Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хятадад очих гээд Америкт ирсэн нь буюу хаан болох гээд хоригдол болсон эрийн түүхУншсан13,441

Христофор залуу зандан цагтаа Африкийн эргээр ихээхэн эргэлдсэн хүн гэдэг ба яг юу хийж байсан нь бас л тодорхойгүй.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Америк тивийг нээсэн Христофор Колумб бол дэлхийн улс орнуудын хөгжилд асар том үүрэг гүйцэтгэсэн, шинжлэх ухааны төлөө бүх л амьдралаа зориулсан хүн билээ... гэх маягийн лоозун маягийн магтаалыг энд тэнд их л бичдэг, тэрийг нь уншдаг байж. Гэтэл зөвхөн энэ өгүүлбэрт л гэхэд хэд хэдэн алдаа бий. Нэгдүгээрт, Колумб Америк тивийг нээгээгүй буюу Америк тив хүрэх замыг л нээсэн хүн. Энэ хоёр нь ихээхэн ялгаатай зүйл бөгөөд дээр нь нөгөө Америго Веспуччи энэ тэрийг яриад ч яахав. Хоёрдугаарт, Колумб шинжлэх ухааны төлөө бүх л насаа зориулсан хүн огтоос биш буюу тэр хүн мөнгөтэй баян тарган байж, үй олон боолтой болоход хамаг амьдралаа зориулсан хүн байсан бололтой. Ингээд Христофор Колумб гээч хүний тухай жаахан хар саарал талаас нь сонирхуулахад:

Энэ хүний гарал үүсэл, урьд өмнийн амьдралын тухай мэдээлэл байхгүйтэй адил. Өөрөө бол хар нялхаасаа л далайгаар тэнэж байсан гэх ч өөр бусад баримтаар бол мань эр үнэндээ арьс ширний хамгийн жижигхэн наймаачин байснаа нууж байсан бололтой. Ингэх учир бий бөгөөд Хирстофор нь жирийн нэг ядуу нэхмэлч, лангууны худалдаачны хүүхэд байсан нь тухайн цагийн дээдсүүдтэй харьцахад саад болдог, бараг л гэмт хэрэгтэнтэй адил шахам байсантай холбоотой гэнэ.

Сонирхуулахад Генуя хотын 1470 оны шүүхийн нэгэн шийдвэрт Доминико Колумб болон түүний хүү Христофор Колумб нарыг бяслагны худалдаачин Жироламо дель Портод өртэй гэдгийг тогтоож нэн даруй өрөө төлөхийг шаардсан байсан гэдэг. 1506 онд Колумб өрөө төлөөгүй л байсан ба энэ өрийг төлөхийг өөрийн үр хүүхдүүдэд даалгаж гэрээслэлдээ оруулж байж. Харин 1523 онд түүний хүү Диего бас л өөрийн гэрээслэлдээ өвөг эцгээс эхтэй энэ өрийг төлөх үүргийг өөрийн хүүхдүүддээ үлдээсэн байна. Нохой сүүлээ, сүүл нь... гэмээр энэ зуун дамжсан өр нь тун ч ялихгүй хэмжээний юм байсан бололтой юм билээ.

Христофор залуу зандан цагтаа Африкийн эргээр ихээхэн эргэлдсэн хүн гэдэг ба яг юу хийж байсан нь бас л тодорхойгүй. Гэтэл тэр цагт Африкийн эргээр боолын худалдаачид л өөд уруугүй хөлхөлдөж байсан цаг юм.

Нас ахиж буурь суусан эр жижиг сажиг юмаар оролдохоо больж, Ази тивд хүрэх шинэ зам нээж олоход бэлэн болсноо зарлан энэ ажилд нь туслах улс гүрэн, баян тарган хүн хайж 10 гаруй жилийн турш Европын олон том улсын хаадын ордны босгыг элээж, үргэлж бүтэлгүйтэж байсан ч Колумб бууж өгөлгүй явсаар. Он удаан жил зүтгэсний хүчинд Изабелла хатан хааныг зөвшөөрүүлж чадсан ба үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд худал үнэн олон юм нэмж хасч танилцуулж байсан юм байх.

Ази хүрэх шинэ замыг танилцуулж байгаа нь

Хатан хаан Изабелла 1492 онд мань эрд “дон” хэмээх тодотгол олгосон буюу тайж хэргэмтэй болгосны дараа аянд гарах зөвшөөрөл өгч уг аяныг зохион байгуулах зардлын 1/8-ийг Христофорыг өөрөөр нь гаргуулахаар болсон байна. Шанд нь мань эр шинээр олж нээх газрынхаа дэд захирагч гэсэн цолтой болж, (хааны дараагийн хүн болох ба шинэ нутагт бүх л шүүх, засаглах эрх мэдлийг гартаа авна) үүнийгээ үр удамдаа үлдээх эрх авчээ. Ганц гэм нь энэ хүнд мөнгө байсангүй. Юун далай туулах хөлөг онгоц бүтээх хөрөнгө байтугай өмсөх зүүхдээ ч татуухан байсан эрд энэ бол бүтэшгүй зүйл мэт байлаа. Гэсэн ч Колумб энэ бүхнийг шийдэж хөрөнгө мөнгө олж чадсан ба хатан хааны дэмжлэг гэдэг маань өөрөө тэр чигээрээ хөрөнгө байжээ.

Анхны аян

“Испани улсад хэдэн боол хэрэгтэй байна төдийг авчирна, асар их алт мөнгө, үнэт халуун ногоо олж ирнэ” гэсэн амлалт авсан эр анхны аяндаа гарлаа. Далайгаар нэлээд удаан явж байх тэр үед манай нөхөр өөрийнхөө хөлгүүдийн (нийт гурван хөлөг онгоц) ахмад нартай багагүй муудалцсан ба зарим нэг нь ер нь л буцах дээрээ тулж байж. Гэсэн ч мань эр луужингийн чиг заалтыг өөрчлөх, элдэв юм зохиож ярих зэргээр нөхдийг аргалсаар байх үед хэсэг шувуу нисэж байхыг харлаа. Шувуу нисэж байна гэхээр газар ойрхон байна. Зорьсон, хайсан Хятад, Энэтхэгээ оллоо гэж үү?

Энд бас нэг юм хэлэх хэрэгтэй байх. Колумыг далайд гарахын өмнө хатан хаан Изабелла нь “хэн хуурай газрыг хамгийн түрүүнд олж харна, тэр хүнд 10000 алтан зоос өгөх болно“ гэж мэдэгдсэн юм байж. Тэрхүү газрыг Пинта хөлөг онгоцны усан цэрэг Родриго Триана анх олж харсан ба энэ бол Багамын аруудын нэг хэсэг байжээ.

Айвазовскийн зурсан "Колумб хуурай газарт хүрсэн нь"

Ингээд нөхдүүд хуурай газар хүрч ирэхэд Колумб нотариус болон өөр бусад албаны хүнтэй эрэг дээр бууж Кастилийн тугийг мандуулан шинэ газар нутаг олж эзэн хааны мэдэлд оруулсан тухай хууль зүйн баримт үйлджээ. Харин хуурай газрыг анх олж харсан хүн нь Христофор Колумб гээч хүн, тэр хүн 10000 алтан зоос авах ёстой болсон тухай баримт бичихээ мартаагүй юм.

Колумб Ази тивд ирлээ гэж бодож байсан бөгөөд ирсэн газраа Энэтхэг гэж тооцож, (заримдаа Хятад, Япон ч байж магадгүй юм бодож байсан гэдэг) эндээ анхны Европ маягийн сууринг байгуулахаар боллоо. Эвдэрсэн усан онгоцны багийнхан нь шинэ суурингийн анхны иргэд болох ёстой байсан ба ганц тулгарч байгаа бэрхшээл нь хоол хүнс. Колумб энэ асуудлыг их амархан шийдсэн буюу зүгээр л “дээрэмд” гэж тушаажээ.

Харь газраас ирсэн цагаан арьстнуудыг сонирхон ирсэн уугуул нутгийнхан Колумб болон бусад далайчдад хатсан өвс өгсөн нь тамхи байсан ба тэд хэр чадлаараа зочдоо хүндэлж байгаа нь тэр байж. Тэдгээр нүцгэн шахам уугуул индиануудын зарим нь алтан эдлэл зүүсэн байхыг харсан Колумб “хаанаас ийм алт олсон бэ” гэж асуугаад нөгөө хэд нь ойлгохгүй ч юм уу, нуугаад ч байгаа юм уу мэдэгдэхгүй болохоор нь нөгөө хүндлэл үзүүлэх гэж ирсэн нөхдийн зургааг барьж аван хүчээр алт байгаа газрыг заалгахаар авч явсан байна.

Жил гаруй эрэг даган тэнэж явсаар (маш олон шинэ арал олсон, Куба хүрсэн г.м.) эргэн ирэхэд үлдээсэн хэд нь нутгийнхантай муудалцаж дайтаад бүгд  а л у у л с а н  байжээ. Хэдийгээр олон далайчид нь үрэгдсэн боловч Ази тивд хүрэх шинэ зам нээсэн, удахгүй асар их алт олж, боолыг мянга мянгаар нь Европт аваачна, нутагт нь асар үнэтэй байдаг халуун ногооны эх орон болох Энэтхэгт нөгөө талаас очих зам олсон зэрэгтээ бүрэн сэтгэл ханасан Колумб бушуухан нутаг буцаж, алдар хүндээ мандуулахаар яарсан байна.

Нэгэнт замаа олсон юм чинь дараагийн удаа бүр олон онгоцтой ирж “орон нутгийн хаан” болно гэж тооцож байжээ. Яг үнэндээ Колумбын анхны аялал нь Ази тивд хүрэх шинэ зам олсон гэдгээс өөр (энэ нь ч бас буруу ойлголт байсан гэдгийг бид мэдэх хойно) ямар ч үр ашиг авчраагүй, үнэт эд зүйл алт мөнгө халуун ногоо юу ч олоогүй гээд бүрэн бүтэлгүйтсэн гэж хэлж болохоор байлаа. Гэсэн ч Колумб шантрах хүн биш.

 1493 оны 5-р сард Колумб хааны ордонд ирлээ. Улс орны асар их мөнгөөр тоглосон зальтай эрийг яаж орж ирэхийг, хэрхэн баригдахыг нь харах гэж ордны төдийгүй хавь ойрын хамаг албан тушаалтан, язгууртнууд хүлээж ядан байлаа. Гэтэл хаалга онгойход ер бусын ганган, үнэтэй эдээр хийсэн хувцастай эр маань өч төчнөөн зарц барлаг дагуулсан, алтан ээмэг бугуйвч зүүлт болсон зургаан индиан зарц нь хачин сонин жимс ногоо дүүргэсэн сав суулга барьсан, тэдний мөрөн дээр суусан тоть хэмээх хашхичсан этгээд  шувуу...

Энэ бүх содон сонин зүйлд бусдын адил цочирдсон хатан хаан Колумбыг хажуудаа суулган цугтаа хоол идэн дараа дараагийн ажил төрлөө ярьж хөөрөлдөж эхэлжээ.

Анхны аяны дараа эргэн ирж байгаа Колумб

Хоёр дахь аян

 1493 онд Колумб дахин  “Ази тивийг” чиглэн гарлаа. Энэ удаа тэрээр өнөөх л асар их алт мөнгө, үнэт эд зүйл Ази тивийн хаана байгааг олж илрүүлэн бөөн бөөнөөр Европ руу зөөхөөр гарсан ба нийт 17 хөлөг онгоцтой, 2500 орчим усан цэргүүд төдийгүй язгууртнууд, лам, түшмэд, үхэр, хонь ямаа, илжиг, гахай гээд хэрэг болох бүх л зүйлийг авч явсан гэдэг. Анхны гуравхан жижиг онгоцтой гарч байсан аялалтай харьцуулах юмгүй далайцтай энэ аянаар Колумб өөрийн олж нээсэн газрыг нэлээд хэмжээгээр тэлж, төдий хэмжээгээр нутгийн уугуул оршин суугчдыг х я д а х ы г хядаж, хөөж туухыг нь туусаар алт мөнгөө хайж эхэлсэн байна.

Нэлээдгүй хугацааны дараа (1495 он) Испанийн засаг захиргаа Колумбын явуулж буй алт мөнгө, үнэт эдлэл гэж дэндүү өчүүхэн байгааг тооцож үзсэн ба маш их хөрөнгө зараад ийм бага ашигтай байгаа үйл ажиллагааг зогсоож оронд нь илүү ирээдүйтэй ажлыг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Колумбын хувьд энэ бол бүх насных нь мөрөөдөл нь нуран унаж байгаа хэрэг байлаа. 1496 онд тэрээр Европт яаран эргэн ирж өөрийн хийсэн, хийх гэж байгаа ажил, их ашиг олж болох ирээдүйн тухай хачин сайхнаар ярьж танилцуулсан боловч хаад ноёд түүний үгэнд тэгтэл их хууртсангүй.

Гурав дахь аялал

1498 он. Энэ удаа 6 жижиг онгоц, 300 гаруй хүнтэй гарсан ба Колумбын олж чадсан хөрөнгө төсөв нь ердөө л энэ. Бас хөлгийн багийнхны ихэнх нь Европын шоронд сууж байсан гэмт хэрэгтнүүд байлаа. Хөрөнгө мөнгө хэмнэх гэж ийм баг бүрдүүлсэн Колумб тэдгээр нөхөдтэй хатуу ширүүн харьцаж удирдлага дороо байлгасан гэдэг. Яваандаа энэ хатуу ааш араншингаа хавь ойрын бүх л зүйлд гаргаж эхэлснээр нутгийн уугуул иргэдийг хайр найргүй алж хядах нь эрс ихэссэн боловч өнөө их алт мөнгө, халуун ногоо олдохгүй л байлаа.

Колумбын ажил үйлс иймэрхүү байх хооронд Васко да Гама жинхэнэ Энэтхэг орох усан замыг нээж асар их халуун ногоотой ирсэн ба хамгийн гол нь Колумбын нээсэн гээд байгаа тэр газар Ази тив, Энэтхэг биш гэдгийг нотолсон явдал байв. Одоо Колумб Испани эздийн хувьд жирийн нэг луйварчин болж хувирсан ба шинэ газар орон, зам нээсэн гэж Колумбд олгож байсан бүх шагнал, хүндлэлийг хүчингүй болгож, Франсиско де Бободилью гэгчийг араас нь явуулжээ. Эзэн хаанаас олгосон бүрэн эрхтэй энэ хүн очингуутаа Колумбыг барьж гавлаад (ах дүү нартай нь цуг) Европ буцах онгоцоор явуулжээ. Шинэ газар нутаг нээж хааны дараагийн хүн болно гэж мөрөөдөж их далайг гаталсан хүн маань буцахдаа хөлгийн ёроолд, гав гинжтэй хэвтсээр Европт эргэн ирсэн гэдэг.

Дөрөв дэх аялал

Гав гинжтэй ирсэн Колумбыг шоронгийн ёроолд хаях нь тодорхой мэт боловч түүнд итгэдэг, үнэндээ бол байсан хамаг хөрөнгөө түүний их аянд оруулсан хүмүүс зүгээр суусангүй. Тэд засаг захиргааны урдуур хойгуур орж гүйсээр байгаад Колумбыг суллуулж амжлаа. Колумб ч гарч ирэнгүүтээ ажиллаж эхэллээ. “Зорьсон зүйлдээ хүрэх тун дөхөж байхад гайтай юм ирж хамаг юм сүйдэллээ... ингээд оруулсан хөрөнгө мөнгөө алдаж болохгүй, одоо дахиад нэг жаахан хөрөнгө оруулалт хийхэд дахиж очоод сүйдлээд өгнө” гэх мэтийн юм ярьж байсан биз.

1502 онд 4 хөлөг онгоцтой гарсан эр энэ удаа “Ази тив"-ийн эрэг дагуу хэрэн хэсэж явсаар өнөөгийн Панамын буланд очсон гэдэг. Тэрээр Номхон дөлгөөн далайд 65 км ойртсон бөгөөд харамсалтай нь үүнийгээ мэдээгүй. Ингээд урт удаан аянд ядарч зүдэрсэн хүмүүс нь өлсөж цангаж, өвдөж суларч аргаа барах үед Колумб Эспаньол дахь захирагчид хандан тусалж дэмжихийг гуйсан элч явуулж байсан нь энэ хүн тун ч ядарсны илрэл биз. Чухам энэ үед Колумб нөгөө сарны хиртэлтийг ашиглаж индианчуудаас хоол хүнс салгаж аван, өлсгөлөнгөөс аврагдсан алдартай явдал болсон билээ.

1504 онд Колумб Европт буцан иржээ. Энэ удаа урьдын гялалзсан Колумб биш өвчин зовлонд баригдаж шаналсан, ирээдүйгүй болсон нэгэн өвгөн л эрэг дээр буусан ба тэрээр хоёр жилийн турш хаад ноёдтой эд мөнгөний маргаан хийж байгаад 1506 оны 5-р сарын 20-нд 55-тайдаа бие баржээ. Шинэ тив нээсэн ч түүнийгээ мэдэлгүй явсаар насан эцэслэсэн нэгэн хүний түүх энэ буюу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]