Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Богд уулын тайлгаар адуу мал завшсан ба Баатар бэйл, Шижир баатарын тухай хуучУншсан37,874

...Ноён, хатан хоёул Наваан равжамбаас хүүхдийнхээ төөргийн тухай асуусанд шоогоо орхиж үзээд "Нүдгүй хэрэг хийвэл нүдгүй үр төрнө" гэж айлдаж байсныг би үзсэн.

XX зууны соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч хатагин Цэндийн Дамдинсүрэнгийн "Өвгөн Жамбалын яриа" номонд шижир алтнаас үнэтэй олон ардын яриаг сурвалжлан тэмдэглэж үлдээсэн байдаг.

Ц.Дамдинсүрэн гуайд хууч хөөрч дурсамжаа ярихдаа 1958 онд 77 настай байсан Жамбал нь  Наймдугаар Богд Жавзандамбын дэргэд олон жил үйлчилж, Бадма Ёга дацангийн дуганч буюу зарлагын чанартай алба эрхэлж, олон жил хашсан хүн юм.

"Өвгөн Жамбалын яриа"-нд түүхийн гэрч болох олон мэдээ байх бөгөөд үүний нэгийг энд өгүүлье.

БОГД УУЛЫН ТАЙЛГА

Богд уулыг жилд хоёр удаа тайдаг байлаа. Хавар тайхад Манж амбан, намар тайхад Хүрээний Монгол амбан тус тус очно. Монгол амбан тайлга хийгээд, Чулуутын аманд хоёр сар шахам болно. Богд уулын сүрэг гэж цагаан, хээр, бор хонгор зүсмийн хоёр мянга шахам адуу байсан юм гэдэг. Үүнийг Монгол амбан тоолдог юм. Нэг Манж амбан хавар, Богд уулыг тайх гэж явахын урьд өдөр, их цасан шуурга тавьж сүйд болсонд, тэр амбан "Зарлигаар тайж байгаа болохоос биш, би санаагаараа тахиагүй, чи яаж байгаа юм бэ?" гээд Богд уулыг хорин ташуур занчиж, дөнгө зүүж шийтгээд, модон дөнгийг овоон дээр тавьсан гэнэ билээ. Тэр намар нь бас олон адуугаар торгож, түүнийг манж амбан хурааж урагш нь нэгийг ч үлдээлгүй туугаад явчихсан. Манж, Монгол амбан хоёул эвсэж энэ олон адууг завшсан юм. Богд уулыг торгож, агтыг хураасан нь Бадруулт төрийн хориод оны үед (1894, 1895 орчим) болно. Би тэр үед 12 орчим настай байсан юм.

Монгол амбан болох Дархан вангийн хатан нь Богд уулын сүргийг завшсаны хойд жил Амарбаясгалантад очиж мөргөсөн ба тэнд алт, сувдаа алдаж олон лам нарыг зодуулж шүүлгэсэн юм.

Тэр үед тэр хатан жирэмсэн байжээ. Хойд жил нь нүдгүй хүүхэд төржээ. Цэцэн тойны аймагт Наваан рабжамба гэдэг мэргэн гавж байсан. Ноён, хатан хоёул Наваан равжамбаас хүүхдийнхээ төөргийн тухай асуусанд шоогоо орхиж үзээд "Нүдгүй хэрэг хийвэл нүдгүй үр төрнө" гэж айлдаж байсныг би үзсэн.

Дүнжин гарбо гэж Хүрээнд О вангийн байгуулсан сүм байлаа. Богд уул түшээ гүн зэрэгтэй байсан тул түүний пүнлүү гэж Бээжингээс мөнгө ирүүлдэг байжээ. Сүүлийн үед Манж амбан тэр мөнгөнөөс ганц хоёр дуутуур Богд уулын овоонд өргөөд бусдыг өөрөө авдаг байжээ. Богд уулын овооны дэргэд нэг байшин дотор нүх байдаг. Түүний дотор мөнгийг шидэж хийдэг байсан. Овооны дэргэдэх байшин дотор Баатар бэйлийн нум сум байдаг юм.

Баатар бэйл бол Халхын хамгийн их баатар юм. Түүний дагуулд Шижир баатар орно. Баатар бэйл Шижир баатар хоёр бол нэг үеийн хүмүүс бөгөөд тавдугаар Богдын үед байсан хүн гэдэг билээ. Хүрээнд Баруун Өргөө гэж цам гарахад хурал хурах ба гүрэм хийдэг өргөө байсан. Энэ бол Баатар бэйлийн өргөө юм гэдэг.

Шижир баатрын өвөлжөө Улаанбаатарын баруун хойд Шижирийн давааны ард байсан. Шижир баатар, Баатар бэйл хоёр Өөлдийн дайнд яваад Манжид очиж, Баатар бэйл нь их ямба ёсоор шагнуулжээ. Харин Шижирийг шагнасангүй. Тэгэхээр Шижир гомдож, Манжийн хааныг харвах гэж ар дахь сумаа тэмтэрсэнд гарт нь сум олдож баригдаагүй юм гэнэ. Тэгээд хаан "Чамд юм шагнахгүй. Чи ар газар гарсан миний дотор хүнээс дуртай юм аа хэрэглэж яв" гэж зарлиг буулгасан ёсоор Шижир баатар Халхад ирсэн хятад худалдаачдын юмыг дээрэмдэж амьдарсаар үхсэн гэдэг юм. Ардын ярьдаг үгэнд Хятадын хэдэн худалдаачин явж байж гэнэ. Нэг нь "Шижир ирэх вий дээ" гэж хэлсэнд нөгөө нь "Шижир яадаг юм бэ" гэж их омогтой ярьж байжээ. Тэгтэл Шижир хүрээд ирсэн юм байжээ. Тэгэхэд өнөөх омогтой хятад нь "Шижир гуай өмдөө тайлах уу” гэж сандарч байсан гэж хэлцдэг.

Тэр Шижир баатрын удам угсаа Илдэн гүн буюу Илдэн вангийнх гэж ядуу хошуу, Хүй Шижирийн давааны араар нутагтай байсан. Түшээт хан аймгаас мянган цэрэг татахад эднийх ганц цэрэг гаргадаг ядуу, арван зургаан өрхтэй хошуу байжээ. Урьд эзэн хаанд сум тэмтэрсэн учраас өөдөлдөггүй юм гэж хүн хэлэлцдэг.

Баатар бэйлийн удам нь сүүлийн үеийн Хараагийн Баатар ван болно. Илдэн гүн ядуу ба үр тасрахад хүрсэн болохоор Балдангомбо тайж гэж олон хүүхэдтэй нэг тайжийг Баатар вангийн хошуунаас гамин ирэхийн урьд жилийн орчим шилжүүлэн авч байсан. 16 өрхийн дотор өөрийн төрлийн тайж ч байхгүй байжээ. Гамингийн үед Илдэн гүн гэж нэг өвгөн тамгаа үүрээд явган зугтаж, эхнэрээ дагуулж ирсэн. Тэгэхэд Богдоос нэг сайн гэр өгсөн юм гэнэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]