүдэнд харагдтал зураглан үлдээсэн түүхэн шүлэг болой:  

Ид хаваар зуун түмнийг наадгай мэт хөдөлгөж
Их Юанийн чинсан ноён Өмнөдийг цэрэглэн түвшитгэвэй.
Үелзэх Хан мөрнөөр завь урагшлахуй долгион нь догшин,
Ү-гийн нутгаар морьд довтлохуйяа өвс мод ханармуй.

Түнэр үүлс мянганы газарт харанхуйлан бүрхэхүй
Түүдэг гал түмэн уулнаа шөнийн гүнд гэрэлтмүй.
Тэнгэрийн санаа тогтож, хэврэг Сүнгийн төр мөхмүй,
Таван өдөр хоёр хотыг ээлж дараагаар эвдчүхүэй...

Эртнээс янагш эрдэмтэн мэргэд “соёлын жинчин, бичиг номын улаач” хэмээн өргөмжлөн цоллож ирсэн орчуулга буюу дуун хөрвүүлэг хэмээх энэхүү бэрх агаад хүндтэй үйлийг сонгон цуцалтгүй зүтгэж яваа эрхэм нөхөр Г.Батсүхийн энэ удаагийн эл том бүтээлд ийн товч үг хэлж, цаашид улам ихийг хийхийн урамтай үг хайрлан цэг хатгасу. Өнгөрсөн намар би бээр албаны бус цагаар энэ номыг хянан тохиолдуулах ажлыг гүйцэлдүүлсэн минь ч өдгөө ийнхүү бодит үйлийн үр болон мэндлээд байгаад сэтгэл нэн ханамжтай анам.

 Монгол Улсын Соёлын гавьат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]