Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Туйлын туяа ялгаруулдаг сүүлт одыг илрүүлжээУншсан7,280

Европын Сансрын агентлаг, НАСА хамтран Чурумюв-Герасименко сүүлт одыг туйлын туяатай болохыг зарлалаа.

Б.Нямдолгор

Европын Сансрын агентлаг, НАСА хамтран Чурумюв-Герасименко сүүлт одыг туйлын туяатай болохыг зарлалаа. Судалгааны үр дүн Nature Astronomy сэтгүүлд хэвлэгджээ. Туйлын туяа нь агаар мандалд цочролд орсон хүчилтөрөгч, азотын атомын нөлөөгөөр гэрэлтэх үзэгдэл бөгөөд хоёд, өмнөд хоёр туйлын орчимд агаар мандалд байх дэлхийн соронзон оронтой мөргөлдсөний улмаас хүмүүст харагддаг аж.

Ерөнхийдөө ногоон, цагаан, улаан өнгөөр гэрэлтэнэ. Нарны системд Бархасбадь, түүний зарим дагуулууд, мөн Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван, Ангараг гараг өөрийн гэсэн туйлын туяаг ялгаруулж байдаг. Гэхдээ өнөөг хүртэл сүүлт одонд туйлын туяа байдаг гэдгийг хараахан баталгаажуулж чадаагүй байсан юм.

2004 онд анх аялалдаа гарсан, үүнээс хойш хамгийн хол зайд аялж, чамлахааргүй амжилт гаргасан сүүлт одны ангууч Rosetta сансрын хөлөг 2014 оны 8-р сараас 2016 оны 9-р сард сүүлт одон дээр газардаж ажиглалт явуулж байсан. Эрдэмтэд эхэндээ энэ гэрлийг сүүлт одны цөмөөс цацардаг “бүрхүүл” гэдгээр нь бидний сайн мэдэх хийтэй харилцан үйлчлэлд ордог гэрлийн фотоны үүсгэж буй “агаарын өдрийн гэрэлтэлт” хэмээн тайлбарлаж байлаа. Харин энэ удаагийн шинэ судалгаагаар огт өөр зүйл болохыг нь тодорхойлон гаргаж ирсэн байна.

Судалгааг ахлан явуулсан Лондоны Эзэн хааны Коллежийн багш Марина Галанд “Rosetta сансрын хөлгийн төхөөрөмжүүдээс авсан мэдээллүүдийг хооронд нь нэгтгэсэнээр бид юу болоод байгаа талаар  илүү тодорхой мэдээлэл авах боломжтой болж, 676/Churyumov-Gerasimenko сүүлт одны хэт ягаан туяаны атомын цацрагийн хэлбэрийг хоёрдмол утгагүйгээр тайлбарлах бололцоотой болсон" гэж ярьжээ.

Ер нь сансар эрхэст туйлын туяа байх эсэх нь ямар ач холбогдолтой, үүнийг судлах нь юунд хэрэгтэй вэ гэж та бодож болох юм. Тэгвэл энэ талаар дэлгэрүүлэн судлах нь нарны системийн цаг агаарын өнгөрсөн, одоо цагийг ойлгож авахад нэн чухал зүйл болох юм. Нарны цацраг сансрын орчинд хэрхэн яаж нөлөөлдөг талаар илүү мэдээлэлтэй болох нь хиймэл дагуул, сансрын хөлөг, Сар болон Ангараг гараг руу нисч буй сансрын нисгэгчдийг яаж хамгаалах талаар мэдлэгтэй болоход туслах юм байна.

Жон Хопкинсийн Их сургуулийн судлаач Паул Фелдмэн “Хоёрын хоёр жил цуглуулсан судалгааны үнэт материалаар бид манай нарны аймгийн хамгийн ер бусын оршин суугчдын талаар цоо шинэ ном бичиж болохоор болсон. Энэ бүгдээс үзэхэд цаашдаа ч судлах зүйл их байгаа гэдэг нь тодорхой байна” гэж ярьжээ.

НАСА энэхүү судалгааны ажилд олон төрлийн багаж төхөөрөмжүүдээр хангаж, өөрийн хувь нэмрээ оруулсан байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]