Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өвөрхангай аймаг дахь түүхийн дурсгалт газруудУншсан8,157

“Хөгшин тээлийн балгас” гэдэг эртний хотын туурь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Хөгшин тээл гэдэг газар бий.

"ХУБИЛАЙ ХААНЫ ЦЭРГИЙН ТУУРЬ" СҮРИЙГ БАДРУУЛАГЧ ХОТ

“Хөгшин тээлийн балгас” гэдэг эртний хотын туурь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Хөгшин тээл гэдэг газар бий.

 Хубилайн цэргийн хот нь Хан Хөгшин уулын зүүн суга Их модны ам, Бага модны амны гурван хэсэг газар барьсан том хэрэм, Их модны амны адгийн Цагаан толгойн өвөрт буй нутгийнхан “Дарь эхийн сүм” хэмээн нэрлэдэг барилгын үлдэц зэргээс бүрддэг.

     Уг хот цайзын үлдэгдлийг шинжиж үзэхэд олон жилээр байнга хүн оршин сууж байсны шинж тэмдэггүй, түр зуур аян дайны зориулалтаар бэхлэн барьсан шинжтэй байдаг байна. Хубилайн цэргийн хотын гурван хэрмийг өндөрлөг хэц, алсын хараат газар олон давхар хэрэмтэйгээр барьсныг харахад аргагүй л цэргийн сэргийлэн хориглох бодлогод нийцүүлэн үйлдсэн нь илэрхий байдаг ажээ.

1926 онд Оросын эрдэмтэн П.К.Козлов үзэж товч тодорхойлолт хийж, түүний дэргэд байсан хятад бичээсний гэрэл зургийг татаж, Орос орчуулгыг нийтэлсэн бөгөөд хотыг Хубилай, Аригбөх хоёрын үед холбогдоно гэж он цагийг нь тогтоожээ. Эл хөшөөний бичээст хааны баруун гарын торгон цэргийн мянганы дарга Чан вэй, Чжи юаний 15-р оны 4-р сард хойд зүг мордож 10-р сард ирж хашаа хороо барьж цайз үүсгэн барив гэж тэмдэглэжээ. Олон жанжин түшмэдүүд хэлэлцэн энэ цэргийн хотод “Сүрийг бадруулагч цэргийн хот” гэж нэр өгсөн бөгөөд хотын өмнө хиймэл нуур бариулсан тухай бас энэ бичээсэнд өгүүлжээ. Хөшөөг 1957 онд эрдэмтэн Н.Сэроджав Улаанбаатарт авч ирснийг 1958 онд Улсын төв музейд барлуулсан байна. Хөшөө нь 91 см өндөр, 62 см өргөн, 18.5см зузаан, бөгөөд 20 мөр бүхий бичээс, 306 хятад үсэгтэй ажээ. 1275 онд байгуулсан хөгшин тээлийн балгасны бичээсийг эрдэмтэн Х.Пэрлээ, Ц,Хандсүрэн, Японы эрдэмтэн Хориё нар судлаж нийтлүүлсэн байдаг. 

Харин Ц.Хандсүрэнгийн нягтлан тодотгож шинээр уншсан нь өмнөх орчуулга ба уншилтын алдаа мадгийг залруулж уг хөшөөг 1275 онд бус 1278 онд босгосныг тодруулжээ. Ингээд он цаг, үйл явдлыг нягтлахад уг хөшөө болон хэрмийн үлдэгдэл нь Хубилай, Аригбөх нарын тэмцлийн үед бус харин түүнээс арай хожуу үед холбогдох нь тодорхой юм. Учир нь Аригбөхийг Хубилайд бууж өгсний дараа Зүч, Өгөдэй, Гүюгийн угсааны ноёд Хубилайн эсрэг босон тэмцжээ. Хубилай өмнөд Хятадыг дайлаар явуулсан цэргийн гол хүчийг татан авчирч эсэргүүцэн боссон ноёдыг дарах арга хэмжээг яаралтай авсан байна. Уг бослого тэмцлийг даруулахаар Хубилай хаанаас томилон илгээсэн их цэрэг нь Хан Хөгшин ууланд хөшөө босгон үйл явдлаа алдаршуулж хот цайз байгуулжээ.

     2015 онд “Дарь эхийн сүм” хэмээх барилгын туурьд хийсэн малтлагын үр дүнгээс үзэхэд зохион байгуулалтын хувьд Хубилайн цэргийн хотын гурван хэрмээс өөр зүг буюу өмнө зүгт харсан хаалгатай байснаас үүдэн судлаачид он цагийн хувьд уг барилга хэрмүүдээс арай хожуу үед холбогдох магадлалтай хэмээн үзжээ. (Н.Батболд)

 

ХАРХОРУМ ХОТЫН ТУУРЬ

Монгол нутагт өөрийн төр улсыг байгуулж ирсэн ард түмнүүд Хангай нурууны зүүн бие, Орхон голын сав нутагт төвлөрөхийг эрмэлзэж зарим нь өөрийн нийслэл хотоо байгуулж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Их монгол улсын нийслэл Хархорум хотын суурь тавигдсан нь 8-р зуунаас эхэлсэн бөгөөд түүнийг эхлээд “Тайгал шивээ” хэмээн нэрлэж байв. Хожим нь 13-р зууны үед Хэрэйдийн ван хаан төвлөн сууж асан хийгээд дараа нь монголын цэрэг зэвсгийн агуулах болж байсан Орхон гол, Хар хүрэмт уул хоёрын завсрын ил сууринд Монгол улсын их эзэн Чингис хаан улсынхаа нийслэлийг төвлөрүүлэхээр шийджээ. Түүний хүү Өгөдэй хааны үед 1235 оноос хотыг өргөтгөн бариулж тойруулан хэрэм цогцлоон “Түмэн амгалант” хэмээх том орд бариулж эхэлсэн байна. Хотын хамгийн үзэсгэлэн төгөлдөр хэсэг болох Өгөдэй хааны “Түмэн амгалант” ордыг хотын баруун өмнөд хэсэгт харшийн цогцолбор байдлаар тусгай дөрвөлжин хэрмэн дотор барьжээ. Хархорум хотод орд харшийн шат, баганын суурь, гоёл чимэглэл, гэрэлт хөшөө, түүний суурь яст мэлхий зэргийг чулуугаар урлаж хийх нь түгээмэл байжээ. Хотоос баруунтаа 20 км-т голын элстийн амнаа нарийн ширхэгтэй сайн чанарын боржин чулууны орд байдаг бөгөөд 13-р зууны үед тэнд чулуу засаж бэлддэг томоохон дархны газар ажиллаж байсныг дутуу засаад үлдсэн том чулуун яст мэлхий, засаж бэлдсэн чулуу зэрэг олон баримт гэрчилнэ.

ТЭВШ УУЛЫН ХАДНЫ ЗУРАГ

Өвөрхангай аймгийн Богд сумын дэргэд зүүн хойд зүг салбарлан тогтсон Тэвш хэмээх хар уул бий. Энэ уулын эргэн тойрон эртний олон зуун сүг зурагтайн дотор элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн ахуй амьдарлыг тусгасан зураг голлодог. Аж ахуйн холбогдолтой зургуудад үхэр малд нуруу ачсан юм уу ямар нэг зүйл чирүүлсэн, тэмээ морийг хүн хөтөлсөн, үхрийн хамарт дөр зүүсэн, морьтой явган хүмүүс адуу тууж яваа байдлаар дүрсэлсэн нь малыг гэршүүлж эдэлгээнд сургэн ашиглах болсныг өгүүлнэ. Энэчлэн амьтдыг хашаа бусад хорионд оруулж буйгаар морьтой хүмүүсийг гартаа сүх шийдэм барьсанаар янгирыг нум сумаар харваж байгаагаар зурсан мэтчилэнгийн ан гөрөө, аж ахуйн сэдэвт зургуудыг энд олонтой үзэж болно. Тэвш уулын хадны хонхойлон цохисон энэ мэт олон сэдэвт зургууд дотроос эртний тэрэг, тэрэгтний зураг судлаачдын сонирхлыг илүү их татдаг. Дөрвөн дугуйтай, ганц гуятай дөрвөн морь хөллөн юм уу хигээсгүй хоёр дугуйтай тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай ганц аралтай 4 морь хөллөх зорицлалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн янзийн тэрэгний дугуйг янз бүрийн тооны хигээстэй дүрсэлсэн нь тэрэгний хувьслыг харуулдаг бөгөөд А. П. Окладниковскифийн үед буюу МЭӨ 7-3 зуунд, Д. Дорж МЭӨ 3-1 зуунд гэх мэтчилэн хамааруулж Д. Дорж дээр үгүйлсэн 4 дугуйтай 4 морь хөллөсөн тэргийг “гэрт тэрэг” гэж үзсэнтэй ихэнх судлаачид санал нийлдэг

"ИЛЖГЭН ЧИХТ ХААН"-Ы ХЭРМИЙН ТУУРЬ

Хойд зүгээс урд зүг рүү чиглэсэнг урт хэрэм бөгөөд "Сахлаг" хайрханын өвөр, "Дамбий ухаа", "Дамжин өнгөрүүлэх" бааз, "Цагаан хад", "Элсэн даваа", "Жирэм", "Оворт" "Хашаат", "Шаврын нуруу" зэрэг газруудыг дамжин Өөш, Шахлага, Мээмэн толгойн хооронд хойноос урагш үргэлжилнэ. Энд цайзын бэхлэлт болгон босгосон 10 гаруй км урт шавар чулуун хэрэмний үлдэгдэл бий. Түүнийг Илжгэн чихт хааны хэрэм гэдэг домогтой. 

ТЭМЭЭН ЧУЛУУНЫ БУГАН ЧУЛУУ

Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт орших Тэмээн чулууны амны буган хөшөө нь Хархорум музейн үзмэрт хадгалагдаж буй бөгөөд дүрслэлийн хувьд 4-5 бугыг тэнгэр өөд цойлж байгаагаар, нурууг дагуулан эврийг угалзруулан сунгасан байдалтай загварчлан дүрсэлсэн.Хөшөөг боржин чулуугаар үйлдсэн бөгөөд нэг талын өргөн хэсэгт бугын дүрс, түүний доор гурвалжин дүрс бүхий бүс, ар талд таван өнцөгт бамбай зэрэг дүрсийг товойлгон дүрсэлсэн сонгодог хэлбэрийн буган хөшөө юм.Уг буган хөшөөний өндөр нь хоёр метр, өргөн нь 70 сантиметр, зузаан нь 23 сантиметр юм. Энэхүү Тэмээн чулууны аманд орших гурван буган хөшөө нь дөрвөлжин булш, хиргисүүртэй хамт хойноос урагшаа 1100 метр үргэлжилсэн цогцолбор байдлаар оршиж байдаг. Тэмээн чулууны урд орших дөрвөлжин булш дээр 14 хүний дүрс байна

ТӨВХӨН ХИЙД

Төвхөн хийд нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 24 км-т Шивээт улаан уулын орой болох түшлэг суудал мэтээр тогтсон байц хадны дундах багавтар тавцан дээр Төвхөн хийд оршино. Төвхөн хийдийг 1653-онд Эрдэнэ-Зуу хийдэд цугласан Халхын ноёд, лам нар Өндөр гэгээн Занабазарт бүтээлийн тусгай байр барьж өгөх санаачилга гаргаж, хангай нуруунаа орших байгалийн өвөрмөц тогтолц, хосгүй үзэсгэлэнгээрээ Монгол нутгийн ховор газрын нэг Шивээт улаан хэмээх газар Дувхан буюу Төвхөн нэртэй бүтээлийн сүмийг Өндөр гэгээний удирдлага заавраар байгуулж, Эбэнгачил буюу баясгалант аглаг орон хэмээн нэрлэжээ.

Өндөр гэгээн Төвхөнд Монгол үндэсний төр ёс, хэл соёлыг хөгжүүлэх их зүйлийг бүтээн туурвиж, Монгол дахь буддын шашны дэг ёсыг үндэсний хэлбэрт айжмаар оруулан лам хуврагуудын өвөл зуны малгайны хэлбэр хурал журмыг шинэчлэн зохиосон байдаг. Занабазар Төвхөнд сууж байхдаа Монгол хүний оройн дээд шүтээн тусгаар тогтнолын бэлэгдэл болсон мөнхийн бүтээл, Монгол улсын хожмын төрийн сүлд соёмбо тэмдэг, соёмбо үсэг хэмээх шинэ бичгийг 1686-онд зохион бүтээснийг түүхэнд тэмдэглэжээ.

ЭРДЭНЭЗУУ ХИЙД

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн зүүхэнд энэ хийд бий, Буддын шашны уг эл хийдийн түүх, Өндөр гэгээний намтар гэх гар бичмэлийг сөхвөөс: 1580 онд Автай сайн хан, дуу Түмэнхэн ноены хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амапсанд III далай лам Хархорум хотын хуучин нэгэн сүмийг сэргээхийг зөвөлсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сум гэжээ. Энэ баримтыг мөшгөн Зава Дамдин Уйгарын үеийн Би-булгийн зуу бурханы урлагийг анхааран үзэж Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүмийн бурхадын урлалыг Уйгарын үед хамааруулан үзсэн. Харин Хөх сүм гэх жижиг сүмийг Зуу сүм босохоос өмнө анх бурханы шашны шүтээн залсан өвгөн сүм гэж үздэг. Үүний дараа 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсум гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэ зуугийн III Ширээт лам Лувсанодсор хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн Дөрвөн өнцөгт нэг нэг суварга босгосноор одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ.

БАРУУН ХҮРЭЭ БУЮУ ШАНХИЙН ХИЙД

Шанхын баруун хийдийн туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн төвөөс 4км орчим зайд харзан голын баруун эрэгт, сайхан булгийн дэнж хэмээх газар байдаг. Энэ хийд анх 1650 онд байгуулагдсан хуучнаар Түшээт Хан аймгийн Түшээ Гүний хошууны гол хийд байсан юм. 1654 онд номын Их хурээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд Өндөр Гэгээн Занабазар төрсөн дүү СойвонБилбийДоржид номын хүрээний гол үндсэн хэсэг мөн түүхийн эх сурвалж бичиг баримт судар түүх дурсгалын холбогдолтой үнэт зүйлүүдийг үлдээж нүүсэн байна. Энэ цагаас эхлэн баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг олны дотор /Баруун хурээ/ хэмээн нэрлэх болжээ. Энэ нь бас Шанх уулын өвөр талд байрших болсноор Шанхийн хурээ гэж хожим нэрлэгджээ. Ийнхүү үүссэн түүх нь номын хүрээ буюу Богдын хүрээний гарал үүсэлтэй холбогдоно.

ШИРЭЭТ ЦАГААН НУУР

Их Монгол, Бага Монгол хоёр уулын хооронд, Монгол элсний манхан, битүү бургасан ойн дунд д.т.д 1488 м өндөрт өргөгдсөн, байгалийн өвөрмөц сонин тогтоцтой Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл тавигдсан түүхт газар ажээ. 

МОНГОЛ УЛСЫН ТӨВ ЦЭГ

Монгол орны төв цэгийн байршлыг 1979 онд газарзүйн шинжлэх ухааны эрдэмтэн Ш.Шагдар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын төв дэх Онгон гэдэг газраас урагш 13,5 км зайд байгаа Сант уулын өвөр, Өвөр хөшөөтийн булаг гэдэг газар гэж тодорхойлжээ.

Эрдэмтэн, профессор үүнийг нотлохдоо газарзүйн солбилцлын арга, тэгш өнцгийн арга, квадратын болон тойргийн аргаар тодорхойлон тогтоож хойд өргөргийн 46 градус 52 минут, зүүн уртрагийн 103 градус 50 минутын солбилцолд далайн түвшинээс 1690 метрт өргөгдсөн талбайд манай орны зүүн, баруун захаас адилхан 1219,5 км-т, хойт захын цэгээс 690 км, өмнөд цэгээс 600 км-т орших уг булгийг гэж үзжээ. Энэ цэгт одоо таван метр өндөр соёмбо бүхий суварга байдаг юм байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]