Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америк болон Зөвлөлтийн сансрын нисгэгчдийг харьцуулсан ньУншсан79,458

Тэд үнэхээр супермэнүүд, Зөвлөлтийн эхэн үеийн хэдэн сансрын нисгэгчид сулхан амьтад байсан хэрэг үү?

1970 оны зун цаг. ЗХУ-ын  сансрын Союз-9 хөлөг дөнгөж газардаад байлаа. Аврагчид, эрлийнхэн буугч аппаратыг цаг алдалгүй олж нээлхийг онгойлгон хөдөлж бараг чадахгүй байсан А.Николаевыг татаж чангаасаар гарган газар буулгах хооронд нөгөө нисгэгч В.Севастьянов өөрөө нээлхийгээр гарч ирэн буугч аппаратын ирмэг дээр сууж байв.

В.И.Севастьянов энэ тухай өөрөө ингэж бичжээ.

 

“Андрияаныг татаж гаргах хооронд би өөрөө яаж ийж байгаад нээлхийгээр гарч буугч аппаратын дээр суусан ба яагаад ч бууж чадахгүй нь тодорхой байлаа. Намайг автал яаж тэссэнийг бүү мэд. Газарт буулгах үед Андриян нүүрээ шороогоор арчиж харагдсан ба хацраар нь нулимс урсаж байв. Босож чадахгүй биднийг дамнуургаар нисдэг тэрэгт оруулаад нисэж явах үед эмч нар Андрияаны тэнд сүүтэгнэлдээд байхаар нь мөлхсөөр очтол дарга маань ухаангүй, зүрх нь зогссон, эмч нар зүрхний иллэг хийж байлаа...”

Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа сансрын нисгэгчид маань 15 минутын зугаалга хийж чадах болсон бөгөөд Андрияан Николаев жилийн дотор хоёр удаа зүрхний шигдээс болсон байдаг.

Яагаад ийм явдал болов? Ийм явдал олон тохиолдож байв уу?

Союз-9 хөлөг сансарт 18 хоног ажилласан бөгөөд энэ нь тэр үедээ хамгийн удаан хугацаагаар сансарт байсан тохиолдол юм. Тийм ч учраас өмнөх сансрын газардалтаас  (зарим нэг тохиолдлыг тооцохгүйгээр)  хамгийн хүнд нь байжээ.

Тэдний ниссэн Союз хөлгийн ашигтай талбай нь ердөө 8 кубметр, ямар нэг гүйдэг зам, унадаг дугуй зэрэг ачаалал авах боломж байхгүй, цусны эргэлтийг зохицуулах эм бэлдмэл үгүй тийм л үе байсан ба энэ бүхнээс шалтгаалаад суларсан бие организм нь газардах тэр их ачааллыг давж чадахгүй дээрээ тулж ирсэн байна.

Ийм явдал Зөвлөлтийн сансар судлалд үүнээс өмнө олон гэхээсээ илүү үргэлж гарч байсан гэх нь зөв ба жингүйдэл хүний биед хэрхэн нөлөөлөхийг зөвхөн ийм л байдлаар, сансарт байх хугацааг аажим аажмаар нэмэх замаар таньж мэдэж болох байсан билээ.

Ингээд энэ нислэгийн дараа удаан хугацаанд жингүйдлийн орчинд байвал газардах үед бүр  үхэх аюултай юм байна гэдгийг мэдэж олон судалгаа, арга хэмжээ авсны үр дүнд хүн сансарт 400 давсан хоног байж чадсан билээ.  

Союз-9 шиг газардалтын дараах хүндрэлтэй ойролцоо жишээг ЗХУ-ын сансар судлалын түүхээс олноор нь олж болно. Харин энэ үед далайн чанадад, АНУ-ын сансар судлал ямар байдалтай байв?

Хэдхэн зураг харуулах ба та Америкийн астронавтуудын байр байдлыг анхаараарай.

Сарыг анх тойрсон Аполлон-8 хөлгийнхөн буугаад удаагүй байдал. Союз-Аполлон програмын дагуу сансарт ниссэн Союз-19 хөлгийнхөн.

Жемини-5 хөлгийнхөн 8 хоног сансарт байж, буусны дараахан
"Жемини-7." 14 хоног сансарт байсан. Буусны дараахан онгоц тээвэрлэгч дээр авчирсан байдал.

Дээрх зургийн ихэнх нь Америкийн сансар судлалд ихээхэн том байр эзлэх Жемини төсөлтэй холбоотой бөгөөд тухайн үеийн ЗХУ-ын сансрын програмтай тун ойролцоо нөхцөл байдалтай байсныг дурдах хэрэгтэй болов уу. Хийж байсан судалгаа шинжилгээ, сансарт байх хугацаа... гэх мэт.

Сансарт удаан хугацаагаар байхад, жингүйдэл, түүнээс улбаалан биеийн ачаалал үгүй болсноос энэ бүх газардалтын үеийн хүндрэл бий болдог юм байж. Тэгвэл америкчуудын Жемини, Аполлон хөлөг нь ЗХУ-ын Восток, Восход, Союз хөлгөөс илүү зөв зохион байгуулалттай, ачаалал авах боломж, орон зайтай байсан хэрэг үү?

Уаз-469, Форд жийп санаанд орж байна уу?

Хариулт нь энэ байна

Нэг хүнд ногдох талбай нь Союз-4,25 куб.м/хүн, Жемини-1,3 м.куб/хүн, Аполлон-2 м.куб/хүн.

Нэмээд хэлэхэд зарим нэг нь Жеминигийн нэг хүнд ногдох талбайг австай зүйрлэдэг бөгөөд авсны хэмжээ ойролцоогоор 2 м.куб байдаг ба авсанд талийгаач нар том дуулга, сканфандртай хэвтдэггүйг тайлбарлах нь илүүц биз.

Тэгэхээр чухам аль хөлөгт нь хөдөлж, элдэв ачаалал авах тухайд маргах зүйл алга.

Яагаад америкийн астронавтууд ийм мундаг байдаг хэрэг вэ? Үнэхээр супермэнүүд байдаг гэж үү?

Энэ талаар олсон зарим нэг тайлбар нь :

Нэгд, “Америкийн Жемини болон Аполлон нь буух үедээ 3-4 g хэт даралт авдаг бол ЗХУ-ын Восток, Восход 8 g хүртэл хэт даралт авдаг байжээ. Дээр нь сансрын нисгэгч маань уруудаж яваа буугч аппаратаас шүхрээр үсрэх...

Ганцхан дээрх тайлбар үүнд хангалттай. Мөн америкчууд цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол зөвлөлтүүдийн амьсгалах систем агаараар буюу 21 хувийн хүчилтөрөгчөөр хангагддаг байна.”

Хоёрт, энэ талаар албан ёсны тайлбар байдаг бөгөөд хөл гарын ямар нэг тусгай дасгал хийдэг байсан, одоо энэ технологи нэгэнт алдагдсан. (энэ тайлбарын жинхэнэ эх сурвалжийг нь олж чадсангүй. Яагаад Америкийн сансар судлалын хамгийн агуу, гайхамшигтай техник, технологи ингэж алдагдаж, мартагдаж, алга болж байдаг юм бол?)

Гуравт, америкчууд хэзээ ч камерын өмнө уурласан, ядарсан царай гаргахгүй, үргэлж инээмсэглэж байх зарчмыг яс махандаа шингээсэн хүмүүс.

Дээрх хэдэн тайлбар жаахан ...

ЗХУ-ын Восток, Восход хөлөг үнэхээр өндөр хэт даралт авч буудаг байсан нь үнэн ч (аюулгүй, найдвартай байдлын төлөө ингэж бүтээсэн гэдэг) Союзын хувьд энэ нь огт тохирохгүй юм. Союз нь Аполлон болон Жеминитэй адил 3-4 g хэт даралт авдаг билээ.

Зөвлөлтийн сансрын эмнэлэг цэвэр хүчилтөрөгчийг осолтой, хүний биед сөрөг нөлөөтэй байж болно гэсэн үндэслэлээр агаарыг илүүд үзсэн байдаг. (сөрөг нөлөө нь бууж ирэхэд үхэх шахахаас л илүү аюултай байж л дээ янз нь)

Алдагдсан хөл гарын дасгалын тухайд бол энэ дотор тэр дасгалаа хийхийг нь хармаар байна. Чухам ямар гээч дасгалыг энэ дотор хийж болдог, тэр нь тийм мундаг үр дүнтэй байдаг юм бол?

Зураг-5. Жемини хөлөг гэдэг маань энэ. Энэ дотор суугаад 5-14 хоног ниснэ.

Зураг авахуулах америкчуудын зан заншлын тухайд бол no comment.

Тэгээд яагаад Америкийн астронавтууд газардсаны дараа (уг нь бол усандсаны дараа гэх ёстой байх) ийм сэргэлэн цовоо мундаг байдаг байсан хэрэг вэ?

Тэд үнэхээр супермэнүүд, Зөвлөлтийн эхэн үеийн хэдэн сансрын нисгэгчид сулхан амьтад байсан хэрэг үү?
Энэ удаа өөрийн гайхаж явдаг нэгэн асуултаа хуваалцаж байгаа маань энэ. Үүгээрээ ямар нэг “Саран дээр америкчууд очоогүй” гэх мэтийн эцэс төгсгөлгүй conspiracy theory-гийн нэг талыг баримтлах гэсэнгүй. Ердөө л яагаад гэдэг нь сонин байна.

P.S.

“Америкийн астронавтууд гэж бичлээ, сансрын нисгэгч гээд л болох байсан” гэж зарим нэг нь загнах нь тодорхой. Энэ талаар зарим нэг ойлголт байдаг билээ. Миний ойлгож байгаагаар сансрын нисгэгч гэж ганцхан хүн энэ дэлхийд байх ба тэр бол Ж.Гүррагчаа  хэмээх Монголын иргэн юм. Ганзоригийг маань ч ( жинхэнэ нэр нь Ганхуяг гэж сонсож байсан) тэгж нэрлэж болох ёстой гэж бодож байна.

ЗХУ, ОХУ-космонавт, АНУ (Европ, Япон г.м)-астронавт, Хятад-тайконавт гэж нэрлэдэг бөгөөд дэлхий нийтээр ихэнхдээ ийм байдлаар ханддаг. Америкийн астронафтыг космонавт юмуу эсрэгээр Оросын космонавтыг астронафт гэж өөдөөс нь харж байгаад хэлбэл юу болно гээч!  

Бид л дураараа хүмүүс учир юу дуртайгаа орчуулах боловч Монгол үг яриагаа үргэлж  гадаад хэллэгээр, өгүүлбэрээр илэрхийлнэ.

Нийтлэгч Чалчаа саарал

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]