Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын шашин номлогч их бичээчУншсан5,530

Н.Я.Бичурин Хятадад ажиллаж амьдарсан 13 жилийн хугацаандаа жинхэнэ эрдэмтэн хүн гэж ямар байдгийг үзүүлж, Дорно дахиныг Өрнө дахинд нээсэн бүтээлүүдээ туурвих нөр их ажлыг шамдан гүйцэтгэжээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар


Оросын Дорно дахины судлалын эцэг нэрт эрдэмтэн Н.Я.Бичурин 1777 онд Казань тойргийн Чебоксар хошууны Бичурин хэмээх тосгонд төржээ. Одоо энэ тосгон нь Автономит Чуваш улсад харьяалагддаг байна. Тэрбээр Үнэн алдартны шашны удам дамжсан лам хүний хүүхэд байсан төдийгүй, өөрөө ч хувь заяаны эрхээр энэ замаар замнажээ. Түүний намтарт угсаа гарлыг нь орос, чуваш алин болох нь тодорхойгүй гэж тэмдэглэсэн байдаг боловч нүүр царай, үс, нүднийх нь өнгө, ааш аягаас нь үзэхүл их л дорно зүгийн дүр төрх илэрдэг, цэвэр орос хүн гэмээргүй байжээ. Н.Я.Бичурин чуваш үндэстэн, эсбөгөөс татар угсаатай ч байж мэднэ, тэгвэл зөн билиг, хувь заяа, нэгэн насны амьдрал, ажил үйлээрээ яах аргагүй Дорно зүгийн эртний агуу их угсаатантай холбоотой байсан болж таарна аа.

Сүмийн сургууль соёлоор сурч хүмүүжсэн Я.Бичурин 1802 онд Эрхүү хотын сүмийн сургуулийн захирлаар томилогдон очжээ. 1806 онд Орос улсаас Хятадад суух Элчин сайдаар томилогдсон гүн Ю.А.Головкин түүнийг судалгааны ажилтан ба шашны номлогчоор авч явах санал гаргаснаар анх удаагаа алс холд орших Дорно дахинаа хөл тавьсан түүхтэй. Тэрбээр Монголын тал нутгаар хэдэн сарын турш аялан явсаар 1808 оны 1 дүгээр сард Бээжин хотод хүрч очсон бөгөөд зам зуураа хийсэн баялаг ажиглалт тэмдэглэл нь хожим Монголын тухай туурвисан алдарт бүтээлийнх нь үндэс болсон байна. 

 

Н.Я.Бичурин Хятадад ажиллаж амьдарсан 13 жилийн хугацаандаа жинхэнэ эрдэмтэн хүн гэж ямар байдгийг үзүүлж, Дорно дахиныг Өрнө дахинд нээсэн бүтээлүүдээ туурвих нөр их ажлыг шамдан гүйцэтгэжээ. Гадаад хэл сурах онцгой авьяас чадвартай байсан тэрбээр хятад хэл бичгийг бие даан сураад дорно дахины түүх, соёл, утга зохиолын их өв сан руу умбан орсон нь баргийн хүн халшран дөлмөөр хэрэг байсан болой.
Хятад хэл бичиг төгс эзэмшсэн тэрбээр хятад-орос толь бичиг зохион, өөрийн гараар дөрвөн удаа хуулан бичиж засч сайжруулсны дээр 4 боть манж-хятад толь бичгийг орос хэл рүү хөрвүүлсэн байдаг. Бээжинд байсан он жилүүддээ тэрбээр Күнзийн сургаалын их хөлгөн судрууд болох “Дөрвөн ном, таван  бичиг”-ийг орос хэл рүү орчуулж, 3 боть газар зүйн ойллого бичиг, 17 боть Хятадын түүх, Хятадын түүхийн он дарааллын бичиг, “Түвдийн тухай тэмдэглэл”, “Зүүнгарын тухай тэмдэглэл”, “Монголын тухай тэмдэглэл”, “Бээжин хотын тухай тэмдэглэл” зэрэг судалгааны томоохон бүтээлүүд, түүнчлэн дорно дахины шашин, гүн ухаан, хууль цааз, анагаах ухаан, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн тухай олон тооны өгүүлэл тэмдэглэл бичсэн байна.   

Тэрбээр хятад хэлний үндсийг судалж мэдээд, дээд байгууллагын заавраар христийн шашны судруудыг хятад хэл рүү орчуулах үүрэг хүлээн хэдэн жил зүтгэсэн боловч аажмаар энэ ажилд дур хүсэлгүй болж, өөрийгөө бүхэлд нь шинжлэх ухааны үйлсэд зориулахаар шийджээ. 1810 онд тэрээр Хиагтын гаалийн албаны дарга П.Д.Бонифатьевт бичсэн захидалдаа: “Өөрийгөө үл хөөргөн даруухнаар хэлэхэд би энд өөрийнхөө төлөө бус, эх орныхоо төлөө ажиллаж, амьдарч байна. Тэгээгүйсэн бол хятад хэлийг хоёрхон жилийн дотор ингэж хурдан сурч чадахгүйсэн” гэж бичиж байлаа.

Хятадын нийслэлд урт хугацаагаар амьдарсан нь эртний бичгийн хэл, сонгодог уран зохиол гэх мэтийн бэрх хэцүү бүхнийг даван туулах боломж олгожээ. Эртний хятадын гүн ухаан, газар зүйн ойллого бичиг зэрэг орчуулгын ажил шамдан шимтэн хийх болсон нь түүнийг эрдэм номын ажилд улам бүр татагдан ороход нөлөөлж, 1816 онд Бээжинд дахин арван жил ажиллахаар үлдээхийг дээд удирдлагадаа хүссэн байдаг. Ийнхүү 13 жил өнгөрөхөд тэрбээр хятадын түүх, улс төрийн томоохон бүтээл болох “Тунзян ганьму” буюу “Засагт туслах нэвтэрхий толь” хэмээхийг, мөн “Монгол, Түвд, Зүүн Туркестаны тухай тэмдэглэлүүдээ бичиж дуусгажээ. Эртний түүх, соёлтой дорно дахиныг судлах явцдаа тэрбээр хятадын эртний түүх соёлын судар шасдируудыг орчуулж байв. Нэг жишээ хэлэхэд хятадын түүхийн “Тунзян ганьму” хэмээх алдарт бүтээлийг орос хэлээр орчуулсан нь 9 мянган хуудас бүхий 65 дэвтэр болсон агаад хожим нь түүнийг 17 зузаан боть болгон хэвлэсэн байна.

1817 оны туршид тэрбээр Бээжин хотын бүх гудамж зээлийг нэг бүрчлэн хөндлөн гулд алхан хэмжин явж, үзэж танилцаад, үдэш орой нь үзсэн харснаа бичиж, зурж тэмдэглэдэг байжээ. Энэ нөр их ажлын үр дүн “Бээжин хотын тухай тэмдэглэл”  нэртэйгээр 1829 онд гарч, тухайн үеийн дэлхийн хамгийн том, сонин гайхалтай хотын тухай туурвисан эл бүтээл тэр даруйдаа франц хэлнээ хөрвүүлэгдэж, Европын олон эрдэмтэд, сэхээтнүүдийн анхаарал сонирхлыг татаж байсан авай. 

Н.Я.Бичурин их зохиолч Н.В.Гоголийн  хамт

1821 оны 5 дугаар сард Никита Бичурин харь газар олон жил суусныхаа эцэст эх орныхоо зүг хүлгийн жолоо залав. Манж дайчин гүрний Умард нийслэл/өнөөгийн Бээжин хот/-ийн хаалгаар их эрдэмтнийг нутагт нь хүргэх холын аянд хөдөлсөн тэмээн жингийн цуваанд зөвхөн ном судар, бичиг тэмдэглэл ачсан арван таван тэмээ цувран гарчсан гэдэг. Тэр үеийн Оросын Гадаад хэргийн яамны Бээжинд сууж байсан ажилтан, хятад судлаач Е.Ф.Тимковский энэ тухай бахархан илтгэхдээ: “Өнгөрсөн зуун жилийн хугацаанд Бээжинд солигдон суусан Оросын эзэн хааны 8 Элчин сайдын томилолтын хугацаанд чухаг нандин ийм их ном бичиг илгээгдсэн нь үгүй” гэсэн байлаа. Я.Бичурин ч энэ тухайгаа хожим өөрөө бичихдээ: “Даруухан бусаар хэлэхэд тэрхүү 13 жилийн хугацаанд би зуун жилд манай Элчин төлөөлөгчийн газрын хийснээс тав дахин ихийг хийсэн юм шүү” гэсэн байдаг.

1826 онд Яакинф Бичурин Оросын нийслэл Санкт-Петербургт суурьшиж, мөнөөхөн Е.Ф.Тимковский нарын тусламжтайгаар хятад хэлний орчуулагчаар ажилласан байна. Энэ хугацаанд 1828 онд оросын ШУА-ийн Дорно дахины утга зохиол, түүхийн чиглэлийн сурвалжлагч гишүүнээр сонгогджээ. 1829 онд анхныхаа ном зүйн ажил болох “Оросын эзэн хааны номын сангийн хятад, манж номын бүртгэл жагсаалт реестр” номоо бэлэн болгов. 1830 онд Өвөр Байгалийн нутгаар аялж, бурхны шашны түвд, монгол ном судар, буддын соёлын ихээхэн эд өлгийн зүйлс цуглуулан аваачжээ. Түүнчлэн Хиагт хотноо Оросын анхны хятад хэлний сургууль байгуулсан төдийгүй, “Хятад хэлний зүй” хэмээх оросын анхны хятад хэлний сурах бичгийг зохиосон байна.

Н.Я.Бичурин их зохиолч А.С.Пушкины хамт

Н.Я.Бичурин 1831 онд Париж дахь Азийн нийгэмлэгийн гишүүнээр сонгогдож, нэр хүндтэй олон шагналын эзэн болов. Тэрбээр Санкт-Петербургт тухайн цаг үеийн оросын олон алдарт хүмүүсийн дотнын танил болж, шашны нэр нөлөө бүхий алдар хүндийг олсон байдаг. Тэдгээрийн дунд оросын их зохиолч А.СПушкин, А.А.Краевский, яруу найрагч В.Ф.Одоевский, ёгт үлгэрч И.А.Крылов, уран зохиолч И.И.Панаев нар байлаа. Түүнчлэн Байгалийн чанад байхдаа декабрист ах дүүс Бестужев, И.И.Пушин гээд олон шилдэг сэхээтнүүдтэй танилцаж явжээ.  

Түүний гол гол бүтээл туурвилууд 1828 оноос хэвлэгдэж эхэлжээ. “Чэндү хотоос Лхас хүртэлх замын зураг бүхий өнөөгийн Түвд орны тухай зураглал” бүтээл нь гарч, улмаар “Монголын тухай тэмдэглэл” хэмээх хоёр боть томоохон бүтээл нь залган хэвлэгдэв. Тэрбээр монголчуудын угсаа гарвалийг онцгойлон анхаарч судлан, өөрийн санал дүгнэлтээ тусган илэрхийлсэн энэ номоос нь өнөө хэр тайлагдаагүй үлдсэн томоохон асуудалтай тулгарсан нь бас харагддаг юм. Монголч эрдэмтнийх нь хувьд  Оросын Монгол судлалд томоохон үзэгдэл болсон бүтээл бол түүний “Монголын тухай тэмдэглэл” нь мөн. Монгол орноор хоёр ч удаа аялан явж, бас Хятадад байхдаа үзэж судалсан түүх бичлэгийн олон арван судар бичгүүд дэх Монголын тухай мэдээ занги, баримт тэмдэглэлүүд энэ бүтээлийн үндэс болсон байна. 

Мянган жилийн туршид угсаа гарвалийн үндсэн эх угшлаа хадгалан хөгжиж ирсэн энэ нүүдэлчин ард түмний өвөг дээдэс түүхийн урт удаан цаг үеийн туршид зөвхөн нэр алдраа л солин өөрчилсөөр ирсэн нь асуудлыг ээдрээтэй болгон бүрхэгдүүлсэн гэдэгт тэрбээр итгэлтэй байжээ. Тийм ч учраас Я.Бичурин: “Өнөөдөр Европын олон судлаач Монголд нутаглаж байсан ба одоо нутаглаж байгаа ард түмнүүдийн угсаа гарвалийг судалж байна. Гэвч тэд тухайн ард түмнийг, түүний түүхийг гүнзгий мэдэлгүйгээр, зөвхөн өнгөц төдий таамаглал төсөөллөөр хандаж, үүнээсээ болж мухардалд орсоор байна. Тэнд мандан гарч ирсэн шинэ үеийнхэн болгоныг угсаа гарваль, хэл аялгуугаараа бусдаас нь өөр өвөрмөц ард түмэн байсан мэтээр салангид авч үзсээр байгаа нь тэдний хамгийн гол алдас мөн” гэж бичсэн нь туйлын чухал санаа сэдлийг тэр цагийн судлаачдад төдийгүй өнөө үеийн бидэнд ухааруулж байгаа хэрэг буй заа.            

Оросын төдийгүй дэлхийн Дорно дахины судлал, Монгол судлалын үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсон түүний бүтээл бол “Чингисийн удмын эхний дөрвөн хааны цадиг” мөн. Хятадын түүх бичлэгийн хөлгөн туурвилууд болох “Бэнзи”, “Юаньши” хэмээх “Юань улсын түүх”, Чингис хаан, түүний удаах дөрвөн их хаад болох Өгөдэй, Гүюүг, Мөнх нарын намтар цадиг зэргийг бусад олон судар шасдираас түүвэрлэн авч эмхэтгэн бичсэн энэ бүтээл өнөөдөр ч дорно дахинчид, монгол судлаачдын зайлгүй үзэж судалдаг тулгуур бүтээл хэвээр байгаа билээ. Энэ бүтээл урьд өмнө эрдэм шинжилгээний эргэлтэнд орж байгаагүй түүхийн шинэ сэргэг мэдээ баримтаараа судлаач эрдэмтдийн зүгээс өндөр үнэлэлт авч, Францын Д.Оссон зэрэг эрдэмтэд өмнө нь туурвисан байсан “Монголын түүх” бүтээлээ эргэн харж засахад хүргэсэн гэдэг. Энэ бүтээл өрнөдийн орнуудад, ялангуяа Францад Я.Бичурины нэрийг ихэд таниулан алдаршуулжээ.

“Эрт үед Төв Азид оршиж асан ард түмнүүдийн тухай мэдээ баримтын эмхэтгэл” хэмээх алдарт бүтээл

1834 онд Н.Я.Бичурины “XV зуунаас өнөөг хүртэлх Ойрад Халимагийн түүхэн тойм” гэдэг бүтээл нь хэвлэгдэн гарчээ. Орос орныг донсологосон Емельян Пугачевын бослогын тухай “Ахмадын охин” зэрэг уран бүтээл дээрээ ажиллаж байсан их зохиолч А.С.Пушкинд энэ бүтээл юугаар ч сольшгүй үнэт гарын авлага болж, Азийн гүнээс нүүдэллэн Европод очиж, Ижил мөрний хөндийд суурьшиж аснаа 1771 онд түүхэн учир шалтгаанаар эргээд уугуул нутаг орон Ази руугаа нүүдэллэн одсон тэрхүү зэлүүд талын зэрлэг омголон ард түмний тухай гүнзгий ойлголт мэдлэг өгч тусалсан гэдэг. Тийм ч учраас түүний номноос иш татан ашигласнаа их зохиолч зохиолынхоо өмнөтгөлд дурдсан байдаг.

Монголын тухай, Монгол судлалд үнэт хувь нэмэр оруулсан түүний бүтээл туурвил үүгээр зогсохгүй. Гэвч одоо бид энд өгүүлэн буй сэдэвтэйгээ холбоо бүхий гол бүтээл рүү нь орьё. 1848 онд тэрбээр өөрийн сүүлчийн, бас онцгой том бүтээл, хожмын үе үеийн Хятад судлад, Төв Азийн судлал, нэн ялангуяа Монгол, Хүннү судлалын тулгуур бүтээл болсон “Эрт үед Төв Азид оршиж асан ард түмнүүдийн тухай мэдээ баримтын эмхэтгэл” хэмээх алдарт бүтээлээ дуусган хэвлэлд өгчээ. Олон арван газрын зураг, зураг, үзүүлэн бүхий 3 боть энэ алдарт бүтээл 1851 онд хэвлэгдэн гарсан юм. Энэ бүтээл нь мтө II зууны үеэс мт IX зууныг хүртэлх урт удаан хугацааг хамардаг. Энэ алдарт бүтээлээ туурвихын тулд Я.Бичурин хятадын эртний түүхийн 35 эх бичиг, судар шасдир, газар зүйн ойллого зэрэг нэрийн дорх хэдэн зуун боть дэвтэр эх сурвалжуудыг үзэж ашигласан байдаг. Тийм ч учраас энэ бүтээл дэлхий дээр Дорно дахины судлал үүсч хөгжсөн гурван зуу шахам жилийн түүхэнд ховорхон гарсан суурь судалгааны бүтээлийн нэгэнд тооцогддог юм. Энэ үед их эрдэмтний эрүүл мэндийн байдал ихээхэн дордож, удтал эмчлүүлж байгаад 1853 онд насан эцэслэсэн байна. 

Энэ өгүүллийг тэрлэгч би бээр 2001-2009 онд Бээжин дэх Монголын Элчин сайдын яаманд томилогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд төрийн албаны хажуугаар Монгол судлалын ажлаа орхилгүй хийсээр, өнөөгийн Бээжин хотод хадгалагдаж үлдсэн XIII зууны үеийн дэлхийн эзэнт гүрэн Монголын Юань улсын их нийслэл Дайду-Хаанбалгасын тухайт орд харш, суврага цамхаг, сүм хийд, гудамж хороог сурвалжлан судалж асан билээ. Тэр судалгааны маань үр дүн бол “Гүрний их нийслэл – Хаанбалгас” ном маань юм аа. Тэр үед би “Хүннүгийн түүх, соёл” номон дээрээ ид ажиллаж байсан агаад номондоо Хүннүгийн түүхийг судалсан дэлхийн анхдагч эрдэмтдийн тухай оруулах болж, 2008 онд Н.Я.Бичурины тухай бичихээр түүний намтар, бүтээлүүдийг эргэн үзэж байсан бөлгөө. Чингээд яг 200 жилийн өмнө 1808 оноос Н.Я.Бичурин тухайн үеийн Манж Чин улсын нийслэл Бээжин хотыг судалж эхэлсэн байдгийг олж мэдээд ихэд олзуурхан бэлгэшээж байсан билээ. Тэр их хүний явсан зам мөрөөр явж, гишгэсэн газар, алхсан алхаа, үзсэн зүйлийг үзэж байхад бидний өвөг дээдсийн намтар цадигийг эрин дууны энгээр халуун дотно сэтгэлээр түүчээлэн туурвисныг нь бишрэн бахдахгүй байхын аргагүй ээ. Оросын Монгол судлал, Хятад судлалын эцэг Н.Я.Бичурин хэмээх энэ алдарт эрдэмтний газар шороон дээр төдийгүй эрдэм номын ертөнцөд үлдээсэн зам мөрөөр нь замнаж ихийг суралцсан минь өлзийгөө өгсөн гэж мөхөс би сүслэн боддог юм аа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]