Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Еншөөвийн тухай хошин шогуудУншсан48,244

Ренчин багш их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэдэгчлэн хүнтэй энгүүн дөлгөөн харьцаатай, маш их ёс жудагтай хэрнээ бас наргианч шооч зантай, хурц тод, цэцэн цэлмэг үг хэлтэй гялсхийсэн түргэн ухаантай хүн байжээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатарын нийтлэл.


Хэнтий аймгийн Мөрөн сумын Ардын Депутатуудын хурлын байрны үүдэнд, Их багш Бямбын Ринчен.

Бээжин хотын өргөн чөлөөгөөр алхаж явахад, нэгэн цагт үүгээр дорнын их яруу найрагч Явуугийн шүлэглэсэнчлэн:

 

Хөлснөөс өөр хувцасгүй

Сайрнаас зузаан гуталгүй

Хөөрхий ядуу тэрэгчин

Хөлийн тэнхээ мэдэн

Хоёр тавхайгаа гялалзуулан... давхиж явсан байхдаа гэж бодогдон нэгэн хууч яриа сэтгэлд зурсхийн орж ирж билээ. Намайг Их сургуульд оюутан байсан наяад оны үед нэгэнтаа миний номын багш их эрдэмтэн Чой.Лувсанжавтан бидэнд дараах хуучийг өгүүлсэн юм. 1950-иад оны дундуур эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен, хожмын Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдорж нарын хамт Зохиолчдын хорооны шугамаар Хятадад айлчилжээ. Тэд Бээжинд хэд хонох зуур Ринчен гуай байн байн хүн тэрэг хөлөглөөд байна гэнэ. Тэгэхээр нь хамт явсан нэг нь "Ринчен гуай, социалист Монголын иргэн бид хүн хөлөглөөд яах нь вэ, хөөрхий!" гэсэнд хариуд нь "Манж-Хятад маны нуруун дээр хоёр зуун жил суусан юм. Би эдний нуруун дээр хоёр гурав хоног суухад яахав!" гэсэн гэдэг.

Эсгий туургатны судлалд асар их хувь нэмэр оруулж, эх орны шинжлэх ухааны тулгын чулууг тавилцсан энэ еншөөв бол миний багшийн багш билээ. Еншөөв хэмээх нь Монголын нэгэн овог бөгөөд эртний түүхийн судруудад олонтаа дурдагддаг алдартай овог юм. Энэ хүний тухай өнөөдөр бодож санаж явдгаа хэлж, бүтээсэн туурвисныг нь нягтлан судалж, жинхэнэ ёсоор нь ард түмний хүртээл болгох, их эрдэмтний  алдрыг, эзлэх ёстой байр суурийг нь эзлүүлэн мөнхжүүлж, үеийн үед дээдлэн явах нь хойч үе бидний эрхэм хүндтэй үүрэг болой. Хүмүүс худам Монгол бичгээр юншиэбү гэж бичдэгийг нь дууриан кирилл Монголоор бас ингэж бичээд байдаг. Угтаа бол кирил Монголоор еншөөв гэж бичих нь зөв юм. Кирил Монгол үсэг бичгийн зөв бичгийн дүрмийн холбоотой асуудлаар би дараа өгүүлнэ.

Үүнийг тэрлэгч бээр номын цагаан үсэг нүдэлсэн үеэсээ сонсож “Заан Залуудай”-г нь уншин, “Цогт тайж”-ийг нь үзсээр, бидний өвөг дээдэс ийм л байж дээ гэж ухаж мэдэн, балчир оюуныхаа хэрээр бахархан бахдахын сацуу, тэдгээрийг зохиогчийн алдар нэрийг анх олж мэдээд сэтгэлдээ далдхан шүтэх болсон билээ. Бага ангийн гуравдугаар ангид байхад шиг санагдана, 1969-1970 оны үед Ринчен гуайн “Ану хатан”, “Гүнж” туужууд нь хэвлэгдэн гарч, ах эгч нарын завсар зайгаар авч уншихчаа аядан, тансаг сайхан хэл найруулгыг нь ойлгож ядан мунгинаж ойлгохгүй үг хэллэгийг нь ааваасаа их асуудаг байсан санагдана. Тэгэхэд аав маань Ринчен гуайн тухай их л бахархалтайгаар ингэж ярьдаг байсан юм: "Мундаг номтой, олон гадаад хэл мэддэг хүн. Монголд нэг удаа Америкийн Дэд Ерөнхийлөгч ирж л дээ. Нисэх дээр Ринчен гуай сайд дарга нарын хамтаар угтан оросоор мэндчилэн хэлмэрчилж. Тэгээд Төв музей үзэхэд нь Ринчен гуай музейн тайлбарлагч болж англиар тайлбарлаж гэнэ. Дараа нь зочид төлөөлөгчид Улаанбаатар зочид буудалд хүрч ирсэн чинь үүдэнд нь Ринчен гуай буудлын үйлчлэгч гээд францаар яриад угтаж. Монгол дээлтэй, Чингис хаан шиг сүрлэг сайхан сахалтай мундаг гоё хүн хаа л бол хаа тааралдаад байхаар нь Америкийн Дэд Ерөнхийлөгч гайхаад асууж л дээ. Тэгэхэд нь Ринчен гуай “Манай Монгол улс хүн цөөн. Тиймээс хүн бүр хэд хэдэн хүний ажил хийдэг юм аа. Миний хэдэн хэл мэдэх гайгүй хэрэг. Манайхан бүгд олон хэлтэй” гэж хариулсан гэдэг хэмээн ярьдаг байж билээ. Энэ мэт сайхан хууч сонсмогц л хүүхэд бид тэр агуу хүн шиг болох юмсан гэсэн дэврэнгүй хүсэл мөрөөдөл сэтгэл эзэмдэн авдаг байсан байж таарна аа.  

Хожим далаад оны дундуур, түүний олон зохиол бүтээлийг уншиж найруулга хэллэгийн уран гайхамшигтайд үнэнхүү бахархан баясах сэтгэл улам бүр оргилох болсон тэр үест радиогоор Ринчен гуайн алтан сургаалыг шимтэн сонсч, зурагтаар гэгээн дүрийг нь үзэхдээ хүүхэд насны гэнэн цагаан сэтгэлээр тэр агуу их эрдэмтэнд шавь орохсон гэж ихэд хүсэмжлэх болж билээ. Тэгээд нэг өдөр гэгээн дүрийг нь нүдээр үзэх завшаан тохиож ихэд бишрэн бахдаж байсансан. 1976 онд шиг санагдана. Би аравдугаар ангид орсон тэр намар юм. Улсын Төв музейн өмнүүр намба төгс алхлах тэр их хүн хүрэн шаргал дээл өмсч, аралтай суран бүс бүслээд угалзтай буриад гутал донжтой гэгч жийсэн байх агаад тэргүүн нүцгэн, үнэнхүү эрдэмт мэргэний шинжийг илтгэх буурал шар үс ар хүзүүг нь бүрхэн дал мөрийг шүргэн унжсан нь алхах аясыг нь даган сэвс сэвсхийн намирахын дээр намба төгс Монгол сахал нь түүний дотоод сэтгэлийг улам тод илтгэх авай. Нуруугаа үүрсэн гартаа баринтагтай ном барьсан энэ шар өвгөн номын их далайд усчлан явна даа гэх шиг бодогдож, өөрийн эрхгүй татагдан, араас нь ихээ хол даган явж билээ. Түүнээс хойш хэдэн удаа тийн учрах ховорхон завшаан тохиосон ч хүүхэд бид яахин халдаж ойртож зүрхлэх билээ. Харин их номчийн гарын шавь Чой.Лувсанжавтаны шавь болох хувь ерөөл надад байжээ. Эсэргэн хавар нь би дунд сургуулиа дүүргэж Их сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийн оюутан болсон тэр намраа Лу багшдаа шадарлан ойртсоноор их номчийн шавийн шавь болох их хувь заяа тохиосон болой.

Ринчен багшийн эрдэм зохиолын өв хязгааргүй их юм. Тэрээр эсгий туургат нүүдэлчин ард түмний дундаршгүй баян өв соёлыг судалж шинжлэх, хүн төрөлхтний хүртээл болгох нөр их ажлын зэрэгцээ манай шинэ уран зохиолыг хөгжүүлэх хүндтэй үүрэгт насан турхруу зүтгэж, тулгын чулууг нь тавилцсан гавьяат өтгөсийн нэгэн байв. 1929 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн үндсийг тавихад Ринчен багш оролцсон анхны гишүүний нэг бөгөөд түүнээс хойш насан өөд болтлоо бүтээх туурвихын зовлон жаргалыг эдлэхдээ хойч үедээ уран бүтээлийн их өв үлдээсэн билээ. Түүний зохиол бүтээл судалгаа шинжилгээний гүн гүнзгий ул суурьтай, уншигчдад үр өгөөжөөр баян, хэллэг найруулга төгс гүйцэд боловсорч, жинхэнэ сонгодог Монгол бичгийн хэлээр  бичигдсэн байдгаараа ялгардаг юм.

Бүтээл дотор нь хүн төрөлхтний үүсэл хөгжил Монгол газар нутаг дээр хэрхэн явагдаж ирсэн түүхийн явц байдлаар мөнөөх “Заан Залуудай” хэмээх балар эртний хүний тухай романаас эхлэн бичсээр өдгөөгөөс хоёр мянганы тэртээх Хүн гүрний тухай “Их нүүдэл” роман, дундад зууны үеийн Монголын тухай “Цогт тайж” кино, “Ану хатан” туурь, хорьдугаар зууны үеийн Монголын тухай “Үүрийн туяа” гурамсан романаар эдүгээг хүртэл бичиж дуусгасан нь түүхийн муухан сурах бичгээс илүүтэй их мэдлэг ойлголт өгдөг. Харамсалтай нь уг цуврал бүтээл одоо хэр нь бүрэн хэвлэгдээгүй байгаа бөгөөд хэвлэгдсэн зарим дэвтэр нь өнөөдөр олдохуйяа бэрх болж ховордсоноос манай шинэ залуу уншигчид олж уншиж чадахгүй, мэдэхгүйд хүрч байна.

Ринчен багш олон гадаад хэл мэддэг, гэхдээ  зүгээр ч нэг ойр зуурын хэдэн үг солионы хэрэглүүр маягаар бус, төгс  төгөлдөр эзэмшсэн нь тухайн эх хэл нь болсон олон хүний гайхлыг төрүүлж бишрүүлдэг байжээ. Тэрбээр, орос, франц, англи, герман хэлийг төгс эзэмшсэний дээр слав хэлнүүд болох чех, словак, польш хэл, дорно дахинаас, дэлхийн хэцүү хэлэнд тооцогддог хятад хэлийг ч мэддэг, олон улсын зохиомол хэл - эсперанто хэлийг төгс эзэмшсэн төдийгүй дэлхийн сонгодог зохиол бүтээлээс эх хэл рүүгээ хөрвүүлэх ажлыг чадамгай хийж байжээ. Юмыг хагас дутуу орхидоггүй, эхэлснээ заавал гүйцэд төгс болгодог зантай, шаргуу, хичээлтэй  туйлбар тэвчээртэй, залуу үеийнхэнд дууриалтай сайхан хөдөлмөрч нэгэн байсан нь шавь нарынх нь ярианаас үргэлж мэдэгддэг юм. Миний номын багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Чой.Лувсанжав нэгэнтаа ярихдаа, “Багш маань өөрийгөө 100 орос хүнтэй ном хаялцахад 99-ийнх нь цаана гарна, 100 франц хүнтэй ном хэлэлцвэл 98-ынх нь цаана гарна" гэж ярьдаг байсан. Ер нь эзэмшсэн хэлүүдээ тултал нь сайн сурсан, тэгш сайхан, ярьж, бичиж, орчуулдаг байсан даа” гэж хуучилж байсан юм. 

Тэгээд ч хэлийг хальт мөлт, хазгай хэлгий сурсан хүнийг “жогуаны хэлтэй” гэж ёжилдог байсан гэдэг байсан, жо гэдэг нь жорлон, гуан гэдэг нь гуанз гэдэг үгийн товчлол. Энэ хоёрыг нийлүүлээд хэл муутай хүнийг элэглэж байгаа нь тэр байж. Учир нь ойр зуур ярих төдий хэлтэй хүнийг гадаад улс оронд очоод “бие хүндрэхэд жорлон, гэдэс өлсөхөд гуанзаа хүнээс асуугаад олчих хэмжээний л хэлтэй” гэж байгаа нь тэр гэдэг байв. Чой.Лувсанжав багшийг жараад оны эхээр БНХАУ-д Их сургууль дүүргээд Монголын тоотой хэдэн нангиадач болж ирэхэд өвгөн багш нь уулзаад “За, чи дэлхийн албан ёсны таван гол хэлний нэг, хүн төрөлхтний тавны нэг нь ярьдаг хэлийг эзэмшлээ гэж хөхүүлээд “Атга шороо, чимх давс гэдгийг хятадаар юу гэж орчуулах вэ?" гэж асууж шалгасны хойно, аливаа гадаад хэлийг сайн сурлаа гэж бардамнаж болохгүй. Хэл бол шавхагдашгүй арвин баян юм шүү, мэдээгүй, сураагүй юм хэзээ ч тохиолддог юм гэж захиж байсан гэдэг. Хятад хэл бол аливаа юмны хэмжих утгыг илэрхийлдэг үгээрээ онцгой содон хэл тул чухам үүнийг нь Ринчен гуай мэддэг байгаад энэ талаас нь асууж шавийнхаа хэлний түвшинг шалгасан нь тэр байсан болой.

Энэ удаа би өвгөн багшийн тухай бусдын мэддэг, төсөөлдөг зүйлсийг тоочих гэсэн юм биш ээ. Энэхүү бяцхан өгүүллийг бичихийн учир юун хэмээвээс, дэлхий дахинаа  алдаршсан суут, хүмүүс, бичиг соёлын алдартан, эрдэмтэн мэргэдийн тухай хошин шог, домог, хууч тоймгүй олон байдгийг уншиж үзэхэд бусдад сургаалтай дууриалтай, санаа авч, ухаан тэлэх, сэтгэл сэргээж, урам хөгжөөх сайхан өгөөжтэй байдгийн сацуу тухайн хүний талаар тод томруун ойлголт өгдөг нь хэн хүний  онирхлыг ихэд татдаг байна. Александр Дюма, Марк Твен, Чарли Чаплин, Моцарт нарын зэрэг хүн төрөлхтний оюун ухааны од болон гэрэлтсэн суут хүмүүсийн тухай ийм хошин шог, домог хууч зэрэг нь  ном товхимол болон эмхэтгэгдэж, олон түмний хүртээл болсон нь их ээ.

Ренчин доктор болон манай бусад бичгийн эрдэмтэн мэргэд, нэрт зохиолчдын талаар ч энэ мэт домог хууч, хошин шог яриа цөөнгүй байдаг. Ренчин багш их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэдэгчлэн хүнтэй энгүүн дөлгөөн харьцаатай, маш их ёс жудагтай хэрнээ бас наргианч шооч зантай, хурц тод, цэцэн цэлмэг үг хэлтэй гялсхийсэн түргэн ухаантай хүн байжээ. Тэгээд ч Ренчин багштай холбоотой цөөнгүй хошин шог яриа, хууч үг бий болж, ам дамжин яригдаж  байдгийг дурдахын ялдамд энэхүү өгүүллээ багшаасаа сонссон дараах хоёр хууч яриагаар төгсгөе.

1945 оны үе, Дэлхийн хоёрдугаар дайн, Зөвлөлтийн улаан армийн ялалтаар төгсөх дөхөж байжээ. Энэ үед Ринчен багш намын төв хэвлэл “Үнэн” сонинд ариутган шүүгчээр ажиллаж байжээ. Сонинд улаан армийн давшилт, ялалтын тухай тогтмол нийтэлж, тэр бүх мэдээг орчуулж, найруулахад гардан оролцож байв. Сонины нэгэн дугаарт ялалтын тухай ээлжит мэдээ “Ялгуусан улаан  арми давшиж байна” гэсэн гарчигтай нийтлэгдсэний дараа, хэн нэгэн түүн рүү утасдаж “улаан хувьсгалч” байдлаар “Ялгуусан” гэж та ямар юмаа хэлээд байна? Улирсан баларсан шашны нэр томьёо хэрэглээд яаж байгаа юм?" хэмээн омогтой асууж гэнэ. Ринчен багш түгдэрч тэвдсэнгүй, өөдөөс нь “Ялгуусан улаан армийн ялалтад итгэхгүй байгаа та өөрөө хэн бэ?” гэж асуусанд цаад хүн нь хэрэгт ороогдохоос айн дахиж дуугаралгүй утсаа бушуухан тавьж орхисон гэдэг.

Монголын оюуны соёлын гурван сүмбэр оргилууд: Ш.Лувсанвандан, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн.

Бас нэг удаа гудамжинд, англи хэл заалгахаар түүнд шавь орсон авч мөд үзэгдээгүй нэгэн залуутай тааралджээ. Тэгээд “За, чи англи хэл хэр сурч байна даа?” хэмээн асуусанд өнөөх залуу даруухан зан гаргах гээд “Үгүй яах вэ, овоо гадарлаж л байна” гэжээ. Тэгэхэд нь Ренчин гуай “Та тэгээд доторлох болоогүй л явна уу?” гэсэн гэдэг.

Намайг Их сургуулийн Монгол хэл утга зохиолын ангид орсон тэр жил буюу 1977 онд Ш.Лувсандандан гуай хичээл заахаа больсон байсан. Дээд ангийн оюутнууд Лу багшаар хичээл заалгасан их азтай гэж ярилцдаг байж билээ. Дараа жилийнх нь хавар буюу 1978 онд Ринчен гуай 73-тайдаа тэнгэрт дэвшсэн юм. Харин Ц.Дамдинсүрэн гуай урт насалж 1986 онд 78-тайдаа нас барсан байх. Тийм учраас тэр үеийн оюутнууд бид Лу багш, Да багш нарыг бол Их сургуулийн ойр хавьд гудамжинд явж байхад нь нэг бус удаа харж бахдаж явсан юм аа. 

Эртний Хятадын их сэтгэгч Күнз мэргэн хоёр  мянганы тэртээд өөрийнхөө тухай өгүүлрүүн:

Арван тавтайдаан би номын далайд умбаж

Гуч хүрээд сая би тогтоньюу.

Дөчтэйдөөн ертөнцийн явдалд

Эргэлзэх сэтгэл минь арилавай.

Тавьтайдаан тэнгэрийн бошгыг ухаж

Жартайдаан чих минь алт болж

Далтайдаан сэтгэлээн чагнан дагах боловой...гэсэн байдаг. Энэ бол хүн хэдэн настайдаа, амьдралынхаа аль үе шатанд юу хийж, юунд хүрч, ямар хүн болж төлөвшиж байдаг тухай ихэд багцаа баримжаатай илэрхийлсэн шүлэг юм. Ялангуяа Күнз мэтийн олноос цолгорч түмнээс онцгойрон гэгээрсэн, хэтийдсэн их ухаантан мэргэдийн хувьд их л дөхүү таарсан тодорхойлолт болой. Энэ шүлэг, ерөөс Күнзийн сургаалиуд эртнээс янагш Монгол хэлнээ яруу сайхнаар хөрвүүлэгдэн Монголчуудын хүртээл болж ирсэн байдаг. Эртний тэр орчуулгын судар номуудаас Ринчен гуай үзэж сурч, судалж байсан нь гарцаагүй. Түүнийх нь нэгэн жишээ болсон Ринчен гуайн “Юуны магад” хэмээх нэртэй яруу өгүүллэгийг уншигч танаа толилуулсу:

“Дөч хүрээд би сая тогтоньюу. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж магад буюу. Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан намайг хүн болгосон эх орондоо анхилмал үнэрээр нь ачий нь магтан хариульюу...”

Цаст уулын оргилоос цагаан болоюу, толгой минь,... Сэтгэл минь гүн нуураас амгалан болоюу,... Санаа сэтгэл минь одооныхоос сайхан болоюу...“ хэмээн цааш үргэлжилдэг энэ бяцхан бүтээлийг яруу өгүүллэг гэсэн минь учиртай. Учир нь юун хэмээхүл энэ бүтээл Монголоор яруу өгүүллэг гэж нэрлэж болох хятадын эртний сонгодог уран зохиолын “фу” хэмээх нэгэн төрлийн маягаар бичигдсэн байдаг. Гэвч энэ тухай жич өгүүлсү. “Юуны магад” яруу өгүүллийг та өөрөө олж үзэгтүн. Их сэтгэгч Күнз мэргэн гуч хүрээд сая тогтоносон бол их эрдэмтэн Б.Ринчен өөрийгөө түүнээс нэгэн үе цаашлуулж дөч хүрээд тогтононо хэмээсэн болой. Тогтноно гэсэн утгыг та болно, боловсорно гэж ойлгож байгаа буй заа. Эгэл мануус бид хэд хүрээд сая тогтонодог юм бол доо?

1990, 2018 он

Сэтгэгдэл 20ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 12. 22:59
Зочинkhurelbaatar

taaraldaj harsan vyiin chini renchin bagsh yamar hvn bsan be odoonii hvmvvstei haritsuulval. huwi hvnii tuluwshil eyldeg daruu zanch geh yumuu odoonii diplomnii goluudtai harutsuulbal

2019, 7 сар 29. 0:07
Зочин Умбаа

дараах төрөлдөө Ри багш Лу багш маань төрөөсэйдөө

2018, 9 сар 14. 10:07
уужим балгад

Монголын минь бахархал болсон их эрдэмтэн хүн дээ. Монголын нүүрийг дэлхийд олон ч удаа тахалсан гэж яригддаг домогт хүн дээ

2018, 8 сар 18. 15:29
БиЗочин

Америкийн дэд ерөнхийлөгч 1940 оны сүүлээр Чойбалсан гуайг амьд байхад ирсэн. Харин Улаанбаатар зочид буудал 1961 оны үед ашиглалтанд орсон шүү дээ яагаав Аман хуур кинон дээр багигдаж байгаа нь гардаг даа Бас Монгол ургийн овог гэдэгт эргэлзэж байна. 17 оны хувьсгалаас дайжиж орж ирсэн оросын буриад биздээ

2021, 1 сар 2. 11:18
Зочиэмээн

тэнэгийн нүдэнд тэнэг л харагддаг юм. чам шиг нь бол хэзээ ч ойлгохгүй ээ!! толгой чинь олгой л юм байна ш дээ. чи монголын ард түмэнд юу хийж өгсөнөө биччих л дээ. хов базаж бусдын улыг шагайхыг чинь тооцохгүй шүү

2019, 10 сар 7. 16:29
Зочин

Tegeed buriaduud mongol bisshuu

2019, 7 сар 25. 8:01
Зочин

TEGEED YUGIIN NI XARLUULAX GEED BGAA YUM CHI

2019, 4 сар 10. 17:11
Зочин

Эргүү минь буриадууд монгол биш гэх гээ юу

2018, 11 сар 18. 17:26
Nyamka

НУ-ын дэд езөнхийлөгч Уоллэс 1944 онд ирсэн, УБ зочид буудал 1959 онд ашиглалтад орсоон гэж.........!!!

2018, 9 сар 13. 20:12
Amarsanaa

юншээбүү ч гэж бичдэг байх шүү ямар ч байсан буриад биш байх шүү Да багш хатигин

2018, 9 сар 12. 10:44
Зочин

Түүхээ судал, унш..Еншөөв гэдэг хүчирхэг овог аймаг байсан юм.Өөрт чинь тайлбарлавал цаг их орно.иймд Монголын түүхийг үз.Цэцэрхэг дам яриа сонсоноо бүү ил гарга даа.

2018, 9 сар 1. 9:38
Монгол хүн

Сн бна уу. Та их эрдэмтэн Ринчен гуайг нэг буриад гэж хэлэх арай болоогүй бна даа. Таны оюуны сав ч үнэнхүү дундуур юм даа хөөрхий . Уучилаарай тэсэлгүй өичлээ. Би энэ монгол эрдэмтэнтэн багшийн тухай хүүхэд байхадаа байнга үнэхээр бахархахсан үгс байнга сонсдог байсаан . Гэхэдээ миний аав ээж жирийн хүмүүс л байсан. Тэр хүн Ионголын ард түмний хүлээн зөвшөарч хүндлэгдсэн мундаг хүмүүн байсан шүү. Та тэр хүмүүний бичсэн зохиолыг уншиж үзээгүй л байна даа. Монгол хүн болгон тэр их хүнээр бахархахдаг юм шүү.

2018, 9 сар 21. 18:17
:)

Таны бичигт түмэн алдаа байгааг харахад таны өөрийн "оюуны сав" гээд байгаа чинь харин нэлээн дундуур бололтой юм шиг.

2018, 8 сар 17. 23:11
Зочин

үхсэн баас тэр кунз мунз нь хятадууддаа л мундаг юм байгааз..мануусд ямар хамаа байна аа..

2018, 8 сар 18. 15:59
Зочин72

Erguu yum

2018, 8 сар 18. 11:22
Зочин

Кунзийг нэг уншаад үз дээ.

2018, 8 сар 18. 11:58
Зочин33

Күнзийг дэлхий тэр чигээрээ уншиж байшаа бус уу

2018, 8 сар 16. 18:07
Зочин

tiimee ter saihan huniig bagshiin deediin urd tuv zamin yag goloor urt nogoon deeltei tonogtoi suran bus buselsen kostum botinktoi alhaj yvahad ni yag taaraldaj bilee bi

2018, 8 сар 10. 19:57
Зочин

Баярлалаа.

2018, 8 сар 2. 23:23
төмөр

Гоё өгүүллэг байна баярлалаа. Таны цаашдын ажил амьдралын зам дардан байх болтугай!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]