Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сүүлчийн уулзалтУншсан6,489

Түүхэн” тэр уулзалтын үеэр Горба “танай оронд явдал учир гарч ард түмэн чинь босвол Кремль оролцсон гэсэн юм бүү гоншигноорой” гэж хэлсэн гэнэлээ.

Румыны ардчилсан хувьсгалын ойд зориулав

 Учир битүүлэг хувилдаанаас болж нэгэнтээ буцаж одсон Румын нутагт 1989 оны 11 дүгээр сард дахин хөл тавив.

Энэ удаад Румыны Коммунист Намын 14 дүгээр их хуралд оролцсон МАХН-ын төлөөлөгчдийн хэлмэрчээр очив. Монголын төлөөлөгчдөөр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Намын хянан шалгах хорооны дарга Бугын Дэжид гуай, Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Я. Лосолсүрэн гуай нар явав. Эдгээр хүмүүс харин миний мэдэх эвэртэн туурайтнуудаас өөр хүмүүс байлаа. Энгийн, хүнтэй эвлэг зөөлөн харьцдаг, санаа бодлоо хуваалдаг, зөвлөдөг хүмүүс байсан. Магадгүй Гадаад яаманд л тэр их хайр найргүй, хүнлэг бус диктатур ноёрхож байсан юм болов уу гэж бодож явлаа. Дэжид гуай их хурал дээр Төв хороогоор батлуулсан үгээ хэлж, түүнийг нь тусгай бүхээгнээс би орчуулав. Их хурлын эргэн тойронд болж буй үйл явдал, зочин төлөөлөгчдийн хэлсэн үгийн тойм гээд тэдэнд орчуулж хэлэх, хэлмэрчлэх, танилцуулах их ажил ундарч байв даа.

Бухарест хотноо хуралдсан РКН-ын энэ их сүр дуулиантай 14 дүгээр их хурал Н.Чаушеску тэргүүтэй неосталинист эрх баригчдын хамгийн сүүлчийн чуулга байсан юм. Гэхдээ Н. Чаушеску өөрийн нь 27 жил тэргүүлж “бойжуулсан” коммунист намын нь сүүлчийн их хурал болж байна гэдгийг яахан мэдэх билээ.

Миний мэдэх Бухарест тэгтлээ их өөрчлөгдсөнгүй. Харин их хурлаа угтан Чаушеску, түүний гэргий нарын хөрөг зураг, тэднийг магтсан уриа лоозонг хэрээс хэтэртэл нааж, зүүж, чимэглэжээ. Энэ цаг бол нэг хүн, нэг гэрбүлийг шагшин магтах аугаа их солиорол Румын оронд дээд цэгтээ хүрсэн үе байв. Үүнийг Чаушескуг тойлж, магтан дэвэргэж, түүний дэмжлэгээр амь зууж, түүнтэй хамт ард түмнээ доромжилж суусан тойрон хүрээлэгчид, элдэв зусарч бялдууч нар, аймхай хулчгарууд хийж байлаа.

РКН-ын 14 дүгээр их хурал дээр Н.Чаушескугийн тавьсан бүхэл бүтэн 4 цагийн илтгэлийн үед төлөөлөгчид 100 хол давсан удаа хөл дээрээ босч, “Чаушеску-РКН”, “Чаушеску-Ард түмэн”, “Чаушеску-...” юуч билээ тусгайлан бэлтгэсэн олон арван лоозонг хашгирч, зарим нь уйлж байсныг бид харсан. Хүнийг тийм болтол хөөрөгдөж, амьд хүн тийм болтлоо түүнд сохор итгэж, ард түмэн тийм болтлоо тэвчиж сууж чадна гэдэг үнэхээр эмгэнэл харагддаг юм билээ. Их хуралд оролцсон төлөөлөгчдийг үүгээр түүгээр явж, энэ орны үнэн нүүр царай – ард түмний амьдралыг үзэхээс эмээж, бүгдийг “Бухарест” хэмээх нэг томоохон зочид буудалд чихсэн байв. Дэлгүүр хоршоог ч буудалд нь зохион байгуулж байлаа. Эл явдал гадаадынхныг хардаж сэрдэж, тагнуул туршуул биш байгаа гэж айж эмээж, чагнаж тагнаж явдаг Чау-гийн секуритате буюу аюулгүйн албаныханд ч аятай боломж байсан болов уу. Тэд хүчээ тарамдуулахгүй нэг цэгт “ажиллагаа явуулах” нөхцлийг бүрдүүлсэн байлаа. Их хурал 3-4 өдөр үргэлжилж, Н.Чаушеску гэргий, хүүхэд, хүргэн, бэрийнхээ хамт РКН-ын дээд өндөрлөгт дахин сонгогдож, 5 мянган хүний хүлээн авалтыг олон улсын үзэсгэлэнгийн цогцолборт зохиож, ёстой дуулиантай л болж байлаа.

Их хурлын сүүлчийн өдөр РКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон товарищ Н.Чаушеску манай төлөөлөгчдийг хүлээн авав. Үүний өмнө нэг “асуудал” гарав. Н.Чаушеску манай төлөөлөгчдийг хүлээн авахдаа өөрийн орос хэлний орчуулагчаар хэлмэрчлүүлнэ гэж Төв хорооны нь хүн мэдэгдэв. Ийнхүү мэдэгдэхийн хамт нэгэнт ДАРГА ийм чиглэл өгсөн тул та бүхэн ойлгож, түүний хэлснийг хүндэтгэн дагавал сайн шахуу юм хэллээ.

Лосолсүрэн гуай “Дэжид дарга оросоор ярьчих” гэв. Гэтэл Дэжид дарга би оросоор ярихгүй. Миний бие монголоороо ярьж, манай орчуулагч румын хэлээр хэлмэрчлэнэ гэж байна. Румыны Төв хорооны хүн яанаа, ийнээ, даргад яаж үүнийг хэлнээ гэх зэргээр л нервтэж харагдав.

 Эцсийн бүлэгт “манай тал” ялж, Дэжид гуай монголоор ярьж, би хэлмэрчилсэн дээ. Урьд өмнө нь тухайлбал, 1983 онд манай Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ц.Готов гуай Румынд айлчилж, Н.Чаушескутэй уулзахад би хэлмэрчилж л байлаа. Ер нь алийг тэр гэхэв дээ. Энэ уулзалт дээрээс харахад Чаушеску нэлээд хөгширсөн, үе үе хоолой нь тороод байсан ч их зантай, бардам сэтгэлтэй байгаа нь тун тодорхой харагдаж байлаа. Ер нь 1971 оны Н.Чаушеску гэргийн хамт Монгол оронд айлчилсан болж, Ю.Цэдэнбал даргатай “хэмх” маргаснаас хойш монголчуудыг үл тоох, оросын нэг хэлтэрхий гэж үзэх байдал гаргаж ирсэн юм. Энэ нь ч үнэндээ тийм л байлаа шүү дээ. Бид л бодит байдлаа ойлгохгүй худлаа маргаж цэцэрхэж байснаас,,, Дэжид дарга Чау хоёрын яриа тун товчхон болсон доо. Үнэндээ цаг хугацаа ч Чаушеску гуайд ховор байсан нь ойлгомжтой. Дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч ирсэн хэмээн тухайн үед “рекламдаад” байсан. Дэжид гуай баяр хүргээд Цэ даргын мэндчилгээг дамжуулж, Чау дарга хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсгээд л өнгөрсөн санагдана. Энэ бол Чаушеску дарга монгол хүнтэй уулзсан сүүлчийн уулзалт байжээ.

 Монголоос Дэжид, Лосолсүрэн дарга нар, элчин сайд агсан О.Гэндэн, ГХЯ-ны дипломат ажилтан миний бие сүүлчийн удаа энэ эрхэмтэй мутар зөрүүлсэн байна. Эдүгээ миний бие л үлдэж дээ. Тухайн үед хэн хэн нь түүхийн ийм хувь тавилан тохионо гэдгийг төсөөлөөгүй билээ.

РКН-ын энэ сүүлчийн их хурал 11 дүгээр сарын 20-23-нд болсон санагдана. Түүнээс хойш нэг сарын дараа буюу Зул сарын баярын өдөр Н.Чаушеску, гэргий Элена Чаушескугийн хамт эмгэнэлтэйгээр цаазлуулсан билээ.

Зөвлөлтийн анхны хийгээд сүүлчийн Ерөнхийлөгч М.С.Горбачёв Мальтад АНУ-ын Ерөнхийлөгч эцэг Ж.Буштэй уулзаж ирээд Варшавын Гэрээний орнуудын холбоотон, нам-төрийн тэргүүнүүдээ Москвад “дуудаж” л дээ. Тэр үед Горбачёв өөрчлөн байгуулалт хийхийг Чаушескугээс шаардсан гэдэг. Гэтэл тэрээр бид үүнийг чинь аль 80-аад онд хийчихсэн гээд гүрийснээс болж, хоёр эрхэм муудалцан, Чау уулзалтыг хаяж, Бухарестэд буцаж ирсэн гэдэг. “Түүхэн” тэр уулзалтын үеэр Горба “танай оронд явдал учир гарч ард түмэн чинь босвол Кремль оролцсон гэсэн юм бүү гоншигноорой” гэж хэлсэн гэнэлээ. Чау эцсийн мөч хүртлээ “гадны хүчин” төрийн эргэлт хийсэн гэсээр дууссан хөөрхий. Түүнийг цаазаар аваачсан шүүх хурал дээр тэр энэ тухай тодорхой ярьж байсныг бид зурагтаар харсан.  Зарим хүмүүс санаж байж ч болох юм.

 Тэгвэл өнөөдөр румыны ард түмэн Чаушеску даргын гэм, гавъяа хоёрыг дэнслэн үзэж эхэллээ. Жингийн туухай Румыны төрийн нэрт зүтгэлтний талд татаж байх шиг. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө ургадаггүй гэж энэ билээ.

 ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН Т.ЗАЛАА-УУЛ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]