Эрнст Гомбрих "Хүүхэд, залууст зориулсан дэлхийн товч түүх" нэрээр анх 1936 онд хэвлүүлсэн ном дэлхийн бестселлер болж, олон арван хэлээр орчуулагдсан. Тэрээр 70-аад жилийн дараа буюу 2001 онд дахин нягтлан засварлаж, шинэ бүлэг нэмж, туслах Кэролин Мастиллын хамт англи хэлнээ хөрвүүлсэн нь 2005 онд "Дэлхийн бяцхан түүх" нэрээр гарсныг орчуулагч Г.Лхагвадулам Монгол хэлнээ хөрвүүлж уншигчдад хүргэсэн билээ. Хүүхэд бүрийн уншвал зохих номын жагсаалтад хэдэнтээ багтаж, олон улсад тасралтгүй хэвлэгдсээр байгаа энэ ном чулуун зэвсгийн үеэс цөмийн эрин хүртэлх хүн төрөлхтний түүхийг түүдгийн дэргэд үлгэр ярих мэтээр хүүрнэжээ. Номын хэсгээс "ГАЙХАМШИГТ АДАЛ ЯВДАЛ" бүлгийг уншигчдадаа хүргэе.
Грекийн их сэргэн мандалт удаан үргэлжилсэнгүй. Грекчүүдэд хийж чаддаггүй юм гэж байгаагүй ч гагцхүү бие биетэйгээ эвтэй найртай амьдрахыг л сураагүй юм. Ялангуяа Афин, Спартчуудын зөрчил хэрээс хэтэрч, нийтийн тооллын өмнөх 430 онд зэр зэвсэгтээ тулав. Их цус урсгаж, олон жил үргэлжилсэн энэ тэмцлийг түүхэнд Пелопоннесийн дайн гэдэг. Спартчууд эхлээд Афин руу халдаж, зах хязгаар нутгийг нь хүртэл бусниулж орхисон юм. Тэд Афины тослог модыг хүртэл сүйтгэжээ. Тослог мод их удаан ургаж, чидун жимс гарах нь ч олон жилийн арчилгаа шаарддаг тул энэ нь тун базаахгүй явдал байлаа. Афинчууд хариу цохилт өгч, Италийн өмнөд хэсэг Сицилийн Сиракуза дахь Спартын эзэмшил газрууд руу дайрав. Энд болсон томоохон тулалдааны дараа Афинд тахал гарч (энэ тахлаар Перикл өөд болсон), афинчууд дайнд ялагдав. Дайн дажин л болсон хойно энэ дайны дараа зөвхөн афинчууд гэлтгүй бүх Грек даяараа цөхөрч туйлджээ. Ялагчид ч ялгаагүй. Дайран дээр давс гэгчээр Дельфийн ойролцоо аж төрдөг нэгэн аймаг зөнчийн дуганы хувраг санваартнуудын тусламжтайгаар Аполлон бурхны ариун газрыг эзэлсэн нь их үймээн самуун дагуулав.
Энэ бужигнааныг гаднын нэгэн аймаг (гэхдээ тийм ч харь биш) өөрсдөдөө ашигтайгаар эргүүлсэн юм. Хойд Грекийн уулархаг нутагт аж төрдөг байсан тэднийг македончууд гэнэ. Тэд грекчүүдтэй угсаа гарваль ойролцоо бөгөөд догшин ширүүн, дайнч түмэн гэдгээрээ танигдаад байлаа. Македоны хаан Филипп тун ов мэхтэй нэгэн байв. Грекээр яг л грек хүн шиг ярьдаг, грек соёл, ёс заншлыг сайн мэддэг түүний ганц зорилго нь бүх Грекийн хаан болох байв. Дельфийн ариун дуган эзлэгдэж сүйдсэн нь Грекийн бүх овог аймгийг босоход хүргэсэн тул Филипп үүнийг далимдуулан зорилгоо биелүүлэхийг боджээ. Афины нэгэн улстөрч түүнийг бүр эртнээс сэжиглэж, далд санааг нь гадарлаж байлаа. Демосфен хэмээх тэрхүү мэргэн хүн хотын зөвлөлд олны анхаарал татах үг хэлдгээрээ алдартай байсан бөгөөд Филипп хааны эсрэг нэгдэхийг афинчуудад хэдэнтээ уриалжээ. Гэвч афинчууд төдийгүй бүх Грек Филиппийн эсрэг нэгдэхэд дэндүү хүчин мөхөс, эв түнжин муутай байлаа.
Ингээд нийтийн тооллын өмнөх 338 онд буюу Грекийн арми Персийн их хүчнийг сүр жавхлантайгаар ялснаас 100 хүрэхгүй жилийн дараа агуу Грек улс Херонеяд болсон тулалдаанаар хаан Филипп болон түүний бяцхан Македонд ялагдав. Энэ нь Грекийн эрх чөлөөт үеийг эцэслэсэн ч хожим энэ явдлаас грекчүүд олон ашигтай зүйл хүртсэнийг тооцвол тийм ч таагүй явдал байгаагүйг онцлох хэрэгтэй. Филипп хаан грекчүүдийг боолчилж, тонон дээрэмдэхийг хүссэнгүй. Түүнд өөр мэргэн санаа байсан нь грек, македончуудаас бүрдсэн хүчирхэг арми байгуулж, Персийг эрхшээлдээ оруулах байв.
Персийн их байлдан дагууллын үед ийм зүйлд зорино гэдэг байж боломгүй хэрэг байсан ч Филиппийн үед олон зүйл өөр болжээ. Дарий хаан шиг шийдэмгий, Ксеркс хаан шиг хүчирхэг нь Персийн эзэнт гүрэнд хаанчлахаа болиод удсан байв. Перс хаад улсын хэрэг явдлыг бие даан шийдвэрлэхээ больж, хязгаар нутгуудаас сатрап түшмэдийнхээ илгээсэн эд мөнгөөр наргиж цэнгэн, орд харш бариулж суух болжээ. Тэд алтан аяга, тавагнаас ундалж зоог хүртэн эр, эм гэлтгүй боол шивэгчид нь хүртэл ганган хээнцэр хувцасладаг болж. Тэд бүгд дарсанд орж, сатрапууд нь хүртэл зугаа цэнгэлд автжээ. Ийм орныг эзлэх амархан гэж Филипп санав. Гэвч тулаалдааны бэлтгэл ажил дуусахаас өмнө хаантан тэнгэрт хальсан юм.
Төрөлх Македоноосоо гадна бүх Грекийг эцгээсээ өвлөсөн түүний хүү Апександр тэр үед 20 ч хүрээгүй байлаа. Шинэ хааныг балчрыг далимдуулж грекчүүд Македоны эсрэг нэгдсэн гэж чи бодож байна уу? Яавч үгүй. Учир нь Александр ердийн нэгэн байсангүй. Бараг л ухаан орсон цагаасаа тэрээр хаан ширээнд суухыг тэсэн ядан хүлээж байв. Хаан эцгээ Грекийн өөр нэг хот эзэллээ гээд ирэх бүрт “Аав намайг хаан болох цагт эзлэх газар үлдээхгүй нь” гэж уйлдаг байсан гэдэг. Харин бүх зүйл түүнийх болмогц Апександр хэнээс ч дутахгүй хаан болохоо харуулав. Македонд захирагдахыг үл хүссэн нэгэн грек хотын иргэд зэвсэг барин тэмцэхэд Апександр хотыг сүйтгэж, бусдад анхааруулга болог хэмээн босогчдыг боол болгон худалджээ. Тэгээд Персийн эсрэг явуулах аян дайны талаар зөвшилцөхөөр бүх Грекийн удирдагчдыг Коринф хотод их чуулганд урьсан байна.
Нэгэн чухал зүйл тодруулахад Александр хаан зөвхөн эр зоригтой, хүсэл тэмүүлэлтэй хүн байсангүй. Түүнд их олон сайн тал байлаа. Урт, буржгар үстэй, зүс царай, бие бялдар нь төгс сайхан, хаанаас нь ч харсан эрэлхэг дайчин, хаан эзний дүртэй байв. Тэрээр цаг үеийнхээ мэдвэл зохих бүхнийг мэддэг байсан гэдэг. Энэ ч аргагүй юм. Учир нь бүх цаг үеийн хамгийн мэргэн, хамгийн алдартай сэтгэгч Грекийн гүн ухаантан Аристотель түүний багш байлаа. Аристотелийг зөвхөн Александр хааны төдийгүй бүх хүн төрөлхтний багш хэмээвэл хэтрүүлэг болохгүй. Түүнийг үгүй болсны дараах 2000 гаруй жилийн турш хүн төрөлхтөн эргэлзэж, будилах бүртээ түүний үгийг л онцгойлон уншдаг юм. Аристотель олон хүний хувьд эрхэм дээд шүүгч нь байсаар ирсэн. Цаг үеийнхээ эрдэм мэдлэгийн дээдэд боловсорч, олон талт мэдлэг мэдээллийг хуримтлуулсны хувьд зөвхөн түүний үг л үнэн зөв байж таарна гэж өнөө ч олон хүн боддог. Аристотель од эрхэс, амьтан, ургамлын тухай буюу байгалийн ухаан, түүх болон хот-улсууд дахь ард олны аж амьдрал буюу өдгөө бидний нэрлэдгээр улстөрийн ухаан, учир шалтгааныг олох арга буюу логикийн ухаан, зөв хүмүүжихүйн ухаан буюу ёс зүйн ухаан гээд их олон сэдвээр бодрол, эргэцүүллээ бичиж үлдээсэн юм. Яруу найраг, гоо сайхны тухай, тэнгэрийн цаадтай амарлингуй гэгч нь орших үл үзэгдэгч бурхны тухай ч бичсэн нь бий.
Александр энэ бүхнийг суралцсан нь мэдээж. Сайн сурагч байсан нь ч эргэлзээгүй. Түүний хамгаас сонирхож, шимтэн дурладаг сэдэв нь Гомерын туульсууд дахь дайн байлдааны гайхамшигт түүхүүд байлаа. Александр заримыг нь бүр дэрэн дороо нандигнан ороогоод унтдаг байсан гэдэг. Гэхдээ хамаг цагаа ном уншиж өнгөрөөдөггүй байсан юм. Спортод, тэр дундаа морь унах ихэд дуртай байжээ. Моринд түүн шиг эрэмгий хүн байсангүй. Нэг удаа хаан эцэг нь түүнд хэн ч номхруулж чадаагүй аргамаг хүлэг авчирчээ. Буцефал хэмээх тэр хүлэг өөрт нь дөхсөн хэнийг ч тийрч орхидог догшин амьтан байж. Харин Александр Буцефалийг сүүдрээсээ айгаад байгааг анзаарч, толгойг нь нар өөд хандуулан тайвшруулсан гэдэг. Тэр цагаас хойш Буцефал Александрын хамгийн хайртай хүлэг болжээ.
Коринфийн чуулганд оролцохоор ирэхэд нь нэг хүнийг эс тооцвол бүх грекчүүд Александрыг халуун дотноор угтаж авсан юм. Залуу хаантныг хүндлээгүй тэр хүн бол Диоген хэмээх философич билээ. Харахад гүн ухаантан гэмээргүй энэ хүн Будда шиг үзэл бодолтой байсангүй. Бүр ямар ч гүн ухаантантай харьцуулахааргүй хачин жигтэй ааш араншинтай нэгэн байв. Түүнийхээр, хүнд хэрэгтэй гэгддэг бүх эд зүйл хүний ухаан санааг самууруулахаас өөр ямар ч шидгүй, амьдралын эгэл жирийн хөөр баяслыг үгүй хийдэг гэнэ. Тиймээс байсан бүхнээ хөсөр хаяад, Коринфийн худалдааны захын хажууханд бараг чармай нүцгэнээрээ хуучирч муудсан торхонд суух болжээ. Тэнүүлч нохой шиг эрх чөлөөтэй энэ хүнтэй уулзахыг Александр ихэд хүсдэг байж. Тэгээд гялалзсан хөө хуяг, өдөт дуулга өмссөн залуу хаан Диогений торх руу дөхөж очоод “Би таныг гүнээ хүндэлдэг. Юу ч байсан хамаагүй хүслээ хэлэгтүн. Би ёсоор болгоё” гэжээ. Гэтэл хааныг ирэхээс өмнө тухтай нь аргагүй биеэ наранд ээж суусан Диоген “Тэгвэл холдоод өгөөч. Нар халхлахаа боль” гэсэн гэдэг. Апександр энэ үгэнд гайхаж, басхүү сүрдэж “Хэрэв би Александр байгаагүй бол Диоген л байхсан” хэмээн дуу алдсан гэнэ билээ.
Иим хаан тэр дороо алдаршилгүй яах вэ. Грек дайчид хүртэл түүнийг бахдан биширч, түүнд дуртайяа хүчин зүтгэхээр болжээ. Ингээд Александр нэгдсэн их хүчнээ удирдан Перс рүү довтлов. Аян дайнд мордохдоо тэрээр бүх хөрөнгөө үнэнч албат, анд нөхдөдөө хишиг болгон тараасан гэдэг. Гайхаж, балмагдсан тэднийг “Танд юу ч үлдсэнгүй шүү дээ” гэхэд Александр “Надад итгэл найдвар үлдсэн” хэмээжээ. Итгэл найдвар нь түүнийг ялалтад хүргэсэн юм. Арми нь эхлээд Бага Азид хүрч, тэнд Персийн армийн эхний хэсэгтэй тулалдсан байна. Дайснаасаа олон хүнтэй, зэр зэвсэг ихтэй байсан ч Персийн армид сайн жанжин байсангүй. Тиймээс бараг л тулалдаан эхэлмэгц ялагджээ. Эрэлхгээр тулалдсан Грек, Македоны армид хамгийн дайчин цэрэг нь мэдээж Александр хаан өөрөө байлаа.
Энэ тулалдааны түүх Гордионы зангилааны тухай домогт дүрдагддаг. Домогт өгүүлдгээр Гордион хотын төв дуганд байх гол хүрдний тулгуур мод оосор бүчээр чанга гэгч нь бэхлэгдсэн байжээ. Эрт цагийн нэгэн зөнчийн хэлснээр адармаатай тэр зангилааг тайлж чадсан хүн бүх ертөнцийг эзэгнэх хувьтай байв. Яарсан үед гутлынхаа орооцолдсон үдээсийг тайлах ямар хэцүү байдаг билээ дээ. Харин түүнээс ч илүү ээдрээтэй, нарийн тэр зангилааг Александр удаж төдөлгүй тайлжээ. Гэхдээ ээжийн минь надад хэзээ ч зөвшөөрөхөөргүй аргаар шүү. Александр тэр зангилааг сэлмээрээ зүгээр л тас огтолчихсон юм. Энэ нь Александр хорвоо ертөнцийг их зөнчдийн хэлснээр эзэгнэнэ, үүнийг сэлмийн хүчээр гүйцэлдүүлнэ гэсэн хоёр чухаг зүйлийг бэлгэдсэн явдал байлаа.
Александр Персийн гүн рүү шуудхан халдахын оронд Персийн захын хоёр муж Финик, Египетийг эзэлж, дайсныхаа хүчийг сулруулахыг зорьжээ. Персчүүд Иссе хэмээх хотын ойролцоо замыг нь хаахыг оролдсон ч Александр тэднийг буулган авч, Персийн ихэс дээдсийн өргөөг тонон дээрэмдэв. Хааны эрдэнэс, эмс охидыг хүртэл булаав. Гэхдээ хааны гэр бүлд хүндэтгэлтэй, хүнлэг хандсан гэдэг. Энэ явдал нийтийн тооллын өмнөх 333 онд болсон юм. Энэ тоог цээжпэхэд хэнд ч амар болов уу.
Харин Финикийг эзлэх амаргүй байв. Александр хаан бүтэн долоон сарын турш Тир хотыг бүслэн байж тулалдсан бөгөөд хотын сүйрэл дайсагнагч талын хэн хэнд нь их гарз хохирол авчирчээ. Египетийг эрхшээлдээ оруулах харин хавьгүй хялбар байлаа. Персчүүдээс чөлөөлөгдлөө хэмээн дөнгөж сэтгэл амраад байсан египетчүүд Персийн дайсантай нүүр тулсан нь энэ байв. Гэхдээ Александр египет түмний жинхэнэ удирдагч байхыг хичээж, уламжпалт бүхэнд нь хүндэтгэлтэй хандсан юм. Зах хязгааргүй цөл дундах эртний сүм рүү сүр жавхлантайгаар явж ороход нь сүрдэж биширсэн хуврагууд түүнийг нарны хүү хэмээн өргөмжилж, фараонаараа залжээ. Аян дайнаа үргэлжлүүлэхээр Египетээс мордохдоо Александр тэнгисийн эрэгт шинэ хот байгуулж, өөрийнхөө нэрээр нэрлэсэн нь өнөөгийн Александрия хот билээ. Энэ хот эдүгээ ч хөгжин цэцэглэж буй агаад олон зуун жилийн турш дэлхийн хамгийн чинээлэг, нөлөөтэй хотын нэг байсан юм.
Энэ бүхний дараа Александр Персийг зорив. Персийн хаан их армиа эртний Ниневи хотын ойролцоо Гавгамела хэмээх газар буудаллуулаад дайснаа отож байв. Харин эрэлхэг, залуу хааны арми айсуйг хармагцаа зүрх алдсан Персийн хаан Александр руу элч довтолгож, хаант улсынхаа талыг охины хамт санал болгоод дайтахгүй байхыг хүсчээ. “Александр би байсан бол хүлээж авах байлаа” гэж Александрын анд, Македоны армийн жанжин Парменионыг дуу алдахад Апександр “Би ч гэсэн Парменион байсан бол энэ саналыг хүлээж авах байлаа” гэж хариулсан гэдэг. Ертөнцийн тал түүнд хангалттай санагдсангүй. Тиймээс Персийн сүүлчийн хүчирхэг армийг бут ниргээд цааш довтолгоогоо үргэлжлүүлэв. Персийн хаан тулалдааны талбараас зугтаж, ууланд бүгсэн ч бараа бологсдодоо алагджээ. Хаанаа хөнөөсөн тэдгээр боолыг Александр дараа нь зохих ёсоор шийтгэсэн юм.
Ингээд Александр бүх Персийн хаан боллоо. Грек, Египет, Финик, Палестин, Вавилон, Ассири, Бага Ази, Перс цөм түүний агуу эзэнт гүрний хэсэг болж, зарлиг нь Нил мөрнөөс Самарканд хүртэл дуулдахаар болов. Шинэхэн гүрнээ гагцхүү эмхлэх л үлджээ.
Надад юм уу, чамд энэ бүхэн хангалттай санагдах байсан биз. Харин Александрын сэтгэл ханах яагаа ч үгүй байв. Үзэгдэж харагдаагүй, хэний ч мэдэхгүй газар нутагт тэр эзэн суухыг хүсэв. Дорно зүгээс бараа таваар авчирдаг перс наймаачдын ярьдаг нууцлаг газар орныг үзэхийг мөрөөдөж байв. Дионис бурхны домогт өгүүлдэг шиг өөр өөр дүр төрхтэй хүмүүс аж төрдөг нутагт хүндэт зочин шиг очихыг төсөөлөх болов. Тиймээс Персийн нийслэлд удаан сааталгүй, нийтийн тооллын өмнөх 327 онд армиа удирдан Инд мөрний хөндийг зорьжээ. Гэвч энэтхэгчүүд түүнийг найр тавин угтсангүй.
Ой хөвчөөр даяанчилдаг эгэл лам, бадарчид нь хүртэл алс өрнөөс ирсэн эзлэн түрэмгийлэгчийг хурдхан яваасай гэж үнэн зүрхнээсээ хүсэн залбирч байв. Дайчдын кастынхан нь ч айж сүрдэхийг мэдэлгүй тэмцэлдсэн бөгөөд хариуд нь Александр замдаа таарсан хот суурин болгоныг сүйтгэж, эзэмшлээ болгожээ.
Александр энд аймшиггүйгээр, гэхдээ алсын хараатай тулалдсаныг Энэтхэгийн нэгэн жижиг улсын хаантай нүүр тулсан түүхээс нь мэдэж болно. Пор хэмээх тэр хаан явган цэрэг, заан унасан мэргэн харваачдын хамт Александрыг Инд мөрний хөвөөнд хүлээж байж. Харин Александрын армийг тулж ирмэгц Порын арми их мөрний нөгөө эрэгт гарсан тул “ус гатал” гэж цэргүүддээ тушаахаас өөр сонголт Александрт байсангүй. Арми нь Инд мөрний их усыг саадгүй гаталсан нь түүний олон гайхамшигтай амжилтын нэг бөгөөд Энэтхэгийн халуун наранд Пор хааны армийг ялсан нь бүр ч том амжилт байлаа. Дайчид нь энэтхэг хааныг гавлаж, дөнгөлөөд өмнө нь авчрахад Александр “Надаас юу хүсэж байна?” хэмээн асуужээ. Пор хариулсан нь: “Намайг хаан гэдгийг санаж, хүндэтгэлтэй хандагтун” Бүхнээ алдаж, ялагдсан ч өөр юу ч гуйхгүй хэмээсэн хааны энэ үг Александрыг ихэд догдлуулж, хаант улсыг нь Пор хаанд буцааж өгчээ.
Александр байлдан дагууллаа Ганга мөрөн тийш үргэлжлүүлэхийг хүссэн ч цэргүүд нь ядарч туйлдсан байлаа. Ертөнцийн хязгаар хүртэл явахыг тэд хүссэнгүй. Зүгээр л гэртээ харихыг мөрөөсөж байв. Гоморхсон Александр цэргүүдээ гуйж, шахаж шаардаж, бүр ганцаараа явна гэж хүртэл айлгажээ. Байлдааны асраасаа бүтэн гурав хоног гаралгүй байж ч үзэж. Гэвч цэргүүд нь нэгэнт харина гэж шийдсэн тул Александр арга буюу нутаг буцсан байна.
Гэхдээ тэд ирсэн замаараа буцахгүй гэдэгт санал нэгдсэн юм. Мэдээж хэрэг дайран өнгөрсөн бүх газраа нэгэнт эзэлчихсэн тул буцаад явах уйтгартай шүү дээ. Ингээд Александрын арми Инд мөрнөөс гадаад тэнгис хүртэл аялжээ. Дайчдынхаа нэг хэсгийг тэндээс хөлөг онгоцонд суулган буцаагаад нөгөө хэсэгтэй нь шинээр адал явдал хайхаар цөлийн бартаат замаар эргэсэн байна. Харих замдаа Апександр хаан яг л жирийн цэрэг шиг байж, бусдаас илүү ус уулгүй, бусдаас илүү унталгүй явсан гэдэг.
Ингэж явахдаа тэрээр үхлээс азаар мултарсан юм. Тэр өдөр цэргүүд нь нэгэн хотын цайзыг бүслээд байлаа. Александрыг цайз өөд хамгийн түрүүнд гарахад цайзын хана түшүүлэн тавьсан өндөр шат араас нь мацсан цэргүүдийн жинд дарагдан арагш савжээ. Цайзын оройд ганцаараа үлдсэн залуу хаантнаа даруй бууж ирэхийг цэргүүд нь гуйсан ч Александр хот руу ганцаараа нэвтэрсэн байна. Харин бусад нь хотод нэвтрэхэд хаантан хэдийнэ сумны шарх авсан байлаа.
Эцэст нь тэд Персийн нийслэлд хүрэв. Харин Александрын арми хотыг эзлэхдээ галдаж түймэрдсэн тул хаантан Вавилонд буудаллажээ. Гэхдээ энэ нь санаандгүй сонголт байсангүй. Египетийн хувьд нарны хүү, Персийн хувьд хаадын хаан хэмээн өргөмжлөгдөж, Энэтхэг, Афинд их цэргээ байрлуулсан түүн шиг хүнд өөрийгөө бүх ертөнцийн эзэн гэдгийг мэдрүүлэх хангалттай олон шалтгаан байлаа. Гэхдээ тэдгээрийн нэг нь яавч бардамнал биш. Аристотелийн шавийн хувьд Александр хүмүүний мөн чанарыг ухаарч ойлгосны дээр сүр жавхлан, шударга зөв үйлгүйгээр эрх мэдэл гэдэг өчүүхэн зүйл гэдгийг гүнээ ухамсарладаг байв. Тиймээс Вавилон, Персийн хуучны ёс заншилд онцгой хүндэтгэлтэй хандахыг хичээжээ. Өмнө нь хүн бүр сөгдөж, түүнийг эгээ л бурхан мэт дээдлэх нь эртний ёс гэдгийг ч хүлээн зөвшөөрөв. Бүр дорны хаадын адилаар олон хатантай болсны дотор Дарий хааны охин байсан нь Александр Персийн хууль ёсны хаан хэмээн хүлээн зөвшөөрөгдөх нэгэн шалтгаан байлаа. Тэгээд ч Александр гадны эзлэн түрэмгийлэгч шиг харагдахыг хүсээгүй нь мэдээж. Дорны суу ухаан, сүр хүчийг Грекийн шинийг эрэлхийлэгч чанар, цог жавхлантай сүлж, урьд хожид үзэгдээгүй гайхамшигтай хүч бий болгох нь түүний зорилго байсан юм.
Гэвч энэ нь грек, македончуудад таалагдсангүй. Эрхшээлдээ оруулсан нутаг бүртээ эзэн шиг байх ёстой гэж тэд үзжээ. Эрх чөлөөт нийгэмд амьдарч сурсан тэдэнд хэн нэгний өмнө бөхөлзөнө гэдэг санаанд багтамгүй хэрэг. Тиймээс Александрын грек анд нөхдийн дунд хүртэл түүний бодлогыг эсэргүүцэгчид гарч, хаан босогчдыг үүрэгт ажпаас нь чөлөөлөхөөс аргагүйд хүрчээ. Перс охидтой гэрлэхэд инж болог хэмээн хэдэн мянган дайчдадаа байлдан дагууллынхаа олзыг хүртээж, заримынх нь хуримыг өргөн дэлгэр тэмдэглээд ч Александр хоёр өөр ертөнцийг нэгтгэх хүслээ гүйцэлдүүлж чадаагүй юм.
Түүнд өөр олон төлөвлөгөө байлаа. Грекчүүдийг хүссэн, эс хүссэн ч Александрия шиг олон хот байгуулж, мянга мянган бээр урт зам бариулж, эзэнт гүрнийхээ өнцөг булан бүрийг холбосон буухиа шуудантай болж, зэр зэвсгийн хүчээр ертөнцийн өнгө төрхийг өөрчлөхийг хүсэж байв. Гэвч Александр хаан энэ бүхнээ гүйцэлдүүлж чадалгүй нийтийн тооллын өмнөх 323 онд Навуходоносор хааны зуны ордонд таалал төгсчээ. Тэрээр олонхи хүний амьдрал жинхэнэ утгаараа эхлээ ч үгүй байдаг насанд буюу 32-хон настайдаа хорвоог орхисон юм.
“Хааны сэнтийг хэн залгамжлах вэ?” гэх асуултад Александр амьсгал хураахынхаа өмнөхөн “Хэн тэнцэх нь л” хэмээн хариулсан гэдэг. Гэвч түүнээс өөр хааны суудалд тэнцэх хүн байсангүй. Түүний жанжин, түшмэдийн олонхи нь эд хөрөнгө, эрх мэдэлд шунасан, хууль дүрмийг юман чинээнд тоодоггүй худал хуурмаг улс байв. Тэд Александрын байгуулсан эзэнт гүрнийг задарч, нуран унатал өөр хоорондоо тэмцэлдсэн бөгөөд үлдсэн бүхнийг нь удтал булаалдсаны эцэст Птоломей жанжин болон түүний удмынхан Египет орныг, Селевк жанжин болон түүний удмынхан Месопотамыг, хожмын Атталидын хаант улсынхан Бага Азийг тус тус захиран суув. Харин Энэтхэгийг зүгээр л зөнд нь орхижээ.
Хэдийгээр эзэнт гүрэн нь хэдэн хэсэг болон тарж бутарсан ч Александрын санаж сэдсэн бүхэн бага багаар хэрэгжсэн билээ. Персийг бүрнээ ховсодсон Грекийн урлаг соёлын нөлөө Энэтхэг, Хятадад хүрч, грекчүүд ч Афин, Спартаас цааших хорвоо ертөнцтэй танилцан цаг заваа дори, иончуудтай тэмцэлдэхээс өөр зүйлд зарцуулах хэрэгтэйг ухаарав. Олон орны улс төрийн тавцан дахь багахан эрх мэдлээ алдсан тэд илүү оюунлаг зүйлд анхаарал хандуулснаар ертөнцийн түүхэн дэх хамгийн агуу оюуны хүч, соёлын зэвсэгтэй болжээ. Энэ хүч өнөөг хүртэл ер бусын цайз хэрэм дунд хамгаалагдан, хадгалагдаж байна. Ямар цайз хэрмийн тухай ярьж байгааг минь чи таамаглаж чадах уу? Тэр бол номын сан. Александрия хот гэхэд л долоон мянган грек ном судар агуулсан асар том номын сантай. Тэр бүх ном дэлхийг дайлахаар илгээгдсэн грек цэргүүд билээ. Тэдний эзэгнэсэн эзэнт гүрэн одоо ч оршин тогтнож байна.
Зохиогчтой холбогдох хаяг: https://www.facebook.com/lkhagvaameop