Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Баяр: Дайснаас миний өшөөг заавал аваарай!!!Уншсан26,655

Баяр гэдэг залуу их бууны хорооны бичээч байгаад, дайсны их бууны сумны дэлбэрэлтэд өртөж, амь тавьж байхтай нь би тааралдсан.

1939 оны Халхын голын байлдаанд оролцож явсан ахмад дайчин Н.Роломжавын төрсөн дүү, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XIY хорооны оршин суугч, эдүгээ 75-ны нас сүүдэр зэрэгцсэн өндөр настан Н.Сэсээр гуай надад сонирхолтой хууч өгүүлсэн юм.

 

Тэрээр Төмөр замын техникум, улмаар Герман улсад дээд сургуульд суралцаж, нийгэм судлаач-эдийн засагч мэргэжил эзэмшсэн манай улсын дунд үеийн өндөр боловсролтой сэхээтнүүдийн нэг аж. Түүний аав Завхан аймгийн Сантмаргац сумын уугуул С.Наваан Хатанбаатар С.Магсаржавын цэрэгт элсэж, баруун хязгаарыг цагаантны дээрэмчдээс чөлөөлөхөд оролцож явсан Ардын хувьсгалын ахмад дайчин, Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 15 жилийн ойн баярт төлөөлөгчөөр уригдсан хүндтэй буурал байжээ. Тэднийх Н.Роломжав, Н.Ролгиржав, Н.Сэсээр гэсэн гурван хүүтэй бөгөөд хамгийн сонирхолтой нь Тамсагбулагийн YI дивизийн 17 дугаар морьт хороонд хүнд пулемётны наводчикаар цэргийн алба хааж байсан хүүгээ эргэхээр алс баруун хязгаар Завхан аймгаас Халхын голыг зорьж байсан 1939 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 45 дугаар зам явах бичиг хүү Н.Сэсээрт нь хадгалагдан үлджээ.

Ардын хувьсгалын ахмад дайчин С.Наваан гуай Халхын голын дайнд Монгол, Зөвлөлтийн дайчид мөр зэрэгцэн баатарлагаар тулалдаж байгааг нүдээр харж ирээд төрсөн хүүдээ “Сэсээр” нэр хайрласан аж. Ингээд Халхын голын байлдааны ахмад дайчин Р.Роломжавын амьд сэрүүн ахуйдаа дайчин нөхдийнхөө тухай буюу тэртээ 1989 онд бичиж үлдээсэн дурсамжаас нь өгүүлье!   

Манай сумангийн дарга Лувсанжамбаа гэж шаардлага өндөртэй, хэлснээсээ эргэж буцдаггүй, тэвчээр хатуужилтай хүн байлаа. Тулалдаанд ороход дуу нь улам сүрлэг болж, нүдээ үл цавчран чандлан тушаах бөгөөд тушаал ёсоор болсон үед “Ингэх л хэрэгтэй. Маш сайн байна” гэж ам нээдэгсэн. Жүгдэрнамжил дарга аливаад ул суурьтай ханддаг, жинхэнэ дайчин эр. Улс орон даяар түүнийг “Эх оронч, гавьяат холбоочин” алдраар нь андахгүй. Пунцагдоржийн Самбуу Өвөрхангайн хүн. Эдүгээ амьд эсэхийг мэдэхгүй. Тасгийн дарга, Ховд аймгийн уугуул Ламжавын Дашзэвэг нийслэлд суугаа. Харамсалтай нь мэлмий нь хиртсэн. Манай хорооныхон үе үе уулздаг боловч нөхдийнхөө сургийг бүрэн гаргасан удаа үгүй. Сураг тасарсан нөхөдтэйгээ уулзахсан гэхээс нойр сэрвэлзэх юм. 1939 оны 5 дугаар сарын тэр нэгэн өдөр сэтгэлд тодоор үлджээ. Дайсны таних тэмдэгтэй хошоод онгоц бүртийх ч үүлгүй цэлмэг тэнгэрт түгшүүр зарлан, хэд эргэлдсэнээ дээрээс бөмбөг хаялаа.

Хороо түргэн жагсаал авч, “Маргааш дайснаас урьтаж Халхын голыг гаталж, ашигтай байр эзэл” гэсэн тушаал аван хөдөллөө. Дайсны их бууны суман доогуур их голыг цалгиулан туулж, Талын манханд хориглолоо. 1939 оны 6 дугаар сарын 28, 29-нд хоёр талаас их хүчээр ширүүн тулалдаан болсон. Тэр тулалдаанд дивизийн дарга Ч.Шаарийбуугийн хамт дивизийн арын албаны дарга, манай сумын 10 дугаар багийн ард Алтангэрэлийн хүү Адъяа амь үрэгдсэн юм. Тэд баатарлагаар тулалдаж, эх нутгийнхаа сөөм газрын төлөө амиа алдсаныг бид гэрчилнэ. Баяр гэдэг залуу их бууны хорооны бичээч байгаад, дайсны их бууны сумны дэлбэрэлтэд өртөж, амь тавьж байхтай нь би тааралдсан.

Түүнийг харахын аргагүй, үнэхээр зүрх шимшрэм, сумны хэлтэрхийд зад цохиулсан гэдэс нь газар хэвтэх авч, түүнийгээ үл хэрэгсэн, ихэд ухаан сийрэг ярьж байсан сан. Тэрээр “Алтан нутаг минь, би хүн болохоосоо өнгөрлөө. Та нар дайснаас миний өшөөг заавал аваарай, алхам ч ухарч болохгүй шүү. Бидний ард Монголын ард түмэн минь байгаа. Нөхдийгөө хайрлаж яваарай. Аав, ээж хоёрт минь миний өмнөөс зүүн хацраа үнсүүлээрэй. Намайг хэзээ ч эргэж ирэхгүй болсон тухай түүнд минь нуулгүй хэлээрэй” гэснийг нь эцэг, эх хоёрт нь зүрхлэн хэлж чадаагүй.

Хурандаа Гомбын БААТАРНУМ

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 8 сар 28. 11:29
Зочин

xm ydaj vnsvldeg bga da

2022, 4 сар 18. 15:06
Зочин

Яагаад нэр нь тодроогүй юм бэ? Айн хэн нь хариулах вэ ? ??

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]