Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Ноён уулын дурсгал ба П.К.Козловын хувь заяаУншсан18,126

1924-1925 онд П.К.Козловын удирдсан Монгол-Төвдийн экспедици Ноён уулын бүсэд хайгуул хийж Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван аманд эртний булш байгааг илрүүлэн, Сүжигтийн аманд гурван хэсэг газарт 156 булш, Зурамтын аманд 12 булш, Хужиртын аманд хоёр хэсэг газарт 44 булш, нийт 212 булш бүртгэн, дэвсгэр зураг үйлдсэн байдаг.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очирын "Ноён уулын дурсгал ба П.К.Козловын хувь заяа" өгүүллийг хүргэж байна.

1912 оны өвөл «Монголор»  алтны уурхайн инженер А.Я.Баллод Ноён уулын Зурамтын аманд алтны судал хайх зорилгоор туршилтын цооног ухаж санамсаргүй эртний оршуулгын байгууламжинд нэвтэрснээр Ноён уулын дурсгалыг анх нээсэн түүхтэй. Тэрээр Монголын Хараа голын эхэнд орших үл мэдэгдэх ард түмний эртний булшууд илрүүлсэн тухай захиагаа Оросын Газар зүйн нийгэмлэгийн Дорнод Сибирийн салбарт олдворын жагсаалт, гар болон гэрэл зургийн хамт илгээж, удаа дараа захидлаар харьцсаны үр дүнд Ноён уулын олдворуудын талаарх мэдээлэл Оросын Газар зүйн нийгэмлэг, Шинжлэх ухааны академи, Москвагийн археологийн нийгэмлэг болон Өмнөд Сибирь, Төв Азийн бүс нутагт судалгаа явуулж байсан хэд хэдэн томоохон эрдэмтдийн сонорт хүрсэн байдаг. Харамсалтай нь эрдэмтдийн судалгааны чиглэл, санхүүгийн боломж, мэргэжлийн бус хүний баттай бус мэдээлэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан анхаарал хандуулж чадалгүй мартагдсан байна. 1920 онд А.Я.Баллодын илрүүлсэн ихэнх олдворуудыг Эрхүү хотын Орон нутаг судлах музейд шилжүүлжээ.

1923 оны намар П.К.Козловын удирдсан Оросын Газар зүйн нийгэмлэгийн «Монгол-Төвдийн экспедици» Өргөөд хүрэлцэн ирсэн бөгөөд тус экспедицийн зорилго Хар хотын малтлагыг үргэлжлүүлэх, Цайдамын газар зүйн судалгааг гүйцэтгэх, цаашлаад Төвдийн нийслэл Лхас орох байв. Тэрээр Өргөөд тэмээн хөсгөө цэгцэлж, Хятадад ажиллах бичиг баримтаа аваад, яаравчлан цааш хөдлөх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч ЗХУ-ын Гадаад явдлын Ардын комиссариат болон Дотоод явдлын Улс төрийн газарт П.К.Козловыг улс төрийн үзэл баримтлалын хувьд найдваргүй хүн болох тухай мэдээлэл ирсний дагуу Оросын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоо 1923 оны 11 дүгээр сарын 22-нд «Монгол-Төвдийн экспедици»-ийн үйл ажиллагааг зогсоох, эргүүлэх татах шийдвэр гаргасан байдаг. П.К.Козлов төвөөс ирсэн тушаалыг шууд гүйцэтгэлгүй хавар болтол цагийн байдлыг харзнахаар шийдэж, экспедицийн бүрэлдэхүүнийг цомхотгон, багийн гишүүн Е.П.Горбуновыг Москва руу илгээжээ.

Чухам энэ л хугацаанд экспедицийн хувь заяаг эргүүлэх үйл явдал болсон бөгөөд 1924 оны 2 дугаар сарын 15-нд “Монголор”-ын уурхайд А.Я.Баллодтой хамт ажиллаж байсан польш гаралтай И.Я.Ежо гэгч хүн П.К.Козловтой уулзаж Ноён уулын хачирхалтай агуй болон олдворуудын тухай ярьсан байдаг. Улмаар П.К.Козлов өөрийн туслах С.А.Кондратьев болон Шинжлэх ухааны хорооны тэргүүлэгчдийн нэг Ж.Цэвээн нартай зөвлөлдөн, 1924 оны 2 дугаар сарын 20-нд С.А.Кондратьевыг И.Я.Ежогийн хамт Ноён уул руу илгээж, эртний булшнуудтай танилцсанаар хүннүгийн гайхамшигт дурсгал шинжлэх ухааны эргэлтэд орох үүд хаалга нээгдсэн гэж үзэж болно.

Ноён ууланд ажиллахын өмнө П.К.Козлов Шинжлэх ухааны хорооны тэргүүлэгч Ж.Цэвээнтэй зөвлөлдөн Монголын Засгийн газраас зөвшөөрөл авсан бөгөөд Москва руу илгээсэн багийн гишүүн Е.П.Горбуновын хичээл зүтгэлээр 1924 оны 4 сард ОХУ-ын ШУ-ны тэргүүлэгчдийн газраас “Монгол-Төвдийн экспедици”-д зуны хугацаанд Монголд ажиллах зөвшөөрөл олгож, ойрын үед тус экспедициэс шинжлэх ухааны томоохон үр дүнг хүлээж буйгаа мэдэгдсэн байдаг.

 

Өвөр эгнээнд зүүн талаас: Ж.Цэвээн, П.К.Козлов, С.А.Теплоухов,

Арын эгнээнд зүүн талаас: С.А.Кондратьев, Г.И.Боровка нар. (Өргөө, 1924 он).

1924-1925 онд П.К.Козловын удирдсан Монгол-Төвдийн экспедици Ноён уулын бүсэд хайгуул хийж Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван аманд эртний булш байгааг илрүүлэн, Сүжигтийн аманд гурван хэсэг газарт 156 булш, Зурамтын аманд 12 булш, Хужиртын аманд хоёр хэсэг газарт 44 булш, нийт 212 булш бүртгэн, дэвсгэр зураг үйлдсэн байдаг.  Улмаар Сүжигтийн амны 1 (нойтон), 6 (дээд), 23, 25, 29-р булш (хэд хэдэн жижиг булшны хамт), Зурамтын аманд Баллод, Кондратьев, Андреев, Монголын булш, Хужиртын амны 11-р булшийг тус тус цооноглон малтаж, оршуулгын бунханд нэвтрэн амьтны загварт урлагийн бүтээлүүд, металл болон модон эдлэл, хивс, торго, даавуу, ширдэг, нэхмэл зэрэг олон тооны эд өлгийн зүйлсийг гарган авсан нь археологийн судалгааны түүхэнд бичигдэх содон үйл явдал болж, XX зууны дэлхийн их нээлтийн нэгд тооцогдох болсон юм.

Археологич С.А.Теплоуховын малтан судалсан 24-р булш (Ноён уул, 1924 он).

Гэвч П.К.Козлов Ноён уулын булшинд малтлага хийхдээ “Монголор” уурхайн геологи А.А.Кузнецовын зөвлөснөөр цооноглон (2.2 х 2.2 м хэмжээтэй) ухаж  оршуулгын байгууламжийн гадаад, дотоод бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн харилцан холбоо зэргийг тодруулалгүйгээр, мэргэжлийн бус арга зүйгээр, зөвхөн олдвор илрүүлэх зорилгоор ажилласан болохыг тэмдэглэх хэрэгтэй. Энэ тухай хожим С.И.Теплоухов, Н.Н.Поппе, Н.Я.Марр, Ц.Доржсүрэн нар шүүмжлэлтэй хандсан бөгөөд үүний үр дүнд илэрсэн олдворууд нь ердөө л хэсэгчлэн судлагдсанаас биш бусад асар том мэдээллийн хэсэг хаягдсан байдаг.

П.К.Козловын ажлын үр дүн хэвлэлд нийтлэгдсэн даруйд ОХУ-ын Шинжлэх ухааны академи асуудлыг анхааралдаа авч, улмаар П.К.Козловын экспедицид туршлагатай археологич илгээх шийдвэр гаргасан байна.

Ийнхүү 1924 оны намар С.А.Теплоухов, Г.И.Боровка нар ирж тус экспедицийн үйл ажиллагаатай танилцан, мэргэжлийн арга зүйн дагуу Сүжигтийн амны 24-р булшийг малтан судлаж анхны тайланг хэвлүүлжээ. С.А.Теплоухов тайландаа Ноён уул, Өвөр Байгал, Минусийн хязгаар болон Алтайн олдворуудыг нэгэн соёл буюу хүннүгийн соёлд хамааруулан үзсэн нь анх удаа уг дурсгалын соёлын хамаарлыг тодорхойлсон дүгнэлт болсон юм.

П.К.Козлов Ноён уулын дурсгалаас илрүүлсэн олдворуудыг судалгааны зорилгоор Орос руу илгээх асуудал үүссэнтэй холбоотой Шинжлэх ухааны хорооны Ж.Цэвээн нарын тэргүүлэгчид “Хуучны дурсгалыг хамгаалах тухай” хууль боловсруулж 1924 оны 9 дүгээр сарын 5-нд Засгийн газраар батлуулсан нь өдгөө бидний мөрдөж буй “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн анхны эх болсон байна.

1926 онд Г.И.Боровка ОХУ-ын ШУА-ийн Монголын комиссын археологийн отрядыг удирдаж ирсэн бөгөөд өмнөх малтлагаас гарсан зарим олдворуудыг гэрээний дагуу Судар бичгийн хүрээлэнд хүлээлгэн өгч, улмаар Сүжигтийн амны 49-р булшийг малтан судалжээ. Тэрээр Ноён уулын булшнаас илэрсэн олдворуудын онцлог хэв маягийг анхааран судлаж, тэдгээрийг скиф-сибирийн соёлын орон нутгийн хэлбэр гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг.

П.К.Козловын судалгааны талаар олон бүтээл хэвлэгдсэний дотор судлаач К.В.Тревер, С.Умехара, Е.И.Лубо-Лесниченко, С.И.Руденко нарын хэвлүүлсэн бүтээлүүд судалгааны хэрэглэгдэхүүнийг олон талаас нь нягтлан шинжилсэн дорвитой бүтээлүүд болсон бөгөөд өдгөө хүннү судлаачдын гарын авлага болсоор байна. 2003 онд судлаач Т.И.Юсупова П.К.Козловын 1923–1926 оны хувийн тэмдэглэлийг хэвлүүлж, улмаар 2017 онд Ю.С.Елихина Эрмитажид хадгалагдаж буй П.К.Козловын экспедицийн олдворын бүрэн цомгийг нийтэлжээ.

Экспедицийн бүрэлдэхүүн байрлаж байсан байшин (Ноён уул, Сүжигтийн ам)

1927 оны хавар Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан А.Д.Симуков Сүжигтийн амны 5-р булш болон Зурамтын амны С (Симуков) булшийг цооноглон малтсан байдаг. Тэрээр П.К.Козловын экспедицийн бүрэлдэхүүнд Ноён ууланд ажилласан бөгөөд Сүжигтийн амны 1, 6-р булшны дунд орших хэмжээгээр дээрх хоёр булшнаас дутахааргүй, харьцангуй бүтэн 5-р булшийг П.К.Козловын зөвлөж байснаар ийнхүү малтжээ. Хожим нь Ц.Доржсүрэн өөрийн бүтээлдээ А.Д.Симуковыг П.К.Козловын  алдааг мэдсээр атал олдвор хайж шинжлэх ухаанч бус малтлага хийснийг мөн л шүүмжилсэн байдаг. Түүний малтлагаас илэрсэн олдворуудыг Улсын төв музейд шилжүүлжээ. А.Д.Симуковын 1927 онд Ноён ууланд ажилласан тухай тайлан саяхан олдсон бөгөөд 2008 онд анх хэвлэгджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]