Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Авхиа, Моюу нар нэгдлийн касс тоносон Чойнжуурыг баривчилсан ньУншсан22,737

1962 оны 8 дугаар сарын эхээр Цагдан сэргийлэх Ерөнхий газрын зарим ажилтнууд амарч байв. Ерөнхий газрын дарга Гүнсэн ч мөн адил. Нэг өглөө Увс аймгийн цагдаагийн хэлтсээс цахилгаан утас ирэв.

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн хувьсгалтай он чацуу цагдаагийн байгууллагын 100 жилийн ой мөн тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан нэгэн дурсамж нийтлэлийг History.mn (Tolgoilogch.mn) сайт уншигчдадаа хүргэж байна. Жарантайн Авхиа хэмээх манай улсын цэрэг, хуулийн байгууллагын түүх намтартай салшгүй холбоотой нэгэн буурал байв. Тэрбээр УЦСЕГ-ын дарга, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БХЯ-ны сайдын албыг хашсан эрхэм. Түүний дурсамж номын хэсгээс...

1962 оны 8 дугаар сарын эхээр Цагдан сэргийлэх Ерөнхий газрын зарим ажилтнууд амарч байв. Ерөнхий газрын дарга Гүнсэн ч мөн адил. Нэг өглөө Увс аймгийн цагдаагийн хэлтсээс цахилгаан утас ирэв. Түүнд “Манай аймгийн Цагаанхайрхан сумын нэгдлийн касст хулгайч орж 30 гаруй мянган төгрөг хулгайлан авсан. Төвөөс мэргэжлийн хүн ирүүлж өгнө үү” гэсэн байв. Би нэлээд бодсоны эцэст өөрөө явахаар шийдэж, энэ тухайгаа яамны сайд байсан генерал Нансалжавт илтгэв. Генерал ч зөвшөөрсөн учир мөрдөн байцаагч Ё.Жанцан (сүүлд мөрдөн байцаах газрын дарга хурандаа цолтой ажиллаж байсан), шинжээч Т.Моюу (Бууны Моюу хэмээгддэг) нартай хамт гурвуулаа маргааш нь Увс аймаг руу нисч, 15 цагийн үед Улаангомд буув. Цагдаа дээр очиход дарга нь ч, унаа нь ч байхгүй байв. Тэд өөр тийш хэрэг гараад явжээ. Намын хороон дээр очиж байдлаа ярин, унаа машин аваад аймгийн төвөөс хэсгийн прокурор Чүлтэм, аюулаас хамгаалахын ахлах төлөөлөгч Аюуш нарын хамт тавуулаа Хяргас сумыг дайран, Цагаанхайрхан сум орохоор шөнө оройхон гарав. Гарахын өмнө цагдаагийн хүмүүсийг цуглуулж, Цагаанхайрханы чиглэлээс ирсэн бүх хүмүүсийг нарийвчлан шалгаж байх үүрэг өгөв.

Аймгийн төвөөс Цагаан хайрхан орохдоо замд таарсан бүх хүмүүсийг шалгалаа. Учир нь хулгайчийг Улаанбаатар хот буюу аймгийн төв рүү алдаад, хоосон газар сахиж үлдэхгүй гэсэн бодол юм. Шөнөжин яваад өглөөний гурван цагт Цагаанхайрхан сумын төвийн зочид буудалд ирэв. Тэнд байсан хэсгийн төлөөлөгч Батаа, нэгдлийн орлогч дарга Содном, намын үүрийн дарга Лувсанравжаа нар болон хамт очсон хүмүүсээ байлцуулан хэрэг гарсан байдлын тухай танилцаж, асууж тодруулах зүйлээ ярилцаад, дараа нь мөрдөн байцаагч, шинжээч хоёрынхоо хамт гурвуулаа хэргийн газар үзлэг хийв.

Дараа нь давын өмнө зохиох ажил болгож Улаанбаатар хот, аймгийн төв, Баруунтуруун, бусад зэргэлдээ төв суурин газрууд руу хэрэг гарах үед байсан хүмүүсийг Цагаанхайрханаас явахыг түр хойшлуулав. Хэрэг гарсны дараа Завхан аймгийн нутагт хадлан хадахаар явсан гурван хүнтэй уулзаж, байдлыг мэдэж тандаад ир гэж хүн явууллаа. Ханхөхийн нурууны ар өврөөр морьтой хүмүүс явуулж, анхаарал сэжиг татсан зүйлүүдийг тодруулав. Хэргийн газарт анх үзлэг хийсэн хүмүүстэй уулзаж, мэдээлэл авсны үндсэн дээр уг хэргийг үйлдсэн байж болох хүмүүсийн талаар хэд хэдэн хувилбар тооцоолол гаргалаа.

Үүнд, нэгдлийн кассын манаач Чулуудай манаанаас бууж явахдаа тусгай бэлтгэсэн багаж хэрэгслээр буюу хэрэглэж болох зүйлээр кассын авдарны цоож, хаалганы цүү, цуургыг эвдэж мөнгийг аваад, айлууд босоогүй байхад гэртээ буюу өөр газар нуусан, мөнгөний нярав Лхамсүрэн урьдчилан тандаж байгаад манаачийг явмагц өрөөндөө орж, авдраа онгойлгож, мөнгөө аваад хаалганы цүү, мөнгөний авдарны цоож зэргийг зохиомлоор эвдэж, хүмүүст мэдэгдэхгүйгээр гэртээ харьсан, аль нэг гадны хүн манаач хэдэн цагт очдог, явдгийг урьдчилан тандаж мэдээд, харж ажиглаж байгаад яг явмагц тусгайлан бэлтгэсэн зүйлээ авч кассны үүдний цоож, мөнгөний авдарын цоож зэргийг эвдээд өөр газар мөнгийг нуусан гэсэн гурван таамаглал гаргаад нарийвчлан шалгаж эхлэв.

Төвөөс надтай хамт очсон мөрдөн байцаагч, шинжээч нар Кубын удирдагч Фидель Кастро хувьсгал ялтал сахалаа авахгүй гэсэн шиг хэргийг илрүүлтэл сахлаа хусахгүй гэлцэв. Нэг дэх таамаглалыг шалгахын тулд манаачийг саатуулав. Гэрийг нь өргөж, өөр газар тавиад, бүх эд юмсыг, газрын хөрс гарсан газар бүрийг шалгаж үзэв. Манаачийг хоёр хоног саатууллаа. Сэжигтэй зүйл манаачаас гараагүй бөгөөд тэрээр бүх үйл явдлаа нэг бүрээр нь, эхнэртэйгээ ойртсоноо хүртэл мэдүүлж байв. Тэр бол манаачийг цагаатгах нэг тал юм. Яагаад гэвэл тийм их мөнгө хулгайлж авсан хүн санаа сэтгэлийн хувьд тийм ажлын тухай бодох боломжгүй байдаг. Манаачийн талаар хийх шалгалтыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ бусад таамаглалыг зэрэгцүүлэн шалгаж эхлэв. Нярав Лхамсүрэн тэр өглөө гэрээсээ гарч, таньдаг айлаасаа цайны сүү авч ирсэн. Кассны орчмоор явсан сэжиг илрээгүй гэв.

Нярав Лхамсүрэнг ахин дахин байцаав. Энэ үед Ханхөхий уулын араар явсан хоёр морьтой хүн уулын арын нэг жалганд морьтой хүн юм хийгээд байхаар нь очиход, нутгийн Пэлжээ гэдэг өвгөн “Чадарваа гэдэг гаансны мод авах санаатай байна" гээд бараг ташуур хиймээр бүдүүн мод оролдож байжээ. Тэр өдөр бороо орж байсан бөгөөд Пэлжээ өвгөн цув өмссөн, урд тал нь задгай байхад бүсний гадуур баадангийн хоёр үзүүр зангидсан байжээ. Мөнгийг бааданд боож бүсэлсэн байж магад гэж сэжиглэж, Пэлжээ өвгөнийг сумын төв дээр дагуулж ирэв. Түүний баадан, хувцсанд үзлэг хийгээд, түр саатуулж байцаалт явуулав. Пэлжээ өвгөн энэ насандаа ийм юманд холбогдож үзээгүй гэж уйлж байв. Сумын төвийн хүмүүсийг дайчилж, заавар зөвлөлгөө өгөөд, Ханхөхий уулын арын модонд, сумын төвийн бүх байшингуудын дээврийн шороонд үзлэг шалгалт хийв. Хэрэг гарах үед сумын төв дээр байсан хэргийн субъект болох бүх хүмүүст нэг бүрчилсэн шалгалт судалгаа хийж үзэхэд, хоёр залуу ихэд анхаарал татсан бөгөөд, тэдний нэгнийх нь нэр Чойнжуур, нас 26, оны эхээр өөр газраас ирсэн, зун нь тэр нутгийн эмэгтэйтэй гэр бүл болсон, сумын дизелийн жижүүрээр ажилладаг байв.

Хагас сайн өдөр болсон тул хоршооны дарга Батхүү, дэлгүүрийн худалдагч Чулуунхүү нарыг дуудаж, "Хулгайчид мөнгө алдсан, нэгдлийн ажилчдын цалин тавихад мөнгө хэрэгтэй байгаа тул өнөө, маргааш хоёр хоршооны агуулахад байгаа өнгөтэй өөдтэй бүх барааг гаргаж хямдаар зарна" гэж зар тараагаад хэн, хэн юу, юу авсныг нууцаар бүртгээд, бүтэн сайн өдрийн орой буудалд бидэнд авчирч өг гэв. Нэг дэх өдөр сумын хоршооны 53 машинаар өглөө 11 цагт Баруунтуруун явах хүмүүс нэрсээ бичүүлж, мөнгөө төл гэсэн зарлалыг бас тараав.

Энэ үед мөнөөх Чойнжуурын ээж гэгч дал орчим насны эмгэн Баруунтуруунаар дамжиж, Завхан аймаг орно гэсэн яриа байсан тул хэрэв Чойнжуур хулгай хийсэн бол эхийгээ машинаар Увсад хүргэж өгөхөөр явахад, мөнгө төгрөгөө гаргаж таарна гэж зохион байгуулалттай тандахаар болов. Чойнжуурыг хулгай хийсэн бол цахилгаан бутекдээ мөнгөө нуусан байж магад гэж үзээд өглөө эрт гурван цагт тэнд үзлэг шалгалт хийх болов. Ингээд аюулаас хамгаалахын ахлах төлөөлөгч Аюушаар удирдуулсан (Чүлтэм, Батаа нарын) хэсгийг зааварчлан явуулав.

Хагас, бүтэн сайн өдөр сумын дэлгүүр хөл хөдөлгөөн ихтэй байв. Худалдаанд гаргаагүй байсан зүйлийг цөмийг гаргажээ. Бүтэн сайн өдрийн орой зочид буудалд Батхүү, Чулуунхүү нар хүмүүсийн худалдаа хийсэн бүртгэлийг авчирч өгөв. Эдгээрийн дотор анхаарал татсан хүн нөгөө л Чойнжуур байв. Тэр бүтэн сайн өдөр үдээс хойш зуутын хоёр дэвсгэрт гаргаж нэг гутал, сорочкин цамц аваад хариулт авалгүй калибрын сум хэдийг аваад явжээ. Чойнжуур зун гэрлэсэн, цалин мөнгөө аваагүй хэр нь зуутын дэвсгэртүүд гаргаж яваа нь хуулийнхны анхаарлыг татлаа. Даваа гаригийн үүрээр гурван цагт цахилгааны бутект үзлэг хийх хүмүүсийг оруулав. Үзлэгийн үед хүн оруулахгүйн тулд гаднаас нь харж тандаж байв. 4 цаг хорин минутад тэд гарч ирээд, "Бутект үзлэг хийв, ямар нэг сэдэв, сэжигтэй зүйл байхгүй" гэж илтгэв.

Бид Чойнжуур ээжийгээ Увс руу хүргэж өгөхдөө нуусан мөнгөнөөсөө авна гэж тооцсон байв. Бас Чойнжуур мөнгө хулгайлсан бол шөнөөр гэрээсээ гарч, нуусан мөнгөнөөсөө авна гэж тооцсон. Тиймээс нэгдлийн орлогч Содном, намын үүрийн дарга Лувсанравжаа, хэсгийн прокурор Чүлтэм, хэсгийн төлөөлөгч Батаа нарыг Чойнжуурын гэрийг тойрч манаанд гаргах үүрэг өгөөд Чойнжуурыг өөрийг нь цахилгаан бутекэнд нь ажилтай, гэрэл гаргаж бай гээд 11 цагт буухыг зөвшөөрөв. Тэгээд хүмүүстээ түүнийг гэртээ харьсны дараа та нарт дохио өгнө. Тэр үед та нар байраа эзэл, хэрэв Чойнжуур шөнө гарч ирээд ямар нэгэн юм аваад, гэртээ орвол шууд баривчил, манай зарим хүмүүс хяналт тавиад ойролцоо байна гэв.

Шөнө 11 цаг болоод хошууч Моюуг явуулж, зураг угаах ажил дууслаа амарч болно хэмээн Чойнжуурыг явуулав. Ингээд шөнөжин харуулдаад өглөө болж, манааныхаа хүмүүсийг буулгав. Чойнжуур шөнө гарч ирээгүй тул бид их гайхсан.

Маргааш өглөө 10 цагийн үед Увс явах машин бэлэн болж, хүмүүс цугларсны дотор Чойнжуур ээжтэйгээ ирсэн байв. Хоршооны дарга Батхүүг дуудаж, чи машины кабинд суу, сумын төвийн урдуур урсдаг Мөндөөхэйн голыг гатлаад, цааш дөрөв, таван км яваад “Би юмаа мартсан байна" гэж жолоочид хэлж эргүүлээд, нэгдлийн зочид буудлын үүдэн дээр машинаа зогсоо гэж үүрэг өгөв. Бид зочид буудалд цонхоор харж байхад, машин гол гаталж яваад, бага зэрэг зогсч байснаа эргэж ирэв. Машин зочид буудлын үүдэнд зогсоход бид нар гарч очив. Би цагдаагийн дэд хурандаа, цагдаа хувцастай байсан, манайхан ч жагсаал хувцсаа өмссөн байв. Тэгээд “Бүгд бос, бүү хөдөл, бие биенийхээ араас цуварч буу, буусны дараа хоорондоо гурван метрийн зайтай сууцгаа” гэж чанга дуугаар команд өгөв. Тэд нар нэлээд цочирдож байгаа бололтой байв. Манайхан нэгжлэг хийж, би хяналт тавьж байлаа. Гурав, дөрвөн хүний дараа Чойнжуурын ээжид нэгжлэг хийж байхад, түүний өвөр, гутлын түрий дотроос зуутын дэсгэртүүд бөөн, бөөнөөрөө унав. Дараа нь Чойнжуурын гутал дотроос бөөн мөнгө гарав. Алдагдсан мөнгө бол голдуу зуутын дэсгэрт байв. Өөр сэжигтэй хүмүүс гараагүй. Тэр дор нь Чойнжуурыг болон ээжийг нь Жанцан, бид хоёр сумын дарга нараас байлцуулан байцаалт явуулав. Чойнжуур хэсэг хугацаанд мэдүүлгээ өгөхөөс татгалзаж байснаа, хэрэг хийснээ, тэр зун эхнэр авсан, цалин мөнгө буугаагүй байсан, мөнгөний хэрэгцээ их гарсан энэ үед нэгдлийн гишүүдийн хөдөлмөр өдрийн хөлс буусан тухай яриа гарч байсан, түүнийг хулгайлна гэж бодоод нэгд, кассны үүдний цоож, мөнгий авдрыг эвдэхийн тулд комбайны хавтгай урт төмөр олж бэлдсэн, нэгдлийн мөнгөний кассны манаач хэдэн цагт манаандаа ирдэг, өглөө хэдэн цагт буудаг зэргийг хоёр гурав хоног ажиглаж судалсан. Хулгай хийх өдөр манаач манааныхаа байрыг эзгүй орхиод, өглөө эрт яваад, гол гаталж гэртээ орохтой зэрэг нөгөө урьдчилан бэлтгэсэн төмрөө аваад мөнгөний няравын үүдний хаалганы цоожийг эвдээд дотор нь орж төмөр авдарны цоожийг эвдээд гуч гаруй мянган төгрөгийг аваад, цахилгааны бутектээ ороод, таазны элсэнд нууснаа хэлэв. Тэнд үзлэг хийсэн групп хариуцлагагүй ажилласан байлаа.

Чойнжуур эхийнхээ хамт авч явсан төгрөгийг хурааж аваад, нийт мөнгөний тооцоог хийхэд дөрвөн зуун төгрөг дутсан. Цагаанхайрхан сумын төвийн иргэдийн цуглаан хийж 30 гаруй мянган төгрөгийг хүлээлгэн өгөхөд мөнгөөр дутагдаж байсан хүмүүс их баяр хөөр болж байв. Сум, нэгдлийн удирдлага нэг бор толгойтой, том эр хонь гаргаж нэрмэл архи тавьж биднийг дайлж цайлав. Манай групп энэ хэрэг дээр долоо хоног ажиллан илрүүлээд, Чойнжуурыг баривчилж, аймгийн цагдаагийн мөрдөнд шилжүүлээд, онгоцоор Улаанбаатар хотод ирсэн. Энэ бүхний дараа Улаанбаатар хотоос надтай хамт очсон Жанцан, Моюу нар маань сахлаа хуссан юм. Бидний гар санаа нийлсэн ажиллагаа үр дүнд хүрсэн нь энэ билээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 8 сар 4. 14:45
Зочин

Одоогийн ханшаар овоо мөнгө шүү тэр үедээ арван мотоцикл нэг масквич гучин ширхэг дүхийсэн шар үхэр шүү заяа нь хаясан хулгайч юм мянгаад төгрөг аваад л нам дарчихгүй шунал гэж энэ .Одоо хөөрхий тэр дагз хорвоогоос буцсан байх ер нь бол хулгай өөрөө их хар мөртэй ммму үр дагавартай хөөрхий хөгшин эхээ чирээд байхдаа яадын

2021, 10 сар 26. 20:53
цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Б

Гуч гаран жил энэ айлын тогооноос хоол идэхдээ ЖАРАНТАЙН АВХИА сайд шиг сайдыг үзсэнгүй,энэ хүний үлгэр дууриал үүрэг даалгавараар ажиллаж амьдарсаар насны тэтгэвэрт суусандаа,миний манай гэр бүлийн үр хүүхдийн аз жаргал хамаг сайн сайхан энэ хүний ач тус билээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]