Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хатанбаатар Магсаржав буюу барын тавхайУншсан33,249

Хатанбаатарын цэрэгт явж байсан партизан цэргүүдийн домог ярианаас авч найруулав.

Ардын Хатанбаатар Магсаржавтай холбогдох ардын аман зохиол, домогийг уншигчдадаа сонирхуулж байна.

Хатанбаатарын цэрэг Богдын голд буугаад байтал оргодол дээрэмчин Вандановыг Шургийн өртөөнийхөн олзлон барьж хүргэж ирээд, тэнд цаазаар авчээ. Энэ үед цагааны үй олон үлдэгдэл дээрэмчин баруун хязгаар өөд тэмүүлэн явахдаа үхэхдээ үхэр буугаа гэж, зам зуураа ард олныг түйвээн бусниулсаар явсан учир Магсаржавын цэргүүд яаравчлах хэрэгтэй байлаа. Хатанбаатарын цэрэг Улиастайн хойд Алагийн хөтлөөр давж Яруугийн хүрээ дайрч мөшгөн мордов. Тэгтэл Завхан гол улаан цагаанаар эргэлдэж хөөс сахруулан их сүртэй үерлэж байсан учир баатар вангийн цэрэг аргагүй хоригдох боллоо.

Хатанбаатар сэлмээ сугалж Завхан голын усыг цавчсанд голын ус хоёр тийшээ хага ярагдаж, цэргээ амар мэнд гаргаад цагааны дээрмийг үлдэн Нуур могойд нурмыг нь үзээд, Хүйсийн говьд хүүрийг нь үзэж, Хөтөл усанд хөөж гүйцээд сөнөөсөн гэдэг.

Хатанбаатарын цэрэгт явж байсан партизан цэргүүдийн домог ярианаас дээрхийг авч найруулсан байна. Аймшиггүй зоригт Хатанбаатар Магсаржавын тухай энэ мэт домог ардын дунд олон буй. Жишээлбэл "Хатанбаатарыг буун сум даахаа байсан хэмээн бахархан ярьдаг ба Сулинхээрт байлдаж явахдаа бууны амнаас гарсан халуун сум хэмээн өврөөс гаргаж хамт явсан цэргүүддээ үзүүлж байсан" гэх сонин мэдээ бий.

 

БАРЫН ТАВХАЙ

Дээр үед Сайн ноён хан аймгийн Ганжууржав түшээ гүний хошуунаас (одоогийн Булганы Хутаг сум) хэдэн хүн жин тээж яваад Ивэнгийн голын хөвөөнд (Цагаан толгойн САА˗н орчим) буудаллан байтал хэдэн хятад иргэд наймаа худалдаа хийхээр иржээ. Тэгээд тэднийг даган пүүст нь очихоор нэг жинчин нь явж. Гэтэл замд нь хоёр майхан гадасласан өөр аянчид дайралджээ. Майхны хажуугаар өнгөрөх гэснээ хамт явсан хөгшин данжаад "Ай ямар аймшигтай вэ" гээд царай буруулан нүдээ аньснаа дахин майхан руу хялалзан харж мориныхоо амыг татаад, аянчны хүнд ойртон сэмхнээр "тэр майхны хаяагаар юу цухуйж байна аа харваа" гэхэд ажиглан харвал, нэгэн хүний хөлийн нүцгэн тавхай гялайж байв гэнэ. Хөхөө өвлийн идэр есийн хүйтэнд ингэж унтдаг ямар галз уу амьтан бэ? гэж бодоод хүний хөлийн тавхай л байна шүү дээ! гэхэд

-Ай тийм ч биш ээ! Чи юу ч эс мэдваа! гэж данжаад өгүүлэхэд нөгөө хүн хоёулаа орж үзье юу л байв гэж гэхэд толгой сэгсэрч "Би айж байна, Чи орвоо" гэжээ. Жинчин эр майханд ортол нэг хүн толгой дээгүүрээ дээл нөмөрчихсөн унтаж байв гэнэ. Зориуд ханиалган унтсан хүнийг сэрээтэл золбоолог хүрэн бор хүү нүдээ арчин босож ирсэн нь "Гучин гурт, Гурван хайлантай"-н Магсаржав байжээ. Буцаж очоод данжаадад хэлэхэд ай нас гүйцсэн идэр барын тавхай байсан шүү өдий болтол, өвөр дөчин ес, халх дөрвөөр тэнэхдээ тийм хүн байхыг шинжиж олоогүй юм. Энэ хүн ямар ч бууны суманд даагдахгүй, зүүн хөлийн уланд, эрхий дарам газар л сум ор.ох сиймхий байна шүү, халдах дайснаа дарах Халхын ганц баатар болно доо ай яа аймаар аа... гэжээ.

Ийнхүү ирээдүйд Монголын тусгаар тогтнолыг хамгаалах баатар эрийн сүрээс хятад данжаад айж байсан гэдэг.

 

ГУЧИН ГУРТ, ГУРВАН ХАЙЛАНТАЙ

Магсаржавын өвөг дээдэс болох Үйзэн, Хайзан, Дорж, Шагдаржав, Сандагдорж нар цөм дайн тулалдаанд дараалан явахдаа эрэлхэг баатарлагаар байлдаж, Магсаржавтай зургаан үе улиран алдар гавьяа байгуулжээ.

Үйзэнг нас барахад нь Хутаг˗Өндөр уулын өвөр дэх Гуртын хөтөлтэй бие биеэ шууд харсан нэгэн хамар дээр оршуулсан гэнэ. Мөн Хайзан гэгч үр удам нь дайнд явахдаа Гуртын хөтөл дээр чулуун овоо босгож

Нар сараа барин тангараглая.

Няцаж буцсанаа хөнөөе

Нэгэн эцгийн хүүхэд мэт

Найртай сайхан хамт явцгаая!

гэх мэтээр цэргүүдтэйгээ ам тангаргаа өргөж, эрхий хурууныхаа өндгийг хага зү сэн, цусыг нь аяганд дусааж, түүнийгээ харилцан амсаж андгайлан байтал 33 гур цувран давхисан учир тэр газрыг «Гучин гурт, гурван Хайлантай» гэж нэрлэсэн домогтой.

Булган аймгийн Хутаг сумын «Гуртын тавилан» нутаг, Сэлэнгэ мөрний хойд талын модтой арыг Гучин Гурт, түүнээс доош зэргэлдээ орших Сэлэнгэд цутгасан цувраа гурван голыг зүүн, баруун, дунд Хайлантай гэж тус тус нэрлэх ажээ. Энэ нь Хатанбаатарын нутаг бөгөөд дунд Хайлантайн эхэн болох Жаргалант уулын дээд энгэр дэх Шарилын хавтгай хэмээх нарлаг сайхан тавцанд Магсаржав болон түүний дээдсийн ша рилыг тусгай бунхлан оршуулжээ.

Дээр дурдсан тэр цагаас эхлэн Дорж, Сандагдорж, Магсаржав нар дайн байлдаанд явахдаа уг овоонд нэгэн адил тангараг өргөдөг байсан ба бас дайнаас буцаж ирээд тангаргаа тайлдаг заншилтай байсан гэнэ. Харин үүнийг хожим Магсаржавын буюу Хатанбаатрын овоо хэмээн нэрлэх болжээ гэсэн.

Эл домгийг Булган аймгийн Хутаг сумын «Магсаржав» нэгдлийн тариа бригадын үтрэмийн эрхлэгч 60 настай Гүдэвийн Лхамсүрэнгээс Монгол ардын аман зохиол номд тэмдэглэн үлдээжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]