Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нэгэн хайрын түүх буюу Зүүн Берлинээс зугтсан хамгийн зоригтой орголтУншсан62,864

Австри залуу хайр дурлалынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ. Тэрээр бүсгүйг хулгайлах, хил давуулах олон арга бодож төлөвлөж байснаас хамгийн энгийн, хамгийн зоригтой тэр аргаа шилж авсан байна

Хүйтэн дайн ид хүчээ авч байсан цаг буюу 1963 он. Зүүн Германд социализмын материал техникийн бааз гээчийг муухан амжилттай байгуулж (гэхдээ бусад соц улсуудаа бодвол хамгийн амжилттай нь) байсан бол Баруун Германд Америк, Их Британийн асар их хөрөнгө оруулалтаар сүүлд “Германы гайхамшиг” гэж нэршсэн тэр ажил жинхэнэ эхэлж байлаа. Харсаар байтал нүдэн дээр өөрчлөгдөн хувирах Баруун Берлиний амьдрал өдрөөс өдөрт сайжирч байсан бөгөөд тийшээ зүтгэх Зүүн Германы залуу үеийнхэн улам бүр их болж байсан нь ойлгомжтой.

Ийм цаг үед Австрийн жирийн нэгэн иргэн Зүүн Германд жуулчлахаар очсон байна. Энүүгээр тэнүүгээр тэнэж яваад нэгэн бүсгүйтэй санаандгүй танилцсан бөгөөд тэр бүсгүйн нэр Маргерот Теро. Австри жуулчин болох Хайнц Майкснер энэ гоо сайхан бүсгүйг хараад л дурласан байна. Бүсгүй ч дургүй биш байгаагаа ойлгуулсан бөгөөд Хайнц зүүн Германаас олсон “эрдэнээ” бушуухан өөрийн болгохын тулд гэрлэх санал тавьж өнөөх нь ч зөвшөөрч. Хамгийн гол нь тэд цугтаа Австрид амьдрах ёстой байлаа. Маргерот болон түүний ээж ийм л хүсэлт, шаардлага тавьсан байна.

 

Бүсгүй нутгаасаа гарч Австрид амьдрах хүсэлт гаргасан боловч засаг захиргаа үүнийг нь дэмжсэнгүй.

Австри залуу хайр дурлалынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ. Тэрээр бүсгүйг хулгайлах, хил давуулах олон арга бодож төлөвлөж байснаас хамгийн энгийн, хамгийн зоригтой тэр аргаа шилж авсан байна.

Эхлээд тэрээр хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр очиж хилчидтэй янз бүрийн юм ярьж асууж байх явцдаа хилийн хаалтын өндрийг хэмжиж авав. Өндөр нь 95 см байлаа. Одоо энэ доогуур багтан гарах машин олох үлдлээ. Удалгүй олсон ба энэ нь улаан өнгөтэй спортын кабриолет Austin–Healey Sprite гээч байв. Машин 95 см–ээс арай өндөр байсан боловч урд салхины шилийг нь авчихвал багтаж болохоор боллоо. Мань эр ч найдвартай нь дээр гээд дугуйны хийгээ нэлээд багасгасан байна.

Одоо яах вэ? Хайртай бүсгүйгээ арын сандал дээр хэвтүүлээд, эгзгийг нь олж байгаад ганц дайраад гарахад болохгүй юм үгүй болсон мэт боловч...

Ирээдүйн хадам нь бас явж “гэрэлт ертөнцөд” амьдарна гэжээ. Одоо яах вэ дээ. Хадам болоогүй ч, яваандаа хадам болох хүн. Аваад л явахаас. Арын багаж гэдэг “хонины хонхорт” орвол ор доо.

Ингээд 1963 оны тавдугаар сарын нэгэн ням гаригийн өглөө ганц жолоочтой сайхан спорт машин хил дээр ирлээ. Хилийн шалган өнгөрүүлэх цэг нь алдарт Чарли “чекпойнт”. Чухам энд л Гитлерийн Герман бууж өгсний дараа Зөвлөлт Америкийн танкууд өөд өөдөөсөө харан буудах тушаал хүлээж байсан бөгөөд Дэлхийн III дайн эхлэхэд тун ч ойрхон байсан гэдэг. Хилийн шалгагч машиныг шалгахын тулд замын хажуу руу гарч зогс гэсэн дохио өгөөд бичиг баримтыг нь шалгахаар алхаж эхлэх үед нөгөө машин хашлага чиглэн явж байснаа гэнэт хурдаа нэмэн хилийн хаалтын доогуур сүнгэнэтэл давхин гарлаа. Зүүн Германы хилчид чухам ийм явдал болно гэж зүүдлээ ч үгүй байсан учир яаж ч чадсангүй. Нөгөө буудах тушаал биелүүлэх тухай бодох байтугай, юу болж байгааг ч ойлгох сөхөө өгөөгүй гэж оргогч нар маань дараа нь ярьж байсан билээ.

Удалгүй залуу хосууд гэрлэсэн бөгөөд түүнээс цааш энэ хоёрын амьдрал хэрхэн яаж өрнөсөн тухай ямар нэг мэдээ олж чадсангүй. Бодвол ...дас ист фантастиш...хадамтайгаа цуг амар сайхандаа жаргаа биз дээ. Хадам гэснээс бас нэг юм.

Тухайн үед хил зөрчих үед зүүн Германы хилчид хоёр удаа дээш буудаж анхааруулах дохио өгөөд гурав дахь удаадаа оргож байгаа хүнийг шууд буудах тушаал гараад удаагүй байсан цаг. Хэрвээ зүүн Германы тэр хилчид ингэж анхаарал алдалгүй, тушаал биелүүлсэн бол хамгийн түрүүнд хадам “явах“ байлаа. Энэ тухай оргогчид маань бодсон үгүйг хэн мэдэх вэ. Ямар ч байсан нэлээд сүүлд нь “оргох төлөвлөгөө зохиож байх үедээ үүнийг бодолцож, тоосгоор хадамдаа хамгаалалт хийж ачиж явсан гэсэн аж. Хэн мэдлээ, хэн мэдлээ. Анх ийм тоосгоны тухай яриа огт байгаагүй юм гэнэ лээ.

Зүүн Германаас Баруун Берлин рүү оргож байсан түүх дундаас хамгийн алдартай нь хилийн цэрэг Ханс Конрат Шуманы хил заагласан тортой төмөр утас даван харайж байгаа зураг бүхий түүх билээ. Энэ зургийг мэдэхгүй хүн гэж үгүй байх, ялангуяа германчууд. Дэлхийн түүхийн хамгийн алдартай зургуудын нэг.

Австри залуу Герман хүүхэнтэй машинаар хил гарсан түүхийн тухай бичих гээд энд тэндээс сонин хачин хайж байх завсар энэ “харайдаг цэргийн” тухай урьд өмнө хараагүй байсан мэдээ таарч байх юм.

Энэ “харайдаг цэрэг“ хилийн шугамаа шалгаж явах үед нь Баруун Берлиний хэдэн хүн харайгаад наашаа гараад ирээч гэхээр нь харайж гараад тэнд байсан цагдаагийн машинд суугаад, тэгж харайж байхыг нь нэг мэргэжлийн зурагчин дараад олон л “бат-эрдэнэ, балжинням” нар давхацсан юм болсон гэж ойлгогддог. Зарим нэг нь энэ зохион байгуулалттай, сурталчилгааны зориулалттай тусгай ажиллагаа байсан гэх мэтийн юм бичих бөгөөд бүх л зүйлийг ингэж гуйвуулж болох хойно гээд анзаардаггүй явлаа. Гэтэл бид энэ алдартай зургийн бүтэн эхийг биш тайрсан хувийг хардаг юм байна. Тэр бүтэн зураг дээр бас нэг зурагчин зураг авч байх ба бүр тэр зурагчны авсан зураг нь хүртэл байдаг ажээ.

Одоо тэр олон юм давхацсан байсан дээр дахиад нэг зурагчин нэмэгдээд гараад ирэхээр юм ихээхэн өөрөөр харагдаж байна. Тэр тусмаа 2008 оны Гүрж-Оссетийн дайн, Сири дэх “цагаан дуулгатны” олон зураг нь ямар айхавтар тавилттай байсныг мэддэг болсон хойно. Түүхийн үнэт зураг маань бас л нэг ийм зургийн нэг юм гэж үү.

Энэ харайдаг цэрэг Берлиний хана нурсны дараа гэртээ эргэн ирсэн бөгөөд гэрийнхэн нь түүнийг огт хүлээж аваагүй, түүнээс болж депресст орон амиа хорлосон гэдэг. Орхиод, хаяад явсан энэ харайдаг нөхрөөс болж гэр бүлийнхэн нь ямар их зовлон, доромжлол, гадуурхал амсаж байсан бол гэж бодохоор нохойд нохойн үхэл гэсэн үг яагаад ч юм эхэлж санаанд орох юм.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 8 сар 20. 15:32
Зочин

dgarlglgg

2018, 9 сар 18. 10:21
Зочин

Энэ харайдаг чинь шууд трамбай-д суудаг. Бичлэг нь байдаг юм.

2018, 9 сар 12. 11:44
Зочин

Chalchaa saaral neeree unshih yumtai blgah yumaa. Ushuu ihiig bas amjilt husie

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]