Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жо Байден: Оросын газрын тос, байгалийн хийн бүх импортыг хориглож байнаУншсан1,806

Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.

ОХУ болон Украины нөхцөл байдлын талаарх зарим мэдээллээс онцлон хүргэе.

Орос-Украины төлөөлөгчдийн гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй

Орос-Украины засгийн газрын төлөөлөгчдийн гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээ даваа гарагийн орой Беларусийн нутагт болсон бөгөөд хүлээж байсан үр дүнд хүрээгүйг талууд уулзалтын дараа мэдээлсэн байна. Мөн тэд дөрөв дэх ээлжийн яриа хэлэлцээг ойрын үед Беларусийн нутагт зохион байгуулахаар тохиролцжээ.

Гурав дахь удаагийн уулзалтаар талууд өмнө нь тохиролцсон хүмүүнлэгийн коридорын асуудлыг дахин хэлэлцсэн байна. Өнгөрсөн хугацаанд Харьков, Мариуполь хотуудаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридорыг хоёр удаа гаргасан ч талуудын үл ойлголцлын улмаас бүтэлгүйтсэн юм. Даваа гарагийн өглөө ОХУ-ын батлан хамгаалах яам Киев, Харьков, Мариуполь, Сумы дөрвөн хотод хүмүүнлэгийн коридор гаргах санал гаргасан ч Украины тал хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Оросын тал иргэдийг зөвхөн ОХУ, Беларусийн нутаг руу нүүлгэн шилжүүлэх замыг санал болгожээ.

Оросын газрын тос, байгалийн хийн импортод АНУ хориг зарлав

Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв. Тэрбээр “Бид Оросын газрын тос, байгалийн хий, эрчим хүчний бүх импортыг хориглож байна. Энэ нь Оросын нефтийг АНУ-ын боомтуудад хүлээн авах боломжгүй болж, Америкийн ард түмэн Путинд дахин хүчтэй цохилт өгнө гэсэн үг” хэмээжээ.

Украины хямралтай холбоотойгоор Өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ эрчимжиж байгааг “Associated Press” агентлаг онцлов. АНУ-ын холбоотнуудаас Их Британи энэ оны сүүлээр Оросын импортод хориг тавихаа мэдэгджээ. Харин Оросын байгалийн хийгээс гүнзгий хамааралтай Европын Холбооны улсууд энэ удаагийн хоригт нэгдээгүй байна. 2021 онд АНУ өдөр бүр 672,000 баррель газрын тос ОХУ-аас импортолжээ. Энэ нь тус улсын нийт хэрэгцээний 8 орчим хувь юм.

McDonalds, Coca Cola, “Netflix” ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоов

Украины хямралтай холбоотой Өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригт дэлхийн томоохон компаниуд нэгдсээр байна. McDonald’s, Starbucks компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бүх салбараа түр хугацаагаар хааж байгааг өчигдөр зарлажээ.

Мөн Coca Cola, PepsiCo компаниуд Орос дахь үйл ажиллагаа, борлуулалтаа зогсоож байгаагаа зарлав. Түүнчлэн дэлхийн томоохон медиа компаниудын нэг “Netflix” ОХУ-д бүх үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдэв.

ОХУ-д буй иргэдийг “Visa” болон “Mastercard” карт дахь мөнгөө бэлнээр нэн даруй авахыг анхааруулав

Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээний хүрээнд төлбөрийн “Visa” болон “Mastercard” систем тус улсын зах зээлээс 2022 оны гуравдугаар сарын 10-ний өдрийн 00:00 цагаас гарч байгаа. Иймд ОХУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар ирсэн иргэн та Монгол Улсын арилжааны банкны “Visa” болон “Mastercard” картын дансанд байршиж буй мөнгөө нэн даруй бэлнээр авахыг анхааруулж байна хэмээн Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамнаас мэдэгдэв.

Цаашид Монгол Улсаас болон өөр улсаас мөнгө шилжүүлэн авахын тулд ОХУ болон бусад орны арилжааны банкнуудад хандаж олон улсын төлбөрийн “UnionPay” системд бэхлэгдсэн карт захиалан авахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]