Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Хоролдамба: Жуковаас өмнө жанжин Ц.Лувсандоной гавьяа байгуулсанУншсан18,564

ШУА-ийн шагналт, түүхийн ухааны доктор Д.Хоролдамбын Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

ШУА-ийн шагналт, түүхийн ухааны  доктор Д.Хоролдамбын Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та 1930-аад оны цэргийн томоохон дарга Ц.Лувсандонойн тухай ном бичжээ. Яагаад энэ талаар судлах болов?

 

-Ц.Лувсандоной жанжны тухай “Түмэнд нэртэй, түүхэнд мөртэй жанжин” нэртэй ном бичиж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваад Сталины улаан хядлагад амь эрсэдсэн Монголын гурван түмэн эх орончийн гэгээн дурсгалд зориулж бүтээлээ. Ц.Лувсандоной 1903 онд  Халхын Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, хожмын Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу, одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Цэрэнжав хүлэгчийн дүү бүсгүй, малчин эмэгтэй Тогоо-Аюушийн ууган хөвгүүн болон төржээ.

Тэрээр эхийнхээ гар дээр өсч торниод малчин ардын эгэл амьдрал дунд хүмүүжиж нас биед хүрч, эрдэм номын мөр хөөн 1921 оны долдугаар сард Шавийн яамны монгол бичгийн сургуульд элсэн орж, 1924 он хүртэл монгол бичгийн эрдэмд суралц­жээ. Мөн онд Оюутны сургууль (Багш нарыг бэлтгэх сургууль)-д  элсэн суралцаж дүүргээд 1925-1926 онд  Дэлгэрцогт уулын хошуу дарга, сургуулийн багш, шүүхийн байцаагч зэрэг ажлыг хийжээ. Чингэхдээ эвлэлийн товчооны дарга, үүрийн даргаар хоёр удаа, намын үүрийн даргаар гурвантаа сонгогдон сонгуульт ажил хийсэн байдаг.

1926 оны зургадугаар сард цэргийн албанд татагдан жагсаалийн цэрэг, бичээч, эх зохиогч, ерөнхий эрдмийн багш шүүхийн байцаагч зэрэг ажил хийж байгаад 1931 онд цэргээс халагджээ. Энэ завсар 1928 онд цэргийн доторх намын байгууллагуудын YI бага хурлаас намын төв комиссын гишүүнээр, 1929 оны гуравдугаар сарын 1-нд МАХН-ын гишүүнээр элсэж нам, эвлэлийн сонгуульт ажил хүлээж явсан байна. 1932 онд цэргийн албанд дахин ирж, Цэргийн Ерөнхий сургуульд багш, Цэргийн зөвлөлийн тусгай хэргийн эрхлэгч нарийн бичгийн дарга, I дивизийн тусгай хэлтсийн төлөөлөгч, дарга, Бүх цэргийн жанжны нарийн бичгийн дарга, Жанжин штабын тусгай тасгийн даргаар ажиллаж байгаад ДЯЯ-нд шилжин ажилласан байдаг.

-Дотоод явдлын яамны хүн байсан юм уу?

-Тиймээ, ДЯЯ-ны хариуцлагатай ажилтны бүртгэлд тэмдэглэснээс үзэхэд  “1935 оны зургадугаар сараас ДЯЯ-д жинхэнэ төлөөлөгч”, ангийн дарга зэрэг ажил хийж байжээ. Дараа нь ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар 1936 оны есдүгээр сараас Цэргийн Яамны IV газрын даргаар томилогдсон гэж  ТЕГ-ын Тусгай Архивын баримтад байгаа юм. Тэрхүү IV газар чинь цэргийн тагнуулын үйл ажиллагааг эрхэлдэг газар шүү дээ. Энэ үедээ Лув­сандоной гадаад тагнуу­лын ажлыг чадварлаг зохион байгуулж байсан. Тийнхүү Ц.Лувсандоной гурав дахь удаагаа цэргийн албанаа ирж, хилс хэрэгт баривчлагдах хүртлээ цэрэг армитай ажил, амьдралаа холбосон байна. Тэрбээр 1937 оны аравдугаар сарын 23-нд ЗХУ-ын Октябрийн хувьсгалын 20 жилийн ойд оролцох Монголын тө­лөөлөгчдийн бүрэл­дэ­хүүнд орж И.В.Сталинд бэлэг хүргэх төлөө­лөгч­дийн хамт явж байгаад 1938 оны нэгдүгээр сард эх орондоо эргэн иржээ.

Ц.Лувсандоной 1939 оны хоёрдугаар сараас Жанжин штабын орлогч дарга, дарга, мөн оны гуравдугаар сараас долдугаар сарын 1-нд хилс хэрэгт холбогдон баривч­лагдах хүртлээ БНМАУ-ын Цэргийн яамны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогчийн хариуцлагатай албанд ажилласан байна.

-Та судалгааны эх сурвалжаа хаанаас олж авсан бэ?

-Ер нь архивын ба­рим­тад л тулгуурлаж ном, бүтээлээ бичдэг. Ту­хайлбал, энэ номоо би­чихдээ ТЕГ-ын Тусгай архив, Батлан хамгаа­лахын төв архив, Үн­дэсний төв архив болон бусад архиваас барим­туудаа цуглуулж бүрдүүлсэн.

-Та “Түмэнд нэртэй, түүхэнд мөртэй жанжин” номоо хэдий хугацаанд судалж бичив?

-2009 оны эхээс Ц.Лувсандоной жанжны судалгааг эрчимтэй эхэлж, архивуудаас холбогдох баримтуудыг цуглуулж, боловсруулалт хийгээд оны эцэст Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон XIII ботид хэвлүүлэхээр бэлэн болгож өгсөн нь 2010 онд хэвлэгдсэн юм. Энэ нь Ц.Лувсандонойн тухай анхны нэг сэдэвт бүтээл юм. Манай цэргийн түүхч эрдэмтэн профессор Д.Гомбосүрэн асан нэг удаа тааралдаад “Лувсандоной жанжныг овоо судалж дээ. Ингэж дэлгэргүй бичсэн нь тун сайн байна. Би бас сонирхож, Тагнуулын архивт  байгаа дөрвөн боть Орос дээрх хавтаст хэргийг нь уншиж байсан юм. Тэр чигээрээ зохиомол, худал мэдээ баримт байдаг. Чи тэрнийг уншиж, тэр худал мэдээ баримтуудад хөтлөгдөөгүй байна. Энэ бол тун сайшаалтай хэрэг. Хүү чи энэ жанжныг ингээд хэлмэгдэгсдийн намтрын цувралд гаргаад ирдэг мөн ч том буян даа” гэж урамшуулж байсан юм.

-Тухайн үед Ц.Лувсандоной жанжныг төрөөс хэрхэн үнэлж, шагнаж байв. Тийм баримт байдаг уу?

-Бий шүү. Тухайлбал, Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор буюу 1936 оны долдугаар сард  БНМАУ-ын Бага Хурлаас Ц.Лувсандонойд Ардын хувьсгалын 15 жилийн ойн хүндэт тэмдэг, бригад командлан захирагч цол, байлдааны буу, дуран авай” зэргээр, 1937 онд цэргийн албанд он удтал үр бүтээлтэй ажилласан тул Алтан гадас одонгоор тус тус шагнасан барим­тууд Батлан хамгаалахын Төв Архив болон ТЕГ-ын тусгай архивт байна. Энэ нь түүний  хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас зохих ёсоор үнэлж байсныг харуулж байгаа юм.     

-Харин таны бүтээлийг эрдэмтэд хэрхэн үнэлж байгаа вэ?

-Цэргийн ухааны док­тор, профессор, хошууч генерал С.Баасанхүү гуай надад номын мялаалга үг бичиж өгсөн. “Энэхүү бүтээлдээ архивын шинэ сонирхолтой баримтуудыг ашиглан Ц.Лувсандонойн үйл ажиллагааг олон улсын цэрэг-улс төр, тухайн үеийн Монголын нийгмийн бодит байдалд илүү өргөн хүрээтэй, олон талаас авч үзэж, харьцуулж шинэ сонирхолтой дүгнэлтүүд дэвшүүлсэн байна. Ц.Лувсандоной бол Халхын голын байлдаанд МАХЦ-ийн байлдааны бэлэн байдлыг хангах үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан цэргийн томоохон зүтгэлтэн мөн хэмээн дүгнэж, олон зүйлийг тодруулахыг оролдсон нь өнөөгийн цэргийн дарга, захирагч нарын сонирхлыг татах нь дамжиггүй” гэж дүгнэсэн байна лээ. Баасанхүү генерал бүтээлийн ач холбогдол хэд хэдэн зүйлд байгааг бас бичсэн, тэр бүрийг энд яаж багтаах билээ.

-Та номынхоо нээлтийг саяхан Монгол цэргийн музейд их өвөрмөц зохион байгуулсан. Олон хүн ирж, үг хэлж, үнэлэн цэгнэж байсан. Энэ талаар товчхон өгүүлээч?

-Бүтээлээ хэвлүүл­чихээд, юм мэддэг хүмүүс эрдэмтдээр хэлэлцүүлж, дүгнүүлж сууна гэдэг судлаач хүний нэг жаргал байдаг. Номын нээлт маань эрдэмтдийн хэлэл­цүүлэг, дугуй ширээний ярилцлага болсон. Арав гаруй байгуул­лагын төлөөлөл болсон эрдэмтэн, мэргэжилтэн санал, дүгнэлтээ хэлсэн. Тэдгээрээс онцолбол түүхийн ухааны доктор, профессор, хурандаа Мягмарсамбуу гуай хэлэхдээ “Лувсандоной жанжныг судалж, энэ номыг бүтээснээрээ ХХ зууны 30-аад оны түүх судлалд төдийгүй Монголын цэргийн түүх судлалд  дорвитой хувь нэмэр орууллаа” гэж дүгнээд энэ бол ганц миний үг бус манай судлаачдын үг шүү! гэж онцолж байсан. Цэргийн түүх судлалын том эрдэмтэн ингэж үнэлсэнд хувьдаа баярласан шүү. Хошууч генерал Г.Дугарсүрэн гуай дүгнэж хэлэхдээ “Цэргийн нэрт жанжин дарга нарыг хэлмэгдүүлсний учир начирыг нарийн тунгаан архивын баримтад тулгуурлан гаргажээ. Халхын голын дайны эхний үеийн байлдааны ажиллагаанд Ц.Лув­сандонойн гүйцэтгэсэн үйлс нь “хувьсгалын эсэргүү” гэдэг зохиомол хоосон зүйлээр мартагдан, дарагдсныг зохиогч түүхийн баримтаар нотолсонд зохиолын бас нэг ач холбогдол оршино” гэж байна лээ. Мөн энэ судалгааны ажлын үр дүнд архивын олон чухал мэдээ, баримтыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, Монголын түүхийн холбогдолтой урьд нийтийн хүртээл болоогүй  материал, зураг сэлт болон төрөл садан, холбогдох хүмүүсийн дурсамжийг хамруулан оруулсан нь номын агуулгыг баяжуу­лан туйлын сонирхолтой болгосон гэсэн дүгнэлт хийсэн.

-Та бүтээлдээ Ц.Лув­сан­доной бол Халхын голын байлдаанд МАХЦ-ийн байлдааны бэлэн байдлыг хангах үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан цэргийн томоохон зүтгэлтэн жанжин мөн гэсэн цоо шинэ дүгнэлтэд хүрчээ. Нотлох ямар баримтууд байгаа вэ?

-1939 оны тавдугаар сарын 11-ний өдөр Японы талаас миномёт, пулёмотоор зэвсэглэсэн 200 морьт цэрэг Номон хан, Бүрд овооны орчмоор БНМАУ-ын дархан хилийг зөрчиж, хилийн жирийн мөргөлдөөн төдий бус томоохон байлдаан болтлоо шатлан өрнөжээ. Тиймээс БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогч, Жанжин штабын дарга Ц.Лувсандоной МАХЦ-ийн Ерөнхий зөвлөх Поздняков, Жанжин штабын Байлдааны бэлтгэл хэлтсийн дарга Ш.Рэнцэн нарын хамт тавдугаар сарын 17-нд зүүн хязгаарын цэргийн ангиуд дээр ирж, Халхын голын районд байлдаж буй Монгол цэргийн ангиудыг удирдан, байлдааны ажиллагааг Оросын улаан армийн ангиудтай харилцан зохицуулах ажилд шургуу орсон баримтууд байна.

-Тухайлбал ямар баримт байна?

-Тухайлбал, тавдугаар сарын 25-нд манай засгийн газар МАХЦ-ийн VI морьт дивизийг Хал­хын гол руу шилжүүлэн байрлуулснаас гадна улаан армийн хуягтын рот, их бууны батарей, саперын рот бүхий 1200 хүнтэй отрядыг мөн шилжүүлэн байрлуулжээ. Ц.Лувсандоной 6-р морьт дивизийг байлдааны фронт руу хөдөлгөх, хоёр­дугаар морьт корпусын ангиудыг Японы цэргийн довтолгооны эсрэг байлдаанд оруулах арга хэмжээнүүдийг авчээ.

Энэ үед Японы тал Монголын хилийн дотор байлдааны ажиллагаагаа өргөтгөхийн тулд цэргийн томоохон хүчийг Номон хан, Бүрд овооны орчим татан ирүүлж, бөөгнөрүүлсэн байгаа юм. Японы 23 дугаар дивизийн командлагч Кома­ца­бу­рагийн тушаалаар байгуулсан тус дивизийн 64 дүгээр явган хорооны дарга хурандаа Ямагатагаар удирдуулсан нэгдсэн отряд гол хүч нь байв. Монголд байрласан ЗХУ-ын 57 дугаар онцгой корпусын командлагч Н.В.Фекеленко тавдугаар сарын 25-нд Тамсагбулагт ирж Хайлаастын голын орчимд бий болсон байдлыг үнэлэн үзээд Халхын голын зүүн эрэгт хориглох байлдаан зохион байгуулах нэгдсэн шийдэлд хүрчээ. Харин  Японы 23 дугаар дивизийн командлагч Комацабура маргааш нь Ганжуур сүмд байрласан Ямагатагийн штабт ирж байдалтай та­нилцаад тавдугаар сарын 28-нд давшиж, Монгол, Зөвлөлтийн цэргийг бут цохих тушаал өгөөд орой нь Хайлар руу буцжээ.

-Монгол, Зөвлөлтийн цэргийг бут цохих тушаал өгөөд орой нь Хайлар руу буцсан гэж та сая хэллээ. Их л итгэлтэй байж дээ?

-Монгол, Оросын хамтарсан цэргийн хүчийг бут цохино гэдэгтээ Японы генерал байтугай жагсаалын цэрэг нь хүртэл итгэлтэй, бүр ялалт байгуулаад явж байна гээд зүүдэлж байсан байдаг юм. Тэр байлдаанд оролцсон япон эмч цэрэг Мацумато Сүүхе гэгч тавдугаар сарын 27-ны шөнө “монголын тал нутгийг туулж, Зөвлөл­тийн нутгаар довтолж бай­на” гэж зүүдэлж байснаа хожим дурсан тэмдэг­лэсэн нь байдаг юм даа.

-Японы цэрэг эхэлж довтолсон уу?

-Японы цэрэг тавдугаар  сарын 28-ны үүрээр давшилтаа эхэлжээ. Тэд эхлээд 40 орчим бөмбөгдөгч онгоцоор гүүр болон голын баруун эрэгт буй манай цэргийн ар талыг бөмбөгджээ. Өглөөний 5 цагт дайсны давшилт манай хориглолтын зүүн жигүүрт эхэлж Халхын голын гармыг чиглэжээ.  Үүний дараа дайсан хориглолтын төв хэсгээр, удалгүй баруун жигүүрээр давшиж, монголын хилийн гүн рүү агаарын хүчтэй дайралт хийсний уршгаар утсан холбоо тасарч, анги салбарууд бие даахаас өөр аргагүй бай­далд орж, нэлээд хохирол учирчээ. Зөвлөлтийн 149 дүгээр буудлагын хороо, 175 дугаар их бууны хорооны дивизион амжин ирж тулалдаанд оролцсоноор байлдааны санаачилга өөрчлөгдөж, манай цэргийн байршлыг бүслэн авч бут цохихоор са­наархсан тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж, үлэмж хохирол хүлээжээ. Ер нь байлдаан их ширүүн болж дээ. Монгол-Зөвлөлтийн дайчид фронтын бүх хэс­гээр дайсны давшилтыг няцаан хориглох ширүүн байлдаан  хийж, тавдугаар сарын 29-нд сөрөх давшилтыг амжилттай хийснээр Японы цэргийг зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд Монголын хилээс шахан зайлуулсан байдаг.

-Г.К.Жуковыг Халхын голд ирэхээс өмнөх явдал юм уу?

-Зургадугаар сарын 12-нд 57 дугаар онцгой корпусын командлагчаар дивиз командлан захирагч Г.К.Жуков томилогдон иржээ. Түүнийг ирэхээс өмнө Орос, Монгол цэрэг анхны ялалтаа байгуулсан хэрэг. Ц.Лувсандоной эх орныхоо дархан хилээс харийн дайсныг хөөн гаргасан гавьяатан юм.

-Г.К.Жуковыг ирэхээс өмнө Ц.Лувсандоной гавьяа байгуулсан гэж таны хэлж байгаа үнэхээр сонирхолтой дүгнэлт байна шүү?

-Тэгэлгүй яахав. Үнэн нь л тэр юм чинь. Мөн тэрээр зургадугаар сарын 17-18-ны өдөр Булан дэрс, Улаан худаг, Халхын сүмийг Япон-Манжийн цэргээс чөлөөлөх байлдааны ажиллагааг удирджээ. Халхын голын байлдааны анхны ялал­тын тухай мэдээг БНМАУ-ын сонин хэвлэлүүдэд тодорхой мэдээлж байсан байдаг юм. Тухайлбал “Улаан-Одон” сонин тэргүүн нүүрэндээ:  “1939 оны тавдугаар  сард Японы түрэмгийчүүд МАХЦ-ийн ангиудын хүчин чадлыг дахин нэг мэдсэн баймуй. Тавдугаар сарын 28-ны өдрийн байлдаанд Япон, Баргын цэргийн ангиуд толгойгоо хага цохиулжухуй” хэмээн мэдээлж байлаа.

Харамсалтай нь, удалгүй ЗХУ-ын цэргийн онгоцууд Монголын VIII морьт дивизийг андуурч бөмбөгдөөд энэ ялт хэргээ нуун далдлахын тулд Ц.Лувсандоной жанжныг улс төрийн хилс хэрэгт баривчлан Москвагийн шоронд хэлмэгдүүлснээр энэ хүний гавьяа, түүх бүдгэрчихээд байсан юм. Би өөрийн судалгаагаар ЦЯЯ-ны орлогч сайд, Бүх цэргийн орлогч жанжин Ц.Лувсандоной бол МАХЦ-ийн байлдааны бэлэн байдлыг хангаж, Японы түрэмгий цэргийн эхний томоохон дай­рал­тыг няцаан, эх орныхоо торгон хилээс хөөн гаргахад дорвитой хувь нэмэр оруулсан цэргийн жанжин мөн болохыг баримтаар тогтоож, шинэ дүгнэлтэд хүрсэн юм. Тийм учраас XX зууны эхний Монгол цэргийн томоохон зүтгэлтнүүдийн нэгэнд зүй ёсоор тооцож байхыг цэргийн түүхийн судалгаанд оруулж байгаа юм.

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 8 сар 14. 18:30
ЗочинАрслан

Архивийн материалыг уйгагүй судалж бичсэн тул үнэн бодит байдлыг тусгасан ном гэж үзнэ. Халхын голын будлианыг Оросууд нууцаар санаачилж, 1907 оны Орос,Японы нууц хэлэлцээрийг зөрчиж Монгол руу довтоллоо гэдгээр шалтаг хийн өдөөсөн тулалдаан. 1907 оны хэлэлцээрээр Япон Өвөр Монголыг, Орос Ар Монголыг эрхшээхээр тохирсон юм. Халх голын мөргөлдөөнд амиа алдсан 237 монгол хөвгүүний гуравны нэгийг оросууд онгоцоор бөмбөгдөж, 3/1-ийг Монголын тэр үеийн утсан хүүхэлдэйнүүд устгасан хэрэг. Өөрсдийн яргалалаа цагаатгахын тулд Оросын фашист удирдлага "МАХЦ-ийн удирдлага Японы талд мэдээ өгч бөмбөгдүүлсэн" гэдэг хуурамч мэдээ цацаж Лувсандоной зэрэг олон зуун хүнийг яргалсан улс. Гуталчны хүү Сталин нэрд гарсан террорист байснаар барахгүй, аливаа ард түмний сайн генийг устгавал үлдсэн хэсгийг нь дураараа захирч болно гэдгийг мэддэг байсан тул 1932 оноос эхлэн монголчуудын сор болсон хэсгийг устгаж эхэлсэн юм. Энэ бол бодит үнэн. Гэтэл ком. үзэл сурталд тархиа угаалгасан монголчууд одоо хүртэл Сталин,Зөвлөлт засаг Монголыг аварсан гэж зүтгэсээр байгаа. Орос,Японы архив бүрэн нээгдэж, одоогийн тархиа угаалгасан үеийнхэн нөгөө ертөнцөд очиж байж хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөнө.

2020, 11 сар 20. 15:31
Зочин

Ёстой үнэн гэхэдээ үр дүн чухал

2020, 11 сар 14. 21:34
Зочин

Битгий шаа гөлөг минь

2018, 1 сар 26. 11:39
Зочин

МАНЖ ХОРОЛДАМБА МАНЖИЛСААР БАЙГААД ДЖЖЖСЛАА ДАА

2018, 2 сар 1. 15:01
Зочин

Монгол хүнийг магтахаар данлаа муулж муу байлгах гэсэн хэсэг бүлэг дүрвэдүүд өмдөндөө шээх гээд байх юм . Тэрний нэг та байх болов уу. Хамаг эх орончдоо буудчихаад орос авгайн үгээр монголоо дарлаж байсан Цэдэнбалаа магтсангүй гээд л уур хүрдэг бололтой. Дайны ялалтыг цусаараа авчралцаж байсан Лхагвасүрэн, Дандар нарыг хөөлгөж орос авгай тэвэрч хэвтэж байсннаа ялахад гарамгай гавьяа байгауулсан болгож өөртөө маршал цол өгснөөс өөр юм хийсэнийг мэдэх хүн зөндөө байдаг юм. Түүх гэрчилдэг харин энэ маягаар удвал Цэдэнбал л ганцаараа сэлмээр японыг ялсан гэж домог зохиох гээд байгаа бололтой.

2020, 8 сар 15. 15:49
Энхболд

Чам шиг юмнуудад таара х ганц л хариулт бии май боовоо

2018, 1 сар 25. 21:57
Зочин

Сонирхолтой судалгаа хийжээ. Наад судалгаагаа тухайн үеийн цэргийн зүтгэлтнүүд, байлдагчдын үнэлэлт дүгнэлтэнээр юмуу холбогдох өөр баримтаар батлах хэрэгтэй.

2018, 1 сар 25. 18:12
Зочин

До яамны алдартай гурван яргачин Лувсангийн нэг юм биш үү? Хүний мууг үздэг, эхнэрийг нь хүчирхийлдэг, авилга авдаг Лувсан нэртэй 3 түшмэл байсан гэсэн.

2018, 1 сар 25. 19:09
Хоролдамбад

Хоролдамба чи багахан эргүүтээрэй.Эрдмийн цолтой хүн ийм байдаггүй юм шүү. Алба,эрдмийн цолныхоо эрэмбээр байгаарай

2018, 9 сар 12. 21:34
Зочин

Цэдэнбал гээч оросын тагнуул л японыг ялахад их гавьяа байгуулсан монголчууд бол орос цэргийн ард нуугдаж байсан гэсэн домогийг одоо болтол итгэдэг олон хүн байдаг. Тэд монгол хүн юу ч чадахагүй ганц оросууд Бал монголыг байгуулж ялуулсан гэдэг ойлголтоо өөрчилж чадахгүй үнэн юм бичсэн хүнийг их ад үзэх юм.

2018, 1 сар 26. 8:46
Зочин

Мэдлэг боловсролтой хүмүүсээс үг сонсох сайхан байдаг юм. Тэгээд л докторын ярилцлагыг сонирхон уншлаа. Хачин санагдлаа. Хоролдамба доктор нэг хүний тухай ярихдаа нөгөөг үгүйсгэсэн, хооронд нь жишиж харьцуулсан өөрийн хувийн дүгнэлтийг ингэж гаргах хэрэг байсан уу? Түүхийн үнэнийг л бусад олонд хэлэх нь судалгааны тань үр дүн байлтай. Эрдэмтэн докторууд маань ийм өнгө аястай үг хаяад байхаар ер нь юу болох вэ? Миний хувьд эрдэмтэд судлаачдыг ихэд хүндэтгэдэг. Одоогийн төр засгийн эрх мэдэлтнүүдээс эрдэмтэн судлаачдыг дээгүүрт тавьж үнэлдэг. Үнэндээ сэтгэл гонсойлоо...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]