Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ХиппиУншсан2,430

Хиппичүүд. Сонин байна уу? Хэнд ч гэм хоргүй, хэнийг ч, юуг ч тоодоггүй, мөрөөрөө ийм залуус байдаг юм аа.

МУСГЗ, доктор Я.Ганбаатар бичиж байна.                                                                                                           

Хамгийн анх Германд очсон маань 1989 оны 3 дугаар сард болой. Олон жилийн өмнө юм. Гэхдээ энд өгүүлэх зүйл бол түүнээс ч олон жилийн өмнө болсон явдал. Амралтаа авч эхнэр, хүү бид гурав хадам эгчийнд очиж амарсан нь тэр. Социализмын үе байсан учраас бүх юм хуучнаараа. Улаанбаатар-Москвагийн галт тэрэгний билет нэг хүн 250 орчим төгрөг, цааш Берлин ороход нийлээд 350 гаруй төгрөг болно. Хагас сарын цалин гэсэн үг. Ингээд л “Нарлаг Монгол” галт тэргээр чилийсэн долоо хоног довтолгосоор Берлинд бууж билээ.

Берлин хотоор аялж, музей, номын сангаар орж, Германы сонгодог яруу найрагч Шиллер, Гёте, Хайнегийн хөшөөг үзэж зураг хөргөө татуулан сайхан амарцгаав. Тэр үед хоёр Герман нэгдээгүй, Берлиний хана нураагүй, нэг үгээр хэлэхэд Баруун, Зүүн Берлин  хатуу чанга зааглагдсан хэвээр байсан юм. Нэг удаа бид Баруун Берлин рүү орцгоолоо. Гадаадын хүмүүс паспортоороо хил нэвтэрч зорчдог байсан юм. Баруун гэж үнэхээр өөр ажээ. Наана нь Зүүн Берлин хэдийгээр бидний хувьд диваажин шиг л байсан ч, Баруунд нь очсон хойно бүр алмайрч гайхан, бишрэх ч шиг, атаархах ч шиг болж билээ. Юм бүхэн нь гял цал, юм бүхэн нь эрээн мяраан, юм бүхэн нь брэнд, бас брэнд.

Zoo буюу Баруун Берлиний худалдааны гол дүүрэг Курфурстен Дамм гудамжаар соёлыг гайхан өдөржин явлаа. Тэгээд тэнд байх Вилгельм хааны дурсгалын сүм хэмээх орой нь нурсан христийн сүмийн дэргэдэх талбайд хэсэг амран саатав. Бодвол дайны үед, оросын цэрэг Берлинийг эзлэх үеэр бөмбөгдөлтөд өртөж орой нь нурсан буй заа. Сүмийг дайны гэрч дурсгал болгож засалгүйгээр хэвээр нь үлдээжээ. Ойр дэргэд нь байх орчин үеийн гял цал болсон байшин барилгуудтай хоршин сонин сэтгэгдэл төрүүлнэ.

Сүмийг үзэн тойрон явж байтал хэдэн хиппичүүл бөөгнөрөн, зогсох нь зогсч, суух нь сууж, хоорондоо ярилцаж байх нь харагдав. Харваас бусдаас этгээд, жигтэй хачин тэр залуус анхаарлыг минь эрхгүй татав. Үс гэзэг нь гэхэд л азарган тахианых шиг өрвийлгөж босгон, хурц тод өнгөөр солонгоруулан тоть шиг буджээ. Хувцас нь ч гэсэн бөөн уранхай цоорхой, оёос нөхөөс болсон байх агаад зарим нь хөл нүцгэн, хуруу гараараа дүүрэн хөх эрээн шивээс болсон, бүгд чих, дух, уруул, хамартаа том жижиг гархин ээмэг бөгж хэд гурваар нь зүүцгээж, урт богино гинж оосор энд тэндээсээ унжуулсан харагдана.

Хадам эгчээс асуулаа: -Эд нар өнөөх хиппичүүл мөн үү?

-Тийм тийм. Хиппичүүд. Сонин байна уу? Хэнд ч гэм хоргүй, хэнийг ч, юуг ч тоодоггүй, мөрөөрөө ийм залуус байдаг юм аа. Нэг үгээр хэлэхэд нийгмийн амьдралаас уйдсан, өөрийнхөө дураар, огт өөрөөр амьдрахыг хүссэн хүмүүс. Нийгмийн амьдралд оролцохгүй, бусад хүний адилаар ажиллаж, амьдрахыг хүсээгүй хүмүүс гэх үү дээ. Гэхдээ хал балгүй мөрөөрөө байдаг юм. Нео-нацистууд буюу халзан толгойтнууд шиг биш. Тэд бол гадаадынхныг үзэхгүй, маш их үндсэрхэг үзэлтэй, яаж ч магадгүй аймаар хүмүүс байдаг гэж байна.

-Өө тийм үү? Тэгвэл эд нартай хамт зураг авахуулж болох бол уу?

-Болноо. Дургүйцдэггүй юм гээд хадам эгч тэдэн рүү дөхөн очиж ярилцаад эргэж ирэв. Тэгээд:

-Зураг авахуулж болох уу? гэж асуусан чинь “Өөрсдөө л мэд. Бидэнд хамаагүй” гэлээ. Ийм л хүмүүс дээ. Юу ч анхаарал сонирхлыг нь татахаа байсан, юуг ч тоохоо больсон хүмүүс. Ямарч сэтгэлийн хөдлөлгүй, ямарч баяр баясгалангүй гэв. Би ч тэдний дэргэд очиж зогсч байгаад патиараа татуулав. Нээрээ л, тоож байгаа ч юм алга, сэтгэлийн хөдөлгөөн ч алга.

Ер нь Баруун Берлинд тэр үеийн социалист нийгэмд олж харахааргүй жигтэй хачин юм юм л байх. Нийтийн бие засах газарт ороход өглөө босоод угаалгынхаа өрөөнд байгаа юм шиг л майк футболктойгоо амаа угаан сойздож зогсох хүнтэй тааралдана. Ичиж зовох ч юмгүй. Орон гэргүйчүүд юм гэсэн. 

Тийнхүү хиппичүүдийг харж хачирхан гайхаж зогсоход багын нэгэн явдал санаанд оров. 1969 юм уу, 1970 он шиг санагдана. Би гуравдугаар ангид сурч байсан юм. Нэг орой ээж маань ажлаасаа ирэхдээ нэг сонин авчирч аавд үзүүлэн их л хачин сонин болгон ярилцана. Түүнийг нь ах маань харснаа “-Өө тийм. Наадахыг чинь хичээл дээр манай багш бас ярьсан. Гадаадад сургуульд явсан манай зарим оюутан нам засгийн хайр энэрлийг мартан хөрөнгөтний үзэл сурталд автаж байна гээд л яриад байсан... гэж байна.

Сонинг нь авч үзлээ. Бүтэн нүүр дүүрэн тэр том материал “Зүрхэнд шивсэн зүү” хэмээх гарчигтай ажээ. Тэр үеийн “Үнэн” сонинд, эсвэл “Залуучуудын үнэн”-д гарсан байх. Сайн ойлгохгүй хэрнээ би тэр материалыг аав ээжээсээ асуун байж оройжингоо уншив. Югослав улсад сургуульд явсан нэг монгол охин сургуулиа хаясан  гэнэ, тэгээд тэндэхийн хиппичүүдтэй нийлээд алга болсон гэнэ, нийгмийн хамгийн болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд гадуур тэнэж явдаг болсон юм байх, оюутны байрандаа амьдрахаа болиод гудамжинд, бүр далайн эрэг дээр очиж хээр гадаа амьдардаг болсон юм байх, ингэж эх орон, нам засгийн итгэл найдварыг хөсөрдүүлж, хөрөнгөтний үзэл сурталд автаж, эх орон, ард түмнээсээ холдож хөндийрч байгаа нь бидний зүрхэнд зүүгээр хатгасантай адил биднийг шаналгаж байна. Энэ бол зүрхэнд шивсэн зүү мөн...

Ээж маань хэлж байна: -Хайран охин. Хайран сургууль. Ингэж амьдралаараа тоглох гэж. Ажил дээр нам, эвлэлийн хурал болж энэ тухай ярьж хэлэлцсэн. эх орон, ард түмнийхээ нэр хүндийг ингэж шороотой хутгах гэж... хэмээн тэр охинд буруу өгөн аавтай ярилцана. Аавын ажил дээр ч бас тийм хурал хуй болжээ. Сонсохнээ нь, Монгол даяар ийм хурал болж тэр хүний тухай авч хэлэлцсэн байдаг. Маргааш нь хичээлдээ ирэхэд манай ангийнхан хэдийн мэдчихсэн, бас хэрэндээ улс төржчихсөн ярилцаж байж билээ.

Нэг үгээр хэлэхэд тэр охин эх орноосоо урваж, нам засгийн хайр халамжийг хөсөрдүүлж, хөрөнгөтний үзэл сурталд автан, дайснуудтайгаа нийлээд оргож алга болсон юм байх аа. Тэгж бодоход тэр эгч ёстой амьдралаараа тоглож, аав ээжийгээ зовоон гудамжны, хулигаан амьдрал руу хазайн гишгэжээ. Улс орон даяар энэ тухай ярилцаж “Ингэж болохгүй шүү!” гэж бусдад сургамж болгон хатуу анхааруулан сануулж, хүн болгон үгээ хэлж, хүүхэд залуучууд болгонд ойлгуулж байгаа хэрэг байлаа...

Жил, хоёр жил өнгөрч, энэ яриа намжин мартагдаж байтал дахин сөхөгдөх нь тэр. Ангийн маань нэг хүү: “-Хөөе, цөмөөрөө Их дэлгүүрийн тийшээ явах уу? Нөгөө “Зүрхэнд шивсэн зүү”-г харья! Тэнд байдаг гэсэн... гэв. Бид итгэсэнгүй. Тэгтэл өнөөх маань дахиад л: “-Нээрээ, Их дэлгүүрийн дэргэдэх номын дэлгүүрт ажилладаг гэнэ лээ. Очиж харья. Ямар хүн байдгийг нь харья!” гэв. Бид итгэхгүй байсан тул сүүлдээ мөрийцөж худлаа байвал ингэнэ, үнэн бол тэгнэ гэлцэн бөөн юм болцгоогоод үдээс хойш хичээл тарсан хойно бөөнөөрөө Их дэлгүүрийн зүг явцгаав.

Замд таньдаг хүүхдүүд тааралдаж “Хаачих нь вэ?” гэхэд нь бид “Хот орно оо” гэж хариулцгаана. Тэр үед тийм л байсан юм. Сансар хорооллоос хот руу явахыгаа “Хот орно” гэдэг байсан гэхээр тэр үеийн Улаанбаатар ямар байсан нь ойлгомжтой биз. Тэгж хэлхэлдэн явсаар бид Их дэлгүүрийн дэргэд хүрч очлоо. Зүүн талынх нь байшингийн нэгдүгээр давхарт номын дэлгүүр байх. Тийшээ орцгоолоо. Урд хойноо орон цуварч, шивнэлдэн нудралцан дотогш алхацгаав. Өнөөх нөхөр маань хамгийн урд талд байх тасаг руу очиж худалдагчаас нь ганц хоёр юм асуугаад эргэлээ.

Энэ бол “Өнөөх хүн чинь энэ шүү!” гэсэн дохио байлаа. Бид юу ч болоогүй юм шиг хэнэггүй царайлан тэр лангуу руу очиж тэгнэн зогсч байгаад худалдагчийг харцгаав. Эхлээд харах гэсэн чинь нүд хальтраад болдоггүй ээ. Аймаар гэмт хэрэгтэн, аймаар амьтан, ер нь л эх орноосоо урвасан, нам засгаа хуурсан ноцтой хүн гэмт хэрэгтэн шүү дээ.

Тэгж тэгж нүднийхээ булангаар сэмхэн ахин дахин харав. Жирийн л нэг худалдагч эгч. Жирийн л нэг монгол хүн байв. Нүдэндээ итгэсэнгүй. “Алив, өнөөх аймшигт амьтан чинь. Энэ эгч гэж үү? Худлаа байх аа. Тийм хүнд ноцтой хэрэгтнийг, эх орноосоо урвасан, нам засгаа хуурсан аймшигтай амьтныг энд ингээд зүгээр зогсооно гэж үү? 

Олон хүн тэр эмэгтэйг үзэн ядаж, харааж муулж байсан биз ээ. Тэгж л сонсогддог байсан. Улс орон даяар түүний тухай авч хэлэлцэж, хурал цуглаан хийж социалист үзэл сурталд харш, улс орны нэр хүндийг унагаасан тэр эмэгтэйг эчнээ яллан шийтгэж байсан бус уу? Аав ээжид нь хэчнээн хэцүү байсныг хэлэлтгүй. 

Сонсохнээ нь, тэр эгчийг Монголд дуудан ирүүлж, хатуу ухамсарлуулан ойлгуулж, дахин нийгэмшүүлэхээр шийдэж нам засаг “харж үзэн” ажилд оруулсан нь энэ байжээ. Ажилд орсон хойно нь нэг хэсэгтээ л хүмүүс зориуд очиж муулан хашгирч, элэглэн шоглож үйлийг нь үздэг байсан гэдэг. Тэр эгч энэ бүхнээс болж байж ядан, галзуурч солиорох дөхсөн тухай ч сонсогдож байлаа. Нийгмээрээ тэгж жигшин зэвүүцэж байгаа нь тэр.

Харин энэ удаа түүнийг харахад тийм айхтар зүйл хийсэнд нь нэг л итгэмгүй санагдав. “Энэ хүн тэгсэн юм гэж үү? Энэ эгч эх орноосоо урваж, хөрөнгөтний харш үзэл сурталд автаж, нам засгийн нэр хүндийг дэлхий дахинд унагасан гэж үү?” гэж бодохооос нэг л итгэж өгөхгүй байлаа. Тийм учраас “өнөөх аймшигт амьтныг” үзэх гэсэн сонирхол буурчих нь тэр. Бүр сонин биш санагдан эргээд хаалга зүглэцгээв. Тэгээд нэгэнт хот орж ирснийх, Гандан, бас Хятад зах орохоор харайлгацгааж билээ. Эндээс ойрхон, бас илүү сонирхолтой.

Хиппи гэдэг үгийг бид мэддэг байсан. Түүгээр ч барахгүй манай ангийн Зоригоог хүүхдүүд  “Хиппи” гэж хочилдог байсан юм. Хиппи гэж юу гэж байгаа юм бэ? гэж ах эгч нараас асуухаар “-Аан, барууны тийм залуучууд байдаг юм аа. Юу ч гэмээр юм бэ дээ. Өргөн өмд, урт үстэй, тамхи татаж танхайрдаг, сургуульд сурдаггүй, хулигаан залуучууд...”

Гэтэл өнөөх хиппи Зоригоо нь шал өөр хүүхэд байх. Сурлага сайтай, буурьтай, томоотой. Ингээд бодохоор л “Үнэн худал хоёр дөрвөн хуруу зайтай” гэдэг үг чухам үнэн гэмээр. Үзэл суртал аа гэж... Ч.Зоригтбаатар маань хожим нь УИХ-ын гишүүн болсон хүн шүү дээ. Тийм ээ, манай ангиас Их хурлын хоёр гишүүн төрсөн юм. Нөгөөх нь Монголын “Комиссар Каттани” буюу Цагдаагийн дарга байсан, мөрдөгч Д.Мөрөн.

Жинхэнэ хиппичүүдийг хараад Монголын анхны хиппи эгчийг өрөвдөн бодож зогссон минь ийн дурсамж хөвөрдөхөд хүргэсэн нь энэ. 1969, 1989, өнөөдрийн 2021 оны өндөрлөгөөс эргэн харахад  юм байнга өөрчлөгдөж хувирч ирсэн байж таарна. Хатуу чанга үзэл суртал ч байхгүй болжээ. Сүүлд сонсоход, ганц тэр эгч л хиппи байсан юм биш гэсэн шүү.

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.                                

Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 1. 16:21
Зочин

Нээрээ ийм юм болж байсныг санаж байна. Югославт сурч байсан өөр оюутнууд ч хиппи байсан гэсэн. Хэлмэгдсэн нь л тэр эмэгтэй байх даа.

2021, 12 сар 1. 16:04
РАВДАНн

худалдагч дараа нь буцаад баруун руу явсан .
НТХорооны бас нэг томчуудын охин энэтхэгт байхдаа тосгон руу яваад элчингийнхэн араас нь хөөцөлдөж авчирсан ч бас л хожим энэтхэг рүүгээ арилсан .
куба руу сургуульд явсан 3-4 эмэгтэй цаашаа өмнөд америк яваад сураг алдарсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]