Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Зүүнгарын хаант улсын мөхөлд Амарсанаа буруутай юу?Уншсан19,508

Монголын түүхэнд Манжийн эсрэг гал цогтой тэмцсэн гэдгээрээ Амарсанаа, Чингүнжав нар түүхэнд торойн гарч ирдэг.

 Т.Сүхбаатар, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч

Монголын түүхэнд Манжийн эсрэг гал цогтой тэмцсэн гэдгээрээ Амарсанаа, Чингүнжав нар түүхэнд торойн гарч ирдэг. Тийм ч утгаараа Манжийн төрийн эсрэг тэмцсэн гол хүмүүс хэмээн түүхийн сурах бичиг, бусад сурвалж дээр дуурсагдан хөшөө дурсгал хүртэл босгосон байдаг.

Монгол орон XIV-XVII зуунд өвөр зуураа тэрсэлдэж байх тэр үед Зүүнгарын хаан Галданцэрэн таалал төгсөж хаан ширээний төлөөх тэмцэл ид хүчээ авсан юм. Галданцэрэнгийн хүү Цэвээндоржнамжил нас хэдий балчир ч хаан ширээнд суусан бөгөөд түүний эгч Уламбаяр төрийн эрхийг барьж байсан бөгөөд удалгүй ах дүүсийн хооронд хэрүүл дэгдэн Цэвээндоржнамжил эгч Уламбаярыгаа барьж хорьсон бөгөөд удалгүй өөрийг нь эцэг нэгт эх ондоо Ламдаржаа барьж хороон хөл толгой нь мэдэгдэхгүй үймээн самуун дэгджээ. Бүгд л хаан болж сайхан амьдрахыг хүссэн нь лавтай. Гэхдээ хожмын хор уршгаа үл санажээ.

Энэ үед Зүүнгарын нөлөө бүхий ноёд болох Амарсанаа, Даваач нар Ламдаржааг үл хүлээн зөвшөөрөн Галданцэрэнгийн хүү Цэвээндашийг хаан болгох гэж оролдоход Ламдаржаа учир явдлыг урьдаас мэдэн Цэвээндашийг барьж алсан гашуун түүхтэй. Хэрэг явдал нэгэнт бүтэлгүй болсон тул Амарсанаа, Даваач нар Хасагийн зүгт зугтан оджээ.

Хасагт хэсэг зуур орогнож байсан Амарсанаа, Даваач нар эргэн ирж Ламдаржааг зайлуулжээ. Ингээд 1752 онд Даваач Зүүнгарын хаанд өргөмжлөгдсөн байна. Даваач бол Баатар хунтайжийн удам, Галданцэрэнгийн дүү мөн учир Цэвээндоржнамжил, Цэвээндашийн дараа хаан суух бүрэн эрхтэй, тэгээд ч Хасагт нуугдаж байхад хаант Оросын элч нар Даваачийг дараагийн Зүүнгарын хаан болох нөлөө бүхий этгээд гэж үзэж уулзаж байсан зэргээс харвал Даваач яах аргагүй хаан суух бүрэн эрхтэй хүн ажгуу.

Гэвч дахиад л төр үймсэн юм. Зүүнгарын хаан ширээнд бас нэг санаархсан этгээд гарч ирсэн нь Дүүрэнжаргал гэгч болно. Тэрээр үлэмжхэн цэргээр Даваачийг дайрч зугтаалгасан бөгөөд Даваач Амарсанаатай нийлэн Дүүрэнжаргалын учрыг нь Амарсанаа, хаа байсан Хасагийн Аблай хан нартай хамтран олжээ. Ингээд Зүүнгар сая нэг ээлжит эзэнтэй болж амар жимэр болох нуу гэж байтал ахин хаан ширээний төлөө тэмцэл гарчээ.

Энэ удаад холбоотон байсан Амарсанаа Даваач нарын хооронд болжээ. Угаасаа л Монгол хүний албан тушаал эрх мэдлийн төлөөх төрлөх зан нь хөдлөн Зүүнгарын ард түмний хойдхийг унших үйл явдал эхэлсэн түүхтэй. Хэрхэн юуны учраас хоорондоо хэрэлдэж талцсан нь тодорхой. Тэр бол мэдээж эрх мэдлээс үүдэлтэй нь гарцаагүй.

Зүүнгар тэр үед Даваач болон Амарсанаа гэсэн хоёр хэсэг хуваагдаж тэмцэлдэх болсон юм. Тэр хоёр ч эв эе хүчээ нэгтгэн Манж Чин гүрний эсрэг тэмцье гэж бодсон ч гүй. Гагцхүү хаан ширээ асар их эрх мэдэл эд хөрөнгө л нүдэнд нь харагдаж тэмцэлджээ. Энэ байдлыг нь ч гэсэн хэзээнээс нааш отон хүлээж байсан Манж нар чадварлаг ашигласан юм. Зүүнгарын энэ дотоод хэрүүл тэмцлийг Манжийн төр ашиглан одоо л дайран орох аятай боломж гэж харсан байдаг. Манжийн тэнгэрийг тэтгэсэн хааны 1753 оны нэгэн зарлигт Тэдний аймаг (ойрадууд) энэ хэдэн жилийн дотор дараалан самуурч одоо хараахан хүний сэтгэл хазайжухуй. Эвдвээс болох тухай бөгөөд хэрэв үүнийг гээж хичээхгүй, хэдэн жил өнгөрч тэдний хэрэг төлөв өчүүхэн төдий тогтсон хойно эрхгүй бас хуучин ёсоор дахин хэрэг дэгдүүлмүй. Миний санаанд тухайг алдагдваас үл боломуйхэмээн өгүүлсэн байдаг.

Манжийн хаан 1754 онд Зүүнгарын эсрэг 2 замаар цэрэг оруулахаар шийдвэрлэн дайны их бэлтгэл хийж байх үед 1754 оны зун Амарсанаа Даваач нарын хооронд томоохон мөргөлдөөн гарч Амарсанаа ялагдан зугтан Халхын нутаг Заг байдрагт хүрэлцэн иржээ. Түүнийг даган албат харьяат нийлсэн 4 мянган өрх 20 мянга орчим хүн ирсэн байна.

Амарсанаад Даваачтай байлдаж Зүүнгарын хаан ширээнд суухад туслах нэг л бодит хүчин тухайн үедээ байсан нь өст дайсан Манжийн төр байсан юм. Амарсанаа Зүүнгарын хаан л болж байвал чөтгөртэй ч эвсэхээс буцахгүй байсан нь Манжийн төрд дагаар орсноос харагдана. Албан тушаал эрх мэдлийн төлөө Амарсанаа ийм замыг сонгосон нь гутамшигтай. Үнэхээр халуун цогтой эх оронч байсан бол Даваачтай нийлэн Манжийн эсрэг тэмцэж болох л байсан. Гагцхүү хаан ширээ асар их эрх мэдэл алт мөнгө түүнийг Манжид урван ороход нөлөөлжээ. Зарим түүхчид Амарсанаа Манжийн хүчийг түр зуур ашигласан гэж үздэг. Тэгвэл заавал Манжид морь нохой мэт зүтгэх хэрэг юун билээ.

Амарсанаа Манжийн Тэнгэрийг тэтгэсэн хаантай уулзаж Зүүнгарт цэрэг оруулах талаар ятган Даваачийг залуулах талаар ярилцаж морь нохой мэт зүтгэхээ тангараглаж байжээ. Манжийн тал Амарсанаагийн цаад учир шалтгааныг сайтар мэдэж байсан ч түүний хүчийг бас ашиглах нь зүйтэй гэж үзжээ. Ингээд Амарсанааг Зүүнгар руу довтлох умарт замын цэргийн туслах жанжин болгосон юм. Манжийн хаан нэгэнтээ Амарсанаа цэрэг авч явбаас түүнийг таних хүн үлэмжийн дээр Зүүнгарын аймгийн ардыг дагуулахад бага хялбар” гэх зэргээр түүний нэр нөлөөг ашиглахаар шийдсэн юм.

Манжийн тал Зүүнгар руу умард болон баруун замын хоёр их цэргээр 1755 оны 4 сарын эхээр нэгэн зэрэг дайран орсон ба Амарсанаа Умард замын цэргийн туслах жанжин, туршуул хэсгийг удирдан оролцсон юм. Шийдвэрлэх тулалдаан 1755 оны 6 сарын 23 нд болж Даваач ялагдан зугтан Кашгарт очсон ч удалгүй баригдан Бээжинд хүргэгдсэн байдаг. Ингэж Монголчууд өөрөө өөрсдийгөө гадны хүчний хамтаар алж устган тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа алдсан гашуун түүхтэй.

Эрх мэдэл албан тушаал эд хөрөнгөтэй болж л байвал гадаадын гар хөл болж улс орноо хорлох нь юу ч биш гэдгийг энэ түүхээс хангалттай харж авсан байх. Хэдхэн жилийн хугацаанд буюу 1626-1627 онд Өвөр Монголын Харчин, Хорчин нарыг, 1636 онд Өвөр Монголыг бүхэлд нь, 1691 онд Халхыг, 1723 онд Хөх нуурыг, 1755 онд Зүүнгарыг эзлэн авсан. Энэ бүхэнд Монголчууд өөрсдөө оролцож өөрөө өөрсдийгөө хорлож явсан. Буруу бүхнийг бусдад гадны улсад тохдог Монголчууд ХХ зуун гартал тусгаар тогтнолын барааг харж чадаагүй. Амарсанаа, Чингүнжав нар Манжийн эсрэг бослого гаргасан ч энэ нь хэтэрхий оройтсон, олон хүний цус урсгасан уршигт үйл явдал болсон билээ. Амарсанаа Чингүнжав нарын бослого огт өөр түүх л дээ. Энд Амарсанааг муулж гутаан доромжлох гэсэнгүй. Гагцхүү тухайн үед хийж байсан үнэн бодит байдлыг л зүрхлэн бичлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]