Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зурж чаддаггүй алдарт зураачУншсан13,757

Финландын Луовула хэмээх залуу байгалийн зураг зурж, зураг нь ч сайн зарагдаж алдаршиж эхэлжээ. Финландын сайхан ой мод, уул ус...

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Хулгайч хүн аливаа юмыг жирийн хүнээс ихээхэн өөрөөр хардаг гэлцдэг. Нээрээ л элдэв хулгай луйврын тухай янз бүрийн түүхийг сонирхоход тэд тун ч энгийн боловч үр дүнтэй арга хэрэглэсэн байх нь их байх бөгөөд тэдний нэг онцлог нь алив нэг өөдгүй үйл явдлаа хийхдээ огтын айж ичихгүй, зоригтой хийдэг явдал юм. Ингээд нэгэн сонирхолтой луйврын тухай.

Финландын Луовула хэмээх залуу байгалийн зураг зурж, зураг нь ч сайн зарагдаж алдаршиж эхэлжээ. Финландын сайхан ой мод, уул ус... Уран зураг сонирхогч фин хүмүүсийн хувьд нутгийнх нь сайхан байгалийг тун ч сайхнаар зурсан зургийг авалгүй яахав. Яваандаа уран зураг цуглуулдаг, цааш “дамлан” зардаг нөхдүүд ч түүний бүтээлийг авдаг болжээ.

Гэртээ Tapani Luovula хэмээх гарын үсэгтэй уран зураг тавьсан хүн ирсэн зочиндоо үүгээрээ гайхуулдаг болж мань эрийн ч нэр нүүр мандан, энд тэндхийн сонин сэтгүүлийн сурвалжлагч нар ирж ярилцлага авна.

Нэгэн удаа сурвалжлагч гэрт нь ирж ярилцлага авч байхдаа нэг зүйлийг анзаарсан нь зураач хүний салшгүй хэсэг болсон будгийн үнэр гэр орноос нь огт үнэртэхгүй явдал байв. Энэ тухай Луовулагаас асуухад хариулт нь ”би гадаа байгальд уран бүтээлээ хийдэг” гээд л болоо. Нээрээ л байгалийн сайхныг байгальд л бүтээдэг биз. 

Удалгүй мань эрийг цагдаа нар баривчлан авсан ба түүнийг залилангийн хэргээр сэжиглэн шалгаж эхлэхэд Луовула өөрөө эдгээр зургийг зураагүй төдийгүй бүр уран зургийн өчүүхэн ч авьяасгүй хүн гэдгийг нь тогтоож. Харин уран зургийн хувьд бол:

Луовула сайхан байгальтай нутгаар аялах дуртай нэгэн. Дээр нь муугүй фото зураг авдаг эр байгаад санаандгүй нэгэн удаа Хятадын уран зураачид фото зурагнаас хуулан уран зураг зурдаг тухай юм олж уншжээ. Тэрээр Хятадын “хөлсний” зураачидтай холбогдож, өөрийн фото зургийг уран зураг болгуулахаар тохирсон ба төлөх мөнгө нь европ үнэлгээгээр бол ёстой инээд хүрэм юм байж. Эхлээд нэгийг зуруулаад, дараа нь тогтмол зуруулдаг болж, ирсэн уран зургаа сайхан жаазлаад дээр нь Tapani Luovula гэж гарын үсгээ тавиад, уран зураач аятай өвөрмөц зан ааш гаргаад л болоо. Ердөө л энэ. Ингэж нэгэн алдартай уран зураач бий болсон байна.

Мань эрийг шалгаж дуусаад нэг жил хорих ял өгсөн бөгөөд мань эрийн зургуудын ихэнх нь хог дээр хаягдаж алга болсон бол цөөхөн нэг нь одоо хүртэл уран зураг сонирхогч, цуглуулагч нарын санд байсаар байгаа гэнэ. Тэр ч битгий хэл энэ явдлын дараа зургийнх нь үнэ бас нэмэгдсэн тухай яриа байдаг юм байна. Ямар ч байсан Финландын эрүүгийн цагдаагийн газрын ханыг Tapani Luovula гэсэн нэртэй хэд хэдэн зураг чимсээр байгаа юм гэнэ лээ.

Ганцхан жилийн ял авсны тухайд бол бас л нэлээд маргаан гарсан байна. Зарим нэг нь “адгийн муу луйварчинд яахаараа ганцхан жил өгдөг юм” гэж байхад нөгөө хэсэг нь Луовула бол “луйварчин биш, жинхэнэ бизнесмен...” гэж хамгаална. Энэ түүхийг уншиж байхдаа Луовулаг хамгаалж байгаа нөхдийг дотроо тохуурхаж байсан боловч тэдний гаргаж байгаа “баримтыг” харахад “нээрээ л...” гэсэн юм бодогдож байлаа.

Алдартай уран зураачид бүгд л өөрийн гэсэн шавь туслахтай, уран зураг зурахдаа тэр туслахуудаа сайн ч ашигладаг байж. Жишээ нь Рембрандт гээч агуу зураачийг мэдэхгүй хүн байхгүй байх. Тэрээр 1000 гаруй бүтээл хийсэн гэх боловч яг өөрөө зурсан нь одоогоор 600 гэж судлаачид үздэг  юм байна. Яваандаа энэ тоо улам буурах магадлалтай гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Харин үлдсэн 400 гаруй бүтээл шавь нарынх нь зурсан зураг ба зураг дээрх гарын үсэг нь л Рембрандтынх. Тэр үед ч, орчин цагт ч Рембрандтын гарын үсэг бүхий зураг өндөр үнэлэгдсээр ирсэн ба уг зургийг чухам хэн зурсан нь үнэ мөнгөнд огт нөлөөгүй юм байж. Гарын үсэг байхад л хангалттай. Тэгэхээр Рембрандт бас луйварчин хүн үү?

Уран зургаас хол хөндий хүмүүст энэ жишээ нэг л ойлгомжгүй санагдаж болох бөгөөд үүнийг бичигч нь тэдгээр хүмүүсийн нэг. Малевичийн алдартай “хар квадрат”-ыг харснаас хойш уран зурагтай холбоотой юманд гайхах хэрэг үгүй санагдана. Алдарт Сальватор Дали юу ч зураагүй хов хоосон цаасан дээр нэрээ тавьж олон түмэнд энэ бүтээлээ сонирхуулж (бүр зарсан гэх...) байсан гэхээр... юу ч гэмээр юм мэдэхгүй. 

Ямар ч байсан Луовула “Apple зарчмаар” ажилласан бөгөөд өөрөө бүтээл хийх санаагаа боловсруулаад, Хятадад хийлгээд, нутагтаа авчраад зарж. Ганцхан ялгаа нь Apple өөрийн бүтээгдэхүүн дээрээ "Хятадад үйлдвэрлэв" гэсэн жижигхэн бичгийг тавьдаг бол Луовула тэгсэнгүй. Бусдаар яг л адилхан. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]