Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Улаан гараараа баавгайтай тулсан Хүдэр даян аваргаУншсан3,143

Сайшаалт Ерөөлтийн 15˗р он буюу 1810 оны цагаан морин жил Монголын дорнод их тал дунд, айл хэсэж амь зууж явсан нэгэн залуу бүсгүй, Сан бэйсийн баян айлын илүү гэрт нярайлсан гэдэг (Энэ бол Хүдэр даян аварга ажээ).

Сайшаалт Ерөөлтийн 15˗р он буюу 1810 оны цагаан морин жил Монголын дорнод их тал дунд, айл хэсэж амь зууж явсан нэгэн залуу бүсгүй, Сан бэйсийн баян айлын илүү гэрт нярайлсан гэдэг. Энэ бол Хүдэр даян аварга ажээ.

Хүдэр хүү 18 нас хүрч, хүн хүнээс хүдэр зузаан бие цогцос сайхантай, ажилд сүрхий эр болжээ. Гэтэл түүний унтдаг гэрийн хана нь орны цаад талыг дагаад үдээр нь тас тас үсэрсэн байх болжээ. Үүнийг мэдсэн жасын нярав гайхаж учрыг сэм магадалбал Хүдэр шөнө, өглөө сэрээд суниах зуур ханын модноос татаж бүх үдээсийг тас татдаг ажээ. Гэтэл Хүдэр шар хөллөсөн тэргээр аргал түүдэг байсан тул сүүл сүүлдээ нөгөө шар нь учиргүй ядарч хөлс нь цувчихсан ирдэг болжээ. Үүний учрыг гайхаж байтал нэг өдөр шарын нь сүүл тасархай иржээ. Учрыг асуувал «Татчихтал тасарсан юм!» гэжээ.

Дараа нь нэг өдөр өөр хүн түүнийг холоос дагаж, сэм харвал, аргалаа түүж дуусаад шараа мултлан авч түүнтэйгээ ноцолдож гарчээ. 18 настай жаал хүү бүдүүн шарыг өнхрүүлэн унагааж, босмогц нь барьж авч, цээжийг нь өргөх зэргээр ноцолдож тоглосоор усан хулгана болгоод шараа хөтөлж, тэргээ түрээд буцжээ. Гэртээ нэлээд дөтөлж ирээд тэрэгтэй аргалаа шарандаа хөллөөд өөрөө хөтөлж, гэмгүй царайлан ирж байсан гэдэг.

Үүнийг үзсэн хүмүүс «Энэ гайхал чинь муу ёрын амьтан гарлаа. Яах билээ?» гэлцэж, түүнийг даншиг наадамд явуулъя гэж шийджээ. Зарим нь Хүдэрийг «Даншиг наадамд очоод барилдаж бөх болох эсэхээ үзэг» гэж үнэн голоосоо бодож, зарим нь «Энэ задарсан банди даншигт очиж сайн бөхөд хага шидүүлж хашраг!» гэж боджээ.

Ийнхүү хойд жил нь 19 настай Хүдэр, нутгийн бөхчүүдтэй цуг, 7 хошууны их наадамд зорьж, Дорнодын их талаас анх удаа гарчээ. Энэ жил бол 1829 оны шарагчин үхэр жил билээ. Хүдэр хүү өөрийн хүч тэнхээтэй болж байгааг өдөр ирэх тутам мэдсээр, залуу бага насны ааг хүчин чадлын эрчээр ямар боловч их наадамд түрүүлнэ байх гэж лавтайяа горьдох тул бушуухан явж хамаг олон цугларсан их наадмын талбайг үзэх сэн гэхээс тэсэж ядан явжээ. Гэтэл хамт яваа хуучин бөхчүүл огт яарах шинжгүй айл хэсэж, айраг уусаар, Хэрлэнгийн усанд биеэ угаасаар, овоо чулуун дээр сан тавьсаар явах тул Хүдэр тэссэнгүй нэгэн өдөр аяыг нь олж ганцаараа түрүүлэн оджээ. Гэтэл нутгаас гарч үзээгүй болохоор зам буруу замнаж, нэгэн их модтой уулс дунд ормогц аль тохиолдсон баруун хойш чиглэх зам хөндий даган явах болжээ.

Тэгсээр хөндийн өндөр уулс, дунд, орой нар шингэх үеэр нэг айлд буужээ. Гэтэл тэнд хонохоо больж бушуухан явмаар санагдсан тул цай уугаад зам асуужээ. "Энэ их үргэлжилсэн уулын өвөр талаар тойрдог, нэгэн бүтэн хоногийн зам бий. Ар шилээр нь давдаг өөр нэг балархай жим бий! Тэр балархай жим их татуу (ойр) боловч хүн амьтан явахаа больсон юм. Тэнд нэг аймшигт баавгайтай болсоор хэдэн жил болсон" гэж гэрийн эзэн өгүүлжээ.

Хүдэр угаас баавгай үзээгүй тул баавгайн тухай лавлан асуугаад нас гүйцсэн шараас том биш гэдгийг дуулаад тайвширч, тэр сүрхий гэгддэг балархай жимээр нь явахаар шийдээд морджээ.

Тэр айлынхан Хүдэрийг уулын ар шил чиглэн модон дундуур явчихыг хараад их л гайхжээ. Шөнө боллоо. Нөгөө айлынхан унтацгааж нэг мэдэхэд хаалгыг нь нэг юм түчигнүүлэхэд сэрвэл, ямар нэгэн хүчтэй амьтан хаалгыг нь оролдож модон оньсыг нь хуга түлхэн орж ирсэнд учиргүй айцгааж "Нөгөө хүн чинь аюулт баавгайн уурыг хүргэж одоо баавгай мөрөөр нь манайд хүрч ирлээ" гэж бодоод сандарчээ. Гэтэл тэр нь баавгай биш, Хүдэр хүү байжээ.

Энэ нь үүр цайсан үед болсон хэрэг бөгөөд гэрийнхэн нь босож тулганы баруун талд тэрийн унасан Хүдэрийг өндийлгөж үзвэл хоёр гарын нь шуу гадна талаараа юу ч үгүй урагдан зулгарч байжээ. Гарыг нь угааж боож өгөөд, сүү амсуулан сувилж, нар гарах үед ухаан орсон Хүдэрээс юу болсныг асуувал "Би эндээс мордоод замын ойрыг бодож уулын ар шилийн замаар явсан юм. Явсаар уулын шил даваад дөхөж очтол, харанхуй дунд морь маань үргээд урагш явж өгсөнгүй. Тэгэхээр нь буугаад морио хөтлөн явтал урдаас маань нэг бөөн хар юм хүрч ирлээ. Тэр амьтан, тэр чигээрээ над руу дайрч ирэхээр нь би хоёр гараараа хоёр чихнээс нь барьж аваад доош дарж толгойгоор нь газар мө ргүүллээ. Гэтэл тэр амьтан аймаар муухай дуугарч, дээшээ өндийж ирэхэд нь хэчнээн хүчлэн даравч дийлсэнгүй, надтай чацуу болон босож ирэв. Би барьсан барьцаа алдалгүй байж дахин доош дарж газар улам хүчтэй мөргүүллээ. Тэр амьтан улам хүчтэй босож ирлээ. Дахиад л би дарлаа. Ингэж тэр амьтан бид хоёр ноцолдсоор шөнийг барж, сүүлдээ айх цуцах нийлээд юугаа ч мэдсэнгүй. Нэг мэдэхэд л тэр амьтан өндийхөө больсон шиг байлаа. Тэгэхэд нь би орхиж нааш гүйж ирсэн байх" гэжээ. Энэ яриаг сонсогсод "Энэ хүн лав айснаас болоод дэмийрч байх шиг байна. Хэрэв баавгайтай тааралдсан бол юунд тэгж барьж авч дарж дийлэх вэ? Энэ байтугай хорь гучин хүн ч дийлэхгүй" гэлцээд өдөр болсон хойно хэдэн хүн нийлж нөгөө газар нь очжээ.

Гэтэл нутаг усныхны зүрхэнд орсон нөгөө аймшигт том баавгай толгойны а р ь с хошуунаасаа гэдрэг шамарч, нүдээ өнгөртөл я с м а х нь гарчихсан хэвтжээ.

Түүний толгойн дэргэд нэлээд гүнзгий нүх байх бөгөөд энэ нь Хүдэр, баавгайг хоншоороор нь газар мөр гүүлсээр газрыг хонхойлж, тэр нүхэнд хоёр шуугаа урж гүйцсэн хэрэг байжээ. Ингээд Хүдэр тэр жилдээ барилдаж чадалгүй буцжээ. Гэвч түүний хойд жил Даншиг наадамд очиж барилдсан гэдэг яриа бий.

Тайлбар: Хүдэр аваргын энэ домгоос гадна түүний ижилгүй бяр тэнхээтэй байсны баримт болох нэг сонин мэдээг өгүүлсэн байна.

Хүдрийг ид барилдаж явсан үед Сан бэйсийн нутагт байсан «Гүн шаварчин» хэмээх пүүзний данжаад Долнуур буцахдаа замын хулгай дээрмээс болгоон Хүдэр аваргыг дагуулан явахдаа «Бяр хүчээ над харуулаач» гэж хүсэмжлэн гуйсаар явсанд «Та миний хүчийг үзье гэсэн тул үзтүгэй» хэмээн үхрийн чинээ том чулууг өргөж ургаа хадан дээр тавьжээ. Данжаад тэр дороо буудаллаж, уг хадан дээр «Үүнийг Сан бэйсийн хошууны Хүдэр даян аварга Гомбо хэмээх хүн өргөж тавилаа. Ийм хүчтэн хүн байсныг хожмын хүмүүс мэдтүгэй» гэсэн бичиг сийлүүлсэн гэнэ.

МААЗДБ, 206—207 дахь тал. 1978.

 

БАЯНМӨНХ АВАРГА

Баянмөнх аварга 1800-гаад оны үед 30 шахам жил Монголын наадмын дэвжээнд од нь болон гялалзаж явсан манай үндэсний бөхийн түүхнээ үүрд дурсагдах алдарт сайн бөхийн нэг. Энэ алдарт бөхийн тухай нутгийн ард түмэн олон сайхан домгийг бахархан ярилцдаг юм. Энэ нутгийн хөгшчүүлийн ярианаас тэмдэглэн авсан нэгэн домгийг сийрүүлбэл: Зуны нэг өдөр мал эрж явсан зэргэлдээ нутгийн нэгэн хүн тэднийд бууж Баянмөнхийн ээжтэй мэнд усаа мэдэлцээд цай ууж суув. Гэтэл Баянмөнхийн эх гараад явчихжээ. Энэ хооронд гэрийн хаяанд уяатай байсан нялх тугал уяа нь алдууран гэрийн хоймор уяатай сууж байсан Баянмөнх хүүгийн өмнүүр яваад очив. Хүү хоёр гараа өргөн шулганаж, тугалын сүүлнээс бариад авсанд тугал орилон огло харайжээ. Явуулын хүн ихэд шохоорхон энэ хүүгийн гайхам чадлыг биширч эхээс нь үрчлэн авъя гэж гуйя гэдэг хүслэн төржээ. Тэгтэл эх нь орж ирээд алдуурсан тугалыг байранд нь уяв. Явуулын хүн эхэд нь хандаж:

- Та надад хүүгээ үрчлүүлж өгөхгүй юу гэж асуувал

- Та яагаад миний хүүг авах болов гэж инээмсэглээд "Би хүүгээ ямар ч хүнд өгөхгүй ээ, миний хүү ээжийгээ баярлуулах хүн болох болов уу гэж би санадаг юм. Миний хүү хорвоод мэндлээд өлгийдүүлээгүй хүн болсон юм шүү дээ. Хонины нэхийд өлгийдөөд гурван давхар нарийхан сураар бүслэхэд хүчтэй амьсгалахын тоолон тастчихаад байсан юм" гэж ярьж байсан гэдэг.

Тайлбар: Баянмөнх аварга бол одоогийн Төв аймгийн Эрдэнэсантын хүн юм. Ж.Дамдины «Монгол бөх» номд Баянмөнх 1819 онд арван засгийн наадамд арслан цолтой барилдаж байжээ гэж бичжээ. Үүнээс өмнө ямар наадамд яаж барилдаж явсан нь тодорхойгүй бөгөөд 1840 оны 7 хошуу наадамд 3 давж зодог тайлжээ. Харин 1843 оны 7 хошуу даншиг наадамд барилдаагүй боловч дархан аварга Баянмөнхөд он удаан сайн барилдаж, олон ардаа баясгасан өндөр зүтгэлийг нь үнэлэн 4 аймаг, шавь 5 газраас тус бүр хоёр морь, 1844 онд дахин тус бүр хоёр мориор шагнаж байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]