Түүхийн чиглэлээр сонирхон судалдаг Б.Батмөнхийн нэгэн сонирхолтой нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
Флавиус Аетиус
Флавиус Аетиус бол насны хувьд Атилла хаантай ойролцоо, жаахан ах ч байсан байж магадгүй. Ямартай ч тэрээр хүннүчүүдийн ноёрхлоос Ромын эзэнт гүрнийг аварч чадсан гэж түүхчид үздэг. Аетиус Ромын уугуул иргэн биш, түүний нэг муж болох Иллирт буюу одоогийн Болгарын нутгийн умард хэсэгт Дунай мөрний хөвөөний Силистра хотод төржээ. Тэрээр язгууртан ч юмуу эсвэл сенатын гэр бүлээс гаралтай хүн биш, түүний аав Гаудеиус нь цэргийн дарга байсан ба МЭ 399 онд Африкт буруу номтнуудын эсрэг байлдаж байгаад амь алджээ.
Аетиус нь зэр зэвсэг сайн эзэмшдэг, моринд эрэмгий байсан учраас цэргийн дарга нарынхаа нүдэнд түргэн өртжээ. Ромчууд угаасаа мужуудаасаа хүн хүч татаж армиа сэлбэж байсан юм.
Аетиус Ромын хувьд ичгүүртэй хэмээн үзэж байсан Хүннү, Готуудын заншилтай танилцаж төвөггүйхэн хөл нийлүүлж чадсан. Аетиус нийслэл хотын ямбалаг, тансаг байдалд өсөөгүй учраас хажуужилтай хүү болжээ. Харин эцгийнх нь өндөр нэр хүнд түүнд Ромын эзэнт гүрний нийслэлд сайн боловсрол эзэмшихэд нь тус болсон юм. Үр дүнд нь Аетиус нягт нямбай, санаачлагатай, боловсролтой нэгэн болов. Мөн тэрээр эхнээсээ л улс төрийн том тээрмэнд тээрэмдэгдсэн хүн юм. Тэрээр Атилла хааны хамгийн заналт, хүчтэй дайсан нь билээ. Аетиус нь Ромоос Хүннү, Готын нутагт барьцаанд сууж байсан ба энд тэр үеийн барьцааны хүн гэдэг ойлголтыг тайлбарлах шаардлагатай.
Барьцааны хүн гэдэг тэр үедээ бол маш чухал хүчин зүйл, улс төрийн тоглоомын гол хэрэгсэл байсан. Өнөөгийн барьцааны хүн гэсэн ойлголтоос тэс өөр билээ. Барьцааны үүргийг эрт цагт зөвхөн дайснууд бус холбоотон улсууд ч солилцож байв. Атилла ч гэсэн бага насандаа Ромд барьцааны хүнээр явж байсан. Холбоотон болон болзошгүй эсрэг этгээдийн хааны ордонд өсч хүмүүжсэн язгууртан залуучууд хоёр гүрнийг хооронд нь холбох, эв найрыг тогтоох, эвсэл холбоог хадгалан сахих үүрэгтэй байсан юм. Тэр үеийн барьцааны хүмүүс нь өнөөгийнх шиг золиос болох бус харин очсон газрынхаа хунтайж эсвэл жонон шиг амьдардаг байв. Тэр үед барьцааны хүмүүс шаардлагатай үед хэлэлцээр хийх, эсрэг талдаа орчуулагчаар ажиллах, тагнуул хийх, зуучлах зэрэг өргөн ойлголт бүхий тал бүрийн үүрэгтэй байсан юм.
Аетиусын хувьд Аларих хаан буюу Готын хааны хүрээнд 407-410 оны хооронд сууж байжээ. Энэ үед Аларих хаан Ром хотыг бүслэн авч, цөлбөн хоосолж байсан ч гэсэн Аетиусын толгойноос ширхэг үс ч унагаагүй юм. Нөгөөтэйгүүр сийрэг ухаантай Аетиус бусдын анхааралд өртөх гэж нэг их чармайсангүй.
Барьцааны үүргээ биелүүлсний дараа Аетиусыг Ром Хүннүгийн нутагт барьцаанд явуулав. Тэрээр хүннүчүүдээс их зүйлийг сурчээ. Чухамхүү энд өнгөрүүлсэн он жилүүд Аетиусын амьдралын хамгийн чухал үе байсан юм. Барьцаанаас буцаж ирсний дараа Аетиус Ромын хааны ордны торгон цэргийн дарга болсон. Аетиусын ийн хурдан дэвшсэн шалтгаан нь Хүннү, Готуудын хэлийг сайн мэддэг, тэдэнтэй харилцаа холбоо сайтай байсанд оршино. Тухайн үед Ромчууд Хүннү нартай найрамдаж, хүчээ зузаатгах, бусад овог аймгуудыг тэдний эсрэг турхирахын тулд цаг хожих хэрэгтэй байлаа. Аетиус Дорнод Ромын эсрэг Хүннүтэй холбоо тогтоохдоо өөрийн хүү болох Карпилусыг барьцаанд илгээж байв. Тухайн үед Хүннүчүүд Дунай мөрнийг хянаж, түүгээр явах усан замын тээврээс татвар авдаг байв. Дунай мөрөн бол эртнээс нааш тээврийн гол зангилаа зам байсаар ирсэн, энэхүү арвин уст мөрнөөр хөлөг онгоц хөвөхөд нэн тохиромжтойгоос гадна мөрнөөр явбал Альпийн нурууны бартаа саад бүхий газраар явахгүй цаг хэмнэх, зардал хэмнэх ач холбогдолтой. Энэ бол Европын худалдааны хувьд чухал ач холбогдолтой тээврийн зам байсан юм. Дунай мөрөн нь өрнийн болон дорнын Европыг холбох төдийгүй, Хар тэнгис, Балтийн тэнгисийн тээвэртэй холбоход онцгой ач холбогдолтой ажээ. Хүннүчүүд Дунай мөрнийг хянаснаар Баруун Ромчуудтай найрамдалтай байж, Зүүн Ромтой дайсагнаж байсан гэдэг.
Хүннүгийн их арми Атиллагийн удирдлага дор нэгдэн хүчирхэгжихээс өмнө ч Хүннүгийн морин цэргүүд гайхагддаг байв. Хүннүчүүдийн амжилт нь хэзээ ч хүний олноор бүтээгдэж байгаагүй юм. Хүннү нартай сайн холбоотой байсан Аетиус тэднийг өөрсдийн нэрийн өмнөөс Германы олон ч овог аймгуудтай, тухайлбал Вестготууд, Бургундуудтай удаа дараа тулалдуулж байжээ. Аетиус ийнхүү далдуур хутган үймүүлж ирээдүйд Хүннүчүүдийг унагах аргаа олж байв. Ромчууд нэг зүйлээр Хүннү нараас давуу байсан. Тэр нь аливаа юмыг хүннүчүүдээс хамаагүй эрт ухаж ойлгодогт байсан юм. Хүннү нарыг Бургунд, Вестготуудын эсрэг турхирч, дараа Хүннүгийн эсрэг тэдэнтэй холбоо байгуулах санаа Аетиусын толгойд аль эртнээс боловсорч байсан гэдэг. Германы аймгууд хоорондоо тулалдах үед Ромчууд дангаараа хүчрэхгүй гэдгээ мэдэж байсан. Тиймээс өөрсдийн бохир ажлаа Хүннүчүүдээр хийлгэсэн юм. Угаасаа л Юлий Цезарийн үеэс эхлэн Ромчууд Герман аймгуудын учрыг олох гэж толгойгоо гашилган, хамаг хүчээ барж, шилдэг хөвгүүд нь амиа өргөж байв. Юлий Цезарийн гарт түймэр унтраах зэвсэг буюу өөрийнх нь легионоос өөр зүйл байгаагүй, харин Аетиуст бол Хүннүчүүд байсан юм. Гэхдээ өнөөх гал унтраагч Хүннү нар ч бас зүгээр суудаггүй, өөрсдөө баахан түймэр өдөөдөг байсан нь Аетиусыг багагүй сандаргадаг байжээ. Германуудын хамаг уур хилэн нь Ромчуудыг бус Хүннүг чиглэх нь Аетиусын хамгийн гол зорилго юм.
Ромын цэрэг дангаараа Атиллаг хүчрэхгүй гэдгээ мэдэж байсан учраас Вестготуудыг, Бургундуудыг талдаа татах хэрэгтэй гэдгээ мэдэж байсан. Ийнхүү хангалттай хүч хуримтлуулсныхаа дараа Францын хойд хэсэгт орших Каталаны талд Хүннү нартай тулалдахад бэлэн болсон юм. Аетиусыг Вестготууд ч тэр, бургундууд ч тэр үзэж чаддаггүй байсан юм. Гэхдээ Ази тивээс ирсэн энэхүү шинэ аюулын эсрэг нийтээрээ зогсох хэрэгтэй гэдгийг Аетиус сайн ойлгуулж чаджээ.
Атиллагийн хувьд Аетиусыг л зайлуулж чадвал Ромыг маш хүчтэй ганхуулна гэдгээ ойлгож байсан тиймээс Аетиус түүний хамгийн том өрсөлдөгч байсан юм. Ард түний тулалдаан гэж нэрлэгдсэн Каталаны тулалдаан ширүүн өрнөж аль аль тал нь хохирол үзсэний эцэст Атилла хаан ухарсан юм. Гэхдээ энэ нь Ромчууд тэгээд ялчихлаа гэсэн үг биш. Атилла хаан хүн хүчний хохирол их амссан ч гэсэн ухралтыг зөв зохион байгуулсан учраас дайсныхаа нутагт хядуулчихалгүй цэргийн үлдсэн хүчээ татаж чадсан байна. Каталаны тулалдаан нь олон ард түмнийг хамраад зогсохгүй Германы олон овог аймгууд хоорондоо арсалдан тулалдсан эмгэнэлт тулаан болсон юм. Атилла ухарсан ч гэсэн зориг нь мохоогүй юм. Орлеанаас холгүй орших Каталинагийн талд Европын хувь заяаг шийдсэн томоохон тулалдаан болжээ. Каталинагийн тулалдаан хэмээн алдаршсан энэхүү тулалдаан МЭ-ний 19-р зууныг хүртэл хамгийн том 4 тулалдааны нэг байлаа. Энэ тулалдааны түүхчид “Ард түмнүүдийн тулалдаан” хэмээн нэрлэсэн байдаг. МЭ-ний 451 оны 6-р сарын 15-нд тулалдаан стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзлэн авахыг төлөө өрнөснөөр эхэлжээ. 2 талаас нийтдээ 500000 орчим цэрэг оролцсон байна. Готын хаан Теодор Аттилагийн цэргийг шахаж өндөрлөгийг эзлэн авав. Ромын жанжин Аетиус Хүннүгийн нутагт байхдаа сурсан эрдмээ ашиглаж, Хүннүгийн армийн нум сум, морин цэргийн уян хатан чанарын эсрэг ажиллаж, зууралдсан явган цэргийн байлдаан болжээ. Ромын цэргийн хүнд дуулга нь тэднийг Хүннүчүүдээс найдвартай хамгаалж байв. Тулалдаан ширүүн өрнөж шөнө болтол үргэлжилжээ. Энэ тулалдаан жинхэнэ үхлийн тулалдаан болсон бөгөөд 2 талаас хүн олзлогдсонгүй. Готууд энэ тулалдаанд Хүннү нарын эсрэг сайн тулалдсан боловч Теодор ван нь алагджээ. Нэг өдрийн дотор Каталины өндөрлөгт 300000 орчим дайчин ясаа тавьсан юм. Энэ бол Аттилагийн цорын ганц ялагдал байв. Каталины тулалдааны тухай алдарт геополитикч Ж. Маккиндер хэлэхдээ: “Европууд анх удаа нийтийн дайсны өмнө нэгдэж чадсан юм. Энэ тулалдаан Европт анх удаа Европын нэгдлийн ухамсрыг суулгасан юм” гэжээ. Асар их хүн оролцсон учраас энэ тулалдааныг “Ард түмнүүдийн тулалдаан” гэсэн бололтой.