Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Вьетнамын дайны эхлэл: Тонкины буланд болсон явдалУншсан23,470

Цаг үе өөр болсон 1997 онд Вьетнамчууд Тонкины хэрэг явдалтай холбоотой хэвлэлийн хурал зарлаж, тухайн үйл явдалтай холбоотой өөрийн хамаг баримтыг ил болголоо.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1964 оны үед Өмнөд Вьетнамын партизанууд (Хойд талын коммунистуудыг дэмжигч нар) Сайгоны (Америкийн талыг баримтлагч засгийн эрх баригчид) армийн хангамжийн бааз, галт тэрэг рүү үе үе халддаг, заримдаа бүр жижиг хот руу хүртэл дайрдаг тийм цаг үе байлаа. Тэдэнд хойд Вьетнамын байнгын армийнхан илээр тусалж дэмжиж байсан бөгөөд Хойдынхны хувьд Вьетнам нь нэгдсэн нэг улс байх ёстой, тэгэхдээ коммунист засаглалтай байх ёстой байв.

Америкчууд үүнийг зүгээр хараад суухгүй нь мэдээж. “Албан ёсоор” дайтаагүй боловч Америкийн онгоцууд агаарт хөөрч, хөлөг онгоцууд нь Хойд Вьетнамын эрэг орчимд ойртож тагнуулын болон бусад үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Нэг ёсондоо хоёр тал аль аль нь их л тухтай, тайван муудалцаж байв.

Америкийн хөлөг онгоцууд 17-р параллелийг даван хойш явах нь элбэг (хоёр Вьетнамыг заагласан цэрэггүй бүс) бөгөөд өмнөд Вьетнамын хорлон сүйтгэгч нарыг хойдын нутагт хүргэх зэрэг ажлыг нь бүтээж өгдөг, радио-электроны дайн хийдэг, хэрэгтэй үед хойдуудын эрэг орчмын баазыг буудах зэргээр ажиллана.

Иймэрхүү байдалтай цаг хугацаа өнгөрсөөр 1964 оны 8-р сарын 2 боллоо.

Америкийн “Мэддокс” хөлөг онгоц “энх тайванч” байдлаар Тонкины буланд явж байх үед гэнэт гурван жижиг хурдан завь гарч ирэн гал нээжээ. Америкчууд ч хариу гал нээгээд, нэмэр болгоод агаарын тусламж дуудсан байна. Гурван жижиг завины эсрэг энэ хүчирхэг хөлөг хүч дутсан гэж баймааргүй.

Мэддокс

Гурван завь яаран буцан зугтах үед “Тикондерога” онгоц тээгчээс хөөрсөн 4 Крусайдер (Vought F-8 Crusader)  нисэн ирж өнөө гурвыг пуужингаар, их буугаар хэсэг буудаж гэнэ.

Америкчуудын хувьд хөлөг онгоцонд гарсан хэдэн сумны нүхийг (12.7 мм-ийн сумны нүх) эс тооцвол ямарваа нэг хохирол гэх юм үзсэнгүй. Гэхдээ л “муусайн хойдууд Америкийн байлдааны хөлөг онгоцны эсрэг буудна гэнэ ээ, сургаж өгнө дөө” гэсээр Мэддокс дээр Тэрнер Жой хөлгөөр хүч нэмжээ.

8-р сарын 4. Цаг агаар муу, далай давалгаалж, салхи шуурга тавьсан шөнө боллоо. Энэ үед Мэддоксын локатор ойр орчимд ямар нэг хөлөг байгаа гэсэн мэдээ өгснөөр америкчууд байлдааны бэлэн байдалд оров. Хоёр өдрийн өмнөх шиг жижиг завиуд байна уу, бүр том хүч байна уу гэдгийг тухайн үеийн тааруухан локатор хэлж өгч чадахгүй болохоор америкчууд нэлээд түгшиж байсан нь ойлгомжтой. АНУ-ын тэнгисийн цэргийн хоёр хөлөг янз бүрийн маневр хийж, дайсны хөлөг онгоц байж болох зүг рүү их буугаар нэлээд олон удаа буудсан бөгөөд дайсан хариуд нь торпед харвах шиг болсон байна.  Хоёр хөлгийн дөрвөн хүн торпед хажуугаар нь гараад явсан гэж ам шүд алдах бөгөөд тэр их давалгаа шуурга, шөнийн цагаар чухам яаж харсныг нь ойлгох хүн байсангүй. Удалгүй тусламжаар дуудсан нисэх онгоцууд ирж ойр орчныг самнасан боловч дайсны ямарваа нэг хөлөг онгоц байтугай завь ч олсонгүй.

Маргааш өдөр нь америкчууд бүр их хүчээр тус районд ирж самнан шалгаад бас л юм олоогүй бөгөөд хөлөг онгоцны туршлагатай ахмадууд юм олохгүй гэдэгт огт эргэлзэхгүй байсан гэдэг. Учир нь тухайн үеийн радар, хэрэг явдал болсон район, цаг агаарын байдал зэргээс харахад огт байгаагүй зүйлийг байсан юм шиг харж болохоор байв. 1960-аад оны электрон шүү дээ.

Харин АНУ-ын эрх баригчдад хөгшин чалчаа нарын үгийг сонсох сонирхол байсангүй. Ерөнхийлөгч Жонсон нь Хойд Вьетнамын өдөөн хатгалгыг зүгээр өнгөрөөхгүй тухай хатуу үгийг тэр даруй хэлсэн ба бараг энэ үгийг нь хэлж дуусаагүй байхад нисэх онгоц тээгчээс хөөрсөн сөнөөгч-бөмбөгдөгч онгоцнууд Хойд Вьетнамын нутгийг бөмбөгдөж эхэлжээ.

Вьетнамын гурван хурдан завь

Хойдууд энэ бүхнийг зүгээр хараад суусангүй хариу өгч, түүнийг нь тэртээ хойд талд байрлах ЗХУ дэмжин тэтгэж эхэлснээр ийнхүү Вьетнамын дайн эхэлсэн билээ.

1968 оноос Тонкины хэрэг явдлын талаар эргэлзсэн, гайхсан яриа хөөрөө Америкт гарч ирлээ. Олон хүн чухам яг юу болсон тухай мэдээллийг засаг төрөөс шаардаж эхэлсэн ба АНУ-ын Батлан хамгаалахын сайд Макнамара үүний хариу болгож “Вьетнамчууд бидэн рүү дайрах гэж бэлдэж байсан радио холбоог бид замаас нь барьж авсан бөгөөд тэд торпед бүхий гурван хөлөг онгоцоор дайрах төлөвлөгөөтэй байсан юм шүү” гэж хэлж. Макнамара тэгж хэлсэн бол тэгсэн л юм байлгүй. Уйдаж залхсан хойдууд барын сүүлээр оролдож байж том дайн дэгдээсэн юм байна гэмээр.

Цаг үе өөр болсон 1997 онд вьетнамчууд Тонкины хэрэг явдалтай холбоотой хэвлэлийн хурал зарлаж, тухайн үйл явдалтай холбоотой өөрийн хамаг баримтыг ил болголоо.

Тэнд байгаа баримтаар бол 8-р сарын 2-ны өдөр гурван жижиг завь Америкийн Мэддокс хөлөг рүү дайрсан нь үнэн бөгөөд энэ бол тухайн газар орныг хариуцаж байсан нэгэн жижиг даргын хувийн санаачлага байж. Баатар болох гэж яарсан нөхөр л бололтой. Харин жинхэнэ дайн эхлэх шалтгаан болсон 4-ний өдөр хэн ч далайд гараагүй байжээ. Вьетнамчуудын хувьд гарах ч аргагүй шуургатай өдөр байсан гэнэ.

Дараа нь америкчууд өнөөх Макнамарагийн хэлсэн вьетнамчуудын радио холбоог ил болгосон ба тэрхүү бичлэгт яах аргагүй хурдан завийг (cutter) далайд гарахад бэлэн байхыг тушаасан байж. Нэг гэм нь тэрхүү жижиг завиуд байрлаж байсан газар нь үйл явдал болсон гэх газраас 110 далайн миль зайтай (200 гаруй км), шуургатай далайд гарах боломжгүй, гарсан байлаа ч америкчуудын тэр яриад байгаа үйл явдалд яагаад ч оролцож амжихгүй хол байжээ.

Нэг иймэрхүү юмнаас болж найман жил үргэлжилсэн аймшигт дайн эхэлсэн гэдэг.

Үнэхээр техникийн алдаанаас болж ийм явдал болсон уу эсвэл хэн нэгний явуулгаар энэ бүх үйл явдал эхэлсэн үү гэдэг одоо хүртэл тодорхойгүй хэвээр. Магадгүй тэрхүү торпед зөрж өнгөрөхийг харсан гэх дөрвөн нөхөрт их учир байсан байж болох юм.

Вьетнамын дайны үеэр Америкийн 58 000 цэрэг амь ү р э г д э ж (1700 хүн сураггүй алга болсон), 300 000 цэрэг нь ш а р х д а ж насаараа э р х т э н  д у т у у  болсон бол тэдний холбоотон болох Өмнөд Вьетнам 250-300 000 цэргээ а л у у л ж, 1 сая гаруй цэрэг нь ш а р х а д с а н байна. Харин хойдуудын хувьд 2 сая энгийн иргэдээ а л д а ж, 1,1 сая цэрэг нь а л у у л с а н гэсэн тоо бий. Энэ бүхний дээр химийн хорт бодист хордож үе удмаараа одоо хүртэл зовж яваа олон мянган хүн, газар орон байгаа гэдгийг дурдаад л орхиё. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]