Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Элчин сайдыг долоон жил чагнасан ньУншсан20,609

Үнэндээ энэ хоёр айлд НКВД-ийнхэн байрлаж, өнөөх сүлдэнд байрлах цохын дамжуулах бүх л мэдээллийг бичиж авч байжээ.

 History.mn, нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Дэлхийн их дайн дуусаж Хүйтэн дайн дөнгөж эхэлж байсан үе. АНУ болон ЗХУ өөрсдийн нутагт байгаа “дайсныхаа” Элчин сайдын яамны байрыг тагнаж чагнах найдвартай арга олох гэж янз бүр болцгоож байлаа.

Нэгэн удаа Москва дахь Америкийн Элчин сайдын яамны байранд түймэр тавьж, гал унтраагчид нэрээр тусгай албаныхныг оруулж “Онцгой ховор нандин цох” тавих гэж бэлдсэн боловч уг элчингийн байрны Америк хамгаалагчид ойртуулсангүй. “Шатвал шатна л биз. Гадны хүн л оруулахгүй...” гэсэн үгээр амаа таглуулсан оросууд хэсэг хугацаанд шилээ маажихаас өөр ажилгүй сууцгаав.

-Одоо яахав?

-Харин яахав?

Нэг иймэрхүү байдалтай байх үед нэгэн эрийн толгойд мэргэн санаа төржээ.

-Бид нар өөрсдөө цохоо аваачиж тавьж чадахгүй юм бол тэд өөрсдөө аваачиж тавих болно доо!

-Яаж?

Энэ ярианаас хойш нэлээд хугацааны дараа. Артек зуслан.

Зөвлөлтийн төдийгүй нийт социалист орнуудын хүүхэд, пионеруудын мөрөөдөл болсон энэхүү зуслангийн 20 жилийн ойн баярт үйл явдал болж байлаа. Пионерууд шугам жагсаалаа үзүүлэн, янз бүрийн дуу бүжиг дуулж бүжиж байгаа нь (Америкийн алдартай дууг орос, англи хэлээр дуулсан юм байх) хэрийн хүний сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй. Улаан бүч зүүсэн хөөрхөн хөөрхөн хүүхдүүдийн энэ бүх үзүүлбэрийг АНУ-ын Элчин сайд Гарриман үзэж суугаад зүрх нь хөөрсөндөө бараг л нулимс унагасан гэдэг. Уярч хайлсан тэрээр Зөвлөлтийн пионерын байгууллагад 10 мянган доллар хандивласны дараа Их Британийн Элчин ч дутахгүй гэсэндээ бас 5000 фунт өглөө.

Ийм мундаг юм болж байх үед гэнэт бүрээ бишгүүрийн дуу гарч дөрвөн пионер хүүхэд нэгэн зүйл дамжлан ирсэн нь модоор хийж, бүрэн лакдсан Америкийн сүлд байлаа. Хийц, ур гэж ч жигтэйхэн.

Пионерууд энэ сүлдээ Америкийн Элчинд гардуулж өгөхөд Гарриман бүр ч уярч:

-Энэ ид шидийн гэмээр сайхан зүйлийг чинь би одоо яах билээ? Хаанаа өлгөх билээ гэхэд хажууд нь зогсож байсан Зөвлөлтийн орчуулагч (Бережков-Сталины хэлмэрч)

- Өөрийн суудлын дээр өлгөчихгүй юу. Британийн элчин атаархаж үхэх байхдаа...

“Оросууд” бөөн баяр. Артек зуслангийн ойн дээр АНУ болон Их Британийн Элчин сайдуудыг урин авчирч “Фашизмын эсрэг тэмцэлд үнэтэй тусламж үзүүлсэн АНУ болон Их Британид хүндэтгэл үзүүлж” чадсандаа, Трояны морийг (зарим нэг нь сүлжээний вирус гэж бодох бий. Алдартай түүх-домог шүү дээ) бэлдэж чадсандаа баярлахгүй яахав. Гарриманд өгсөн тэрхүү сүлдэн дотор ер бусын гэмээр хийцтэй “цох” суурилуулсан байлаа. Уг “цох” нь ямарваа нэг шууд холбосон тэжээл шаардахгүйгээр дуу хоолой, яриаг тодорхой зайд дамжуулах бөгөөд батарейгүй учир америкчууд яаж ч шалгаад цох байгааг олж мэдэж чадахгүй. Одоо элчингийн яриа болон АНУ-ын элчин сайдтай уулзаж ярилцаж байгаа бүх л мэдээлэл Зөвлөлтийн тусгай албанд ил боллоо. Тэр тусмаа Гарриман энэхүү сүлдийг яг өөрийнхөө суудлын дээр өлгөснийг яана. Чухам энд л хамгийн нууц, хамгийн чухал ярианууд болдог байж таараа.

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны өөдөөс харсан нэгэн орон сууцны дээд давхрын хоёр байранд шинэхэн айл нүүж оржээ. Тэдний ажилч хичээнгүй, цэвэрч нямбай гэж дэндүү. Өдөр болгон л янз бүрийн хувцас хунар угааж цонхон дээрээ хатаах ба үүнээс болж гэр оронд нь нарны гэрэл ер нь ордог болов уу гэж бодмоор. Үнэндээ энэ хоёр айлд НКВД-ийнхэн байрлаж, өнөөх сүлдэнд байрлах цохын дамжуулах бүх л мэдээллийг бичиж авч байжээ.

Бүхэл бүтэн 7 жилийн турш энэ цох ажиллаж, мэдээлэл дамжуулж байсан ба энэ хооронд Америкийн 4 Элчин сайд солигдож амжсан гэдэг. Шинээр ирсэн Элчин болгон л өрөөн дэх тавилга хэрэгслийг солих боловч ганцхан зүйлд гар хүрдэггүй байсан нь өнөөх сүлд байлаа.

1952 он. Америкчууд Элчин сайдын яамны байраа хянах ээлжит шалгалт хийж байх үед нэгэн үл мэдэгдэх долгион өөрсдийнх нь байрнаас цацагдаж байгааг (энэ бол албан ёсны тайлбар, бодит байдал дээрээ хэн нэг урвагчийн мэдээлэл байх магадлалтай) тун санаандгүй байдлаар мэдлээ. Хэдэн өдрийн турш Элчингийн байрыг “хэд нурааж, эргэж босгохтой” адил бужигнуулсны хүчинд “Оросын цохыг” олжээ.

Эхлээд тэд чухам юу олсныгоо ойлгосонгүй. Ямар ч тэжээлгүй, радио холбооны гэмээр өчүүхэн эд анги байхгүй энэ хачин зүйлийн учрыг олох гэж олон эрдэмтэн, инженерүүдээ дайчлан байх үед Британийн эрдэмтэн Питер Райт учрыг нь олж хамаг нууцыг нь тайлж чадлаа.

Энэ зураг дээр өнөөх цохны бүтэц, ажиллах зарчим байгаа юм гэнэ. Ёстой ойлгодог хүн нь л ойлгох байх даа. Америкийн засаг захиргаа энэ явдлын тухай олон нийтэд мэдээлэлгүй хав дарахаар шийдсэн ба 1960 онд Америкийн тагнуулын U-2 онгоц Зөвлөлтийн пуужинд оногдон унасан явдлын үеэр л энэ үйл явдлыг ил болгосон байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]