Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ялалтын маршалУншсан20,700

...Ямар ч тулаанд орсон дандаа манлайд нь дайрч, исгэрэх сумыг сүлжин, зорьсондоо заавал хүрч чаддаг Жуковыг гэгээн Георгиевийн хоёрдугаар загалмайгаар шагнав.

Эцэг хаан тэнгэрт хальсан тул түүний ухаант хөвгүүн Николай Романов хаан ширээнд сууж, Орос орны хөгжил дэвшлийн шинэ эрин эхэллээ. Энэ бол 1894 оны намрын цас ганц нэгээрээ хаялсан өдрийн явдал болой. Олон арван сүм хийдүүд нэгэн зэрэг дааман хонхоо цохиж, санваартнууд ёсыг үйлдээд, зовлон, жаргал, баяр гунигийг үзэж амссан орос хүмүүс дараагийн их хаанд алдар сууг хүсэн ерөөж, болор хундагыг харшуулаад, амтат дарсыг хүртэн цэнгэнэ. Болор хундагнууд газарт бут үсэрнэ.  Гэтэл үнэндээ жирийн хамжлагат тариачин ардын амьдралд жиндүү салхи сэвэлзэж, үгээгүй хоосон тосгонууд үүл, газар хоёрын хооронд улам хуучирч байв. Залуу эзэн хаан II Николай ч энэ учрыг гүнээ ухамсарлаж байсан тул хамгийн ихээр зүдэрсэн тэр л тариачдын амьдралыг тэтгэж ядуурал зовлонтой томоохон тэмцэл хийхийг зорьж байлаа. Даруй хоёр жил өнгөрлөө. Калуга муж хөр их цасанд дарагдаад, нөгөө хуучин суурингууд хүний амьдралын хүнд хэцүүг үүрэн дүнсийнэ. Арванхоёрдугаар сарын тэсгэм хүйтэн салхи тэнгэр газарт тас няс хийж, өвдөж зовсон, өнчирч шаналсан, өлсөж цангасан тариачид хунгар цасыг туучин ямар нэгэн зүйлийг хийнэ. Стрельковк тосгон чимээгүй байлаа.

Морины тах хааяа нэг мөсөн дээр час час хийн дуугарахыг эс тооцвол өргөн уудам Орос оронд мартагдаж балартсан энэ тосгон ажин түжин. Константин Артемьевич Жуков хэмээх гунигт эр хөхөрч гандсан дүнзэн байшингийнхаа гадаа байх саравчнаас нямбайлан хураасан түлээг тэвэр тэврээр нь гэртээ оруулж, пийшингээ галлана. Нэгэнт өргөн хорвоо дээр өөрт оногдсон ажлаа нэр төртэй, сайн сайхнаар хийсэн домч авгай бүлээн усаар гараа угааж, цагаан алчуураар арчаад гарч одлоо. Артемьевич түүнд баярласан талархсанаа илэрхийлээд нандигнан хадгалж байсан хэд гурван зоосоо өгчихлөө. Өөр яах билээ. Гэвч тэр ингэлээ гээд ер харамссангүй. Ачит эмэгтэйг хашааныхаа үүдэнд үдэж хоцорсон тэр ухасхийн гэр рүүгээ эргэж ороод гал тогооныхоо өрөөнд гадуур хувцсаа тайлж өлгөв. Чингээд цагаан даавуугаар халхалсан дараагийн өрөө рүү болгоомжтой ортол хайрт эхнэр нь халуун элгэндээ өчүүхэн жаахан шар амьтныг тэвэрчихсэн, ах дүү, хамаатан садангийнх нь цөөхөн сайхан сэтгэлт хүмүүс тэр хоёрын хэвтэж байгаа орыг тойрчихсон инээд баяртай сууж байх. Тариачин Артемьевич хоёр хүүтэй боллоо. Ядуу зүдүү, хүнд хэцүү энэ цагт тэр нялх амьтныг хэрхэн яаж дутагдах, гачигдах зүйлгүй тэжээн тэтгэнэ гэдэг зовлон. Гэсэн ч Артемьевичийн баяр жаргалаар дүүрсэн сэтгэл зүрхэнд тийм сүүдэртэй бодол өчүүхэн ч байсангүй. Хижээл эр хүүгээ  Георгий Константинович Жуков гэж нэрлэв. 

 

Жаал хүү Жуковын бага насанд элбэг хангалуун өдрүүд тун ч цөөхөн байсан юм. Тэр ухаан сэхээ орж эхэлсэн цагаасаа тосгоны чинээлэг гэр бүлийн тоонд зүй ёсоор ордог нагац ахындаа ажиллаж, яг үнэнээр нь хэлэх аваас зарцлагдаж байсан юм. Ар араасаа цуварсан хэцүү хатуу он жилүүдэд Жуков гэр бүлийн хамт тариа тарьж, авсан ургацаа татварт өгч, үгээгүй хоосны шаналанг мэдэрч, өлсөх гэдэг ямар их зовлон болохыг таньсан юм. Дараа нь тэр гуталчин болж, тосгоны эрчүүдийн хайр найргүй шавар шавхай, уулын мод, ус гол, хад чулууг туучсан, тэгээд бүр эргээд уначихсан гуталнуудыг засч сэлбэдэг боллоо. Жуков хүний зовлон гэж юу болохыг үзэж амсан, ухаажиж байлаа. Нэгэн хэвийн уйтгартай өдрүүд өнгөрч, Стрельковк тосгоны дээрээс шөнийн саран ширтэж, өдрийн наран унана.

Тэгж байтал 1914 оны долоодугаар сарын 28-ны өдөр дэлхийн нэгдүгээр дайн эхэлчихлээ. Европ тив харгис хэрцгий энэ дайны талбар болж болхи бүдүүлгээр шингэх наран зүгийн хүмүүс бие биенээ хөнөөж эхлэв. Улмаар энэ дайнд Орос орон шууд татагдан оролцох болж, цэрэг татлагын комисс улиг домог болтлоо мартагдсан Стрельковк тосгонд хүрээд ирлээ.  Эмэгтэйчүүд, хүүхдүүд, өвгөчүүл, эмэгчүүл л нөгөө нөмөрсөн их гунигтай жижигхэн суурингаа сахиж үлдээд хамаг сайхан залуус явчихлаа. Хуучны, тэгсэн атлаа дүүрэн уйтгартай дуу аялаад одох эрсийн дунд цэл залуухан арван есөн настай Жуков явна. Тэр бас дуулна. Гуталчин залуу дайн руу тэгж анх очсон юм. 1915 оны наймдугаар сарын тэнгэрт хөвөн цагаан үүлс хөлхөж, улам алсран байгаа эрсийн араас уйлсан эмэгтэйчүүд нүдээ арчин зогсоно. Алс дорнод, Монголын зүг нүүж байгаа энэ үүлс шиг эргэж тэд минь ирэхгүй байх вий дээ гэсэн бодол залуу бүсгүйчүүдийн улаахан алим шиг бодлыг өвтгөнө.

Дэлхийн нэгдүгээр дайны баруун өмнөд галын шугам. Дайсны их бууны цохилтод манайхан багагүй хохирол амслаа. Манай нуувчнаас дайсны нуувч хүртэлх хэсэгхэн газар унаж үрэгдсэн, орон гэртээ хэзээ ч эргэж харьж чадахааргүй болсон баатар эрсийн ахуй бие хөглөрөн хэвтэнэ. Максимын замаг тачигнах нь алсаас цуурайтаж, дэндүү хөнөөлтэй их бууны сумнууд дэлхийгээс тасрах гэж оролдоод эргэж газарт буухдаа хор хөнөөлийг юутай их тарина. Гуталчин, бас тариачин Жуков өндөр бараан морин дээрээ тулаанд орох мөчийг хүлээн зогсоно. Түүний гарт ган болтол нь хатаасан морин цэргийн сэлэм байх хийгээд эзэн хаан, эх орныхоо төлөө тэр түүгээр нэг биш удаа нүгэл хийчихсэн байлаа. Давшилт эхлэв. Морин цэргүүд бүрээн дуунаар ухасхийн, гартаа барьсан сэлмээ наранд өргөж хамгаас түрүүнд тулаанд орох нь тэр. Жуковын хээр морь бусдаасаа тасарч гарч ирэн, өөдөөс тургих түргэн бууны сумыг сөрсөөр өргөстэй торон дээгүүр харайж, дайсны хориглолтыг нэвтлээд бусдыгаа араасаа дагууллаа. Тэднийг харж зүрх зориг нь бадарсан явган цэргүүд ураа хашгиран давшив. Хэсэг хугацааны дараа дайсны бэхлэлт дахиж сэргэхээргүй сэтэрсэн тул тэд ухарч, гуталчин залуу хээр морьтойгоо бусад нөхдөө дагуулаад давшина. Ямар ч тулаанд орсон дандаа манлайд нь дайрч, исгэрэх сумыг сүлжин, зорьсондоо заавал хүрч чаддаг Жуковыг гэгээн Георгиевийн хоёрдугаар загалмайгаар шагнав.

1917 он бол мөн ч хэцүү цаг хугацаа байсан шүү гэдгийг манай гарагийн хүмүүс бараг л мартах шахжээ. Дэлхийн хуурай газрын томоохон хэсгийг эзэлсэн Орос орон задарч, түүнийг дагасан үймээн дэгдэв. Эзэн хааны зэвсэгт хүчин улаантнуудтай, элэг нэгтнүүдтэйгээ арга буюу дайтаж байлаа. Анд нөхдийнхөө дунд нэр төрийг аль хэдийнэ олсон, дайн тулаанд гарамгай идэр залуу Жуков 1917 оны хоёрдугаар сард зэвсэг нэгт нөхдийг удирдаж байв. Гэхдээ түүний амьдралын энэ хэсэг адармаатай, нууцлаг хийгээд Октябрийн хувьсгалын дараа тэр Улаан армид элсэн иргэний дайнд оролцож, улаан тугийн одонгоор энгэрээ мялаалгачихсан байлаа. Жуков чухам яагаад, басхүү хэрхэн яаж цагаан армиас гарч, улаан армид алба хаших болсон нь учир битүүлэг юм. Ямартай ч хожмын энэ суут цэргийн жанжин лав ёс бусаар урваагүй биз.

1918 онд Жуков хэмээх 22 настай залуу улаан армид өөрийн байр суурийг олчихсон байлаа. Үүний дараа 1919 онд тэр Оросын коммунист намын гишүүнээр элсэн амьдралынхаа цоо шинэхэн хуудсыг эхлүүлэв. Цаг үе тэс ондоо болж, улс эх орны удирдлага жолоодлого, хөгжил дэвшил, төрийн бодлого өөр гэхэд дэндүү өөр болов. Иргэний дайны үед болсон явдлыг энд дэлгэрүүлэн оруулах мөн ч хэцүү. Тийм их нүглийг Жуков үзэж туулсан юм.  Цэргийн хүн бол цэргийн хүн. Жуков тийм л хувь заяандаа хэзээд үнэнч байсан. Тэр иргэний дайн сая нэг дууссаны дараа Тамбовд гарсан Антоновын тариачны бослогыг дарах тушаал аван улаан армийн өөр нэгэн цэргийн нэрт хүмүүн Тухачевскийн удирдлага дор бүхэл бүтэн баталион захиран тулалдлаа. Мэдээж тэр тушаалыг биелүүлсэн.

1923 онд татуулсан Георгий Жуковын галтай залуу насны нэгэн зураг байх. Энэ үед тэр Самарын 7 дугаар морьт дивизийн Бузулукийн 39 дүгээр хорооны захирагч байжээ. Улаан цэргийн шовгор оройтой малгай тавьж, саарал шинелийг жавхайтал нь өмссөн түүний харц ер бусын хурц. Шинелийнх нь том далбагар захны үзүүрт 39 хэмээн бичсэн байгаа нь хорооных нь таних тэмдэг бололтой. Энгэр дээр нь улаан тугийн одон гялалзана. Түүнд мөрдэс үгүй...  Улаан армийн дарга, цэргүүд анхандаа угаас мөрдэсгүй байсан.

Хожим Зөвлөлт Холбоот Улсын маршал болсон Рокоссовский Жуковын тухай бичихдээ түүний зориг тэвчээр, шинэ санаачилгаа бодит ажил болгодог эрхэм чанар, хэлсэн үгэндээ хүрдэг жинхэнэ Орос зан, ямар ч тушаал байсан заавал биелүүлдэг цэргийн хүний ёс суртахууныг шагшсан байдаг.

1930-аад он ирлээ. Зөвлөлт холбоот улс бэхжиж амжжээ. Одоо тэднээс дэлхий дахин нэг л бэргэсэн байдалтай байв. Үзэл суртлын эзэнт гүрнийг нөхөр Сталин удирдаж, гүрж хүний, дорно хүний дотогшоо араншингаар бүгдийг аниргүй эхлүүлнэ, бас дуусгана. Жуков мэргэжлийн сургууль, академид суралцаж цэргийн эрдмийн нарийн торгоныг мэдэж, мэдэрсэн байлаа. Харанхуй өдрүүд эхлэв. 1937 он... Их хэлмэгдүүлэлтийн салхи бүхий л коммунист дэглэмтэй улс орнуудыг нөмөрч, түүний үүр уурхай болсон ЗХУ-д хар шуурга боллоо.

Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогчоор ажиллаж байсан Жуков түгшиж байв. Зөвлөлт засаг хамаг шилдэг цэргийн сэхээтнүүдээ дэндүү хайргүй хэлмэгдүүлж, үдэш КГБ-ын хар машинууд хотын гудамжаар тэнүүчилнэ. Өглөө ажилдаа ирэх бүрт өчигдөрхөн мөр зэрэгцэн зүтгэж, нам ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан нөхдөөс нь чимээгүйхэн алга болсоор. Сураг сонсох нь ээ урд шөнө гэрээс нь баривчлаад явсан гэх. Матаачдын хэлж байгаагаар гадаадын тагнуул байсан гэх. Жуков харамсаж байлаа. Тэр жижигхэн бор чемодан бэлджээ.

Түүн дотор ойр зуурын хэрэгцээтэй эд зүйлсийг хийсэн байна. Магад маргааш орой түүний ээлж ирж мэднэ.  Энэ үймээний үеэр Георгий Константиновичийн тухай хошуу дотоодыг хамгаалах яаманд хүрсэн байж. Буруу үзэлтэн, хувьсгалын эсэргүү байж мэдэх, хуучин цагаан цэрэгт алба хааж явсан гэх мэтийн ховын үгийг хэн нэгэн этгээд бичээд буцах хаяггүй илгээчихэж. Үүнийг мэдсэн Жуков тэр даруйд нь Ардын комиссар Ворошиловт өөрийн гараар захидал бичиж, Зөвлөлт засаг,  зорьсон зорилгодоо үнэнч гэдгээ илтгэсэнд ирж буй аюул тойроод явчихлаа.

Арлын Японууд нэг л биш болоод байгаа нь эртнээс мэдэгдсэн юм. Тэд эхлээд зүүн Азийн улс орнуудыг эзэлж, дараа нь Хятадыг дайран довтлоод БНМАУ-ын дархан хилд тулаад иржээ. Халх голын аялгуу шиг урсгал чичирч байлаа. Төдөлгүй Японууд дорнод Монголын хязгаар Номун хааны зүг довтолж Монголын зоригт хилчид эх орон газар шороогоо өмгөөлөн хамгааллаа. Гэсэн ч зэр зэвсэг, цэрэг хүчээр нэн дутуу тул дайсны довтолгоог тогтоон барихаас түрэн давшиж чадахгүй л байв. Умраас улаан армийн дивизүүд бууж, 57 дугаар корпусын захирагч Фекленко командлан давшсан ч дайсны довтолгоонд цохиулчихлаа. Энэ мэдээг сонссон нөхөр Сталин 1939 оны тэр түгшүүрт нөхцөл байдлыг газар дээр нь засч залруулах армийн бие төлөөлөгчийг томилох тухай яаралтай хурлыг Кремльд зарлалаа. Хуралд ирсэн генералууд нэлээдгүй хэлэлцсэний эцэст маршал Будённый, Ворошилов нар Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч Георгий Жуковыг томилох санал гаргасан нь тэр даруйд дэмжигдэв.

Алдарт Жуков 1939 оны долоодугаар сарын 11-ний өдөр Халх голд тулалдаж байгаа 57 дугаар корпусын командлагчаар томилогдлоо. Монголын зүүн хязгаар Дорнодын их талд Зөвлөлт холбоот улсын домогт цэргийн жанжин Георгий Константинович Жуков Японы элит бүрэлдэхүүн Квантоны армийн нэрт генерал Комацүбара Мичитаро хоёр халз туллаа. Генерал Комацүбара  Мичитаро 23 дугаар дивизийг командлан Халх голыг гаталж Баянцагааныг эзлэн аюултай нөхцөл байдалд хүрэв. Байдал бишидсэнд Жуков эрс шийдэмгий шийдвэр гаргаж Яковлевийн танкийн 11 дүгээр бригадыг Баянцагаан руу явган цэргийн дэмжлэггүйгээр давших тушаал өгч, агаарын довтолгооныг эрчимжүүлэн, газрын артиллерийн цохилтын хүчийг нэмэгдүүллээ. Энэ үйл явдал халх голын дайны ялалтанд үнэмлэхүй үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний энэ гавьяаг үнэлж Зөвлөлт Холбоот улсын баатар, БНМАУлсын баатар, Лениний одонгоор шагналаа...

1941 оны зургаадугаар сарын 22-ны үүрээр Немцүүд ЗХУ руу 191 дивиз, 5.5 сая цэрэг, 4300 танк, 5000 нисэх онгоц, 47200 миномёт, их буу, 192 хөлөг онгоцоор гэнэт довтоллоо. Орос орон дахиад л нурж эхлэв. Дайны эхний үед Зөвлөлтийн улаан арми немцүүдэд бут ниргүүлж байв. Аргаа барсан нөхөр Сталин хамгийн хэцүү, хамгийн хатуу тулалдаан болж, удаа дараалан ялагдал хүлээж байсан галын шугамууд руу Жуковыг илгээх болсон юм. Зөвлөлт холбоот улсын дөрвөн удаагийн баатар, маршал Жуков алтан Москва, бүслэлтэнд тарчилсан Ленинградыг хамгаалж Сталинград, Курск, Одесс, Киевийг чөлөөлж, Польш, Чехословак, Болгар, Румын, Унгар, Албан, Югославыг фашизмын хар савраас авран хамгаалсан юм. 60 сая хүний халуун амийг авч одсон дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Жуков Сталины номер нэг дайсан болж хувирсан. Яагаад гэвэл ард түмэн Георгий Константиновичийг хамгаас илүү хайрлан, шүтэж байлаа. 1953 оны гуравдугаар сард Жуковт цахилгаан ирэв. Нөхөр Сталин Кремлд маш яаралтай ирэхийг хүсчээ. Жаахан хөндүүрлэсэн маршал гүрж эрийн дуудлагаар гуравдугаар сарын  5-ны шөнө нислээ. Чингээд өглөөний нартай уралдан Кремлийн дааман хаалгаар ортол нөхөр Сталин үгүй болжээ. Маршалыг тэнгэр ивээв.

Нөхөр Сталины дараа Хрущевийг төрийн эрхэнд гарахад маршал Жуков ихэд нөлөөлж, КГБ-ын махны машин Берияг баривчлан түүнд тохирсон шийтгэлийг өгч, Булганин, Молотов нарын хуйвалдааныг таслан зогсоожээ. Харуусалтай нь эцсийн бүлэгт Хрущев Батлан хамгаалын сайдаар ажиллаж байсан маршалыг Югославт айлчлал хийж байхад нь бүх албан тушаалаас нь буулгажээ.  Ард түмэн аугаа их маршалаа дэндүү их хайрлаж байсан болохоор тэр. Түүгээр ч барахгүй нөхө

Брежнев маршалын дуртгалд өөрийнхөө тухай оруулахыг хүссэнд тэр жижигхэн хурандаагийн тухай бичихийг хүсээгүй юм. Дайны үед Брежнев ар талд суудаг улс төрийн газрын дарга гэдэг албатай, галын шугамыг мэдэхгүй, Жуков түүнийг танихгүй ч үгүй байсан тул ийн дургүйцсэн байна. Гэсэн ч коммунистууд маршалийн дуртгалын ном хэвлэлтэд шилжсэн даруйд “Бага газар” гэсэн жижиг хэсгийг зохиож, алдарт жанжны дурсамжид дэлхийн дайнд ямар ч нөлөөгүй жижигхэн дарга явсан Брежневийн тухай хүчээр оруулсан юм.

Зөвлөлт холбоот улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУлсын баатар, маршал Георгий Константинович Жуков 1974 оны зургаадугаар сарын 18-ны өдөр тэнгэрт дэвшсэн юм. Орос оронд одоо ч тэр, өнгөрсөнд ч тэр маршал Жуковын музей байхгүй. Харин ертөнцөд ганцхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ суут жанжны гэр музей байдаг. Маршал Жуков Монгол орныг хайрладаг байсан. Яагаад гэвэл Монгол Улс түүнийг жинхэнэ жанжин болгосон юм. Ялалтын маршал Георгий Константинович Жуков.

Сэтгүүлч, Яруу найрагч О.Цэнд-Аюуш

Сэтгэгдэл 14ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 1 сар 23. 11:17
ганбаа

Г.К.Жуковын дурдатгал ботиудыг худалдж авна. утас 99260896

2020, 5 сар 2. 2:29
Зочин

1896 онд төрсөн бздэ

2017, 12 сар 12. 19:03
Зочин

Маршал Жуков Монгол орныг хайрладаг байсан. Яагаад гэвэл Монгол Улс түүнийг жинхэнэ жанжин болгосон юм.

2017, 10 сар 10. 17:40
Үнэн хаана байна

Яахав бичихийг оролдсон л байна. Бичнэ гэдэг өөрөө сайн хэрэг. Онцгой төрсөн хүн л дээ. Зүгээр магтах биш тэр онцгойг гаргаж ирэхийг оролдсон бол тэр гайхамшигт хүний сүнсэнд хүрэх байсан байх. Жуков жанжин өөрөө монгол орныг гайхамшигт орон гэж дурладаг байсан л даа. Жуковыг нас барахад Сталины дараах түүхэн хүн нас барлаа гэж Английн хэвлэлд бичиж байлаа

2017, 9 сар 28. 12:27
ЗОЧИН

САЙХАН ТҮҮХИЙГ МУУХАН БИЧИЖ ДЭ .ХЭН МИНЬ

2018, 1 сар 23. 14:23
Зочин

ХУРААНГУЙГААР ГОЁ БИЧЖЭЭ

2017, 11 сар 24. 11:56
Зочин

Миний хүү тэгвэл сайхан биччих дээ.

2021, 2 сар 21. 21:14
Зочин

юу гэсэн үг юм?

2017, 10 сар 10. 21:46
Зочин

yg opitseruud kino sanaan d orchihloo saihan tuuh bn saihan ch bichsen bh O.TSENDAYUSHd BAYRLLAA bas AMJILT

2017, 9 сар 28. 12:07
Гантөмөр

Беларуссиин Слуцк гэж жижиг хотоос холгүй Козловичи гэж жижигхэн тосгонд нэг музей бии.
.Дайны өмнө 1938 онд штаб гэр нь байрлаж байсан.

2017, 9 сар 28. 11:37
Зочин

Зургийг гь буруу харуулаад тавьчихаж

2017, 11 сар 28. 9:11
Зочин

Дорнод Монголын их тал "Тамсабулагт" Жуков жанжны штаб, казарм, клуб, эмнэлгийн байшин нь бараг бүтнээрээ шахуу орхигдсон хэвээр байх юм. Түүнийг Оросын санхүүгийн дэмжлэгээр сэргээн засч Халх голын байлдааны түүх өгүүлсэн аялал жуулчлалын н зорилгоор ашиглах санаа манай БХЯ-ныханд төрөхгүй л байгаа юм байхдаа.

2018, 5 сар 29. 14:24
Зочин

1974 on

2021, 2 сар 21. 21:13
Зочин

ялалтын марш ч гэж одоо юу гэсэн үг юм бээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ ? kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]