Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Авхиа гуай аварга, арслан заануудтай хүчийг үзсэн ньУншсан10,150

Тэрээр өөрийн дурсамж номондоо үндэсний бөхөөр хэрхэн барилдаж, улсын начин цолыг гарвантаа баталсан тухайгаа, аварга арслан заануудтай хүчийг сорьж явсан тухайгаа ийн дурсжээ.

Жарантайн Авхиа хэмээх манай улсын цэрэг, хуулийн байгууллагын түүх намтартай салшгүй холбоотой нэгэн буурал байв. Тэрбээр УЦСЕГ-ын дарга, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БХЯ-ны сайдын албыг хашсан тэр эрхэм бөхийн хорхойтон төдийгүй бага залуу наснаас ноцолдож улсын начин цол хүртсэн сайн бөх юм. Тэрээр өөрийн дурсамж номондоо үндэсний бөхөөр хэрхэн барилдаж, улсын начин цолыг гарвантаа баталсан тухайгаа, аварга арслан заануудтай хүчийг сорьж явсан тухайгаа ийн дурсжээ.

1946 оны улсын баяр наадмын нээлт

Би мэдээ орсон цагаасаа үеийн багачуудтайгаа хөдсөн дээл, хөмөн гутлаа уран, унасан ч, хаясан ч үргэлж барилддаг байв. Аавыгаа даган хаана бөх барилдана түүнийг алгасалгүй үздэг байлаа. Бөхийн тухай хууч яриа их сонирхдог, уран мэх угсруулан хийхийг тун их хичээдэг хүүхэд байв. Бас хүч тамир шаардсан ажил хөдөлмөрт оролцох дуртай байсан нь багаас бяр тэнхээ, хурд хүчтэй болоход минь нөлөөлсөн ч байж болох юм. Арван таван нас хүрэхдээ үеийнхнээсээ их өсгөлүүн хүүхэд байсан учир овооны наадамд анх томчуулын аманд гарч барилдав. Арван наймтайдаа Шарга сумынхаа наадмын шигшээ барилдаанд түрүүлж, анх удаа аавыгаа баярлуулж байлаа.

Цэрэгт ирсэн жилдээ буюу Ардын цэргийн 9-р морин хороонд алба хааж байхдаа 1943 онд хоёр давчихаад байж байтал морьт отрядын генерал, Мижид заан гурвын даваанд намайг амлан авч хаясан юм. Генерал Мижид бие томтой, бяртай хүн байв. Дараа нь хязгаарын цэрэгт шилжиж, тэдний бөхчүүдтэй хамт бэлтгэл хийж барилддаг болов. 1944 онд улсын наадамд барилдаж, хоёр давав. Дараа жил нь 1945 онд гурав, 1946 онд дөрөв давлаа. Энэ үед хязгаарын цэрэгт Чимид-Очир, Ш.Батсуурь, Бадамсэрээжид, Найдандорж, Наваан бид нар хамт бэлтгэл хийж, барилдаж байв. Би Дорж генералын бие хамгаалагч, нарийн бичгийн дарга болоод зав чөлөө бага ч барилдсаар байв. 1947 оны 6 дугаар сард улсын наадмын бэлтгэлд хязгаарын цэргийн бөхчүүд Чимэд-Осор, Батсуурь, Бадамсэрээжид, Наваан нарын хамт гараад байж байтал гэнэт баруун хязгаарын тулгаралтанд явах болсон тухай мэдээ ирэв. Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын дарга Дорж генералд хилийн хүнд ноцтой байдлыг газар дээр нь зохион байгуулах үүргийг маршал Чойбалсан, Ю.Цэдэнбал нар өгчээ. Улсын баярын өмнөхөн 7 дугаар сарын 8-нд Дорж генералыг Улаанбаатарт яаралтай ир гэж дуудлаа. Тэр үед онгоц байгаагүй учир машинаар өдөржин шөнөжин явж, 10-ны шөнийн гурван цагт Дорж гуайг гэрт нь хүргэж өгөв. Дорж гуай буухдаа, “Би дарга нарт ажлаа танилцуулна, Авхиаг гэрт нь хүргэж өг" гэж Лувсанбаатар жолоочид хэлээд, надад хандаж “шувуу, амьтны нэр авахыг бодоорой” гэж билээ. Тэр нь барилдаж, улсын цол аваарай гэсэн үг байв.

Ийнхүү 1947 онд наадмын талбай дээр очиж, хязгаарын цэргийн бөхчүүдтэйгээ уулзаад, барилдахаар бүртгүүлэв. Олон хоног нойргүй, байлдааны бэлэн байдалд нойр, хоол муутай байсан, барилдах бэлтгэл хийж чадаагүй учир амжилт гаргахад хэцүү байх гэж бодсон. Ингээд барилдаж нэг, хоёрын давааг төвөггүй давж, гурвын даваанд Төв аймгийн Дэлгэрханы Баньдхүүг, дөрвийн даваанд улсын заан Архангайн Д.Даваасүрэнг орхин, тавын даваанд хязгаарын газрын Г.Наваантайгаа тунаж, барилдаж даваад, улсын начны болзол хангалаа. Зургаагийн даваанд Завхан аймгийн харъяат улсын заан Гарамдагватай тунаж барилдаад давж, “улам нэмэх, үнэн хүчит" чимэгтэй начин цолыг анх хүртэв. Ингэж Шаргын говьд үе тэнгийн хүүхдүүдтэйгээ барилдаж өссөн Жарантайн Авхиа би улсын баяр наадамд зургаа давж чимэгтэй начин цол авсан юм. Энэ бол Говь-Алтай аймгийн Шарга сумаас төрсөн анхны улсын чимэгтэй начин гэсэн үг юм. Тэгээд долоогийн даваанд улсын арслан Цоодолтой тунаж барилдаад, өвдөг шороодож зааны даваагаа алдсан билээ. Энэ болж өнгөрсөн барилдаанаас зарим нэгийг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал "Архангай аймгийн харъяат улсын заан Даваасүрэн түрүү жилийн улсын наадамд гурвын даваанд намайг амалж аваад, хаясан боловч энэ жилийн наадамд дахин амалсан учир “намайг зөөлөн ам гэж үзэж байна” гэж дургүй хүрч, түргэн барилдах юмсан гэж бодож, бөх гарч байгаа газар тийш явав. Даваасүрэн заан бол их том биетэй, тэнхээ ихтэй, барзгар царайтай хүн байсан юм. Тэр ч учраас хүмүүс түүнийг “жонго” Даваасүрэн гэдэг байв.

Тэр дэгээддэг дархан мэхтэй бөгөөд, урьд жил нь намайг дэгээдэж хаясан юм. Цэвээнравдан аварга мэтийн бөхчүүд намайг түүний дархан дэгээнд орж огт болохгүй шүү гээд байсан юм. Тэгээд барилцаад авахад нь дэгээдэв. Би хүчтэй өргөж огшуулахад, дэгээ нь мулт үсрээд, миний цээжин дээр гараад ирсэн юм. Би тэр чигт нь чулуудчихсан. Улсууд маш их хөхрөлдөж билээ. Учир нь барилдаж байгаа хүмүүсийн дотроос том цагаан хүн өөдөөгөө гарч ирээд, хүчтэй дуугарч унасан учир хүмүүс ихээр инээлдэцгээсэн юм. Тэр тахимаа өгөхдөө залуучууд яасан түргэн өсдөг юм. Ноднин гайгүй л байсан, энэ жил алчих шахлаа гээд яваад өгсөн.

 Тавын даваанд хязгаарын цэргийн дөрвөн бөх тунаж үлдсэн. Энэ нь Батсуурь, Бадамсэрээжид, Наваан бид дөрөв байлаа. Нэг газрын бөхчүүдийг хооронд нь тунаалаа гэж гомдол гарсан учир шалгаж үзээд, бөх амлалт эрэмбэ журмаараа явсан байна гэж үзэв. Иймээс тунасан дөрвөн бөхийг хооронд нь барилдуулахаас өөр аргагүй гэж бөхийн комисс тогтлоо. “Хоёр нь начин болох юм байна” гэж бодоод бид дөрөв ч дургүй биш байв. Тэгээд Батсуурь, Бадамсэрээжид хоёр барилдах болоход Бадамсэрээжид тавын давааны өмнө Туулын шугуйд унтаж хоцроод, ирээгүй тул Батсуурийн аз болж барилдалгүй, начны болзол хангаснаар барахгүй, тэр жилээ улсын наадамд шууд түрүүлсэн юм. Наваан бид хоёр барилдаж, би хаяад начин болов.

Тэгээд үүний дараахан миний таньдаг сайн нөхдүүд, бөхчүүд бөхөө орхиж болохгүй гэж хориглож байсан боловч би “ном эрдэм сурна” гээд бөхөө орхиж, Шаргын говьд ээжээ орхиж, офицер хувцсаа сурагч хувцсаар сольж, хэсэг нөхдийн хамт санаа шулуудан Казахстан улсын Алма-Ата хотод эрдэм ном сурахаар гурван жилийн хугацаатай цэргийн сургуульд явж билээ.

 Бөх хүний эр бяр жигдэрч гүйцдэг 25-наас эхлэн гурван жил дараалан ийнхүү барилдаж чадаагүй юм. Миний сургуульд явсан гурван жилийн хугацаанд надтай хамт бөхийн бэлтгэл сургууль хийж байсан Чимид-Очир улсын аварга, Батсуурь улсын аварга, Бадамсэрээжид улсын арслан, Найдандорж улсын заан, Наваан улсын начин цол хүртэцгээсэн байв. Дээрх он жилүүдэд би нөхөдтэйгээ хамт байж барилдсан бол ядахдаа заан болсон байж магадгүй гэж боддог. Гэхдээ би эрдмийн мөр хөөсөндөө харамсдаггүй билээ.

Би сургуулиа 1950 оны намар төгсч ирээд, 1951 онд улсын наадамд зодоглож дөрөв давав. ЗХУ-д их дараа амьдрал маш хүнд байсан бөгөөд хүнс тэжээлийн зүйл төмс, ногооноос төдийлөн хэтэрдэггүй байлаа. Монгол хүний хүнс хоолны зүйл, ялангуяа махан хоол байнга хэрэглэж байсан нь бөх хүнд бяр тэнхээ өгдөг юм байна гэж би тэр үед бодож байв. 1952 онд 29 настайдаа барилдаж, хоёр дахь удаагаа зургаа давлаа. Энд нэг тэмдэглэх зүйл бол улсын заан Найдандоржтой барилдсан явдал юм. Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, улсын заан Найдандорж бид хоёр олон жил хязгаарын цэргийн бөхчүүдийн хамт бэлтгэл хийж, барилдаж байсан. Найдандорж цээж бөгс тэнцүү, шатрын хүү шиг гоё бөх байв. Гарын ур сайтай, зодог шуудаг сайхан хийдэг байв. Надад улаан далбаатай цэнхэр шуудагтай сайхан зодог, шуудаг хийж өгсөн билээ. Би түүнийг нь өмсөөд улсын наадамд барилдсан юм.

Гэтэл зургаагийн даваанд бид хоёр тунаж үлдэв. Найдандоржийн цээж дор явдаг тул өрсөлдөгч бөхөө хүзүүн дээгүүрээ шувтарч татдаг байсан юм. Би түүний нь мэдэх учир аль болохоор цээжээ нам болгон барилдаж байв. Нэг мэдэхэд тэр намайг өмсч шувтраад, миний хоёр хөл газраас хөндийрч байв. Тэр намайг хүзүүн дээгүүрээ давуулаад, ардаа хаясан тул би хоёр хөл дээрээ ард нь бууж, барилдаан үргэлжлэв. Хэсэг барилдсаны дараа би Найдандоржийг өргөөд хаячихлаа. Энэ барилдааныг үзэж байсан наадамчид гоё барилдаан болов гэцгээж байсан сан. Тэгээд Найдандорж "Чи надаар сайхан зодог шуудаг оёулж өмсчихөөд, эзнийг нь хаяж байдаг яасан муухай эр вэ" гэж байж билээ. Тэр жилийн гурвын даваанд би улсын циркийн Д.Ичинноров, дөрвийн даваанд Улаанбаатарын Д.Рагчаабазар, тавын даваанд улсын засуулч, Говь-Алтайн Ш.Лүгдэв, зургаагийн даваанд улсын заан Найдандоржийг давж долоогийн даваанд улсын заан Д.Лувсанд өвдөг шороодон, зааны босгонд хоёр дахиа тулж очоод буцаж билээ.

1953 онд улсын наадамд барилдаж дөрөв давсан. 1954 оны эхээр манай аймгийн төвд суугаа зарим хүмүүсээс аймгийнхаа наадамд ямар ч гэсэн нэг ирж барилд гэсэн урилга захидал, зурвас нэлээд хэд ирсэн юм. Би тэр үед хязгаарын цэргийн одон тэмдэгт тусгай хорооны даргаар ажиллаж байсан билээ. Зургаан сарын сүүлчээр амралтаа аваад, долоон сарын эхээр Говь-Алтай аймгийн наадамд хүрэн одончуу тэрлэгтэй, шар дурдан бүстэй, савхин гуталтай явж байв. Наадамд ээжийнхээ урлаж өгсөн монгол гутал, шинэ зодог шуудгаа өмсч барилдсан. Тэр үед манай нагац ах Түвдэн аймгийн гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажилладаг байлаа. Би тэднийд очив. Наадмын өмнөхөн нэгэн бүтэн сайн өдөр аймгийн төвд уралдаан тэмцээн, бөхийн барилдаан болно, та очиж барилдана уу гэсэн хэл ирлээ.

Тэгэхээр нь очлоо. Барилдаж байтал нэг хүн миний хоёр мөрнөөс зуураад байхаар нь дугтарчихсан чинь, нөгөөх маань нүүрээрээ газар шургаж унав. Түүний ам, хамар нь цус болж, эмнэлэгт хүргүүлэв. Баян сумын Лхан-Аажав (хожим нь аймгийн арслан болсон) багш надтай үлдэж, би хаясан юм. Хүмүүс намайг их хүч гаргаж, муйхар барилдаж байна гэцгээж байж билээ. Тэгээд би Шарга сум орж, ээж дээрээ очоод, хэд хоноод буцахдаа ноос ачсан машины голд хонхорхой гаргаад, хэдэн залуусын хамт аймаг оров. Тэр үед хөнгөн тэрэг их ховор байсан тул намайг аятайхан явуулах гэж сумын нөхөд зохион байгуулсан байв. Шаргын морь уядаг толгойтой бүхэн аймгийн наадамд очицгооно. Наадмын барилдаанд аймгийн арслан, урьд жил нь цэргээс халагдаж ирсэн Дэлгэрийн Дамдиндорж гэдэг хүн "Би энэ дэвжээн дээр арав түрүүлнэ" гэсэн гэдэг. Тэгээд барилдаж байтал, манай эгчийн хүү, миний дүү болох Ц.Адарсүрэн бид хоёр дөрөвт үлдэв. Би нэлээд сайн барилдаж байсан залууг амлаж авлаа. Настайвтар бөхийг Адарсүрэн хаях байх гэж бодож байлаа. Би учраа бөхөө хаяад, Адарсүрэнг харахад тэр нөгөө бөхөө тоос татуулаад хаяж байв.

Ингээд бид хоёр зодгоо бүслээд, сууж байтал манай Шарга сумаас ирсэн бөх сонирхогчид тойрон бүчсэн байв. Би Адарсүрэнг түрүүлүүлж, аймгийн арслан болго юу гэж бодож байлаа. Энэ үед аймгийн бөхийн комисс та нар бууж болохгүй, хүчээ гаргаж барилд гэнэ. Тэгээд гарах гэж байтал аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга ирж, та нар хүч гаргаж, жинхэнээрээ барилд, хэрэв тэгэхгүй бол Батсуурь, Аюуш нарын нэг адил хатуу арга хэмжээнд орно шүү гэдгийг анхааруулсан юм. Тэгээд манай нутгийнхан ч гэсэн хүчээрээ барилд, та хоёрыг нэг сайн харъя гэлээ. Дүү ч тэгье гэв. Бодвол, би ахыг хаячих байх гэж бодсон биз. Бид гараад 30 гаруй минут барилдаад, нэг мэдэхэд дүү миний цээжин дээр гараад ирэв. Тэгэхэд нь би өргөөд тавьчихсан юм. Ингээд би түрүүлж, манай дүү үзүүрлэсэн юм. Одоогийн бөхчүүд найраа яриа ихтэй өөр болсон нь жинхэнэ эр бярыг гаргах шударга өрсөлдөөнгүй болгож, бөхийн хөгжилтөд муугаар нөлөөлж байгаа зүйл гэж би хувьдаа ойшоодоггүй юм.

1954 оны намар Улаанбаатар хотод бүх ард түмний спартакиад болов. Энэхүү тэмцээнд улсын аварга, улсын арслан, улсын заан цолтой бөхчүүдийг оролцуулахаар Монголын үндэсний бөхийн барилдаан тэмцээн зохион явуулах дүрэм зааварт заасан юм. Харин зохион байгуулах комиссын дарга улсын арслан, Ванчинхүүгийн тусгай зөвшөөрлөөр амжилт үзүүлэлт өндөртэй хоёр начин Ж.Авхиа, Н.Дугарсүрэн нарыг оруулж, барилдахыг зөвшөөрсөн юм. Ингээд гол төлөв өндөр том цолтой, гуч шахам бөхчүүд оролцсон, шатарчилсан барилдаан зохион байгуулав. Энэ тэмцээнд улсын арслан Ц.Бадамсэрээжид нэг унаж түрүүлэв. Их аварга Б.Түвдэндорж хоёр унаж хоёрдугаар байр, улсын начин Жарантайн Авхиа би, мөн Н.Дугарсүрэн адил оноогоор гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль зүүж билээ. Оролцсон бөхүүдийн чансаагаар энэ спартакиад улсын баяр наадмуудаас дутахгүй хэмжээнд, нэг бүрчилж шатарчилж барилдсанаараа хамгийн шударга тэмцээн болсон юм.

Энэ барилдаанд түрүүлсэн, улсын арслан Ц.Бадамсэрээжид ганцхан надад унасан юм. Бид нар хязгаарын цэргийн бөхчүүдийн бүрэлдэхүүнд орж, олон удаа барилдаж байв. Бадамсэрээжид хурдан шаламгай, олон угсраа мэх хийдэг, ялангуяа сээрэн дунгуй хийх нь түүний үндсэн мэх юм. Бүх ард түмний энэ спартакиадад би Бадамсэрээжидтэй барилдахдаа толгой хүзүүг нь чөлөөтэй байлгахгүй байх нь зүйтэй гэж үзээд барилдааны явцад Бадамсэрээжид арслангийн толгойг баруун сугандаа хавчуулж, баруун гараараа элэг бүсний зүүн хэсгээс маш сайн чанга барьж байв. Хэрэв суганд хавчсан толгой элэг бүсний барьц хамтраагүй бол ч... Энэ үед тэр суганд хавчуулсан толгойгоо авахын тул маш их хүч гаргаж байв. Би элэг бүсний барьцнаас шахаж барьсан тул түүнийг чөлөөлөөгүй юм. Дараа нь нэг боломжийг ашиглан, баруун хөлөөрөө зүүн хөлийг нь хүчтэй хавирч, цээжээрээ хүчтэй дарж, ард нь суулгаж дарлаа. Ингэж би нэг удаа түүнийг хаясан билээ. Бадамсэрээжидийг хаяхад үнэхээр хэцүү. Тэр аргагүй Монгол Улсын хурц арслан мөн дөө.

Түүний хойтон жил, 1956 онд улсын их баяр наадмынхаа гурвын даваанд Төв аймгийн Ё.Чойдог, дөрвийн даваанд Баянхонгорын Г.Пүрэв, тавын даваанд Өвөрхангайн С.Лувсангомбо нарыг орхиж, гурав дахиа шөвгөрөөд, зургаагийн даваанд улсын арслан У.Мижиддоржийг начин цолтой байхад нь тунаж барилдаад, түүнд өвдөг шороодож, "Бат хүчит" чимэг нэмсэн билээ.

Ийнхүү Жарантайн хүү би улсын начин цолоо гурав дахин баталсан жилээ Лениний академид суралцах болж, бас л дөрвөн жил барилдсангүй. Төгсч ирээд бөхөө хөөж барилдах боломж ч муухан болов.

Түвдэндорж аварга бол өргөн зузаан цээжтэй, цээж бөгс нь тэнцүүхэн, биеийн өнгө сайхантай, хоёр гартаа асар их бяртай, төлөв төвшин зантай, олон таван үггүй, аргагүй л нэг Монголын гайхамшигтай сайхан бөх, үндэсний спортын ууган гавьяат, далай даян дархан аварга юм. Түвдэндорж аваргатай Цэрэн аварга нэлээд төстэй байдаг. Түвдэндорж аварга дэлээд, дэвээд гараад ирэхэд, газрын хөрс хөдлөх шиг болдог байв. Энэ аваргын дэлж, дэвж байгаа хүрэл хөшөөг бөхийн өргөөний үүдэнд босгочихмоор санагддаг билээ.  Яармагийн дэнжид наадам хийдэг байхад Туулын хөвөөн дээр барьсан том асарт Батлан хамгаалах ба Хязгаарын цэрэг хамтран хоол иддэг байв. Тэдэн дотор Түвдэндорж, Чимид-Очир нар байлаа. Цэрэг тогооч хоёр хонины хаа чанаад хоёр аваргад өгөхөд, цэрэг цагаан түмпэнд шөл хийлгэж байгаад бараг бүгдийг нь иддэг байсан. Цолны эрэмбээр эхлээд Түвдэндорж аваргад, дараа нь Чимид-Очир аваргад барина. Бараг нэг нэг хаа идчихдэг байсан бөгөөд харин далны хуудаснаасаа бөхчүүдэд тараана. Түвдэндорж аварга, Чимид-Очир аварга, Батсуурь, Цэвээнравдан аварга нар намайг улсын наадамд амлан авч, барилдаж үзээгүй юм. Харин хааяа нэг жирийн барилдаанд барилдаж байсан удаатай. Аж үйлдвэрийн комбинатын клубт улсын цолтой бөхчүүд шатарчлан барилдахад, би Түвдэндорж аваргын хөлд орж хаясан билээ. Энэ үед аварга бага зэрэг саарч байсан байх.

Чимид-Очир аваргыг ид хүчтэй байх үед бэлтгэл дээр барилдахад миний хоёр гарыг халж барьц алдуулаад байлаа. Би яагаад ч барьцаа алдахгүй юм шүү гээд зуурна. Гэтэл халуу оргиод болохгүй байсан учир барьцаа тавиад үзэхэд, миний баруун гарын таван хуруу урд үеэрээ майжийж, мултрах шахсан байв. Мөн ч айхавтар хүчтэй байсан шүү. Ингээд би Чимид-Очир аваргыг цээжиндээ асар их хүчтэй хүн юм гэж бодож билээ.

1963 онд намайг НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргаар томилсон юм. Тэгээд ч барилдахыг дарга нар төдийлөн таашаадаггүй учраас зөвхөн наадмын зохицуулалтын ажлыг зохион байгуулахаар төв цэнгэлдэх хүрээлэнд ороход, бөх сонирхогчид, бөхийн засуулууд, зарим бөхчүүд “Авхиа барилд, барилд” гээд тал талаас хашгиралдахад, миний орлогч Рэнцэнхорлоо, “Та барилд барилд, зохицуулах бүх асуудлаа би хариуцна" гэв. Машинд жижиг чемодан дотор миний зодог шуудаг, гутал байсныг бодоход “барилдаж магад" гэж бодсон байх. Тэгээд зодог, шуудгаа өмсөөд, бүх ажлаа умартан, бөхчүүд дотроо орж явчихав. Ингээд улсын наадамд барилдаж гурав давчихаад байтал бороо орж хонхор газар ус тогтсон байв. Намайг улсын арслан Дэмүүл (тэр үед заан цолтой байсан) амлаж аваад байв. Зодог шуудгаа өмсөөд, гараад ирэхэд Дэмүүл арслан талбайн зүүн талд өрөөд зогсч байв. Би түүнийг хараад, том биетэй, том гэдэстэй хүчтэй бөхийг би урагш нь унагаж чадахгүй, ямар ч гэсэн харцагадаж, сурсан мэхээрээ хойш нь дайрч үзье гэж бодсон юм. Бид хоёр бие биеэндээ ойртоод, барилцаад авахад миний хоёр гар Дэмүүлийн хоёр суганд орсон байв. Би тэр чигт нь хойш нь харцагадаад хөөхөд, Дэмүүл намайг зогсоох зорилгоор цахдаж байсан боловч миний түрэлтээр ухарсаар байв.

Нэг харахад, жижиг усан дээр хөл нь хойшоо хальтирч байсан тул би зог тусаад, Дэмүүлийг урагш нь хүчтэй дугтарахад, нөгөө том гэдсээрээ тэр усан дотор пал гэж унахад наадамчид маш их инээлдэж, хөхрөлдөж байв. Дэмүүл арслан босч ирээд, зодог шуудаг нь нэлээн шавар, ус болсон тул зодгоо тайлж, зүлгэн дээр гуядаад, шал дэмий уналаа гэж нэлээн ууртай байртай хэлж байсан юм. Ингээд би Дэмүүл арслангаар дөрөв давахад тавын даваанд намайг Булган аймгийн тэмээ өргөдөг гэж алдаршсан Б.Жамъяндорж арслан амлаж авсан байв. Би Дэмүүлийг хаяж болсон юм чинь Жамьяндоржтой ана мана барилдаж болох байх гэж бодов. Тэр барилцаж авмагц, надад дотуур дэгээ хийгээд хөмөрч дарсаар байгаад том биетэй болохоор намайг дараад уначихав. Энэ бол миний хамгийн сүүлчийн барилдаан болсон юм. Дэмүүл арсланг давж, Жамьяндорж арсланд өвдөг шороодсон энэ барилдаанаар миний бөх барилдах явдал дөчин насандаа отголов. Цэдэнбал дарга наадмын талбай дээр Батаа гуайд Авхиаг барилдуулах хэрэггүй гэж хэлсэн юм гэнэ билээ. Би тэр үгийг Батаа гуайгаас дуулснаас хойш нэг ч удаа барилдаагүй юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]