Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Даяар Монголын шүтээн Дайчин найрагч Очирбатын ДашбалбарУншсан1,421


Бударын чулуугаар нутагтай Улаан сахиусны овгийнхон

 “Үлэмжийн орчлонд би удаан амьдарна” гэж тунхагласан цогт эх оронч, гал халуун сэтгэлт, XX зууны Монголын уран зохиолын нэрт төлөөлөгч, улс төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар 1957 оны хоёрдугаар 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг Наранбулаг хэмээх газарт эцэг Улаан сахиусны овгийн Даргьганга Жамсрангийн Очирбат, эх Осорын Цэрмаа нарын анхдугаар хүү болон төржээ. Улаан сахиусны овгийн Жамсрангийн их хүү Дашбалбар “Аав ээж хоёр минь нийлээд хэдэн жил өнгөрөхөд үр заяадаггүй байж. Тэгтэл ээж хөдөө явж байгаад чөдөр олж, аав тэр шөнө “Хүүтэй боллоо, тэр маань Ногоон дара эхийг бариад ирж байна” гэж зүүдэлсэн юм гэнэ лээ.

Дараахан нь би олдсон юм байх” гэж дурссан байдаг. Айлын ууган хүү, нэг эгч, таван бүсгүй дүү, гурван бүстэй дүүтэй. Түүний энгүй их авьяас билэг хар бага наснаас нь тодорч байв. Яруу найрагч хоёрдугаар ангид байхдаа бичсэн анхны гэнэн шүлгүүдээ ээждээ уншиж өгөхөд “Ээж нь яаж мэдэхэв дээ, сайхан л болж” гээд үнсэж байсныг дурссан байдаг. Дашбалбарын аав Жамсрангийн Очирбатын эцэг Жамсран да гэж Дарьганга хошууны ноёны сүргийн даамал хүн байсан гэдэг. Тэдний дээдэс одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын Бударын чулуу гэдэг газраар голдуу нутагладаг айл байжээ. Жамсран да нэлээд эрт өөд болсон тул хүүхдүүд нь эх Сониндуламаараа овоглож өссөн байна.

Дашбалбарын эцэг Очирбат 1928 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, нутаг нугынхан нь “Шар ах” гэж авгайлдаг, уян сэтгэлтэй, зөөлөн алаг нүдтэй, талбиу цагаан шар царайтай хүн байжээ. Очирбат МАХН-ын гишүүн байсан боловч бурхан шүтээндээ үнэнч, уншлагатай, гэрийн модон эдлэлийг гараараа хийчихдэг, сүү тосны эрхлэгч, бригадын тоо бүртгэгч, дарга зэрэг ажил хийж явсан хөдөлмөрч, шударга хичээнгүй хүн байжээ. Гэргий О.Цэрмаа нь ажилч хичээнгүйгээрээ нутаг усандаа гайхагдсан, үйлэнд уран, үгэнд сэцэн, “Жаахан шарга”-ыг гангар шаазан жингэнэтэл дуулдаг, эрс шулуун зантай, сүсэг бишрэл төгөлдөр монгол сайхан монгол эмэгтэй байжээ. Цэрмаагийн эцэг нь Халзан Осор гэж Молцогийн хийдийн унзад лам, түвд номд гарамгай хүн, ээж нь Хорлоогийн Рэгзэдмаа гэж үйлэнд урнаараа Дарьганга хошуунд алдартай нэгэн байсан гэдэг. Дашбалбарын төрсөн бүсгүй дүү О.Отгонбаяр “Ээж их сэргэлэн, эмэгтэй хүнээс гарамгүй зоригтой, ажилсаг дайчин, бас их шооч хүн. Ахын дайчин тэмцэгч чанар ээжээс уламжлагдсан” гэж ярьсан нь бий. 

Нинжин сэтгэлийг ааваасаа, эр зоригийг ээжээсээ өвлөн авчээ

 Очирбатынх арван хүүхэдтэй, том нь охин, анхны хүү нь О.Дашбалбар. Аав нь хүүгээ энхрийллийн алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн байдаг. Бага сургууль ч төгсөөгүй аав нь хүүгээ бичиг номын хүн болохыг зөгнөсөн ч юм уу, таван настайд нь уншуулж, бичүүлж сургажээ. Хүүгээ сургуульд ороод онц сурахад нь урамшуулж зурагтай болон үлгэрийн номоор шагнадаг байж. Олон нялх нойтон хүүхэдтэй, амьдрал тийм ч амаргүй байсан хэрнээ хоёрдугаар ангид байхад нь 200 төгрөгийн үнэтэй гармон хөгжим авч өгч байж. Бригадын дарга байхдаа ээжийнх нь хийж өгсөн цоо шинэ хурган дээлийг өмсөөд явсан сумын төв явсан аав нь хаврын хүйтэн шамаргатай орой шал нойтон нялх тугал өвөртөлж иржээ. Айлын үнээ хөдөө тугалласантай таараад ийн ирж л дээ. Аавынх нь энэ байдал хүүдээ амьтныг хайрлах, сайн хүн болох тухай мянган сургаал хэлснээс ч илүү ой ухаанд нь шингэж үлджээ. О.Дашбалбар “Нинжин сэтгэл минь аавынх, эр зориг минь ээжийнх” гэж нэг бус удаа хэлж байсны учир энэ.

Аавдаа хөтлүүлэн Наран сумын бага сургуульд долоон настайдаа орсон Дашбалбар хүү уран зохиолын ном унших дуртай, айлын ууган хүүгийн хувьд гэрт гадаах бүх ажлаа цэгцэлчихээд номоо бариад орон доогуур орчихдог, гэрт нь олон хүн байвал хөгшчүүлийндээ орж орон доогуур нь хэвтэж аваад уншиж гардаг хүүхэд байж. Дөрөвдүгээр ангид байхдаа л “Монте Кристо гүн” гэдэг зузаан номыг бариад “юу болж буй”-г ч үл анзааран орчноосоо тасарчихдаг хүүхэд байсан тухай эгч Дулмаа нь дурсчээ. “Наран сумын номын санд байгаа уран зохиолын бүх номыг уншаад дуусчихлаа, одоо яах вэ” гэж аав ээжийгээ сандаргаж явсан тухай дүү О.Жавзмаа нь ярьсан удаатай. Дашбалбар сурагч ахуй насандаа ширээн дээрээ үсэрч гараад шүлгээ уншиж, ангийнх нь дарга Шашмаа “Буу” гэж элдэж явдаг байсан гэдэг.

“Гэрийн цэнхэрхэн утаат талдаа гэгээн наранд ойрхон өссөн” шүлэгч хөвүүн Дашбалбар хүүхэд ахуйн гэгээн тунгалаг үеэ

“Үе үехэн цайрах шиврээ намуун бороо

 Үлгэр зүүднээ амилах зүүдэн хонгор нас

 Үйл заяа нэгтэй хамаатан садан олон

 Үеийн үед нутаглах алтан өлгий-Дарьганга” гэж яруухан дуулжээ.

 Аавдаа бичсэн захиандаа гэргийдээ ямархан хайртайгаа дурджээ 

Бяцхан хүүгийн анхны номын сан ааваас нь өвлөгджээ. Очирбат гуайн өөрийн гараар урласан хүрэн шүүгээ 100 гаруй номтой байж. Д.Нацагдоржийн түүврээс эхлээд “Эрдэмтэн Доуэлийн толгой” зэрэг номуудтай. Эцэг нь хүүдээ “Панчатантара”-г авчирч уншуулсан нь тухайн үедээ олдохгүй ховор ном байв. О.Дашбалбар “Номын тэр жижиг шүүгээ миний анхны их сургууль байсан юм” гэж элгэн халуунаар дурсчээ. Хүүгээ хойд хөршид сурч байхад аав нь “Иностранная летература” сэтгүүлийг дугаар алгасалгүй захиалж, Проспер Меримегийн дөрвөн боть, Есениний гурван боть, Ромен Ролланы есөн боть гээд ховор сайхан номуудыг авч өгч байсан гэдэг. Хүү нь “Ямар ч байсан аав минь зөн совингоороо хэрэгтэй номуудыг таньж мэдэрдэг байсан юм” гэж өгүүлжээ.

О.Дашбалбар аавдаа Москвагаас “Ирэх зун аавтайгаа цуг Дарьгангад хээрээр хэсч, морь унаж хэд хоног уул усаар сэтгэл санаагаа сэргээж сайхан амарна даа. Аав ирэх жилийнхээ амралтыг намайг очих үеэр авна биз? Тантай хамтдаа явж би нутгийнхаа тухай найраглал бичнэ. Борын маань бие сайн биз? Би түүнд бичсэн захиагаа таныхад хавсаргав. Хоёр хүүхдээ санаж байна. Аав аа! Бор маань та нарын санаа сэтгэлд яг нийцэж байгаа биз дээ. Их сайн бүсгүй шүү. Би ааваасаа юм нуудаггүй. Та ч намайг ойлгодог шүү дээ. Би Борд хэчнээн хайртайг та мэдэх юм чинь” гэж уяралтай сайхан захиа бичиж байсныг уншихад нүдэнд нулимс аяндаа цийлэгнээд их найрагчийн ил цагаан сэтгэлийн ертөнц тодроод ирдэг.

Найрагч гэргий Н.Борхүүхэнтэйгээ гэрлэж охин Д.Мөнгөндалай, хүү Д.Гангабаатар, охин Д.Дэжидмаа нарыг төрүүлжээ. Найрагч хүү нь Утга зохиолын их сургууль төгсөхийн өмнөх жил аавыгаа Москвад урьж, Улаан талбай дээр зургаа авахуулж, дурсамж дүүрэн сайхан өдрүүдийг хамтдаа өнгөрөөсөн байдаг. О.Дашбалбарын уран бүтээлийн анд нь соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо, яруу найргийн багш нар нь Эрээнцавын агуу их яруу найрагч Данзангийн Нямсүрэн, яруу найрагч Ишийн Батсүх, Данзаннямын Шагдарсүрэн нар юм.  

 Тракторын жолооч Дашбалбар дэлхийн шилдэг сургуульд суралцжээ

 О.Дашбалбар 1968 онд Наран сумын бага сургууль, 1972 онд Дарьганга сумын дунд сургууль, 1974 онд ЗХУ-ын Омск хотноо Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль, 1975 онд Сүхбаатар аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийн оройн ангийг тус тус дүүргэж, 1974-1975 онд Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторын жолооч, цехийн эрхлэгч, амралтын газрын зохион байгуулагч, 1976-1978 онд “Сүхбаатарын зам” сонины сурвалжлагч, 1978-1979 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны зааварлагч зэрэг ажлыг хийж байгаад 1979 онд дээд сургуульд элсэх хүсэлт гарган зохих шалгалтуудыг өгч, тэр үеийн Монголын төдийгүй орон орны шилдэг зохиолч сэхээтнүүдийн очиж суралцдаг байсан Москва хотын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэн суралцаж 1984 онд төгсөж иржээ. Дэлхийн утга зохиолын шилдэг сургууль дүүргэсэн тэрээр 1984-1987 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн хороонд гадаад харилцааны мэргэжилтэн, мэргэжлийн зохиолч, орчуулагч-редактор, “Утга зохиол, урлаг” сонины эрхлэгч, 1991-1996 онд Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооны “Зохист аялгуу” сонины эрхлэгч, “1992-1999 онд Буддын соёлын төвийн захирал зэрэг ажлыг хавсран хийж байв.

 Монголын сод билэгч найрагч Дашбалбарын онгод халгисан он жилүүд

 О.Дашбалбар 1970-аад дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм. О.Дашбалбар “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бакула Ренбүүчий”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн юм. О.Дашбалбарын уран бүтээлийн таван боть ном 2004 онд хэвлэгджээ. О.Дашбалбар бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл, шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. Мөн түүний “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн байна. О.Дашбалбарыг яруу найргийн гарамгай бүтээлүүд туурвисны учир 1989 онд МЗЭ-ийн шагналаар, 1998 онд “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ”, “Дорнын аялгуу”, “Дарьганга аялгуу” зэрэг бүтээлүүдэд нь Монгол Улсын төрийн шагнал олгосон билээ.

Дашбалбарын яруу найргийн гайхамшигт увдист монгол хэлтэн хэн бугай ч үеийн үед ховсдуулан мөнхөд оршин байх нь дамжиггүй. Ганцхан жишээ дурдахад, төрийн шагналт, ардын уран зохиолч Балжирын Догмид О.Дашбалбарт бичсэн нэгэн захидалдаа “Би хүүхэн байсан сан бол аль эрт чамайг авгайгаас чинь салгахсан. За, чиний шүлэг надад ийм л юм бодогдуулав. Миний дөрвөн ханатай жижигхэн гэрт нэгэн нэр үл мэдэх сайхан бүсгүй айл сураглан орж ирээд гарсан лугаа адил сүрчиг уснаас ч эмзэг энхрий ариун агаар намайг баярлуулсан. Чиний авьяасыг би яалтай билээ. 31-тэйдээ би энэ нүгэлт хорвоог чиний хэртэй ухаарч чадаагүй байсан юм болов уу даа” гэж дуу алдсан байдаг юм.  

Мөнхийн бүтээлүүдээ хойч үе, ард түмэндээ үлдээжээ

Цаг бусаар халин одсон сонгодог найрагчийн өвийг хэвлүүлэх ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа. 2001 онд “Монголын уран зохиолын дээжис-108” ботийн 74дүгээрт түүний “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” яруу найргийн боть нь хэвлэгдэж, зохиогчийн амьд сэрүүндээ хэвлэлд бэлтгэсэн арван ботиос 2003 онд “Шидэт ертөнц”, “Гунигт ертөнц”, “Хүн ертөнц”, “Бурхны ертөнц”, “Монгол ертөнц”, 2007 онд “Оюун санааны яруу найраг”, “Газрын төлөө тулалдаан эхэллээ” номууд нь хэвлэгдсэн юм. “Очирбатын Дашбалбар, амьдрал, уран бүтээл” бүрэн намтрын номыг түүний шавь, хэл бичгийн ухааны доктор, профессор Хургаагийн Сүглэгмаа 2010, 2020 онд хоёрдахиа хэвлүүлээд байна.

О.Дашбалбарын шүлэг бүтээл англи, орос, хятад, япон, солонгос, болгар хэлнээ орчуулагджээ. О.Дашбалбар 1980-аад оноос “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээ”, “Номон дээр гишгэсэн алдас”, “Ардаасаа нуусан ардын эмнэлэг”, “Уучилж болшгүй алдаа, ухаарч ойлгоогүйн гай”, “Тусгаар тогтнол дээд шүтээн”, “Яруу найраг дахь нялхсын өвчин” зэрэг олон зуун шилдэг нийтлэлээрээ нийгмийн амьдралын эмзэг тулгамдсан асуудлыг зоригтой хөндөн, ард түмнийхээ эрх ашгийг тууштай хамгаалж, эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдал, үндэсний олон нийтийн эрх ашиг, үндэстний шашин соёлын өвийг сэргээн босгох, улс төрд ард түмний үгийг хүргэхийн төлөө гарган тавьж, амиа хоохойлогч бэртэгчингүүдтэй амь бие хайргүй тэмцэж байлаа. Хурц дайчин эдгээр нийтлэлүүдээрээ “Үнэн”, “Хөдөлмөр”, “Утга зохиол, урлаг” сонин, “Цог” сэтгүүл”, Монголын радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэр хүндтэй шагналуудын эзэн болж байв.

Ганцаархнаа мөртлөө Монголын улс төрийн тэнцвэржүүлэгч байв

О.Дашбалбар 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан ардчилсан төрийн түшээ байлаа. Нэрт улстөрч Ж.Гомбожав О.Дашбалбарын 50 насны ойн эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлдээ “АИХ-ын тэр 430-аад депутатын дотроос үнэхээр онцгой нь О.Дашбалбар байсан. Манай Дашбалбар 70 гаруй хүнтэй депутатын бие даасан бүлгийг даргалж байсан юм. Чуулган дээр тэр бүлэг шиг идэвхтэй ажилласан бүлэг байдаггүй байсан. Хэрвээ Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг ардчилсан, шинэ маягийн Үндсэн хууль болсон гэж үзэж байгаа бол Дашбалбарын хувь нэмэр асар их. Тэр үеэс О.Дашбалбарын улс төрд орох суурь тавигдсан” гэж өгүүлсэн байдаг. О.Дашбалбар нэгэн тэмдэглэлдээ “Үндсэн хууль”-д “Газрыг гадаадынханд өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй, хувьчлахгүй” гэдэг заалтыг, мөн Ерөнхийлөгчийг парламентаар бус, ард түмнээрээ сонгуулна” гэсэн заалт оруулсан минь 1991-1992 оны миний тэмцлийн гол амжилт байв” гэж бичсэн нь анхаарал татахаас аргагүй тун чухал зүйл юм.

Тэрээр 1996 онд Сүхбаатар аймгаас  УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монголын парламентэд ард түмний дуу хоолойг илэрхийлж байлаа. Энэ удаагийн сонгуульд МҮАН-МСДН-ын эвсэл 50 суудал, МАХН 25 суудал, МУНН нэг суудал авсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын 76 гишүүнээс 51 ирж байж чуулганы ирц бүрдэж, гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр болдог тул эвсэлд нэг суудал дутдаг, МАХН-ын сөрөг хүчинд ч сөрөг хүчин болоход нэгэн суудал дутдаг. Сөрөг хүчний 25 хүн хурал хаяж гарч ирц бүрдүүлэхгүй тохиолдол гарлаа гэхэд МУНН-ын О.Дашбалбар сууж байгаа тохиолдолд чуулганыг цаашид үргэлжлүүлэх боломжтой тул аль аль хоёр хүчинд МУНН-ын ганц шар суудал бол үнэхээр хүчтэй өрсөлдөгч, шийдвэрлэх нөлөө бүхий онцгой суудал байсан аж. Их найрагч, эх орон ард түмнийхээ төлөө цогтой тэмцэгч тэрбээр Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Монголын Уламжлал, Шударга ёсны төлөө нам, Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбоо, Монголын сүсэгтний холбоо, Монголын тусгаар тогтнолыг хамгаалах 281-ийн холбоо зэрэг улс төр, олон нийтийн байгууллагуудыг үүсгэн байгуулалцаж, анхны хуралд нь оролцон үйл ажиллагааны зорилго чиглэлээ тогтооход нь голлох хувь нэмэртэй явж иржээ.

Их найрагч Дашбалбалбар сүүлчийн амьсгалаа ч

эх орондоо зориулсан

Хорьдугаар зууны Монголын их яруу найрагч, улс төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, цогт эх оронч, үндэснийн шилдэг сэхээтэн, соён гэгээрүүлэгч О.Дашбалбар 1999 оны аравдугаар сарын 16-ны өдөр билгийн тооллоор XVII жарны шаргачин туулай жилийн намрын адаг сарын шинийн 9-ний хар бар өдөр ид хийж бүтээх идэр залуухан 42-хон насандаа бурхан болсон юм. Түүний цаг бус үхлийн тухай “Векепидеа” нэвтэрхий тольд “зуурдаар нас барсан юм” гэж бичжээ. Түүнийг  Монгол Улсын Үндсэн хууль батлалцаж, УИХ-ын гишүүн болж, этгээд загварын дүрэмт хувцас өмсөн чуулганы танхимд цогтой халуун илтгэл тавьж байхад нь  хүмүүс “Газар шороо минь бараг бүхэлдээ лицензийн талбай болчихгүй юм шиг байна. Балбар нарын олон эх оронч үгээ хэлж байгаа хойно доо” гэсэн шүү юм  бодоод л өнгөрцгөөсөн байх. Нэг удаа сэтгүүлчдийн томоохон зөвлөгөөн дээр сэтгүүлч  Ш.Цэрэнпил агсан “О.Дашбалбарыг та нар л үхэлд хүргэсэн шүү” хэмээн  сэтгүүлч Л.Мөнхбаясгалан руу ихэд бухимдан өгүүлж байж. Их найрагчийн амьдралын сүүлийн жилүүдэд тохиолдсон  үйл явдлуудаас ийм баримжаа, таамаг дэвшүүлж, түүндээ нэлээд итгэлтэй  байсан нь тэр биз.

Эх орон, газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тэрээр даанч хатуу тэмцэж, дарга нарыг хайр найргүй шүүмжилж байлаа. Дэндүү задгай, шуудхан хэлж орхино. Магадгүй тэр нь үхэлд хүргэсэн байж болох. Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж нэгэнтээ “Хоёрдугаар эмнэлгийн сэхээнд байхад нь нэрт зохиолч Л.Хуушаан гуай бид хоёр эргэж очсон. Хэлэн дээр нь нэлээд том хар толбо гарсан байсан. Өөрөө “Хэл цоорох гээд өвдөөд болохгүй юм, шүд их уналаа” гэж ярьж байсан. Ямар нэгэн хөндлөнгийн юм үйлчилсэн гэж би дотроо бодож, уур хүрч явдаг” хэмээсэн байдаг. Энд нэгэн зүйлийг өгүүлэхэд их найрагчийн гурван эрэгтэй дүү О.Пунцагдэлэг, О.Батхүрэл, О.Түвдэннямбуу нар бурхан болоочийн тэнгэрт одсон 42 насанд нас барсан хачирхалтай давхцал байдаг юм. 2007 онд Сүхбаатар аймгийн Наран сумын дунд сургуулийг О.Дашбалбарын нэрэмжит болгожээ. Найрагчийн бичсэнээр “Нарт ертөнцөд хүн үхдэггүй юм

        Намрын шувууд шиг буцаж ирэхээр нисдэг” буюу. “Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан. Үр ачдаа хүлээлгэж өгнө” гэж гэрээсэлсэн найрагч бээр “Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй сайхан эх орон минь” хэмээн дуулжээ. Тийм ээ, Дашбалбар хэмээх гайхамшигт хүмүүн өнөө ч монголчууд бидний сэтгэл зүрхэнд амьдаас амьд ашид оршсоор л билээ. Тэрээр ард түмэндээ зориулж “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ!

     Алив сайхнаа бусдаас битгий харамла

     Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул

     Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх” гэж цэл залуухан арван найман найман насандаа бичиж үлдээсэн нь ямархан гайхамшигт яруу найрагч бидний дунд амьдарч байгаа вэ гэх бодлыг төрүүлдэг юм.

“Хоёр дахин төрвөл энэ л нутагтаа эргэнэ

Хоёр дахин үхвэл энэ л нутагтаа уусна” гэсэн их найрагч багш минь өнөө ч монгол нутагтаа монгол түмнийхээ дунд амьдарсаар байгаа гэдэгт итгэнэ. Их найрагч О.Дашбалбарын дэрэн доороос гарч ирсэн дэвтэрт хамгийн сүүлд бичсэн шүлэгтээ

“Аяа, бурхан минь!

 Хүнд туслах анц агшин ч болов хайрла!

 Алтан өдрүүд хайрлавал

 Амьтны тусыг бүтээнэ би.

 Ганц өдөр, ганц өдөр

 Ганц агшин,ганц агшин, ганц агшин...

 Газар дээр хүнд туслах он жил хайрла,

 Улаан сахиус минь!” бичсэн байлаа. Тэр бол Монгол түмний заяа буянаар энэхэн дэлхийд ирээд буцсан энгүй их хүмүүн-бурхан байлаа. 

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 4. 17:35
Зочин

Аугаа нь дэндсэн мундаг хүн байлаа түүний багш Эрээнцавын Нямсүрэн Үнэн сонины Дорнод аймаг дахь сурвалжлагч И.Батсүх гэж дэндүү сайхан хүмүүс байлаа шүү.Дан.Нямсүрэн гуайг Дорнодын Эрээнцавын төмөр замын өртөөндөө даруухан амьдарч Эрээнцавд бороо орох нь сайхаан гэж шүлэглэсэн аугаа шүлэг одоо ч хүүхэд залуусын дунд хэлэлцэгдсээр иржИ.Батсүх агсан архи уухгүй нэгэн ногоон өнгийн восход мотортой аймгийн төвөөс Дорнодын вокзал зайтай Нямсүрэн ахын үс нь хийсчихсэн ард нь сундлаатай нэг ёсондоо баривчлагдан Эрээнцавыхаа воганд сууж байгаа нь тэр .Ийм л сайхан тулхтай хүмүүсийн гараар орсон найрагч юм байна шүү

8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

8 сар 23. 11:29
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]