Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Швед эр Ренатын олзонд байх үедээ зурсан Зүүнгарын хаант улсын газрын зурагУншсан8,182

Энэхүү газрын зургийг Стогхолмийн Хааны номын сангийн номын санч Стриндсберг нь 1879 онд Линчёпингийн Хааны номын сангаас олж олны хүртээл болгожээ.

Восточная литература сэтгүүлээс орчуулсан Б.Бадрал

Швед эр Ренат 1716 -аас 1733 онуудад халимгуудад олзлогдох үедээ (Цэвээнравдан хааны ойрадууда олзлогдсоныг андуурсан бололтой) зурсан Зүүнгарын хаант улсын энэхүү газрын зургийг Стокгольмийн Хааны номын сангийн номын санч Стриндсберг 1879 онд Линчёпингийн Хааны номын сангаас олж олны хүртээл болгожээ. Гэхдээ газрын зураг нь эх биш харин 1738 онд Бенцельштерн гэгчийн хийсэн хуулбар байжээ.

 Газрын зургийг үйлдсэн Йохан Густав Ренат нь Шведийн армийн их бууч байсан бөгөөд Полтавд болсон тулааны үеэр оросуудад олзлогдсон байна. Олзонд Тобольск хотод байхдаа дэмий сууж тэсэлгүй алдарт судлаач Бухгольцийн хийсэн экспедицэд сайн дураар оролцохоор шийдэж, 1715-1716 онд Иртыш мөрний эрэг дээр Ямышевын нуурын орчим өвөлжиж байсан экспедицтэй нийлэхээр худалдаачдын цуваанд багтсан байна. Гэвч 700 орчим хүнтэй жингийн цуваа нь Иртыш мөрний эрэг орчим Ямышевээс 52 бээрийн зайнд халимгуудад (ойрадуудад) бүслэгдэн олзлогджээ. Цувааг хамгаалж явсан олзны швед цэргүүд бүтэн өдрийн турш эсэргүүцэн тулалдсан ч эцэст нь бүгд олзлогдон Бухгольцийн багт хүрч чадаагүй байна.

Миллер “Бухар нутаг дахь алтан элсний тухай” бүтээлдээ “Эдгээр олзны хүмүүсийн дунд шведийн штык-юнкер Йохан Ренат байсан бөгөөд тэр бээр хожим нь халимгуудыг төмрийн хүдэр хайлуулан их буу ба бөмбөг цутгахад зааж сургаад халимгуудын Хятадын эсрэг цэргийг удирдаж асар их алт мөнгө, үнэт чулуу олоод 1733 онд Сибирь ба Оросоор дамжин эх орондоо эргэн иржээ” гэсэн байдаг. (Цэвээнравдан хааны ойрад цэргүүд энэхүү швед эрийн тусламжтайгаар үхэр буу цутгаж манжуудтай хийсэн тулаанд ашигласан)

Байер нь үүн дээр нэмээд Ренат нь халимгуудад Европ маягаар ном хэвлэх урлагт сургаж, хэвлэх үйлдвэртэй болгосон гэж заасан байдаг.

Ренатыг Зүүн гарын хаант улсад байсан талаарх Гудвин овогтой хатагтай Уигорын бичсэн “Орост амьдардаг нэгэн англи эмэгтэйгээс Англи дах найздаа явуулсан түүхэн тэмдэглэгээ бүхий захидлууд” гарчигтай номд өөр хэдэн тэмдэглэл байдаг. Санкт-Петербург, 1735 он гэж тэмдэглэсэн нэгэн захидалд дараах зүйлсийг өгүүлжээ. Үүнд “Хэдэн өдрийн өмнө би татаруудын олзонд 18 жил болоод дөнгөж эргэж ирсэн нэгэн швед хатагтайтай ярилцсан юм. Түүний өгүүлсэн түүх гэвэл Шведийн ахмадын эхнэр тэр бээр нөхрийн хамт Оросуудад олзлогдоод бусад олзны хүмүүсийн хамтаар Сибирь рүү цөлөгдсөн. Тэднийг замд нь Татар Халимгууд дайрсан. Олзны хүмүүс давхар олзонд орохгүйн тулд харгалзаж явсан харуулын цэргийн хамт тулалдсан ч нөхөр нь үрэгджээ. Хувь тавилангийн эрхээр эх орон нэгт өөр нэг хүн тэдэнтэй хамт олзлогдсон байсан. Тэр хүн татаруудыг олон хэрэгтэй урлаг, түүн дотроо их буу цутгах урлагт сургасан бөгөөд тэд Хятадтай байлдаж байсан тул энэ тусыг нь өндрөөр үнэлж түүнийг болон нутаг нэгт нөгөө хатагтайг сулласан аж. Үүний дараа тэр хоёр гэрлэсэн бөгөөд одоо Швед рүүгээ буцаж яваа” гэжээ. Энд хатагтай Уигор Ренатын нэрийг дурдаагүй ч түүний тухай яригдаж байгаа нь эргэлзээгүй.

Швед хатагтайн ярьснаас үзвэл Халимгуудад олзогдог үедээ Коряков Яр-ын дэргэд байгаагүй харин өөр нөхцөлд нэлээд эрт олзлогдсон бололтой. Ренатын тухайд Халимгуудад их буу цутгах болон бусад хэрэгтэй урлагт сургасан гэхийн дунд ном хэвлэх үйлдвэр ч багтаж болох талтай. Гэхдээ Хятадын эсрэг дайнд нөхөр нь Халимгын цэргийн удирдагч байсан гэж дурдахгүй байна. Нөхрийн гавьяаны тухай ярьж байсан тул үнэхээр удирдагч байсан бол тэр тухай заавал дурдах байсан. Ренатыг “Алтан элсний тухай” бүтээлийн зохиогчийн хэлсэн шиг Ерөнхий командлагч байгаагүй гэдгийг гэрчлэх өөр нэг илүү үнэмшилтэй нотолгоо гэвэл Ренатын бүтээсэн газрын зураг өөрөө юм. Тэнд бүс нутаг дахь Халимгуудын ноёрхлын төв болж байсан Ил голын орчмыг маш дэлгэрэнгүй харуулаад Халимаг ба хятадууд хоорондын байлдааны гол талбар болж байсан Зүүнгарын хаант улсын зүүн хэсэг ба Дорнод Туркестаны Комулын орчмыг нэлээд алдаа мадагтай, өнгөц харуулсан байгаа юм. Ренат тэр нутагт өөрөө биечлэн очоогүй нь илэрхий тул Хятадуудтай хийсэн дайнд биечлэн оролцоогүй учраас Хятадын эсрэг Зүүнгараас явуулсан цэргийн удирдагч байх боломжгүй гэсэн үг юм.

Ренатын газрын зураг нь Зүүнгарын хаант улс ба Дорнод Туркестан, тэдэнтэй хөрш зэргэлдээ нутгийг харуулжээ.

Ренатын газрын зургийг зураглал ба агуулга

Ренатын газрын зураг нь 45-40 хүртэлх умард уртрагийн  болон 98-аас 108, Ферро арал хүртэлх дорнод өргөгийн градсыг тэмдэглэсэн хүрээтэй. Иймд газрын зураг дээр өргөргийн хувьд 5°-аас их, уртрагийн хувьд 9°-өөс их орон зайг багтаасан. Ингэхдээ Ренатын газрын зураг нь орчин үеийн газар зураг дээр байршуулбал уртраг болон өргөргөөрөө бараг хоёр дахин сунасан харагддаг. Үүнээс үүдээд дараах дүгнэлтийг гаргаж болно. Үүнд:

-Ренатын одон орны заалтууд алдаатай. Үнэхээр ч зураг дээр харуулсан нутаг нь хойд хэсгээрээ өмнөд зүг хэт сунасан, харин өмнөд хэсэг нь хойш сунасан, зүүн хэсгээрээ баруун зүг рүү сунасан байдалтай харуулсныг өөр үгээр хэлбэл газар орныг бүх талаас нь төв рүүгээ хэт шахсан байдалтай харуулсан. Тухайлбал, Семипалатинск хот байрласан Иртыш мөрний хэсгийг уртрагийн 45°-д харуулсан атал шинэ газрын зураг дээр 50 1/2° дээр байдаг гэх мэт. Ренат нь шинжлэх ухааны хүн биш учраас одон орны тооцоо хийгээгүй, бүгдийг зураг дээр таамгаар байршуулсан нь ойлгомжтой.

-Ренатын газрын зураг дээрх замын уртыг бодит болгохын тулд ойролцоогоор хоёр дахин багасгах хэрэгтэй. Зургийн масштабыг меридианы градусын уртаас гаргасан бөгөөд ойролцоогоор инч нь 30 бээртэй тэнцүү байна. Харин дор нь тэмдэглэсэн нь 36 бээртэй тэнцүү байна. Ийм их зөрүү тэмдэглэсэн нь градус ба масштабын хооронд үл тохирол байгааг харуулж буй хэрэг юм. Ямартаа ч Ренатын зурагны масштаб нь Туркестаны хязгаарын 40 бээрийн газрын зургаас илүү том.

-Зураг байгуулахад хийсэн бүх дутагдлыг улс төрийн хил, нуур, гол мөрөн, уул, элс, мод, хот, өвөлжөө болон хааны ордон байрласан газар зэргийг маш тодоор дэлгэрэнгүй заасан явдал нь засаж өгч байна.

Нийт газрын зураг дээр 250 гаруй газар зүйн тэмдэглэл хийсэн. Эдгээр тэмдэглэл нь заримдаа монгол эсвэл халимаг бөгөөд бүгдийг нь швед маягаар тодорхой системгүй буулгасан. Тухайлбал, нэг нэрийг янз бүрээр буулгасан: Sirgalang и Schirgalang, Chara и Schara, Sagan и Zagan, usun, usum, ussun гэх мэт.

Ренатын газрын зураг нь Songar'wke Kalmukie hwarun-der Kottonerne hora гэсэн нэртэй. Өөрөөр хэлбэл Коттон буюу Зүүн Туркестаны оршин суугчдыг эзэрхдэг Зүүнгарын халимагууд ба тэдэнтэй хөрш зэргэлдээ Сибирийн хэсэг Киргиз-Казакийн орд, Бурут, Киргизүүд, Узбекууд, Бухарчууд, Бадашханчууд, Сарыкольчууд, Кашмир ба Гаррикчууд, Хятадын мэдэлд байдаг Косиаутууд ба Тангутууд ба Монголчууд гэсэн нэртэй.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 10 сар 26. 13:33
Зочин

Тобол гээд ОХУ-ын кино байгаа түүн тээр энэ үйл явдал гарна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]