Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халх голын тэнгэрт: Япончууд тэнгэрийн ноёрхлоо бүрэн алдлааУншсан10,562

Чухам энэ хүн өөрийнхөө мэдэх бүх л мэдээллийг бүгдийг хэлж өгөхөд бэлэн, ганцхан харакири хийх боломж олго, дараа нь хүүрийг нь япончуудад өгөх болзол тавьж байсан хүн юм.

 Халх голын тэнгэрт болсон тулалдааны тухай та юу мэдэх вэ? Агаарын тулааны талаар Зөвлөлтийн баримт болон Оросын судлаачдаас ямар дүн мэдээ, Японы судлаачдаас ямар дүн мэдээ, баримт тус тус гаргадаг вэ. Нийтлэлч "Чалчаа саарал"-ын тухайн үеийн нөхцөл байдал дундаас урган гарсан баримт, мэдээллүүд хэрхэн зөрдөг, агаарын тулааны өрнөл зэргийг олон талаас нь өгүүлсэн цуврал нийтлэлийн тав дахь хэсгийг хүргэж байна. Өмнөх нь:

Нэг. Халх голын тэнгэрт: Монголын нисэх хүчин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Хоёр. Халх голын тэнгэрт: Агаарын тулаанууд өргөжиж эхэллээ

Гурав. Халх голын тэнгэрт: Оросууд арга хэмжээ авч эхэллээ

Дөрөв. Халх голын тэнгэрт: Агаарт ноёрхохын төлөө

Тав. Халх голын тэнгэрт: Долдугаар сарын эхээр

Зургаа. Халх голын тэнгэрт: Тооны зөрүү ба анхны "Таран"

 
Долоо. Халх голын тэнгэрт: Япончууд тэнгэрийн ноёрхлоо бүрэн алдлаа

 

Наадмын дараа буюу долдугаар сарын 23-нд тэнгэр хангай сайжирч хоёр талын нисэх хүчин идэвхжлээ. Зөвлөлтийн тал энэ өдөр хоёр хорооны 135 СБ бөмбөгдөгч онгоцыг хоёр хэсэг болгон  агаарт хөөргөж тэднийг хамгаалахаар 22 болон 70-р сөнөөгч хорооны сөнөөгч онгоц цуг ниссэн байна. Эхний бөмбөгдөлтийг зогсоохоор ниссэн тооны хувьд үл ялиг давуу Японы сөнөөгч нарыг (ЗХУ-ын 28 сөнөөгч, Японы 32 сөнөөгч) Зөвлөлтийн сөнөөгч нар бөмбөгдөгч онгоцондоо ойртуулалгүй хамгаалж чадсан төдийгүй  5 онгоц унагажээ. Хоёр дахь хэсгийг хамгаалж явсан 50 И-16-г Японы 15 Ки-27 тосон очсон ч Зөвлөлтийн “илжиг”-нүүд тэднийг мөн л бөмбөгдөгчдөө  ойртуулсангүй. Тооны хувьд олон дахин давуу Зөвлөлтийнхөн дайсныхаа хоёр онгоцыг унагасан боловч уг сөнөөгчийн хэсгийг толгойлж явсан ахмад Шамрай нь мөн япончуудад буудуулж унасан  байна.

Японы бөмбөгдөгч нар ч зүгээр байсангүй 128 байлдааны нислэг хийж 50 орчим тонн бөмбөг Зөвлөлт Монголын цэрэг болон дэд бүтэц дээр хаяжээ. Энэ дайралтын эсрэг Монголд саяхан ирсэн 56-р сөнөөгчийн хороо агаарт гарсан бөгөөд тэдний бүрэлдэхүүн нь саяхан нисэх сургууль төгссөн "ангаахайнуудаас" бүрдсэн байж. 60 И-16 нь Японы 40 Ки-27-той өөд өөдөөсөө туллаа. Зөвлөлтийн мэдээгээр бол “Оросууд” 1 онгоцыг буудаж гэмтээн жагсаалаас гаргасан бол харин өөрсдөө 3 онгоцоо алдаж 1 нисгэгч нь амь үрэгджээ.

Энэ өдөр Зөвлөлтийн талын мэдээгээр дайсныхаа нийт 9 онгоцыг унагаж өөрсдөө 5 онгоцоо алдсан гэдэг бол япончууд тэрхүү 9 онгоц алдсан гэдгийг өөрсдийн баримтаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Япончууд Халх голын тулалдаанд, энэ өдрөөс өмнө агаарын ялагдал хохирлынхоо тоог ингэж хүлээн зөвшөөрч байсан зүйл үгүй болохоор энэ маш сонирхолтой тоо юм. Харин Япончуудын талын мэдээллээр бол тэд дээрх 9 онгоцыг алдахдаа 9 нисгэгчээ мөн алдсан боловч хариуг нь харин ёстой хангалттай өгсөн юм байх. Тэдний тооцоогоор 1 болон 11, 14-р сентайн сөнөөгчид Зөвлөлтийн 150 сөнөөгч, 140 бөмбөгдөгчийн эсрэг гарч 45 онгоц унагасан гэнэ. Дээр нь зенитчид бас 15 онгоц. Нийт Зөвлөлтийн 60 онгоцыг ганцхан өдөр устгажээ. Харин Зөвлөлтийн мэдээгээр бол тэд 5 онгоцоо алдсан байдаг. Энэ арай гэмээр ялгаатай тооны аль нь үнэн бол? Халх голын тэнгэрт цувралдаа урьд өдрүүдэд болж байсан агаарын тулалдааны дүн мэдээг Зөвлөлтийнхөн болон Япончууд хэрхэн яаж гаргадаг тухай дурдаж байсан болохоор дээрх тоонуудад яаж хандах хэрэгтэй нь ойлгомжтой болов уу. Ганцхан өдөрт 60 онгоц унагаад, алдана гэдэг бол арай хэтэрхий тоо байх. Тэр тусмаа ямар нэг том тулалдаан болоогүй өдөр тутмын гэмээр ноололдооны үе. Харин Япончуудын хувьд нэг өдөр 9 онгоц 9 нисгэгчээ алдана гэдэг бол аймшигтай хохирол. Япончууд 5-р сараас 6-р сарын дунд үе хүртэлх агаарын ноёрхлоо алдаж эхэлснээс хойш ажил төрөл хэдий чинээ бүтэмжгүй байна төдий чинээ мэдээ, тайлан нь улам бүр дэгс болж байсан тухай олон түүхчид бичдэг юм билээ.

Долдугаар сарын 29-нд Зөвлөлтийн бөмбөгдөгч нисэх хүчин Японы нисэх баазуудыг бөмбөгдөж, дайрч эхэллээ. Үүрээр 20 ширхэг их буу бүхий дайрагч И-16 нь Квантуны армийн нисэх хүчний 24-р сөнөөгч чутайн байрлалыг дайрсан бөгөөд дайралт гэнэтийн болж чадсан учир Японы хэд хэдэн онгоц нь гэмтэж шатсан байна. Энэ Араи хэмээх нисэх буудал руу 10 цагийн үед Зөвлөлтийнхөн дахин дайрсан ба тэднийг амдан гарах гэсэн 3 онгоцыг тасрах үед буудаж унагаад эсэргүүцэлгүй болсон И-16-нууд нисэх буудлыг хэд тойрч баахан буудаж буудаж газар дээр  байсан бас нэг онгоц шатаачихаад явжээ.    

Энэ хоёр дайралтаар 6 машин бүрэн устаж, 5 машин хүнд гэмтэл авсан нь тухайн эскадриль байлдах чадваргүй болсон гэсэн үг бөгөөд харин “Оросууд” ямар ч хохирол хүлээгээгүй байна. Зөвлөлтийн бөмбөгдөгч нар ч зүгээр байсангүй Номон Хан-Бүрд Овоо хавийг бөмбөгдсөн ба сөнөөгч онгоцнууд сайн хамгаалж Ки-27-нуудыг ойртуулсангүй. Энэ өдөр Японы агаарын хүчний хувьд бас нэг айхтар хар өдөр болсон бөгөөд Араи нисэх баазыг дайрсан хоёр дайралтын дараа агаарт бас 6 онгоц 4 нисгэгчээ алдсаны хоёр нь Японы ас-ууд болох Ноичи Сузуки (17 ялалт), Сайжи Кани (9 ялалт) нар байв. Мөн тус өдөр 1-р сөнөөгч сентайн дарга хошууч  Харада, түрүүч Такэо нар мөн буудуулж унахдаа шүхрээр бууж амьд үлдсэн ч олзлогдсон байна.

Дэслэгч Такэог шүхрээр газарт бараг бууж амжаагүй шахам байхад нь олзолсон бол хошууч  Харада Хайлаастын гол орчимд газардаж эзгүй газраар хоёр хоног төөрч будилж яваад... өмнө нь хэд хэд тохиолдож байсан явдалтай адил Монголын морьт цэргүүд олж баривчлан Зөвлөлтийн талд хүлээлгэн өгчээ.

Чухам энэ хүн өөрийнхөө мэдэх бүх л мэдээллийг бүгдийг хэлж өгөхөд бэлэн, ганцхан харакири хийх боломж олго, дараа нь хүүрийг нь япончуудад өгөх болзол тавьж байсан хүн юм. Зөвлөлтийнхөн хэрэгтэй мэдээллээ авсан боловч харакири хийх боломж өгөлгүй дайны дараа буцаан өгсөн байна. Сонирхолтой нь түүнийг хүлээлгэж өгөх үед хамгийн түрүүнд нисэх хорооныхон давхиж ирсэн бөгөөд ямар нэг бичиг цаас бололгүй нэг тэврэлдээд л ганц сумтай буу өгснийг нөгөөх нь ч баяртайгаар хэрэглэсэн гэдэг бөгөөд энэ түүх бүр сүүлд л Японд ил болсон байна. Энэ өдөр Зөвлөлтийн 70-р сөнөөгч хорооны 4 онгоц эргэж ирээгүйгээс нэг нь буудуулж, нэг нь техникийн гэмтлээс болж унасан бол хоёр нь хоорондоо мөргөлджээ.  Харин 22-р хороо 2 онгоц 1 нисгэгчээ алдсан гэсэн хохиролтой. Зөвлөлтийн сөнөөгч нар дайсны 6 онгоц унагасан гэж мэдээлсэн нь Японы талын мэдээтэй тохирч байгаа боловч Араи баазын газарт гэмтсэн устсан онгоцны тоо үүнд орсонгүй.

Долдугаар сарын сүүлээр япончууд Халх голын тэнгэрт ноёрхох ноёрхлоо бүрэн алдлаа.

Үргэлжлэл нь: Халх голын тэнгэрт: Японы ас нисгэгчид цөөрөв

Нийтлэлч "Чалчаа саарал"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]