Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Залуу Фараоны амьдрал ба үхлийн нууцУншсан14,071

Тутанхамоны занданшуулсан шарилд иж бүрэн шинжилгээ хийсэн нь гавлын яс гажихад хүргэсэн ноцтой өвчнөөр залуу хаан шаналж байсан гэсэн төөрөгдлийг няцаасан юм.

Хүн төрөлхтний түүхийн бүхий л үеийн хамгийн алдартай хүүхдээр 12 насандаа хаан ширээнд заларч 20 хүрэлгүй нас нөгчсөн Египетийн фараон Тутанхамоныг нэрлэж болно. 1992 онд бунхныг нь илрүүлэх хүртэл түүний тухай мэддэггүй байв. Гэвч амьдралынхаа богинохон хугацаанд олон зүйлийг хийж чадсан Тутанхамоны шарил олдсоны дараа түүний алдар нэр цуурайтаж эхэлсэн юм.

 

Тутанхамон гэдэг нь Амон бурхны амьд дүр гэсэн утгатай ажээ. Хэдийгээр Шинэ хаанчлалын үеийн фараоны занданшуулсан шарилд судалгаа хийсэн ч түүний үхлийн шалтгааны талаар эрдэмтэд санал зөрөлддөг байна.

Хаан ширээнд заларсныхаа дараа Небхепрура гэдэг нэртэй болсон тэрбээр МЭӨ 1392-1400 оны үед төр барьж байсан гэж Зөвлөлтийн нэвтэрхий тольд тэмдэглэжээ. Харин Германы египет судлаач эрдэмтэн Рольф Краусс түүнийг МЭӨ 1332-1323 оны үед хаан ширээнд заларч байсан гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Үүнтэй ойролцоо он тоолол бол египет судлаач Питер Брандын тогтоосон МЭӨ 1333-1324 он юм. Эдгээр он тооллоос өөр санал ч бас байдаг бөгөөд энэ нь фараонтай хамаатай бүх нууц биш ажээ.

Тэрбээр алдартай шинэчлэгч-фараон болох IV Аменхотепын /Эхнатон/ хүргэн эсвэл түүний хүү, эсвэл түүний бага дүү нь ч байсан байж магадгүй юм.

Тутанхамон нь Эхнатоны «Хамгийн хайртай эхнэр» гэж өргөмжилдөг байсан Кии гэдэг эхнэрийнх нь төрүүлсэн хүү байж магадгүй ажээ. Хаан ширээг залгамжлагч хүү төрүүлж өгсөн хатанд ийм цол өгдөг байжээ. Харин профессор Жеймс Аллены үзэж байгаагаар, Тутанхамон нь Эхнатоны дараа хаан ширээнд төдийлөн удаан залраагүй Сменхкарагийн хүү байж магадгүй юм. Эрдэмтэн өөрийнхөө таамгийг Эхнатон засаглалынхаа сүүлчийн жилүүдэд өөрийнхөө хамтран төр баригчаар Нефер-неферуатоныг томилсон баримтаар нотолсон байна.

Хэрвээ түүнд хаан ширээ залгамжлах хүү байсан бол тэрбээр ийм шийдвэр гаргахгүй байсан гэж Жеймс Аллен үзэж байгаа ажээ. Залуу фараон Сменхкара болон Меритатоны дундаас гарсан хүү байж магадгүй юм. Меритатон бол Эхнатон, Нефертити хоёрын зургаан охидын нэг нь ажээ.

Өөр нэгэн хувилбараар, Тутанхамон нь Эхнатоны ах III Аменхотепын хүү юм. Гэхдээ Тутанхамон 8-аас 9 настайдаа хаан ширээнд заларсан бөгөөд харин үүнээс 16-18 жилийн өмнө III Аменхотеп нас нөгчсөн нь тогтоогдсон байна. Түүнээс гадна III Аменхотепын эхнэр болох хатан хаан Тейе Тутанхамоныг төрөх үед 50 гаруй настай байжээ. Гэхдээ III Аменхотепт түүнд хүү төрүүлж өгөх өөр эхнэрүүд байсан нь мэдээж билээ.

Бунхны чулуун хавтан дээр Тутанхамоноос өмнө сүм хийдүүд мартагдан хоосорч, бурхад Египетээс нүүрээ буруулж, ард түмнийг орхисон гэсэн бичээс байжээ.

Тутанхамон хаан ширээнд заларсныхаа дараа онгон шүтээнийг сэргээсэн байна. Урьдын шашны онгон шүтээнийг сэргээснээс гадна Тутанхамоны үед улсын дотоод бодлого, нубитууд болон азиудын эсрэг цэргийн ажиллагаа идэвхижжээ.

Тутанхамоныг хаан ширээнд заларч байх үед Египетийн засгийн эрхийг их сайд Эйе болон бусад өндөр тушаалын түшмэд атгаж байв. Энэ үед Эхнатоны шашны шинэчлэл зогсож, Амон бурхны онгон шүтээнийг сэргээн харин Тутанхамон фараон Тутанхатон гэдэг нэрээсээ татгалзаж, бас өргөөгөө Эхетатонаас Фивыд нүүлгэн шилжүүлжээ. Түүний эхнэр Анхесенпаатон ч нэрээ өөрчлөн Анхесепамон болгосон байна.

Анхесенпамон нь Эхнатон, Нефертити хоёрын охин юм. Тутанхамоны уг гарлын тухай таамаглалуудаас аль нь үнэн магадтай хэмээн үзэж болох тухайд бол тэрбээр нэг бол түүний авга юм уу эгч, эс бөгөөс үеэл байсан байна. Анхесенпамон нь Тутанхамоныг 12 настай байхад нь эхнэр нь болжээ. Тэд хоёр охинтой байсан бөгөөд нялх байхдаа өнгөрсөн байна. Охидынх нь занданшуулсан шарилууд Тутанхамоны бунхнаас олдсон бөгөөд хоёулаа эхээс мэндлэхдээ амьгүй төрсөн болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Тутанхамоны бунхан нь фараоны тахилгыг үйлдэхэд дэндүү жижигхэн байсны дээр маш богино хугацаанд барьжээ. Залуу хааныг гэнэт нас нөгчинө гэж хэн ч бодоогүй байсан учраас түүний бунхныг багтаамж муутай, яаруу сандруу барьсан аж. Тутанхамоны оршуулах ёслолыг их сайд Эйе удирдан явуулжээ.

Түүний үхлийн талаарх анхны таамгийг бунхныг нь анх түрүүнд нээсэн археологич Картер дэвшүүлсэн байна. Түүний занданшуулсан шарилыг ороосон даавуунаас хор олдсон учраас Тутанхамоныг хордуулж хөнөөсөн бололтой.

Өөр нэгэн таамгийг 1968 онд түүний цогцосноос дагзны ясанд цохисон ул мөрийг илрүүлэх үед дэвшүүлсэн байна. Судлаачид түүнийг толгойдоо цохиулсны улмаас нас нөгчсөн гэж таамаглаж байсан боловч саяхан 2005 онд Тутанхамоны гавлын яс нь түүнийг үхсэний дараа гэмтсэн болохыг тогтоожээ. Цогцсыг нь занданшуулах үед эсвэл бунхнаас шарилыг гаргаж авахдаа гэмтээсэн байж магадгүй юм.

Томографийн судалгаа хийх үед фараон хөлөндөө шархтай байсныг мөн илрүүлжээ. Үүнээс үзвэл, Тутанхамон гуяндаа авсан шарханд нь халдвар орсны улмаас нас барсан байж магадгүй гэдэг хувилбар гарч иржээ.

Гэхдээ хөл нь бас үхсэнийх нь дараа гэмтсэн байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь бунхныг онгойлгосон Картер болон түүний хамтрагчид занданшуулсан шарилыг ундуу сундуй болгон хэмхчжээ. Түүний цогцсонд нэлээд хэдэн хавирга байхгүй байсан нь фараон ан хийж байх үедээ тэрэгнээсээ унаж нас барсан байж магадгүй гэдэг таамгийг дэвшүүлэхэд хүргэсэн байна. Гэхдээ нурууны яс гэмтээгүй байсан нь үүнд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Харин Голландын египет судлаачид Тутанхамоныг хэт таргалснаас болж нас нөгчсөн гэж үзжээ. Лейдений их сургуулийн эрдэмтэд фараоны занданшуулсан шарилд шинжилгээ хийхэд гуяны бүдүүн нь цээжний ясны хэмжээнээс 30 см-ээр том байсан байна. Энэ нь түүний цагаасаа өмнө тэнгэрт халих шалтгаан болсон гэж тэд үзэж байгаа ажээ. Харин Египетийн эрдэмтэд үүнийг үгүйсгэсэн байна. Тэдний нотолсноор фараон амьдралынхаа туршид туранхай байсан бөгөөд түүнд илүүдэл жингийн асуудал байгаагүй аж.

Фараоны үхэлд сэжиглэгдэх эхний хүн бол түүний зөвлөх Эйе юм. Тэрбээр Тутанхамоны бунханд өөрийн хөшөөг байрлуулахыг тушааж байсан бөгөөд энэ нь хуулинд зааснаар өөрийгөө дараагийн фараон болох ёстой гэж үзсэнтэй адил ажээ.

Эйед фараоныг хороох санаа яах аргагүй байсан гэж профессор Боб Брайерын нотолсон байна. Тэрбээр Тутанхамоны бэлэвсэн эхнэр Анхесепамонтай гэрлэхийг хүсдэг байсныг нь нэгэн захидал гэрчилжээ. Хатан хаан Анхесепамон Эйетэй бус хеттчүүдийн хааны хүүтэй гэрлэхийн тулд хүү нарынхаа нэгийг Египет рүү илгээхийг хүссэн захидал түүнд илгээжээ. Нэгдүгээр Суппилулиумд бичсэн уг захидалд «Миний нөхөр нас нөгчсөн. Надад хүү байхгүй, чамайг олон хүүтэй гэж ярилцдаг. Миний нөхөр болгож, хүү нарынхаа нэгийг өгөөч. Би зарцтай хэзээ ч суухыг хүсэхгүй байна» гэж бичсэн байна.

Хеттчүүдийн хаан хатан хаанд хүүхдүүдийнхээ нэгийг өгөхөөр илгээсэн боловч түүнийг замд нь хөнөөжээ. Брайерын нотолж байгаагаар, түүнийг хөнөөх санаа зөвхөн Эйед л төрнө. Хунтайжийг хөнөөсөн нь хоёр улсын хооронд дайн гарахад хүргэсэн байна. Эйе Анхесепамоныг өөртэйгөө гэрлэхийг ятган тулгасан гэж судлаачид таамаглажээ.

Эйе хатан хаан өөртэй нь гэрлэхийг зөвшөөрөөгүй учраас Анхесепамоныг хөнөөн үхсэн хатан хаантай гэрлэсэн гэдэг хувилбар байдаг. Эртний египетчүүүд үхсэний дараах эхний өдөр хүн амьд байдаг гэдэгт итгэдэг байна. Учир нь түүний сүнс дэлхий ертөнцийг орхиогүй байдаг гэж үздэг ажээ.

Тутанхамонд үнэнч цэргийн жанжин Хоремхеб Эйеийг урвасных нь төлөө хороосон гэдэг таамаглалыг эрдэмтэд дэвшүүлсэн байна. Түүнийг хөнөөснийхөө дараа Хоремхеб хаан ширээнд заларсан бөгөөд Тутанхамоны нэртэй холбоотой бүх зүйлийг устгахыг тушаасан гэж зарим судлаачид үздэг.

Магадгүй Тутанхамоныг эхнэр нь хардалтаасаа болж хөнөөсөн гэдэг өөр нэгэн таамаг байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшсэн бэлэвсэн эхнэр бунханд нь цэцгийн баглаа тавьсныг олон зуун жилийн дараа археологичдын илрүүлсэн олдвор гэрчилжээ.

2002 онд Британийн профессор Робин Ричардс Тутанхамоны гадаад төрхийг сэргээн зассан байна. 1968 онд бас нэгэн Британийн эрдэмтэн Ричард Бойер гурван хэмжээст технологиор авсан хөрөг зургийг судалж, мөн рентген судалгаа хийсний үндсэн дээр Тутанхамон нь Клиппель-Фейлягийн хам шинж өвчтэй буюу төрөлхийн богино хүзүүтэй байсныг тогтоожээ. Уг өвчний улмаас хүзүүн дэх нугасны хэсэгт олон давхарга үүссэнээр толгой нь гилжгий болдог бөгөөд нуруундаа эсвэл дагзандаа хүчтэй цохиулсан тохиолдолд залуу хүнийг ч үхэлд хүргэж болзошгүй юм.

«Эцсийн дүнд Тутанхамоныг хөнөөгөөгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн» гэж Египетийн Эртний үеийн асуудал эрхэлсэн Дээд зөвлөлийн тэргүүн, доктор Захи Хавас мэдэгджээ. Тутанхамоны цогцосноос хүч хэрэглэсэн ямар ч ул мөр илрээгүй, гавлын яс нь түүнийг занданшуулах үед гэмтсэн гэж шинжээчид үзэж байна.

Тутанхамоны занданшуулсан шарилд иж бүрэн шинжилгээ хийсэн нь гавлын яс гажихад хүргэсэн ноцтой өвчнөөр залуу хаан шаналж байсан гэсэн төөрөгдлийг няцаасан юм. Тэгэхээр Египетийн фараон эрүүл саруул залуу хүн байсан бололтой. Түүний ганц л шүд нь өвчилсөн байжээ. Тутанхамоны гавлын ясны хойд хэсэг нь уртассан нь антропологийн ердийн хувьслын шинж тэмдэг байсан гэж хүн судлаачид үзэж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]