Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар бичиж байна.
Аугаа их Бат хааныг залгаж богино хугацаанд Зүчийн улсын хаан ширээнд суусан хүн бол Батын ууган хүү Сартаг юм. Түүхэнд Сартаг, Сартак, Сартах гэх зэргээр нэрлэгддэг.
Сартаг Зүчийн улсын эзэн хаан Бат түүний аваал гэргий Борагчин хатан нарын дундаас нарт хорвоод мэндэлжээ. Дороо Тугаан, Абукан буюу Өвгөн гэх дүүтэй байжээ. Түүний хэдэн онд төрсөн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнгүй. Хаана төрсөн нь ч тодорхой бус байгаа юм. Гэхдээ Зүчийн улсын нутаг дэвсгэрт төрсөн байх учиртай. 1226-1227 оны хавьцаа төрсөн байх магадлал хамгийн их байх боломжтой. Цаашид сайтар судлах хэрэгтэй.
Бага залуу насаа хаан аавын дэргэд өнгөрөөж цэргийн эрдэм улс төрийн арга барилд суралцан боловсорчээ. Түүний багш нар Зүчийн улсын өнцөг булан бүрээс ирсэн эрдэмтэн мэргэд байжээ. Сартагийн өргөөнд араб, турк, хэл мэддэг Армен номч нар байсан тухай Рубрук өгүүлсэн байдаг. Мөн түүний өргөөнд европын суут сүмийн хөлөг баатруудын (рыцарь) нэг амьдарч, европын зан заншил, тэндхийн хаадын талаар байнга ярьж байсан гэж Карамзин өөрийн зохиолдоо дурдсан байдгаас үзэхэд Сартаг нэлээд европжсон соёлтой хүн байжээ гэж ойлгогдохоор байгаа юм. Тэгээд ч түүнийг Европынхон христ шүтлэгтэй гэж дам сонссон байсан бөгөөд түүгээр дамжуулан христийн шашинг дорно зүгт дэлгэрүүлэх бодлоготой байсан байж магадгүй. Сартагийг 1241 онд Шайо голын тулалдаанд оролцсон гэх мэдээлэл бий.
Залуу хүү Сартаг ижил мөрний эрэг дагуу өөрийн хувь эзэмшил нутагтаа 60,000 цэрэг, харьяат иргэдээ захирч байжээ. Гильом де Рубрук Бат хаанынд очихдоо Сартагийн эзэмшилд түр саатсан тухай дурдсан байдаг. Үүнээс үзвэл Сартаг бие даасан эзэмшил нутаг ордтой байсан бөгөөд Зүчийн улсын баруун хэсгийг захирч байсан байна. Ахмад хөвгүүний хувьд улсаа залгамжлах бүрэн эрхтэй байжээ. Бат хаан хүү Сартагт Оросын бүх хэргийг ерөнхийд нь даатгасан бөгөөд Оросын вангууд Сартагтай харилцах болсон. Энэ нь Бат ирээдүйн улсын удирдлагад түүнийг бэлдсэн үйл явдал байжээ гэж ойлгож болно.
Сартаг 1250 онд Монголын эзэнт гүрний хаан ширээнд Мөнхийг суулгах үед авга ах Бэрхийн хамт Зүчийн улсын 30,000 цэргийг удирдан Монголд ирж байжээ. Сартаг эцгийн тушаалаар 1252 онд гарсан Неврюйн дайнаар Неврюй жанжны хамтаар Переяславлийг дайран эзэлж байжээ.
Сартагийг христ шашинтай байсан тухай түүхэнд олонтоо дурддаг. Гэхдээ Гильом де Рубрук: “Сартахын тухайд гэвэл тэрээр христосыг шүтдэг байсан эсэхийг би мэдэхгүй. Гагцхүү христос шашинтан гэж хэлүүлэх дургүйг мэдэхээс гадна, миний бодлоор бол христос шашинтныг шоолдог болов уу” гэх зэргээр өгүүлсэн байдаг. Үүнээс үзвэл Сартах христос шашинтан гэх үндэслэл нотолгоо нь төдийлэн баттай бус юм. Цааш нь Рубрукийг Сартагын өргөөнөөс гарч түүний эцэг Батынд очих үед албат иргэд нь “манай ноёныг христос шашинтан гэж битгий хэлээрэй, тэр бол христос шашинтан биш, харин Моал /Монгол/ хүн шүү” гэж хэлж байжээ.
Мөн Рубрук Сартагтай уулзах үед христос шашны мөргөлийн бойпор, судар барьсанд тэр ба дэргэдэх эхнэр нь ихэд сонирхон үзэцгээв гэж өгүүлсэнээс үзэхэд христийн шашинтай хүн тэгтлээ өөрийн шашны бойпор, судар үзээд гайхах уу? Анх удаа христийн шашны судар үзээд гайхах хоёр бас л өөр шүү дээ. Хэрэв Сартаг христийн шашинтай бол тэгтлээ судар үзээд гайхахгүй үл тоох биз ээ. Мөн цааш нь Сартаг загалмай барьж үзээд христос мөн үү гэж асуусан зэргээс үзэхэд Сартаг несторион шашинтан байж болох юм.
Мөн түүнийг Оросын ван Александр Невскийтэй анд барилцсан хуурай ах дүү байсан. Тэр хоёрыг ганцхан христосын шашин нэгтгэж илүү ойр дотно болгосон гэх зэргээр домог үлджээ. Нөгөө талаар тэрээр Александр Невскийн нөлөөгөөр орос хатан авсан нь христос шашинтай болоход нөлөөлсөн гэж үзэх нь ч бий. Түүнийг несторион шашинт байсан гэдэг үнэний ортой болов уу? Несторион болон христийн шашин бол огт өөр урсгал.
Зүчийн улсын эзэн хаан Бат нас барсны дараагаар түүний залгамжлагчийн төлөөх тэмцэлд Сартаг, авга ах Бэрхтэйгээ тэмцэлдэж эхэлсэн юм. Зүчийн улсын ихэс дээдэс Сартаг, Бэрх гэсэн хоёр хэсэгт хуваагдаж бараг л зэвсэгт мөргөлдөөний хэмжээнд хүрэх шахсан юм.
Энэ тэмцэл бүр Бат хааны үед ч эхэлсэн юм. Тийм ч учраас Бат хаан өөрийн хүүгээ баталгаажуулах гэсэн дээ Мөнх хаан руу 1255 онд илгээсэн юм. Монголын эзэнт гүрний их хаан Сартагийг Зүчийн улсын эзэн хаанаар баталгаажуулж тэрбээр Зүчийн улсын зүг буцсан тэр үед хаан эцэг нь нас барсан юм.
Түүнийг Монголд байх үед үед авга ах Бэрх нь Зүчийн улсын ихэс дээдсийг өөрийн талдаа татан ихээхэн хүч нөлөөтэй болоод байсан юм. Ингээд хоёр тал тэмцэлдэж эхэлсэн юм. Сартаг Зүчийн улсад эргэн ирэхдээ авга ах Бэрхийн нутгаар дайралгүй явжээ. XIII зууны Персийн түүхч Ал Жужанигийн тэмдэглэснээр Бэрх: Чамд эцгийн суурийг найр тавьж байхад юунд харь газар зорчин, надад ирж үл золгоно вэ? Гэж үг хаяжээ. Хариуд нь Сартаг “Чи ислам шашинтай, би христ шүтдэг, мусульман хүний царай харна гэдэг надад муу ёр” хэмээн хэлжээ. Энэ мэт олон зүйл нь авга Бэрхийг зоригтой арга хэмжээ авахад хүргэсэн гэж үздэг.
Сартаг 1256 онд нас баржээ. Түүний үхлийн талаар оньсого бөөн таавар үлдсэн юм. Зүчийн улсад ирэх замдаа нас барсан. Ирээд нас барсан гэх янз бүрийн таамаг бий. Түүний үхэлд хамгийн эхэнд сэжиглэгдэх хүн бол авга ах Бэрх байлаа. Хэзээнээс хоёр биедээ дургүй байсан нь хорлосон гэх цууг дэвэргэж өгчээ. Сартагт Бэрх хор өгсөн гэх баталгаа нотолгоо байхгүй юм. Бэрх гурав хоног аллах бурханд мөргөн уйлж суусан гэх бөгөөд 4 дэх өдөр нь Сартаг үхсэн гэх домог бий. Гэвч хэн ч баталдаггүй. Бэрхийн олон дүү нарын нэг Бэрхчарын нутгаар дайрах үед Сартагт Бэрхчар ахынхаа заавраар хор өгсөн гэх хардлага бий. Ислам шашин Зүчийн улсад ид хүчээ авч байсан тэр цаг үед несториан шашинт гэгдэх Сартагийн үхэл тийм ч гайхмаар зүйл байгаагүй юм. Нийтээрээ түүний эсрэг хандсан байжээ. Тэр хандлагыг Бэрх тавьсан байсан юм. Зарим нэг домгоор Монголын эзэнт гүрний их хаан Мөнхийн зарлигаар түүнийг хордуулсан гэх яриа ч бий.
Ямар ч байлаа гэсэн Сартаг Зүчийн улсдаа ирээд төд удалгүй 1256 онд нас барсан нь үнэн юм. Залуу хааны үхлийн шалтгааныг тодруулах боломж хомс.
Сартаг өөрөө зургаан эхнэртэй, ууган хүү нь 2-3 эхнэртэй гэх зэргээр Рубрук бичиж үлдээсэн байдаг. Үүнээс үзэхэд тэрээр олон хүүхэдтэй байжээ гэж ойлгогдохоор. Рашид ад дины судрын чуулганд өгүүлснээр Сартагыг үр хүүхэдгүй байсан гэж тэмдэглэсэн нь бий. Тугтува, Хугчи, Улагчи (Улагчи Батын хүү, Сартагын хүү алин нь болох нь маргаантай байдаг), Феодора Сартаковна гэх ганц охинтой байжээ. Охин Феодора Сартаковна нь Белозерскийн, Ростовийн ван Глеб Василькович вантай гэр бүл хувь заяагаа холбож оросын олон вангуудын эхлэл болжээ. Бүр Оросын хамгийн нэр алдартай догшин IV Иван хаан Сартагийн удам гээд бод доо.
iH TOM ANDUURAL YVAAD BNA dAA...ER N BNA SHDEE ARHiOLOG bolon ANTROPOLOGiiN AUDALGAA OLDVORUUDiiG AJAAD BAiHAD odoogiin bidnii MONGOLTOi 13-zuunii Mongol OOGT HAMAAGUi gedeg n harahdaad baih ym,,Yaana da YAANA...Ydaj baihad bugdeeree shahuu HUURAMCH BORJiGON gedeg elii balai ovog olood naatsan ,ymar huuchin komissiin baraan zahaas neg muu huuchin oims avch baigaam aytai...Zugeer l huurhel ...YAANA DA ..
Tegeed bid mongol bish gesen uguu golog mini esvel 13r zuund ene gazar nutagt bsn humuus mongol bish yumuu
Энд оруулсан зураг бол оросын зураач Филипп Александрович Москвитин-ы бүтээл юм. Тэрээр 1974 онд Эрхүү хотод төрсөн билээ.
Рубрук өөрөө католик шашны мессионер хүн учраас оросын ортодокс болон Сири төв Азийнханы Несторуудын тухай ойлголтгүйгээс өөрийнхийгөө дөвийлгөж ихэд доош хийсэн маягаар хандаж байгаа нь илт байдаг. Зарим зүйлийг бүүр давсалж туусан нь харагддаг. Ортодокс болон Нэсторууд нь өөр өөр хэв маягтай боловч яах аргагүй Христийн шашны том урсгалууд мөн юм.
Сартагийг Христийн шашинтан биш байсан болгох гэж мөн ч их зүдэрчээ чааваас.яах аргагүй эх сурвалжууд байгаа тул дуртай дургүй бөөрөнхийлжээ. Ер нь түүхчид түүхэнд өөрийн бодлоор хандахаар яаж үнэн түүх болох вэ.бантан л болно. Нэсториан бол загалмайн шашны өөр урсгал боловч шал өөр гэдэг нь худал юм. Хүсвэл надаас баримт аваарай.